Сонгуулийн шинэ хуулинд албан ёсоор сонгууль зарлах хүртэл намууд болон нэр дэвшигч, сонин хэвлэл ч гэсэн илүү үйлдэл хийвэл яллахаар хатуу заалт орсон. Хууль л бол хууль юм. Мөрдөгдөж байна. Хоёр том нам дуугаа хурааж хүч, хөрөнгө, бодлогоо базаана. Харин мэдээллийн хэрэгслүүдээр  Сү.Батболд оймс тараасан, үзвэрийн билет өгсөн, С.Баярцогт керамик бурхан бэлэглэсэн гэх жижиг  чулуу шидэж  үймүүлсхийгээд сууж байна.

Ардын нам энэ сонгуульд нүүрэн дээрээ  барьж орох гол хөзрөө урьдчилан дэлгэчихлээ

Төрийн албан хаагчийн цалинг нэг сая 300 мянга болгоно. Үүнд дунджаар 400 мянган сонгогчийн санал ирнэ гэж тооцсон.

Зургаан хувийн хүүтэй таван сая төгрөг төлөөд урьдчилан орох 100 мянган айлын орон сууцанд оруулна гээд хүмүүсийг бүртгээд эхэлсэн. МАН-ын энэ том хөтөлбөрөөр 200 мянган  хүний саналыг татах, бас гадаадад амьдарч байгаа иргэдийн мөнгийг үндсэн хөрөнгө болгох төлөвлөлт  гарчээ. Гадаадад амьдарч байгаа монголчууд үүнийг их сонирхож дэмжиж байна. Давхар тооцоо нь нийслэлийн иргэдийнхээ саналыг алдахгүй байх сайн талтай. Олон удаагийн сонгуульд орж ялж байсан хашир туршлагатай ардын нам ийм хоёр том төслийг ард иргэддээ санал болгосноор айдаггүйгээ авдрандаа хийжээ.

Харин Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд мөрийн хөтөлбөрөө бүр  өөрөөр боловсруулж байна.



Ардчилсан намаас ирэх сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөр боловсруулах тооцоо хийх ажлын хэсгийн 30 гаран залуус, эрдэмтэд, төрийн бус байгууллагынхан баахан тоо судалгаа нухаад сууж байна. Ардчилсан нам “Монгол хүн-2020”, “Эдийн засгийн хувьсгал” гэсэн хоёр том төсөл барьж авчээ. Бүх аймаг сумаар явж орон нутгийн иргэдийн саналыг задгай цуглуулжээ. Сум, аймаг бүрээр  мал, газар тариалан, аялал жуулчлал, ашигт малтмалын илэрц  зэрэг эдийн засгийн  үзүүлэлтийг гарган нэгтгэж байна. Сум, аймаг бүс нутаг бүрийн хөгжлийн ирээдүй өөр өөр зураг гарч байна. Зарим сум газар тариалан, ашигт малтмалаас  гол орлогоо  олж  байхад нөгөө хэсэг нь мал аж ахуй ашигт малтмалаар орлого олох боломж давамгайлж байна. Бүүр дан ганц аялал жуулчлалыг голлох сумууд ч, ганц уурхайгаас өөр орлого олох боломжгүй сум ч гарч иржээ. Ардчилсан нам хөдөө явж цуглуулсан материалаа төвд лабораторидоо оруулж шинжлээд гуравдугаар сарын 20 гэхэд дуусах юм байна. Ирэх дөрөвдүгээр сараас  хөдөө аймгуудаар дахиад явах нь ээ. Үүнд намын дарга Н.Алтанхуяг, “Эдийн засгийн хувьсгал” болон гол томоохон  үйлдвэрийн төслүүдийг, Генсек Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон аймаг, сум бүрийн онцлогоор хийгдсэн тооцоог барьж танилцуулах намын лидерүүдээс бүрдсэн ажлын багийнхан  бэлэн болоод байна. Аймаг, сум бүрийн хөтөлбөрийг аймагт нь очиж танилцуулаад аймгийнхнаар нь гар өргөн батлуулж  Ардчилсан намын нэгдсэн хөтөлбөр болгон зарлах юм байна. Сонгуулийн үеийн хамгийн гол ажил хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах томоохон үүргийг УИХ-ын гишүүн Х.Баттулга нар үүрч ирэх сонгуульд орох гэж байна. Уншигч тандаа дундаж нэг сумын зөвхөн мал аж ахуйгаас орох орлогыг танилцуулъя. 3200 хүнтэй 100-гаад мянган малтай, хангай, говь хосолсон нутагтай дундаж нэг сум мал аж ахуйгаас хоёр тэрбум 500 сая төгрөг, нүүрс зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалаас хоёр тэрбум давсан орлого нэмж олох бололцоотой гэсэн тооцоо хийгдэж  байна. Ардын нам төрийн албан хаагчийн цалинг нэг сая 300 мянга болгох, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэх зэрэг зүүний чиглэлийн хүчтэй бодлогыг санал болгож байгаа бол Ардчилсан нам орлого олох бүх боломжийг судалж, дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх барууны чигийн хөтөлбөр зарлах гэж байна. Намуудын сурталчилгаа хууль ёсоор эхлээгүй ч МАН дангаар төр барьж байгаа боломжоо ашиглан, Засаг дарга нараараа дамжуулан улс төрийн шийдвэрээ хэрэгжүүлж  эхлээд байна. 100 мянган айлын орон сууцандаа бүртгэж Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, дүүргүүдийн ардын намын дарга, Засаг дарга нар улс төр хэвлэлийн хүчтэй сурталчилгаагаа эвийг нь олоод явуулж байна. Сурталчилгаагаа хийх боломжоо хуулиар хаалгасан Ардчилсан нам болохоор төлөвлөгөөгөө, төслөө маш сайн хийж бас нууж байна. Харин энэ удаагийн сонгуульд  Ардчилсан нам ийм онцлогтой хөтөлбөрөөр орох нь ээ гэдгийг генсек Д.Эрдэнэбатын  ярианаас ойлгож, өрөөнд нь давхарлан тавьсан баримтнаас  сум, аймаг  бүс тус бүрээр  гаргасан судалгаа тооцоог сэмхэн өнгийж харснаа тэмдэглэв. Пропорциональ хувилбар орсон сонгуульд сонгогч намын мөрийн хөтөлбөрийг харж санал өгдөг . Ямар ч  байсан ана мана үзэж байгаа хоёр том намын мөрийн хөтөлбөрийн анхны ялгаа гарч байна гэж хэлж болно. Намууд баруун, зүүнээ мэддэг болно гэдэг бас нэг алхам.