Хятад орныг 10 үгээр
Би энэ номдоо ямар нэгэн сэтгэлийн хөдлөлд авталгүйгээр амьдрал ахуйг дүрслэх гэж хичээлээ.
Гомэр нэгэнтээ “Үр хойчоор нь үлгэр домог зохиолгохын тулд бурхан хүний үйл лайг нэхэж суудаг” гэжээ. Үүнээс хэдхэн арван жилийн дараа Хятадын мэргэн ухаант Мэнз “Зовлон гунигт амьдрал оршиж, амар амгалан, баяр баясал дунд үхэл оршино” хэмээв. Гомэр газрын үйлийг хэн ч таашгүй гээд хүний зовлон зүдгүүрийн тухай ний нуугүй өгүүлдэг. Харин Мэнз амьдралын гашуун туршлагад тулгуурлан аливаа дутуу гучуу нь цааш амь зуухад түлхэж, баяр бахдал, элбэг хангалуун амьдрал мөхөлд хөтөлдгийг сануулах ажээ. Хэдийгээр Гомэр, Мэнз хоёр өөр өөр цаг хугацаанд, хаа холын хоёр өөр газар оронд аж төрөн суусан ч тэдний айлдвар сургаалыг зүйл зүйлийн зовлон бэрхшээлээр дүүрэн өнөө үеэс эргэн харвал энэ хоёр орчлон ертөнцийг өөдрөг өнгөлөг төсөөлж байсныг олж мэднэ.
Би энэ номдоо ямар нэгэн сэтгэлийн хөдлөлд авталгүйгээр амьдрал ахуйг дүрслэх гэж хичээлээ. Амь амьдрал, чөлөө учралаа Гомэр, Мэнз лугаа адил өөдрөг гэгээлгээр харах гэж мэрийлээ.
Энэ ялдамд эртний анд профессор Аллан Баррт гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Аллан 2009 оны гуравдугаар сард намайг Америкийн Помэний коллежид өнөөгийн Хятад орны тухай лекц уншиж өгөөч гэж урьсан юм. Тэрээр лекцээ Зохиолчийн нүдэнд туссан Хятад орон хэмээн нэрлээрэй гэж билээ.
Ингээд яриа хөөрөөгөө бэлдэж суух зуураа ийм нэгэн ном бичих санаа төрөв өө. Аллан номыг минь англи хэлнээ хөрвүүлнэ гэсэнд би номынхоо амин сүнс болгож арван үг сонгосон юм. Тэгтэл Аллан номоо Хятад орныг арван үгээр гэж нэрлээч гэдэг байгаа. Энэ нэршил надад содон сонихон санагдсан шүү.
Эсээнүүдээс бүрдсэн энэ ном маань Ах дүүс романы минь үргэлжлэл болж, утга агуулгад нь хөг нэмэх биз ээ. Тиймээс ч эл романыхаа төгсгөлийн үгээс энд эш татах нь зүйтэй.
“Энэ роман хүмүүний сэрэл мэдрэхүйг дарж, заяа төөргийг нь эргэлт буцалтгүй өөрчилсөн Соёлын хувьсгал хийгээд бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрч, ёсзүй, хэм хэмжээ гээчийг орвонгоор нь эргүүлсэн өнөө үеийн босгон дээр урган гарч билээ. Соёлын хувьсгалын үеийн Хятад орон, өнөөгийн Хятад хоёр Дундад зуун, орчин цагийн Европ лугаа адил асар их ялгаатай. Газар тэнгэр шиг зөрүүтэй энэ эрин үеийг туулахад барууны нийгэм дөрвөн зууныг элээжээ. Гэтэл хятадууд энэ бүхнийг дөчин жилийн дотор цогцлоож чадсан юм. Дөрвөн зууны их шуурга дөчин жилд исгэрнэ гэдэг үнэлж баршгүй их үр өгөөж өгнө дөө!”
Эрт цагт Дантэ “Сум байндаа тусаж, нумаа орхин шунгинан одов” хэмээн бичсэн байдаг. Энд үйл явдлын дэс дараа алдагдсан байхыг та ажаа байлгүй.
Хятад оронд сүүлийн гучин жил өрнөсөн нөр их шинэчлэл шалтгаан-үр дагаврын дэс дараалал хэрхэн алдагдсаныг бэлхнээ харуулдаг. Бид үй түмэн үр дагавар дунд оршин суух ч үүний шалтгааны талаар барагтай бол эргэцүүлдэггүй. Энэ гучин жил хогийн ургамал мэт үндсээ далдалж, өтгөн бут болтлоо ургаж өндийсөн нийгмийн асуудлууд эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаатай өөдрөг үзлийн цаанаас барагтай бол цухуйх нь үгүй. Би энэ бүтээлээрээ анх харахад нүд гялбам үр дүнгийн цаана орших учир шалтгааныг эрэн сурвалжлах гэж оролдлоо. Энэ зам Мэнз, Гомэрын өгүүлснээс дутахгүй зовлон зүдгүүрээр дүүрэн байх вий.
Гэвч үнэндээ бүхий л зүйлийг энд багтаая гэвэл бүтэхгүй. Ном минь Мянга нэгэн шөнийн үлгэр-ээс хавьгүй зузаан болох буй заа. Иймээс өнөөгийн Хятад орныг өнцөг булан бүрээс нь илэрхийлэх арван үг сонгож авлаа.
Би товч бөгөөд тодорхой хүүрнэж, өдөр тутмын амьдралаас эш татах болно. Энэ нь нэг талаар нэгэн хэвийн уйтгартай мэт санагдах магадлалтай ч үнэндээ хүний зүрх сэтгэлийг хөвсөлзүүлэх өдий төдий дүр зургийг агуулах авай. Өдөр тутмын аж байдалд улс төр, түүх, эдийн засаг, нийгэм, соёл, сэрэл, мэдрэхүй, хувийн амьдрал бүгд сүлэлдсэн. Өдөр тутам гэмээнэ ой хөвчтэй төстэй билээ. Хятадад “Ой хөвчид өнгө өнгийн шувууд алагладаг” гэх зүйр үг бий.
Энэ номын өгүүлэмж автобусны дугуй маршруттай адилхан. Дугуй маршруттай автобусны эхний бөгөөд эцсийн зогсоол давхацдаг. Өгүүлэмж минь Хятадын өдөр тутмын амьдрал зогсоолоос хөдөлж улс төр, түүх, эдийн засаг, соёл, дурсгал, сэрэл, мэдрэхүй, хувийн амьдрал зогсоолуудаар дөтлөн, нэр усгүй хэд хэдэн тосгоноор дайрч өнгөрнө. Зарим өгүүлэмж зам зуур бууж, оронд нь өөр өгүүлэмж байраа эзэлнэ. Чингээд эцэстээ энэ автобус Хятадын өдөр тутам гэх эхний зогсоолдоо эргэж ирэх болой.
Би хувьдаа өнөөгийн Хятад орныг энэ арван үгээр бүрэн дүүрэн илэрхийлэх хүсэлтэй байна. Номын өгүүлэмж рационал дүгнэлт, сэтгэлзүйн туршлага, ар гэрийн амь амьдралтай холбогдож, өөрчлөлт шинэчлэлт, өнгө өнгийн сэдэл санаа дүүрэн хятад нийгэм дундуур дурайн өнгөрнө гэдэгт гүнээ итгэнэм.
Гомэрын бадрангуй үзэл, Мэнзийн хүй орчлонгийн төлөөх зовнил намайг хөтөлж, зорьсон хэрэг минь саадгүй бүтэх болтугай.
2009 оны наймдугаар сарын 17
Зочин
Зочин
bag
Зочин