Сүүлийн үед манайхан минимализм, минимал маягийн амьдралын талаар нилээд ярих, бичих болсон байна. Ялангуяа гадаадад сурч, амьдарч байсан бөгөөд сурч, амьдарч байгаа залуучууд. Тэд гадаадад удаан амьдраад амьдралын үнэ цэнийг арай өөр өнцгөөс харж эхэлдэг бололтой.Минимализм, минимал амьдралын талаар надад ерөнхий ойлголт байдаг хэдий ч түүний утга учир, ач холбогдлыг арай илүү ойлгохыг зорьж энэ талаар олж уншсан, сонссон зүйлүүдээсээ хуваалцах гэж үүнийг бичиж байна.

***

Эхлээд минимализм гэж чухам юуг хэлээд байгааг тодруулах хэрэгтэй байх. Латины minimus (хамгийн бага) гэсэн үгнээс гаралтай урсгалын нэр юм билээ. Өнгөрсөн зууны дунд үеэс минимализм ялангуяа урлагт хүчтэй түрэн орж иржээ. Тухайлбал, дизайн, хөгжим, загварын ертөнцөд энэ урсгал хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Яваандаа минимализм нь хүмүүсийн амьдралын хэв маяг болж түүнийг баримтлагчид улам бүр олширч байгаа аж. Амьдралын энэ хэв маягийг баримталдаг дэлхийд танигдсан төлөөний хүмүүс гэх юм бол Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Стив Жобс, Марк Цукерберг гээд л цуварч өгнө. Ийм хэв хаягаар амьдардаг, амьдрахыг хичээдэг, сонирхдог хүмүүс Монголд ч нилээд байдаг юм байна. Манайдаа олонд танигдсан эрхмүүдээс гэвэл, жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гэдгийг интернэтээс олж мэдлээ. Магадгүй юм аа, сүүлийн хэдэн жил жижигхэн жийп машинтай яваад байх болсон байна лээ.

Интернэтээс энэ урсгал, ийм маягийн амьдралыг сонирхдог хүмүүс манайд янз бүрийн уулзалт, ярилцлага зохион байгуулдагийг олж үзэж болно. Жишээ нь, Оюу гэдэг блоггер эмэгтэй саяхан минималист амьдралын талаар сонирхолтой ярилцлага өгчээ.

Хүмүүс яагаад минимал маягийн амьдралыг сонгодог гэхээр түүнийг сонгосноор илүү эд зүйлсээсээ салж, хэрэглээгээ хязгаарлаж энгийнээр амьдрах болсноор өөрийгөө хөгжүүлэх, амьдралынхаа гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог байна. Жишээ нь, суут хүмүүс, том эрдэмтэд, нэрт зохиолчид хувцаслалтандаа нэг их анхаарал тавьдаггүй нь тэд хувцасны сонголт, гадаад үзэмжиндээ цаг зардаггүй зөвхөн ажлаа л бодож явдагийн илрэлюм байна л даа.

Жирийн хүмүүсийн хувьд минималист маягийн амьдрал нь материаллаг эд зүйлсэд биш, харин өөртөө болон дотно хүмүүстээ цаг, мөнгөө зарцуулах, орчинтойгоо эвсэг, зохицож амьдрах боломж олгоод зогсохгүй эрүүл энх, урт наслахын үндсийг тавьж өгдөг гэж ойлгож болно. Бүр энгийнээр тайлбарлах юм бол эдийн шуналд автагдаж элдэв новш цуглуулан эдийн боол болохгүй амьдрахыг хэлээд байна. 

Социализмын үед юм ховор байж. Тэр үед хүмүүс чанартай зүйл олж авах гэж цаг, мөнгөө хайрлалгүй улайран хөөцөлддөг байсныг буруутгах аргагүй. Одоо бол өөр болсон. Чанартай, өөрт тохирсон, таалагдсан зүйл (юуны өмнө гутал, хувцсыг хэлэх гээд байна)-ийг олж авахад тийм ч хэцүү биш. Гол нь өөрөө хязгаар тогтоож чаддаг байх хэрэгтэй. Телевизээр нэг эмэгтэй өөрийгөө гутлын “хобби”-той, 200 гаруй гуталтай гээд дүүрэн гуталтай өрөө үзүүлж байх юм. Үүнийг “хобби” гэхэд хаашаа юм, хүүхэд байхдаа хоёр ээлжийн гуталтай байж үзээгүйн л гай байх. Ямар жаран хөлт өт биш яаж бүгдийг өмсөхөв. Өмсч ч үзээгүй байхад нь моодноос гарчихвал яах вэ гээд бас л бөөн ажил болно.

Гэтэл нэг том бизнесмен залуу ярьж байна аа, өөртөө зуслан барихгүй гэж. Зуслан барьчихаар түүнийгээ тохижуулна, очиж эргэнэ, хулгайч дээрэмчдээс хамгаалах гээд хамаг цаг, нервээ барж дуусна. Үүний оронд дуртай үедээ гадаад, дотоодод гэр бүлээ дагуулаад хүссэн газраараа явж амрах нь илүү, хүүхдүүддээ ч шинэ шинэ юм үзүүлэх нь дээр, бас зуслангийн барилгад мөнгөө хийж хөрөнгө түгжихгүй гэнэ. Мэдээж заавал түүнийг дагах албагүй л дээ. 

Бодоод байхнээ хүнд бөгөөд айлд илүүдэл болоод онцын хэрэггүй (новш ч гэж хэлж болох) эд зүйлс, ялангуяа гутал, хувцас их байдаг юм байна. Намайг багад айлын гэр бүлийн нэг гишүүний хувцас сайндаа л нэг чемоданд багтдаг байсан бол одоо том том шүүгээ, тэр ч байтугай бүхэл бүтэн өрөө ч дүүргэх болсныг үе үе ангилан ялгаж байхыг минимал маягийн амьдралыг баримтлагчид уриалдгийг нь зөв гэж бодов. Надад гэхэд л хөдөө явахдаа, албан ёсны арга хэмжээнд оролцохдоо хэрэглэнэ гээд авсан боловч өмсч хэрэглээгүй хэдэн жил болсон бараг шинээрээ гутал, хувцас нилээд байсныг таарах таарах хүнд нь өгч тарааж эхлээд байна. Сүүлийн үед гутал, хувцасны дэлгүүрээр аль болохоор орохгүй байхыг хичээх болсон. Дэлгүүр орохоороо онцын хэрэгцээгүй байж заавал нэг юм авах гээд байх юм билээ.

Гэрийн доторхи тавилга, бусад эд хогшил, унаа машиныг хөндөхөө больё. Энэ бол интерьер дизайнтай холбоотой тусдаа том сэдэв, тийм учраас арай илүү мэддэг нь бичнэ биз гээд хөндөхгүй орхиж байна. Минималист амьдралын хэв маягийг хүмүүс бас хоол хүнсэндээ ч баримтлах болжээ. Үүний гол санаа нь энгийн натурал хүнсийг илүүтэй хэрэглэх, хоолондоо зарцуулах цагийг хэмнэхэд чиглэгдэж байгаа гэж ойлгож болно.

Минималист маягаар амьдрах нь залуу болоод нас ахисан хүмүүст илүү тохиромжтой (ашигтай ч гэж болох) гэнэ. Дөнгөж сургууль төгссөн хүүхдэд эцэг эх нь нэг аж ахуй хариуцуулчих юм бол мань хүний хувьд гадаад, дотоодоор явж юм үзэх, сурч боловсрох зэргээр өөртөө зарцуулах цаг, боломж нь хумигдана. Нас өндөр болсон хүмүүсийн хувьд гэвэл хэрэв аж ахуйтай бол түүнээсээ болж тааваараа байх, ийш тийшээ явах, эрүүл мэнддээ илүү анхаарах боломж нь бас хязгаарлагдана. Гэхдээ гол нь мэдээж хүн хүнээсээ шалтгаалж таарна. Аж ахуйтайгаа ноцолдоод илүү таашаал авдаг байж болно шүү дээ.

Монголчууд саяхныг хүртэл бараг бүгдээрээ минималист маягаар амьдарч байсан гэж болно. Яагаад гэвэл бид нүүдэлчин удамтай. Илүү эд зүйлс нүүдэллэхэд дараа болдог учраас нүүдэлчид цомхон хэрэглээтэй, байгальтайгаа зохицож энгийн натурал маягаар амьдарч ирснийг нь минимал маягийн амьдрал гэж бас тодорхойлж болох. 

Ямар учраас үүнийг бичээд байна гэхээр минималист маягийн амьдралыг сурталчлах гээд байгаа юм биш, харин үүнээс авах санаа байна шүү гэдгийг хүмүүст хүргэх гэснийх. Ер нь тэгээд минималист маягаар амьдарна гэдэг бас тийм ч амархан зүйл биш гэдгийг бодох хэрэгтэй. Ялангуяа юм юм элбэг, сонголт ихтэй болсон өнөө үед.