Майкл Ж.Сандэл


ЗӨВ ЗҮЙЛ ХИЙХ ТУХАЙ

2004 оны зун Чарли хар салхи Мексикийн булангаас хуйлран эрчилсээр Флорида мужийг туулан, Атлантын далайг гаталсан юм. Шуурганы хөлд хорин хоёр хүн амь үрэгдэж, арван нэгэн тэрбум долларын хохирол учрав.1 Шуурганы араас залгаад үнэ хөөрөгдөлттэй холбоотой томоо дуулиан дэгдсэн. 

Орландо хотын бензин түгээгүүрийн газар хоёр долларын үнэтэй ууталсан мөсийг 10 доллараар дамлав. Хөргөгчгүй, эйр кондишнгүй болсон айлууд мөсийг хэлсэн үнээр нь авцгаалаа. Моднууд булгаран унахдаа байшин сав сүйтгэснээс болоод цахилгаан хөрөө, дээвэр засварын үнэ ч тэнгэрт хадав. Барилгын бригадууд айлын дээвэр дээр зоогдсон хоёр том унанги сугалж аван, дээвэр засахын төлөө 23 000 доллар нэхэв. Хаа газар 250 доллар гэдэг жижиг хөргөгчүүд шуурганы дараа 2 000 доллар хүрэв. Шуурганаас зугтсан эмгэн, өвгөн хоёр хөгжлийн бэрхшээлтэй охиноо дагуулан замын хажуугийн дэн буудалд очсонд нэг өрөөний төлбөр нь 160 доллар болсон байв. Урьд нь тэр өрөө 40 доллар л байсан ажээ.2 

Ийнхүү үнэ хаданд гарсанд Флоридачууд биеэ барьж чадахгүй уурлацгаалаа. “Шуурганы дараа цөөврүүд зоолдог” гэсэн нийтлэл USA Today сонины тэргүүн нүүрэнд нийтлэгдэв. Дээврээ засуулахаар үнэ асуугаад 10 500 доллар гэсэн хариу сонссон хүн “Бусдын зовлонгоор ашиг олж байгаа явдал дэндүү буруу” хэмээн бодлоо хуваалцсан бол мужийн тэргүүн прокурор Чарли Крист хар салхины дараа хүмүүс зүдэрч байхад түүнийг нь ашиглаж хонжоо олж байгаа хүмүүсийн шуналыг гайхаад барахгүй байгаагаа ярив.3

Флорида муж үнэ хөөрөгдөлтийн эсрэг хуультай бөгөөд хар салхины дараа прокурорын газруудад үнэ хөөрөгдөлтийн тухай хоёр мянга гаруй гомдол иржээ. Зарим нь шүүхээр орсон. Баруун Палм Бичид байдаг Дэйз Инн буудал зочдоосоо илүү мөнгө хураасны төлөө 70 000 долларын торгууль хүлээв.4 

Ийнхүү прокурор Крист үнэ хөөрөгдөлтийг хууль зүйн хүрээнд шийдвэрлэхээр шамдах зуур зарим эдийн засагчид олон нийт уурлаж байгаа нь буруу хэмээн ярьж эхлэв. Тэд “Дундад зууны үед л бараа бүтээгдэхүүний үнэ шударга байх ёстой гэж ярьдаг байсан байх. Одоо бол бараа бүтээгдэхүүний үнийг эрэлт нийлүүлэлтээр л шийдвэрлэх ёстой, ‘шударга үнэ’ гэдэг зүйл байх ёсгүй” хэмээн эсэргүүцэв. 

Чөлөөт зах зээлийн үзэлт эдийн засагч Томас Совэлл Тампа Трибун сонинд “Үнийн хөөрөгдөлт гэдэг бол сэтгэл хөдлөлийн ойлголт болохоос эдийн засагт ийм зүйл байхгүй. Ихэнх эдийн засагч ийм яриаг тоож ч үздэггүй юм. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь Флоридачуудад харин ч ашигтай туссан” гэж эсрэгээр нь номлов. “Үнэ хөөрөгдөлт гэдэг нь үнэндээ хүмүүсийн урьд төлж дассанаас өндөр үнэ байдаг. Энэ нь өмнөх дассан үнэ ёс суртахууны хувьд ариун гэгээн байсан гэсэн үг биш шүү. Аль ч үнэ бусад үнээсээ илүү ‘онцгой шударга’, ёс суртахуунтай биш. Бүх үнийг зах зээл тогтоодог бөгөөд хар салхины дараах үнэ ч гэсэн зах зээлийн үнэ мөн”.5

“Мөс, савласан ус, дээврийн засвар, цахилгаан мотор, зочид буудлын өрөөнүүдийн үнэ өссөн нь харин ч ашигтай. Ингэснээр эдгээрийг авч чадах хүний тоо цөөрч, ийм бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхол хүмүүст төрнө. Нэг уут мөс арван доллар болсны ачаар л наймдугаар сарын их халуунд цахилгаангүй болсон Флоридачуудад мөс аваачиж зарах сонирхол мөс үйлдвэрлэгчдэд төрж байгаа юм. Үнэ ийнхүү өссөнд ямар ч шударга бус зүйл байхгүй. Энэ нь гагцхүү хүмүүс тухайн зүйлд хэдий хэр ач холбогдол өгч байгааг л харуулж байна” гэж Совэлл тайлбарлав.6 

Зах зээлийг сурталчлагч Жэфф Жакоб Бостон Глоб сонинд үнэ хөөрөгдөлтийг хориглох хуулийг дээрх маягаар мөн шүүмжилсэн. “Зах зээлийн зохицуулалт бол дамлалт биш. Увайгүй явдал юм уу шунал ч биш. Чөлөөт нийгэмд бараа үйлчилгээ угаасаа ийм маягаар хуваарилагддаг. Үнэ өссөн явдал мэдээж хэний ч уурыг хүргэнэ л дээ. Ялангуяа аймшигт шуурганд өртөн зүдэрсэн хүмүүст энэ бүр ч хүнд тусна. Гэсэн ч олон нийт уурласнаасаа болоод зах зээлд хөндлөнгөөс оролцож болохгүй. Ингэх нь буруу. Барааны үнэ огцом өссөнөөр үйлдвэрлэгчдэд тухайн барааг илүү их үйлдвэрлэх хүсэл төрүүлж байгаагаараа харин ч сайн үр дагавартай. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудыг муу хэллээ гээд Флорида илүү хурдан сэргэхгүй. Тиймээс хүмүүст зүгээр л өөрсдийнхөөрөө бизнес хийх боломж өг”.

Харин ерөнхий прокурор Крист (Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд сүүлд Флорида мужийн амбан захирагчаар сонгогдсон) Тампа сонинд үнэ хөөрөгдөлтийг хориглох хуулийг дараах байдлаар хамгаалсан. “Шуурга зэрэг онцгой нөхцөл байдлын үед амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хүмүүсээс байж боломгүй өндөр үнэ нэхэж байгаа хүмүүсийн талд төр орж чадахгүй. Эдгээр хүний үнэргүй үнэ зах зээлийн жинхэнэ мөн чанар байх ёсгүй”.

“Энэ бол худалдан авагчид нь сайн дураараа зах зээлийн харилцаанд ордог, худалдагчид нь ч сайн дураараа бараа бүтээгдэхүүн зарж, эрэлт нийлүүлэлтээр үнэ тогтдог хэвийн зах зээл биш. Онцгой нөхцөл байдлын үед хэрэглэгчдэд сонголт байхгүй болдог. Толгой хоргодох оромж зэрэг зүйлс хүмүүсийн хувьд зайлшгүй хэрэгцээ болон хувирдаг”. 

Чарли хар салхины дараах үнийн хөөрөгдөлт ёс суртахуун, хууль зүйн ноцтой асуудлууд ийнхүү үүсгэжээ. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд үнээ байж боломгүй өндөр болгосон нь буруу юу? Ийм үед хууль ямар байр суурь баримтлах ёстой вэ? Төр хүмүүс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өөрсдөө тогтоох эрхэнд халдан, үнээ өсгөхийг хориглох ёстой юу?


“ Ёс зүйг асуудлын төвд гаргаж тавих замаар Майкл Сандел философийг хувьсган өөрчилж байна.”
Нью-Стэйтсмэн

ХУДЛАА ХЭЛЭХ ДАНДАА БУРУУ ЮУ?
ХҮН АЛАХ НЬ ЗАРИМДАА ЁС ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ БАЙЖ БОЛОХ УУ?
ЗАХ ЗЭЭЛ ШУДАРГА УУ?
ШУДАРГА ЁС ГЭЖ ИНГЭХЭД ЮУ ВЭ?

Эдгээр асуулт өнөөгийн нийгэм, соёлын амьдралын төвд хурцаар тавигдаж байна. Шударга ёс номоороо Харвардын Их сургуулийн төрийн удирдлагын профессор, Би Би Си-гийн 2009 оны Рейт Лектор, бас тэгээд “дэлхийн хамгийн алдартай багш” хэмээн Гардиан сонины цоллосон Майкл Сандел ёс суртахууны тухай улс төрийн философийг тун ч сонирхол татам хэлбэрээр бидэнд танилцууллаа. Энэ номдоо тэр тэгш байдал, тэгш бус байдал, өөрийгөө хүслээрээ егүүтгүүлэх явдал, аборт, ижил хүйстнүүдийн гэрлэлт зэрэг бидэнтэй өдөр тутамд маань тулгарч буй халуун сэдвүүдийг хөндсөн байна. 

ШУДАРГА ЁС ном улс төрийн ямар ч үзэлтэй байсан хамаагүй, ямар ч настай байсан хамаагүй бүх уншигчаа ёс зүйн эргэцүүллийн харгуйгаар хөтлөнгөө ухаалаг яриа хөөрөө ардчиллын замыг гэрэлтүүлж болохыг харуулжээ. 

“Хэцүү асуудлуудаас болоод муу хууль төрдөг бол хэцүү асуудлуудыг Майкл Сандел философийн сонирхолтой эргэцүүллүүд болгон хувиргасан байна. Энэ ном бид ямар нийгэм байгуулахыг хүсэж байгаагаа нухацтай эргэцүүлэхийг яг цагаа олон сануулжээ.”
Обзервер


“Салахын аргагүй хүүрнэлээрээ философич Сандел төр, иргэн гэдэг ойлголтыг дахин шинээр бүтээхийг уриалжээ.”
Нэйшн


НЭПКО хэвлэлийн газар