Бурхан ардчилалд хайртай
Бурхан ардчилалд хайртай. Ардчилал л хүнийг бурхантай хамт байх боломж олгодог. Дарангуйлагчид нэг бол бурханыг үгүйсгэдэг.
Коммунистуудтай алалцаж байсан өөр нэг хар хүчний толгойлогч Гитлэр нь Бурханыг үздэггүй нэгэн байлаа. Ад чөтгөрийн том хамсаатан энэ этгээд хамба ламаа барьж аваачин шоронд үхүүлсэн гэдэг.
Дарангуй дэглэм болгон бурханыг үгүйсгэдэггүй байна. Зарим дарангуйлагч Бурхантай дайн зарлахгүй зөвшөөрсөн дүр үзүүлдэг. Гэхдээ бурханы оронд өөрийгээ тавьж, өөртөө мөргүүлэхийг хүсч иржээ. Тэгээд “бурхан бид хоёрыг заавал шүт” хэмээн албаддаг. Оюун ухаант хүн төрөлхтөн хичнээн ч олон хуурамч хувилгаан, хуурмаг гэгээнд мөргөж ирвээ. Хуурмаг шүтээн, хуурамч гэгээн бүгд цагийн эрхэнд арилан оджээ. Зарим дарангуйлагч өөрийгээ Бурхан биш юм аа гэхэд хамгийн ойрын хамаатан, зэээ бөл дүү нь , үгүйдээ л танилынх нь хүүхэд болгон харуулж, хүн ардыг эвээр бус мухар сүсгээр захирахыг хүснэ. Ийм газар мөн л бурханы багтай буг гарах аюултай.
Ийм болохоор Бурхан зөвхөн ардчилалд л хайртай. Энд хэнч албан ёсоор бурханы өмнөөс ярьдаггүй. Энд хэнээс ч чи бурханы тал уу, манай тал уу гэж асуудаггүй. “Бурхан бид хоёрыг заавал шүтэж бай” гэж албаддаггүй. Бурхан бол сэтгэлийн ариусал, эрх чөлөө болохоос хаалт хориг, эсвэл албадлага биш билээ.
Ардчилаад муудлаа гэж ярьдаг улс ч бий. Яг л “Бурхан шүтээд хэрэг алга, ерөөсөө баяжихгүй байна” гээд гараа хумхиад хэвтээд байдаг хүн шиг. Сүүлийн үед экологи муудаж, ган гачиг нүүрлэлээ гэж ярих болж. Ган, зуд болдоггүй байсан юм шиг. 1970-аад оны дундуур хувьсгалт намын төв хорооноос “Ган, зуд” гэдэг үгийг хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан юм. Итгэлгүй санагдвал номын санд очоод намын төв хорооны их бүгд хурлын материуудыг хараарай. Оронд нь “Түр зуурын бэрхшээл” гэдэг үг хэрэглэж байхыг даалгасан байгаа нь тэнд бий. 1989 оны хавар”Үнэн” сонинд байхдаа, ерөнхий эрхлэгч Л.Түдэв гуайг дагаад Өмнөговь аймгаар явсан юм. Тэгсэн чинь Ноён суманд сүүлийн арван хэдэн жил ган...ган гэнээ, “түр зуурын бэрхшээл” болоод малчид нь отор нэрээр дүрвээд явчихсан байсан. Сумын дарга ярихдаа, манай малчид хааяа нэг эргэж очихоор “манай сум арван жилийн өмнөхөөсөө гоё болсон уу” гэж асуудаг хэмээн хуучилж билээ.
Одоо хотын утаа гэдэг том асуудал гарчээ. Өмнө нь Улаанбаатарт утаа тогтдоггүй байгаад, цөвүүн цаг ирж , угаар тунарах болсон юм биш. Улаанбаатарын хүн нэмэгдээдэ хүнээ дагаад зуух нь нэмэгдсэн хэрэг шүү дээ. Гэрт нэг хүн тамхи татдаг байхад поорчгоо онгойлгоод болоод байдаг. Харин гэрээрээ тамхинд орчихвол агаар нэг юм “сэтгэхгүй” бол горьгүй болго биз дээ. Тэрэн шиг л юм.
Нийгмийг хамарсан байсан олон ужиг өвчин ил гарч байна. Урьд нь бид эрүүл байсан юм биш. Харин өвчнөө мэддэггүй байсан юм. Манай төр улсыг удирдаж байсан нэг хүн Японд очоод биеэ үзүүлжээ. Өвдөж хавдсан юм байхгүй, зүгээр л сайн оношилдог газар үзүүлэхэд илүү нь юу билээ л гэсэн шүү юм бодож. Гэтэл хорт хавдартай гарчээ. Дөнгөж нахиалж байсан хорт хавдрыг дор нь хайчлаад хаячихаж. Ирээд бөөн баяр “өвчнийг дор нь танисан нь ямар аз вэ” гээд байсан. Тэрэн шиг хувьтай, амны хишигтэй үндэстний эмгэг, өвчин болгон дор дороо танигдаж анагаагдаж байдаг учиртай билээ.
Монголын мал байгалиасаа хамааралтай, нэмээд хэлэхэд өмчлөлөөсөө хамаатай. 1959 онд ард түмний малыг төрд хураан авснаас хойш өсөхөө больжээ. Арай жил болгон байгалийн “түр зуурын бэрхшээл” тохиолдоод байгаагүй л байлгүй дээ. Монголчууд үе үеийн турш малынхаа тоо толгойгоор амны хишгээ хэмжиж, тарга хүчээр буян заяагаа барагцаалж ирсэн юм. Ийм болохоор монголчуудын сайхан сайхныг мал сүргийнх нь өсөлтөд харгалзуулан үзэж болох юм.
Гэтэл ардчилал 1990 онд малыг малчдад нь буцаан өглөө. 1990-ээд оны эхний хоёр жил монголд байгаагүй сайхан зун болов. Газар дэлхий ингэж дэлгэрч байхыг үзсэнгүй гэдгээ ахмадууд ярьж байв. Монголын мал гучин саяд дөхөв. Уул нь жил бүр 24 сая малтай болох зорилт тавиад бардаггүй байв. Байгалийн “түр зуурын бэрхшээл” хоёр жил хаашаа ч юм бэ алга болов. Дашийн Бямбасүрэн ерөнхий сайд байв.
1992 онд засгийн эрх Хувьсгалт намд эргэн шилжив. Байгалийн түр зуурын бэрхшээл эргэн ирлээ. Орон даяар ганжив. 1993 онд Баянхонгор Завханыг дамнасан аймшигт зуд болов. Настайчуул ийм зудыг өдий өдий насалтлаа үзсэнгүй гэлцэнэ. Мал хорогдлоо. Хорин дөрвөн саяасаа ч доош буув.
1996 онд ардчилсан хүчин засгийн эрхийг эргүүлэн авлаа. Мэдээж тодорхой газруудад зохих хэмжээнд ган зуд байсан нь байх. Ерөнхийдээ цаг агаар эргээд налайлаа. Монголын мал түүхэндээ анх удаа 35 сая хүрлээ.
2000 онд Хувьсгалт нам үнэмлэхүй дангаараа эрх барив. Ган зунд хамт эргэж ирэв. Тэр зун төвийн нутгийн хангай хэсэг, говьд ган “засгийн эрх шууд барих болов”. Ган дарааллаа Баян хонгороос эхлээд аймгийн малчны хот харлан ядуурч, олон хүн амьдрахын эрхээр Нинжа гээч болон газар сэндийлж, амь зогоох болов. Малын эргэж уруудан тэдний үед байвал зохих түвшингээсээ ч доош буув. Монголчууд МАХН-аас хорин гуравхан сая малтай үлдэв.
2004 онд Ардчилсан хүчин засгийн эрх барих хэмжээнд хүртлээ санал авлаа. Олон юм яриад яах вэ? Монголын мал анх удаа 40 саяд хүрлээ.
Яагаад ингээд байгааг би мэдэхгүй. Гэхдээ “Бурхан ардчилалд хайртай” гэдгийг л мэдэж байна.
Ганхүү
Zochin
Зочин
zochind
baterdene
Зочин