Нэрээ дэвшүүлэх эрх, намаас хөөгдөх урхи болов
Миний хувьд аливаа бүлэглэлийн төлөөллийг өндөр албанд тавих аюултайг сануулах зорилгод хөтлөгдөн үүнийг бичсэнээс бус нутгархаг өчүүхэн ядмаг зан гаргах зохиолч би биш. Аль нэг нам, хүнд үйлчлэх нас ч биш.
Улс төрийн том луйврын ард Ц.Нямдорж нуугддаг гэх үг уншигч та сонссон уу? Би бол зөндөөн сонссон. Намбарын Энхбаярын үеэс ийм яриа тархсан. Үнэн худал нь анх битүү байсан тул чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л явав. Үүнийг одоо бичих Ц.Нямдоржийн ариун нэрийг сэвтүүлэв гэх үндэсгүй болжээ. Учир нь “бүх луйврын ард Ц.Нямдорж байдаг” гэх цуурхал тардгаа тарчихсан юм хойно бичсэн ганц би хариуцлага хүлээхгүй. Далдуур хорлож асан муу үгийг нь илчилж өгсөнд надад талархана биз.
ХЗДХ-ийн яам Ц.Нямдоржид бурхнаас заяасан хувийн ААН болсон. Сангийн сайд, Банкны ерөнхийлөгч Увс нутгаас томилогддог нь зөвхөн Ц.Нямдоржийн ажил. Ийм дэл сул үг тэнүүчилдэг. Тэгтэл одоо Улаанбаатар хотын даргыг Увсаас заавал тавихаар С.Амарсайханыг сонгуульд унасаар атал ахин дахин зүтгүүлж байна. С.Амарсайхан бол ерөнхий сайдын үзэмжээр бус Ц.Нямдоржийн нутгархаг үзлээр бярдаж буй нэгэн. У.Хүрэлсүхийн баатарлаг аархуу омог Ц.Нямдоржийн өмнө сөгдөхдөө хальсан шаар шиг хагардаг гэх олон баримт анзаарагдлаа. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилоход Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэрхэн нулимсныг эргэн сана. С.Амарсайханыг хотын даргаар заавал тавих гэж МАН бүр заваарав. Энэ шившиг У.Хүрэлсүхийнх бус, Ц.Нямдоржийн мугуйд бүдүүлэг түрэмгийлэл юм. Яагаад гэвэл өмнө нь С.Амарсайхан намынхаа бодлогыг сөрөөд Иргэдийн хурлын даргад заалнаас нэр дэвшиж сонгогдсон. Олны нүдний өмнө ийм явдал болсон атал С.Мөнхчулууныг заалнаас нэрээ дэвшүүлж яллаа хэмээн намаас хөөчихөв. Тэгвэл танхимаас нэрээ дэвшүүлж НИТХ-ын дарга болсон С.Амарсайханыг МАН жилийн дараа яагаад хотын даргад дэвшүүлэв. Энэ болхи алагчилсан луйвраас МАН-ын удирдах зөвлөлийн хамтын шийдвэр гэхээсээ илүү Ц.Нямдоржийн үнэр ханхалж байна. У.Хүрэлсүх Та ард түмэндээ нэр бүтэн үлдье гэвэл Ц.Нямдорж гэгч гайг зайлуул. Н.Энхбаярыг наад нөхөр чинь ашиглаж ашиглачихаад алах шахсан шүү. Н.Энхбаяр бол Ц.Нямдорж шиг хэрээ ч биш, хун ч биш. Ц.Элбэгдорж өршөөх зарлиг гаргаагүй бол гүргэр Н.Энхбаяр гомдсондоо шоронд амиа алдах байв. Ц.Нямдорж “Би нэг номерын хуульч, над шиг жолоодогч Монголд байхгүй” гэж ханхалзаад байдаг. Яамны нь үүдэнд “Худалч авилгач алагчлагч Ц.Нямдорж огцор” гээд үр хүүхдийнхээ амь, хохирлыг нэхсэн эхчүүд сууж байна. “Бүр аймаар баримт дэлгэж сахал Эрдэнэбилэгийг баллана, хохь чинь шүү” гэж хэдэн жил бахирлаа. Шүүх бүх шатандаа “Зэс”-ийг Эрдэнэтийн 49 хувийг хулгайн мөнгөөр авсныг нотолж чадалгүй тэдний талд шийдээд байдаг. Ц.Нямдорж нөгөө баллах баримтаа шүүхэд өгч тусалбал сахал Эрдэнэбилэг чадхийнэ биз дээ. Түүний дэлгэх аймаар баримтыг нийгэм хүлээгээд байдаг. Баллах баримт гэдэг нь хоосон сүрдүүлэг бол эцэст нь үнэнд гүйцэгдэхээрээ мань сайн эр юу гэж цамнах бол. Кино бол сонин төгсгөл зайлшгүй. Хариуцлага нэхэх мууд дурлаж буй үйлдэл биш.
2016 онд МАН 65 суудал авч ой тойнд багтамгүй ялалт байгуулсан. Ард олны энэ их итгэлийг хөсөрдүүлсэн гол нүгэлтэн бол Ц.Нямдорж. Тэр л ХЗДХ-ийн сайд болох гэж У.Хүрэлсүхийг ерөнхий сайд бол, хуйрнан шуугигч нөгөө хэдэн бацааныг сайд болгоно гэж шордсоор байгаад Ж.Эрдэнэбатын засгийн газрыг нурааснаар МАН-д бузар шүглэж, тэг голоороо хагарсан шүү дээ. Дараа нь УИХ-ын даргыг зайлуулж өөрөө УИХ-ын даргад санаархсан боловч Ц.Нямдоржийнхоо дотор ороод гарсан Ерөнхийлөгч Х.Баттулга, тамгын газрын дарга З.Энхболд хоёр хүслийг нь хяссан. Ц.Нямдорж шантаажаа цаасан дээр үлдээдэггүй ам яриагаар гүйцэтгэдэг бөгөөд өөрийн тарьсан асуудлаас биеэ холдуулаад гэмгүй дүр эсгэдэг. Хотыг увс бүлэглэлээр атгах хувийн зорилгоо нуухын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шинэ худ С.Отгонбаярын төрсөн дүү С.Амарсайханыг хотын дарга болгох гэж шахаж буй болохоос Нямдорж миний бие С.Мөнхчулууныг зуун хувь дэмжиж буй гэсэн ойлголт өгөхийг хичээж яваа. Гол мэх нь энэ. Биеэ магтахаас өөр чадваргүй Ц.Нямдорж, дуулахаас өөр эрдэмгүй С.Жавхлан хоёр нийслэлчүүдийн сонгодог бурхад.
С.Мөнхчулууныг би үзээ ч үгүй. Тэр жулдрайг хасахдаа Ц.Нямдорж хууль журам баримтлах гар биш. Зарга гарвал няц цохино гэж бардамнаж хэнхэлзээ. Гагцхүү түрүү нь өрсөлдөөд ялагдсан увс С.Амарсайханыг дахин зүтгүүлж буйд гол учир оршино. Ц.Нямдорж 1,3 сая хүнтэй нийслэлийн төсөв, үнэ нь хадаж буй газрын наймаанд шүлэнгэтсэндээ М.Энхболдыг зайлуулахаар ойворгон залуусын бөгсийг шамартал маньвылдсан агаад одоо хотын даргад өөрийн хүнийг тавихаар бантагнуулж, нууц үйлдээрээ ерөнхий сайдыг хэл аманд өртүүлж давхар хожив. Ц.Нямдоржийн энэ комбинаци бүтэн ухаантай хүмүүст бол ганц алхахгүй. МАН-ыг амьдралынхаа зам мөр болгож сонгосон олон хөөрхий залуусын минь нэг С.Мөнхчулуун байж таарна. Хотын дарга болж өөрийнхөө чадварыг үзүүлэх гэсэн түүний романтик сэтгэлийг хууль бусаар хөөж тууж унтрааж буй нь нийт залуусын дотор нэг юм хийгээ. С.Амарсайханд зөвлөхөд ах дүү худ ургаараа лоббидчихоод луйвраа намын бодлого болохоос миний хувийн хүсэл биш гэж Удирдах зөвлөлөө хорлодгоо боль. Удирдах зөвлөл чинь “Оюуны ундраа”-гийн ах дүү та гурваас Монголд үнэтэй.
С.Мөнхчулуун нь сэлэм эргүүлж сэтгэл зовоодог дүүтэй. С.Амарсайхан нь төрсөн ах дүү тэрбумтан-С.Отгонбаяр, С.Уламбаяртай. “Оюуны ундраа” групптэй. Тэдний “Зүүнбаян рефайнери” ХХК Туул голын эргээс 8-хан метрийн зайд нүсэр барилга байгууламж барьж буй. Мөн 5 га газрын бургасыг хядсан зэрэг дархан цаазат газрыг илт дайсагнасан ажиллагаа явуулж буйд БОАЖЯ, Хамгаалалтын захиргаа, ТХНУГ гонгүй. Тэдний эсэргүүцсэн албан шаардлага нохой хуцсанаас дор. Сайд байхдаа Д.Оюунхорол гишүүн тэдний хууль бус ажилд саад болсноороо буруутан болсон тал байхыг үгүйсгэхгүй. Харин “Оюуны ундраа” группын газрын наймаа, зөрчлийн тухай гарсан шүүмжлэл бүрийг С.Амарсайхан НИТХ-ын даргын сүрээр бут ниргэдэг. Тиймээс дархан цаазат газар, усны ундарга, Туулын эмзэг эрэг, мөн айлууд суурьсан газрыг гартаа оруулж, хотын оршин суугчид болон байгаль орчинд хор учруулж буй С.Амарсайханыг хотын даргаар сонгож томилох байтугай НИТХ-ын даргаас даруй огцруулж, хариуцлага тооцох ёстой.
Нэр нүүрээ нийслэлчүүдийн дунд ингэж шаварт хутгасан С.Амарсайханыг нутгийн хүн хэмээн хотын даргад довтлуулж буй Ц.Нямдоржийн түрэмгийлэлд бууж өгвөл наанаа Ерөнхий сайдын үйл ажиллагаанд, цаанаа МАН-ын нэр төрийг хорлоно. “Оюуны ундраа” групп Туулын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнест С.Амарсайхан гол хүн. Түүнийг хотын дарга болгох гэж сойж буй учир энэ. Газрын наймааг таслах лоозонгоор М.Энхболдыг авч хаясан биш билүү? Тэгсэн мөртлөө Зайсанд газрын наймаа цэцэглүүлсэн шинэ манан С.Амарсайханыг хотын даргад зүтгүүлж буй нь газрын наймааг таслахгүй хэмээх бодлогын залгамж чанар уу? Нийслэлчүүд бидний сонгосон төлөөлөгчдийн дийлэнх буюу 24 нь С.Мөнхчулууныг хотын даргад сонгосон. 24-үүлэнг МАН-аас хасах атал нууц санал учраас хэргийн эзэд мэнд үлдэж зөвхөн Ц.Сандуйг С.Мөнхчулуунд саналаа өгсөн байж таарна гээд намаас хасав уу? С.Амарсайханыг дарга болгох Увс шуурганы нөөлөг муу нэрт Ц.Сандуйг зам зуур нэрмэжээ. Тэр нь зайлуул өнгөрсөн орон нутгийн сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан товарищ. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёр Засагт сэлгээ хийж эмхрэх гэж балиартсаар байтал сонгуульт 4 жил дуусч, ард түмний аманд хийж, алган дээр тавих амлалт дашин шог.
Харж л байгаарай Ц.Нямдорж дийлээд нутгийн нь дүү С.Амарсайхан хотын дарга болно. Тэгвэл Улаанбаатарын бүх асуудал увсынхны атганд орж, хотын шинэ МАНАН, хотын шинэ фракц үүснэ. Тэгш эрхтэй атлаа бусдад элэг бариулдаг лоймол хүмүүс өөрсдөө буруутай. Мафижсан хүчирхэг бүлэглэлтэй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зарласан дайн үнэн эсэхийг хотын даргын асуудал шалгах болж дээ. Шалгалтад ялбал 2020 оны сонгуульд нүүр тахлах сан. Миний хувьд аливаа бүлэглэлийн төлөөллийг өндөр албанд тавих аюултайг сануулах зорилгод хөтлөгдөн үүнийг бичсэнээс бус нутгархаг өчүүхэн ядмаг зан гаргах зохиолч би биш. Аль нэг нам, хүнд үйлчлэх нас ч биш.
2019-02-23
зөнч
АРД
Иргэн
хро
Зочин
УНШИГЧ
Зочин
Золбоо
ИРГЭН
иргэн
Irgen
Зочин
Дэмжиж байна
УНШИГЧ