Хүн чанар, Хүлцэл ба Хандлага
Ази, номхон далайн дауны холбооны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа.
"Ази, Номхон Далайн Бүсийн Дауны Холбоо"-ны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа.
3А (Гурван А) буюу "Authenticity, Acceptance, and Attitude", монголоор "Хүн чанар, Хүлцэл ба Хандлага" сэдвээр төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутнуудад хандаж хэлсэн үгийнхээ гол санааг товчхон сийрүүлбэл:
Хүн болгон ондоо! Хүн бүр бие биенээсээ ялгаатай. Энэ ялгаа хүн төрөлхтний гайхамшиг, бидний амьдралыг утга учиртай бас сонирхолтой болгодог үнэ цэн. Иймээс бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөөч. Бид нэгнийгээ үзэл бодол, үнэт зүйл, сонирхол, хобби, улс төрийн болон бэлгийн чиг баримжаа, өмсөж буй хувцас, хийж буй ажил, хэрэглэж буй эдлэлээр нь хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бид ямар ч хүнд зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг тулгаж, хэнийг ч өөрийнхөө үзэл бодлын мухарт хүчээр хорьж болохгүй. BE DIFFERENT!
Яг үнэндээ бусдаас өвөрмөц, ялгаатай хөгжилтэй хүмүүст асуудал байдаггүй. Харин хамгийн том асуудал бидэнд өөрсдөд минь байдаг. Хумсаа нуусан муур шиг амьдардаг та бидний хуурамч ба хүлээцгүй зан нийгмийн том синдромыг хэдийнэ үүсгэжээ. Даунтай хүмүүсийг энгийн хүмүүстэй харьцуулбал тэдний аз жаргалын индекс хамаагүй өндөр байдаг. Яагаад гэвэл тэдэнд бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг комплекс огт байдаггүй. Иймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Бусдыг өөрчлөх гэж хүчлэхээс илүүтэйгээр өөрийгөө эхлээд нэг сайн толинд хараарай. BE AUTHENTIC!
Бид бие биенээ юу гэж харах, юу гэж дуудахаас бүх юм эхэлдэг. Намхан, бүдүүн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, тэнэг, ижил хүйстэн, ядуу, хараа муутай, царай муутай гэх мэтээр нэгэнтэйгээ харьцаж, нөгөөд хандаад л байвал хүн хоорондын ямар эерэг харилцаа үүсэхгүй. Иймээс хандлагаа хамтдаа өөрчлөе. BE POSITIVE!
Хүртээмжтэй нийгэм бол хүн төрөлхтөний жинхэнэ хувьсгал. Хүн бүрийн өвөрмөц ялгаатай тал зарим хүнд давуу тал болдог бол нөгөө заримд нь сул тал болдог. Загасыг тэнгэрт нис гэж бид хүчилж чадахгүйтэй адилхан ялгаатай хөгжилтэй, ялгаатай үнэ цэнтэй хүн бүрт тохирсон сурч, ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлж өгөх нь хүний эрх, хөгжлийн эрхийн хамгийн эрхэм зорилго байх учиртай. BE INCLUSIVE!
Ялгаатай хөгжилтэй, зарим юмаараа бүр бүх юмаараа бусдаас ялгаатай хүмүүст гэсэн хүний эрх, нэр төр гэж байдаг. Бусдын ялгаатай болон давуу тал, хамгийн гол нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн бол энэ дэлхийн хамгийн дорой хүн! Иймээс өөрөөсөө ялгаатай хүмүүсийг хүлцэн хүндэлж, хандлагаа өөрчилцгөөе! BE HUMAN!
оюун