МЕСТНЫЙ ОРОСУУД
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
МЕСТНЫЙ ОРОСУУД
1971 онд хэвлэгдсэн БНМАУ 50 жилд. Статистикийн эмхтгэл-ийн “Хүн амын үндэстний бүрэлдэхүүн”[i] гэсэн хүснэгтэд 1969 оны байдлаар БНМАУ-д орос үндэстэн 22.1 мянга буюу хүн амын 1.8%, бусад үндэстэн 56.2 мянга буюу 4.7% гэж бичжээ. Үүнээс хойш хэвлэгдсэн статистикт Хүн амын үндэстний бүрэлдэхүүнийг огт бичихээ больсон. Бусад үндэстэн гэсэн 56 мянган иргэн нь бодвол хятадууд бололтой. Монгол биш үндэстэн хасагийг тусад нь 62.8 мянга буюу 5.8% гэсэн байна.
Эндээс үзэхэд цөөнгүй оросуудын диаспор Монголд байсан. “Тохиолдлын диаспор нь урьд нь олон үндэстний улс гүрэн задрахад үүсдэг. Дэлхийн 1-р дайны дараа Хабсбүргийн, Романовын, Османы эзэнт гүрнүүд задархад, хүйтэн дайны дараа СССР, Югослав, Чехословак задархад олон диаспор буй болж байсан” хэмээн социологич Брүбэйкэр* (Rogers Brubaker) тодорхойлжээ.[ii]
Угсаатан (Ethnic group) гэдэг бол нийгмийн бусад бүлгээс ялгаатай, өөрийн гэсэн нийтлэг соёл, нэг хэл бүхий хүмүүсийн хамтлаг юм. Эх орон (Homeland) гэдэг нь өөрийн гэсэн хил хязгаар бүхий улс гүрэнд хамаарч буй үндсэн соёл нь төстэй бүлэг хүмүүсийн бие хүн ба нийгмийн, иргэн ба төрийн, хувь хүн ба төвлөрсөн үзлийн тогтолцооны харилцааанаас үүссэн ойлголт. Тэгвэл диаспор нь (Diaspora) өөрийн түүхэн эх орноосоо гадна улс оронд амьдарч буй хүмүүсийн тогтвортой хамтлаг ба тэр нь тухайн хүй хамтлагийн бие даасан оршин тогтнолыг дэмжих функциональ үйл ажиллагаа явуулдаг инстүүцтэй байдаг.
Монгол дахь оросын диаспор нь Оросын эзэнт гүрний задрал, хил хязгаарын өөрчлөлт, СССР, БНМАУ гэсэн шинэ улсууд үүссэн зэргийн үр дүн юм.ХХ зуунд Монголд оросын диаспор бий болсон гурван удаагийн урсгал тохиожээ. Орос/СССР-ээс Монгол руу нүүсэн орос үндэстний эхний урсгал нь Столыпиний реформ ба Орос-Японы дайнтай холбоотой. Хоёр дахь урсгал СССР-т хамтралжуулалт, БНМАУ-д үйлдвэржилт явагдсантай холбоотой. Энэ нь 1920-1930 оныг хамрана. Гурав дахь давалгаа 1940-1950 оныг хамарсан ба энэ нь Наушки-Улаанбаатарын төмөр зам барих, Монголд ураан олзворлоход “власовчууд” гэх ГУЛАГ-ын хоригдлуудыг ажиллах хүчнээр ашигласнаас үүдэлтэй.[iii]
Сэлэнгэ аймгийн Хонд, Алтанбулаг зэрэг газраар Октябрийн хувьсгалаас өмнө Монголд орж ирсэн оросууд амьдарч байжээ. Тэд Столыпиний засаг захиргаа-хөдөө аж ахуйн реформоос улбаагаар Монголд ирж газар эзэмшиж байсан хүмүүс. Мөн хил хамгаалах козакууд ба тэдний үр удам энэ хавиар төвлөрсөн юм. 1920-иод оны сүүлчээр Налайхын уурхайд ажиллахаар, мөн шинээр баригдсан аж үйлдэрийн салбаруудад ажиллахаар олон оросууд хөдөлмөрийн хүчнээр ирж Булагтай, Эвцэг, Жаргалант, Хонд гэсэн газруудад суурьшсан. 1932 онд Байгал орчмоор аймшигт үер болж Сэлэнгэ мөрний төвшин 7 метр хүртэл нэмэгдсэнээр ургац алджээ.Ингээд нийт Буриадад өлсгөлөн тохиосон тул орос тариачид, буриад малчид олноор Монгол руу дүрэвсэн байна. 1934 он хүртэл СССР-БНМАУ-ын хилийн зурвасыг тодотгоогүй эзэнгүй байсан тул өлсгөлөнд нэрвэгдсэн СССР-ээс хүн амьтангүй асар уудам зэлүүд газар нутагтай Монголд орж ирэх нь хялбар байжээ.
1946 оноос Улаанбаатарыг Транссибирийн төмөр замтай холбох ажил эхэллээ. Энэ ажлыг гүйцэтгэх ажиллах хүчнээр СССР-ийн Дотоод явдлын яамны харьяа “№ 505 дугаар барилгын анги” нэртэй ГУЛАГ-ийн хоригдлуудыг оруулж ирсэн аж. Нийт 40 мянган хоригдол гурван жилийн турш ажиллажээ. Эндээс 440 хоригдол оргож сураггүй болсон. Тэдний ихэнх нь орос диаспорын суурингуудад шингэн нуугдсан байна. 1960 он хүртэл Монголд амьдарч байсан оросууд бүртгэлгүй, ихэнх нь иргэний харъяалалгүй, зарим нэг нь Оросын эзэнт улсын харъяаллын бичиг баримттай хэвээр байжээ. Иймээс тэдэн дунд шингэсэн “власовчууд” засаг захиргаанд танигдахгүй, олдохгүй. Жишээ нь ЗХУ-ын баатар П.Удомцев 1980-аад он хүртэл олон жил Монголын ойд нуугдан амьдарчээ. [iv]
1941 онд Герман СССР-т халдахад Монгол дахь орос диаспорын харъяалалгүй иргэдийг шууд цэрэгт дайчлан 5 мянган хүний фронтод илгээжээ.[v] Тэднийг торгуулийн батальонд тулалдуулсан бололтой. Тэднээс гурван мянга нь амь үрэгдэж, хоёр мянга нь Монголдоо буцаж ирсэн. Харин тэдний баатарлаг гавъяаны тухай Монголын болон Зөвлөлтийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчлахыг зөвшөөрдөггүй байлаа.
Оросын диаспорт хамаарагсадыг монголчууд “местный орос” гэж нэрлэдэг байлаа. Харин зөвлөлтүүд тэднийг “семёновчууд” гэж нэрлэнэ. Зөвлөлтийн хуулийн практикт “улс төрийн эрхээ хасуулагсад” гэсэн заалт 1920-1956 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Энэ бол зөвлөлт засгийн эсрэг алив болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлсэн эрүүгийн шийтгэл юм. “Ардын дайсан” гэх энэ бүлэгт язгууртан, цагаантан, нударган болон бусад “зөвлөлтийн эсрэг үзэлтэн” гэгдэх хүмүүсийг хамруулж улс төрийн эрхийг нь хасна. Ийм хүмүүсийн тоонд Монгол дахь местный оросууд багтана. Эднийг СССР-т нэвтрэх, зорчих, Зөвлөлтийн иргэний харъяалалд хамаарахыг хориглоно. Үр хүүхдийг нь пионер, комсомолын байгууллага болон намд элсүүлдэггүй. 1960-аад оноос Монголд зөвлөлтийн мэргэжилтнүүд, ажилчид томилолтоор олноор ирэх боллоо. Тэдэнд Монголд байнга оршин суудаг “семёновчуудтай” ямар нэг харилцаанд орохгүй байхыг анхааруулдаг байжээ. Хэрэв “зөвлөлтийн мэргэжилтэн” местный оростой дотно харилцаа, тэр дундаа гэр бүлийн харилцаа үүсгэвэл маш хатуу шийтгэлтэй. Монгол улсын их сургуулийн математикийн багш Лощенко нэгэн “зөвлөлийн мэргэжилтэн” хүүхэнтэй нууцаар гэрэлж бараалан үр хүүхэдтэй болжээ. Энэ нь матаачдын ачаар илэрч хүүхнийг хүүхэдтэй нь эргэж Монголд ирэх эрхгүйгээр СССР рүү буцаасан байдаг.[vi]
Зөвхөн 1971 оноос местный оросуудын хүссэн нэгэнд нь СССР-ийн гадаад паспорт олгох болжээ. Тэдний ихэнх нь ингэж анх удаа СССР-ийн иргэний харъяалалтай болсон аж. Зөвлөлтийн иргэн болсон местный оросуудад зориулсан “Общество советских граждан” (Зөвлөлтийн иргэдийн нийгэмлэг) гэдгийг Улаанбаатар дахь СССР-ийн Элчин сайдын яамны харалдаа байшинд байгуулав. Хяналт тогтооход хялбар байсан бололтой. Гэвч “жинхэнэ” зөвлөлтүүд энэ нийгэмлэгийг “Общество семёновских граждан” гэж өвөр хоорондоо нэрлэнэ!
Үнэндээ Монгол дахь Орос диаспорт атаман Семёновын болон барон Унгерний цэрэгтэй холбоотой местный орос огт байгаагүй гэнэ. Атаман Семёнов Монголд байлдаж байгаагүй. Унгерн, Бакич, Кайгородовын цэрэг байлдаж байсан авч 1921 онд орж ирсэн Улаан армийн цэрэгт үлдэгдэлгүй бут цохиулж ихэнх нь алуулж, үлдсэн нь Хятад, Манжуур руу зугтаасан. Унгернчууд буюу цагаантантай холбоотой хүмүүсийг мөшгих ажиллагаа Монголд 1940-өөд он өнгөртөл 20 гаруй жил үргэлжилжээ. Анкетанд байдаг зайлшгүй бөглөх асуулгад ёс юм шиг “Төрөл төрөгсөд найз нөхдийн дунд гамин, бароны цэрэгт явж байсан хүн бий эсэх?” гэсэн асуулт байнга. Ийм учраас 1921 онд Монголд орж ирсэн цагаантны цэрэг болон тэдэнтэй холбоотон ганц ч үлдсэн байх учиргүй. Ийм тодорхой байсаар байтал местный оросуудыг “семёновчууд” гэж нэрлэх нь зугаатай ч байсан биз, аяндаа энэ нэршил албан бусаар тогтжээ.
Байнга гадуурхагдсаар ирсэн местный оросуудын дунд маш хүчтэй албан бус холбоо үүссэн ба энэ нь мөн гадуурхагдсаар ирсэн буриад болон хятад иргэдтэй нэгдсэн хүй хамтлаг болжээ. Местный орос болон хятад иргэдийн хооронд гэр бүлийн холбоо маш их болсон байна. Хятад эхнэртэй, эсвэл хятад нөхөртэй эр эм местный оросын үр удам одоо ч Монголд цөөнгүй бий.
1950-иад оны дундаас Монголд үйлвэржилт эхэлсэн ба удалгүй соёлын довтолгоо өрнөж социалист бүтээн байгуулалт явагдахад мэргэжилтэй боловсон хүчний дутагдал их байлаа. Улсын захиалга ийм байсан учир олон местный орос Улаанбаатарын их, дээд сургуульд орж суралцан дээд мэргэжил эзэмшсэн байна. 1970-аад онд хийсэн судалгаагаар местный оросуудын 60 хувь нь дунд болон дээд мэргэжил эзэмшсэн байв.[vii]
Местный оросуудыг Монголд харж үздэг ганц байгууллага байсан нь байсан Үнэн алдартны сүм юм. Иргэний харъяалалгүй гадуурхагдсан оросуудын тухай ямар нэг материал, мэдээ, бүртгэл Зөвлөлтийн архивт огт байхгүй гэнэ. Тэдний тухай нэлээд тодорхой баримт материал Үнэн алдартны сүмд л үлджээ. Местный оросуудын нэлээд хэсэг нь үнэн алдартны шашинтан байв. Богд хаанаас хятад ба үнэн алдарт шашинтан оросуудад Улаанбаатарын зүүн хойд хэсэгт тус тусад нь оршуулгын газар олгож өгсөн юм. Тэнд ХХ зууны эхээр нас барсан Хаант Оросын харъяат үнэн алдартны шашинт орос хүмүүсийн нэлээд хуучирч нэр ус нь баларсан хөшөө дурсгал ч одоо болтол байсаар. Местный оросуудыг тэнд оршуулсаар ирсэн. Местный орос нэг хүүхэн “зөвлөлтийн мэргэжилтэнтэй” нууцаар явалдан хүүхэд төрүүлсэн боловч тэр нь энджээ. Илчлэгдэхгүйн тулд хүүхдээ Зайсанд сэмээр оршуулж байгаад баригдсан байна. Нөхөр нь гэгдэх залуу Монголоос хөөгдөж, хүүхдийн шарилыг оросын хүүр оршуулах газар шилжүүлсэн тохиолдол бий. Иймэрхүү “зохицуулалтыг” мэдээж монголчууд биш, Улаанбаатарт суух КГБ-ын төлөөлөгчийн газар гүйцэтгэдэг байсан байж таарна. Хачирхалтай нь Цэдэнбал өөрийн төрсөн эх хөдөөний малчин монгол эмэгтэй Заяатыг тэнд оршуулсан байдаг![viii]
Зөвлөлт засгийн олон жилийн дарамт шахалт, гадуурхалалтад зовж шаналсан местный оросуудад хандах хандлага цагийн явцад зөөлөрсөөр ирсэн. Нэгдүгээрт, 70-80-аад оны местный оросууд бол “семёновчууд” гэгчдийн удам судар үр ач нар болохоос өөрснөө “антисоветчик” гэгчид биш. Хоёрдугаарт, местный оросууд олон жилийн турш Зөвлөлт засагт дуулгавартай явж, ямар нэг үзэл суртлын алдаа эндэгдэл гаргалгүйгээр ирсэн. СССР задарснаар орос диаспор маш олон газар үүслээ. Иймээс 2000 оноос Оросын төрөөс орос диаспорыг дэлхийн хаана ч байсан хамгаалалтдаа авахаа зарласан юм. Өдгөө дэлхий дээр 20-30 сая орос хүмүүс Оросын холбооны газар нутгаас гадуур амьдардаг гэнэ. Орос диаспорыг хамгаалалтдаа авах шинэ хуулиар орос үндэстэн гэдэгт эх хэл нь орос байх гэсэн үндсэн шалгуурыг шинээр тавих болсон юм байна. Үүнд нь украин, чукча, беларус, жүүд, татаар, хасаг үндэстний зэрэгцээ мөн мах цусаараа монгол үндэстэн болох буриад, халимаг нарыг ч хэрэв эх хэл нь орос бол “орос үндэстэн” гэж үзэхээр болсон ажгуу.
* Брүбэйкэр, Рожэрс (1956-) Америкийн социологич
[i] БНМАУ 50 жилд (статистикийн эмхтгэл) (Улаанбаатар 1971) х-31
[ii] Brubaker, Rogers Ethnicity without groups (Harvard University Press 2004).
[iii] Mikhalev, Alexey Russians as a Minority in Socialist Mongolia: Social Exclusion and Identity (Buryat State University, Department of Oriental Studies, Ulan-Ude, Russia)
[iv] Местнорусские, кто это? Хранители русских традиций (www.ulanbator.ru.)
[v] www.zabvo.su/showthread.php?199
[vi] Батбаяр.Д. Миний багш Лощенко (“Умард хөрш” сэтгүүл 2008) [Batbayar.D. My Professor Loshchenko]
[vii] Цецегма, Т. Демографическая характеристика русской общины, г. Улан-Батора (Под ред. Г. Солонго. Русские в Монголии Улан-Батор: Мөнхийн үсэг 2009).
[viii] Дамбасурэн, Н. Цэдэнбал ба түүний нөхөд (Цэдэнбалын комиссар байсан хүний дурсамж, 4 дэвтэр, хэвлэгдээгүй. 1995) [Dambasuren, N. Tsedenbal and his friends]