“Уйгур хэлний утгаас нь үүдэлтэй Монгол гэсэн нэрээр 19-р зуунаас даун синдромыг Монголиод гэж европт нэрлэж эхэлснийг, уялдаа холбоог нь гүнзгий судлах шаардлагатай. Энэ нэршил, утгын цаана зориудын өс хонзон нуугдаж буй нь илэрхий” хэмээн Урадын Булаг гуай номондоо дурдсан байдаг. Цаашлаад Монгол гэдэг нэр уйгур хэлэнд "мулгуу, тэнэг" гэсэн утга агуулдаг гэж Рачевильц бичсэн байхад Монголчуудыг тэнэг, мулгуу гэх ойлголт төсөөлөл бол боол хүний хуучин эзнээ үнэлж дүгнэх гэсэн оролдлого төдий зүйл хэмээн Инжинаш мутарласан байдаг. Гомдож хорссон хүн хэнээс ч илүү "ухаантай" болдог. Энэ бол оршин тогтнохуйн хамгийн анхдагч нөхцлийг хангадгийн хувьд маш дээд зэргийн хүндтэй ухаан юм аа гээд бас Ницше айлдсан буй. 

ТРИО киног бүтээх сүүлийн 3 орчим жилийн хугацаанд дауны хам шинж ба Монгол үгний эерэг, сөрөг холбоо хамаарал, баримт сэлт олох гэж багагүй хичээсэн. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас монгол, монголиод, монголизм гэдэг үгсийг улс үндэстнийг доромжилсон, сөрөг, буруу утгаар, дауны хам шинжтэй хольж хамаатуулан хэрэглэхийг хориглосон гэдэг шийдвэр гарсан байдаг гэдэг яриа мөшгиж багагүй явсан ч баримт олж чадаагүй. Улсын төв архив, Гадаад хэргийн яамны архивыг бүтэн шүүлгэсэн ч олдоогүй. Харин Нью Йорк дахь байнгын төлөөлөгчийн газраараар дамжуулаад яг өнөөдөр 75 жилийн ойгоо тэмдэглэж буй Женев дэх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төв архивыг шүүлгээд хоёр бичиг баримт олсон. 

Эхнийх нь 1965 оны 5 сарын 4-нээс 21-ны хооронд Женев хотноо хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 18 дахь удаагийн хурлын 500 хуудас бүтэн протокол. 

Энэ хуралд БНМАУ-ын Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан ахлах мэс засалч П.Долгорын хамт оролцжээ. Г.Туваан нь 1908 онд хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт төржээ. Тэрбээр 1947-1950, 1954-1966 онуудад Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байв. Анх 1943 онд Засгийн газрын шийдвэрээр Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, улмаар сайдаар томилогдсоноос хойш 1966 он хүртэл 20 гаруй жил БНМАУ -ын эрүүлийг хамгаалах салбарыг удирдаж, ард түмний дунд Туваан сайд нэрээр мөнхөрсөн юм. Г.Туваан сайдын идэвхитэй хөөцөлдлөгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа бэхжиж, БНМАУ 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элссэн гэсэн мэдээлэл мөн олов.

Энэ хурлын үеэр нэгэн шагнал гардуулах ёслол болсон байдаг. Оюуны ялгаатай хөгжил, хам шинж, эмгэг, хэвийн бус байдлыг талаар судалгаа шинжилгээ хийж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд ИБУИНВУ-ын профессор L.S.Penrose-ийг Голландын засгийн газрын нэрэмжит үнэт зоосоор шагнажээ. Профессор өөрийн биеэр ирж чадаагүй тул орлоод Sir.George Godber шагналыг нь өмнөөс нь гардаж авсан байдаг. Энэ эрхэм шагналыг хүртсэн профессор Penrose 1930 оноос эхлэн оюуны ялгаатай байдлыг судлан Лондонгийн эрүүл мэндийн судалгааны төвд ажилласан. Клиник, генетикийн маш олон судалгаа хийж, олон улсад цөөнгүй ном хэвлүүлжээ. Улмаар 1945 онд Лондонгийн их сургуулийн профессороор томилогдсноос хойш энэ салбарт улам эрчтэй ажиллажээ. Мань эр 1939 онд Mongolism гэж “нэрлэгддэг” оюуны ялгаатай байдал хүүхдийн тоо дараалал, эсвэл аавынх нь настай хамааралгүй харин хүний хромосомтой шууд хамааралтай байж болох тухай таамаг дэвшүүлсэн байдаг. Энэ таамгаа мань эр 1960 онд баталж чадсан төдийгүй Klinefelter-ийн хам шинж, эпилепсийн тухай ойлголт, мэдлэгийг дараагийн түвшинд гаргаж чаджээ. 

Нөгөө олсон баримт нь Norman Howard-Jones бичсэн "On the diagnostic term Down's disease" гарчигтай 1979 оны Medical History сэтгүүлд хэвлэгдсэн ЭНЭ нийтлэл. 

1823 онд үүссэн, өдгөө дэлхийн хамгийн том эрүүл мэндийн сэтгүүл, датабааз, мэдлэг мэдээллийг сангийн нэг болох The Lancet 1964 онд дауны хам шинжийг монголизм гэдэг хамаарлаас салгаж индексээ зассан байна. Үүнээс өмнө бол дэлхийн эрүүл мэндийн салбарынхан дауны хам шинжийг монгол, монголизм, монголойд гэх мэтээр шууд утгаар нь хэрэглэж явдаг байсан байх нь ээ. Энэхүү индексийн засварийг 8 америк, 5 англи, 2 франц, нижгээд дани, япон, швед, швейцар буюу нийт 19 эрдэмтэд гарын үсгээ зуран санал нэгтэй хийж, улс үндэстнийг доромжилсон, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн мэргэд өөрсдийгөө доромжилсон энэхүү нэршлээс татгалзсан түүхтэй. Үүнийг дэлхийн эрүүл мэндийн түүхэнд дауны "A letter from nineteen signatories" хэмээн нэрлэдэг.  

Улмаар 1965 онд болсон дээрх хурал дээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гишүүн болоод дөнгөж 3 жил болж байсан БНМАУ, Г.Туваан сайд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын даргад албан бусаар хандан дээрх зүй бус хэрэглээ, үгийн буруу утгыг хэрэглэхгүй байх, цаашид энэ хэрэглээнээс зайлсхийх ёстойг хэлсэн байдаг. Үүнээс хойш ДЭМБ-ын албан бичиг баримтанд тэр бүр хэрэглэгдэхгүй болсон мэт боловч албан бус хэрэглээ нь өнөөдрийг хүртэл дэлхий даяар байж байгаа билээ. Дөнгөж 1975 оноос хойш л дэлхийн эрүүл мэндийн сэтгүүлүүд дээр Mongolism гэдэг нэр томъёо Дауны синдром гэдгээр солигдож эхэлсэн байдаг.

1800 оны дундуур хромосомоос үүдэлтэй энэхүү хам шинжийг судалж, 1960-аад оны үеэр өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн John Langdon Down хүртэл дауныг тодорхойлохдоо тэнэг мулгуу, эсвэл зөвхөн монгол угсаатай хүмүүсээс гаралтай гэж бичиж байсан гэдэг. 1866 онд хэвлүүлсэн номоо хүртэл "Observation on an ethnic classification of idiots" гэж нэрлээд, дауны хам шинжийг Mongolian type of idiocy гэж бичсэн байх агаад тэр үед оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийг нийтэд нь тэнэг, мангар гэх зэргээр цоллох төдийгүй бараг шахуу клиникийн байдлаар нэрлэж оношилдог бурангуй үе байсан юм уу даа. Mongolism гэдэг нэр томъёог ийм сөрөг утгаар, эсвэл даунтай холбон 200 гаруй жил ашиглаж байна. Одоо хүртэл Европт “Чи Монгол биз дээ” гэж гудамжинд хэлж буй залуусын асуултын утга нь “Чи тэнэг биз дээ” гэсэн сланг агуулгатай байдаг. Яг нэг сарын өмнө өөрийн биеэр үүнийг мэдэрсэн. 

Зэээ, ийм учраас 2023 оны 3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд бидний хэсэг нөхөд зохион байгуулсан юм аа. Энэ бол олон жилийн ажлын үр дүн байсан. 

2015 оны 3 сарын 21-нд Нью Йорк хотноо Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан НҮБ-ын хуралд даунтай монгол хүү англи хэл дээр эрхээ хамгаалж үгээ хэлсэн билээ. “Илүүдэл хромосом намайг илүү аз жаргалтай, хүнлэг болгосон юм” гэж хэлсэн энэхүү монгол хүү бол Монголын Дауны Холбооны гишүүн Бямбадоржийн Дөлгөөн байсан. Тэрбээр дэлхийн улс үндэстний төлөөлөгчдөд хандан “Монгол” хэмээх үгийг зүй бус утгаар хэрэглэхгүй байх тухай өөрийн найрсаг мессэжийг түгээж, Монгол хүнийг боловсролтой, ухаалаг, нээлттэй, нөхөрсөг гэсэн утгаар хүлээн авна уу хэмээн олон улсын индэр дээрээс хүссэн.

Энэ хугацаанд олон улсын ТББ байгуулж, маш олон нөлөөллийн импакттай ажлуудыг хийж байгаа Уугнааг энд заавал дурдах ёстой. Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд хүртэл тусгай арга хэмжээг зохион байгуулж байсан төдийгүй Оксфордын шинэээр хэвлэгдэж буй бүхий л тайлбар толь бичгээс дээрх агуулгыг хасуулж чадсан гавъяатай бүсгүй. Одоо тэрнээс том ажлыг илүү өргөн хүрээнд багаараа хийж байна.

2019 онд Ази, Номхон Далайн Бүсийн Дауны Холбооны урилгаар Женевт уригдан Дэлхийн Дауны Өдрөөр энэ үйл хэргийг үргэлжлүүлэн мөн илтгэл тавих завшаан тохиож байв. "Хэнийг ч бүү үлдээ" илтгэлийг ЭНЭ холбоос дээр дарж бүрэн эхээр нь уншиж болно. 

Түүнчлэн мөн л Ази, Номхон Далайн Бүсийн Дауны Холбооны Ерөнхийлөгчийн урилгаар Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15)-д Ази, Номхон далайн бүсээ төлөөлөлж оролцож нүдээ нээж байлаа. Энэхүү хурлын мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Үүнээс хойш 8 жилийн дараа НҮБ-ын Женев дэх байранд Монголын Дауны Холбооны гишүүн Тулгын Тэлмүүн хүү өөрийн тоглосон ТРИО киногоороо дамжуулан Монгол хэмээх эрхэм нэрийг зөв ашиглаж, зохистой хэрэглэх ёстойг мөн олон улсын индэр дээрээс тунхаглаж чадсан юм аа. Дэлгэрэнгүйг доорх ЭНД-ээс орж уншаарай.

Ингээд зогсохгүй ээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар ба ЮНЕСКО хоёрын хооронд байгуулж, 2029 онд хүртэл хамтран ажиллахаар тохирсон санамж бичгийн хүрээнд 

“Collaborate in promoting intercultural understanding, human dignity, and human rights by raising awareness against using terms such as “mongols”, ”mongoloid”, ”mongolism”, in derogatory ways, especially in association with Down syndrome, particularly through UNESCO’s programs on global citizenship education and those against racism and discrimination, as well as misinformation and disinformation”

гэж тусгуулж чадсан билээ. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн бодит үйл хэргээр баяжуулан том даваа бас биднийг хүлээж буй. Ер нь бараг энэ хүрээд ТББ-ын хийх ажил тулаад дуусч байна аа. Одоо энэ ажлыг төр манлайлан үргэлжлүүлэх ёстой билээ!

Дээрх бүх үр дүнг гаргахад амар байгаагүй ээ. Багагүй саад, бэрхшээлийг туулж байж, тууштай байсныг хүчинд ийм үр дүн гаргасан. Хамгийн бодитой дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Санд тусгайлан талархал илэрхийлж байна. Энэ бүх арга хэмжээ үргэлжид хамтын хөдөлмөр, дундын үнэ цэн, багийн ажиллагаа дээр суурилж байв. Ийм учраас нь энэ бүх амжилтыг бид гаргаж чадсан. Энэ бүх ажлыг хамтдаа бүтээсэн Монголын Дауны Холбооны үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөл, нийт гишүүд, дэмжигч, сайн дурынхан, эцэг эхчүүд, түншүүддээ талархахын сацуу энэ үйлийг дараа дараагийн залуус, гишүүд, манлайлагчид авч явах ёстой гэж үзэн Монголын Дауны Холбооны тэргүүний ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, удирдах зөвлөлийнхөө хүсэлтээр гадаад харилцаа хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллахаар боллоо. Шинэ удирдлага, шинэ хүмүүс гарч ирээд энэ бүх ажлыг дараа дараагийн түвшинд ямар ч асуудалгүй гаргана гэдэгт эргэлзэхгүй байна!