С.Баяр: Яг одооноос би нэг зүйлд ихээхэн найдаж байгаагаа шууд хэлье
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг амраад ирлээ гэж хэвлэлээр мэдээлсэн. Хаагуур, яаж амрав даа?
-Хөдөө гараад ирлээ. Голын эрэг дээр аяны майханд тухалж, хээрийн хоол идэж, аагтай цай ууж амарлаа. Цөөхөн хоног ч гэлээ хотын алжаалаа сайн тайллаа.
-Хаана, ямар гол дээр очив доо, загасчлав уу?
-Эгийн гол, Үүрийн голын бэлчирт очлоо. Хөвсгөлийн Эрдэнэбулган сумын нутаг, Даян дээрхийн хийдээс эхлээд Булганы Тэшиг сум, Дулаан хаан уулын бэл хүртэл завиар Эгийн голыг уруудаж үзлээ. Байгаль гэж онгон зэлүүд, үнэн гайхамшиг. Гол үертэй тул загасчлах боломж гарсангүй. Тэгээд ч хориотой үе. Дээр нь насны жамаар ч юм уу даа, ан амьтан агнахаасаа илүү хамгаалах, өсгөх тухай бодогддог болж. Загас барьсан ч буцаагаад тавих ёстой гэсэн ойлголттой болчихож. Тул загас гэж нэг сайхан амьтан байдаг. Голын чоно л гэсэн үг. Тултай газар ус нь цэвэр цэнгэг байдаг. Гэхдээ тулын тоо жилээс жилд хорогдож байгаа нь дэндүү харамсалтай. "Монгол тул" гэж нийгэмлэг бий. Тул загасыг хамгаалах, өсгөх үржүүлэх, шинэ газар нутагшуулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил арваад жил хийж байгаа юм. Дотоод, гадаадын эрдэмтэн судлаач залуус голдуу энд ирэн очин ажилладаг. Ээж маань ч гэсэн мэргэжлийнхээ дагуу ажилд нь оролцож зөвлөдөг юм. Тэр нийгэмлэгийн ажилтай газар дээр нь танилцлаа. Ажил нь овоо урагштай байгаа бололтой.
-Явсан газраар тань зуншлага хэр байна вэ?
-Ойрд бороо ороод, газрын өнгө сайхан зассан байна. Хөвсгөл, Булганы тэр сав нутагт газар тариалан эрхэлдэг цөөнгүй аж ахуйн нэгж бий. Ноднин "Атрын III" аяны хүрээнд тэд нилээд ажил амжуулж, овоо ургац авчээ. Энэ жил олсон амжилтаа ахиулчих санаатай зүтгэж байна. Амралтын далимд би тэр хавийн аймаг, сумын удирдлага, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн хүмүүстэй уулзаж, ажил хэргийн талаар нилээд зүйл ярилцлаа. Хийсэн нь үр дүнтэй, хийхээр төлөвлөсөндөө урам зоригтой яваа хүмүүстэй уулзсандаа их баяртай байгаа. Хээр болсон хээгүй ийм уулзалтаас би өөрөө их урам зориг, эрч хүч авлаа. Ажилд урам, аманд бурам гэж ярьдаг даа.
-Та ер нь Ерөнхий сайд болсноосоо хойш амарсан уу?
-Үгүй. Энэ том албыг авснаас хойш амрах байтугай амсхийх боломж үнэндээ гарсангүй. Ганц би ч биш л дээ. Эсвэл сонгууль, үгүй бол хямрал гээд ажилдаа дарагдаад нүд нь гархилчихсан олон хүн цаана чинь амарч чадахгүй яваа. Олигтой амраагүй хүнээс ажлын өөдтэй үр дүн гардаггүй гэдэг. За тэгээд их ажлын буухиа дунд хааяа нэг түр саатаж өнгөрснөө эргэцүүлж, өмнөхөө тооцоолоход илүүдэхгүй биз дээ.
-Зун болж байна. Бусад сайд хэзээ амрах вэ. Амралтын хуваарь нь гарсан уу?
-Амралтын хуваарь ерөнхийдөө гарсан. Аль нь ч бүтэн сараар амрах боломжгүй. Амралтаа хоёр гурав хуваагаад, өөр хоорондоо ээлжилж сөөлжөөд амрахаар тохирсон. Гол нь засгийн ажил тасалдах ёсгүй. Засгийн газрын хуралдааны ирцийг бодолцоод асуудлыг сайд нарын хооронд эв найртай зохицуулна даа.
-Ерөнхийлөгчийн сонгууль дууслаа. Энэ сонгуулийн хөлд засгийн ажил хэр чирэгдэв ээ. Сонгуулиас болж засгийн ажил цалгардав уу?
-Төрийн сонгуулийг хууль журмын дагуу хийх л ёстой. Харин хуулиа өөрчлөх, сонгуулийн тоог цөөлөх, тогтолцоог бүхэлд нь сайжруулах талаар миний баримталсаар ирсэн байр суурь хэвээр байгаа. Нөгөө л миний санал болгоод байгаа таван төгөлдөршлийн маань нэг шүү дээ. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол төр засгийн ч, нийт нийгмийн ч ажил цаашид цалгардах байх даа.
-Гэхдээ л сонгуультай сонгуульгүй хамтарсан Засгийн газрын ажил нэг л урагшлахгүй байна. Үүнийг би ард түмэнд үр дүн нь мэдрэгдэхгүй байна гэдэг утгаар асууж байна. Энэ нь төсөв мөнгөтэй холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Асуудлыг аль өнцгөөс харахаас л хамаарна. Аягатай цайг бараг дүүрэн байна гэж бэлгэшээж болно. Бараг хоосон байна гэж чамлаж болно. Жишээ нь эдийн засгийн хямрал байна. Ганц Монголд биш, дэлхий даяар айхтар хүнд тусч байна. Цаашдаа ч хямралын бараан сүүдэр тийм ч амар арилахгүй бололтой. Хамтарсан Засгийн газар байгаагүй бол, ард түмний амьдрал, улс орны хөгжлийн тулгамдсан асуудал дээрээ төр засгийн хэмжээнд санал нэгдээгүй бол үүнээс ч илүү хямрах, унах байж гэдгийг одоо хэн хүнгүй ойлгодог болж. Гэтэл хийх ёстой гол ажлаа хийж чадав уу гэвэл тийм биш. Голмоор, чамламаар юм цөөнгүй л байна. Наанадаж уул уурхайн том төслүүд маань өдий хэр хөдөлгөөнд орсонгүй. Эдгээр том төсөл хэрэгжихгүй бол манай эдийн засагт олигтой өөрчлөлт гарах аргагүй, төсөв нэмэгдэхгүй, мөнгө орж ирэхгүй. Мөнгө байхгүй бол ажил урагшлахгүй. Энэ бол ойлгомжтой шүү дээ.
-Таныг нарийн тооцоотой улстөрч гэж үздэг. Зарим хүн таныг "стратегич" ч гэдэг. Хамтарсан Засгийн газар байгуулаад төдийд ийм үр дүнд хүрнэ гэсэн таны анхны төсөөлөл цаг хугацаатайгаа зэрэгцэж явж чадаж байна уу. Эсвэл хоцроод байна уу?
-За хөө, "стратегич" гэж намайгаа дөгөөх ч яах вэ. Хамтарсан Засгийн газрын ач гавьяа, ажлын барьцтай үр дүн гарах хугацаа уг нь хэдийнэ болсон. Хямралтай холбоотойгоор хамтраад, эвсээд авсан арга хэмжээний эхний эерэг үр дүн гарч байгаа тухай би сая хэлсэн. Харин уул уурхайн болон үүнтэй шууд холбоотой "Эх орны хишиг"-ийн асуудлаар ард түмэн төр засгаас хүлээсэн үр дүн гарсангүй. Энд биднээс хамаарах, хамаарахгүй олон шалтгаан бий.Тэр болгоныг тоочоод хэрэггүй биз дээ. Одоо элдэв тайлбар хэрэггүй. Тодорхой үр дүн л хэрэгтэй. Цаг хугацааны тооцоо ярьж байгаа бол би яг одооноос нэг зүйлд ихээхэн найдаж байгаагаа хэлье. Нэг жил гаруй үргэлжилсэн улстөрийн дараалсан сонгуулиудын хавтгай улстөржилтийн дэндүү урт сунжраа сая л нэг дууслаа. Одоо улстөржилт бүрмөсөн арилдаггүй юмаа гэхэд амралтаа авах цаг нь болсон. Түүний оронд "эдийн засагжилт" ажилдаа орох естой. Үүнийг хаана хаанаа ойлгож дэмжих болов уу гэж ихээхэн найдаж байна.
-Засгийн газрын хувьд өнөөдөр хамгийн ихээр анхаарал хандуулж байгаа асуудал нь юу вэ. Ард түмэнд үр дүн нь мэдрэгдэх ажлын тухай хариулаасай гэж хүсэх байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн төсөөлөл гээд ярьчихаж магадгүй?
-Ард түмэнд мэдрэгдэх үр дүн бол "Эх орны хишиг". Хишгээ хүртээхийн тулд хуримтлал бий болгох ёстой. Тэр хуримтлалын мөнгө маань өөр хаанаас ч биш, уул уурхайн салбараас л орж ирнэ. Тиймээс уул уурхайн асуудал, тодруулбал Оюутолгой, Тавантолгойн төслүүд Засгийн газрын хамгийн ихээр анхаарч байгаа асуудал юм.
-Анх Ерөнхий сайд болохдоо таны гаргаж тавьсан таван төгөлдөршлийн нэг, бас хамтарсан Засгийн газар байгуулсны гол зорилго нь уул уурхайг ашиглахад байсан гэж ойлгодог. Энийгээ ажлаа яагаад ажил хэрэг болгохгүй байна вэ, яг хэнээс шалтгаалаад ажил гацаад байгаа юм бэ. Оюутолгойн асуудал гацаанд орсон, бүр зогсох тухай ч яриа гарч эхэллээ?
-Асуудал амаргүй байгаа ч гацсан, зогссон, хаагдсан гэж үзэхгүй байна. Тийм учраас "хэнээс болов" гэж ирээд шууд л буруутан хайгаад эхэлмээргүй байна.
-Уучлаарай, нэг юм тодруулъя. Оюутолгойн гэрээг УИХ-аар батлуулах гэж Засгийн газар өнгөрсөн өвлөөс үзлээ, бүтсэнгүй. Бүр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж байгаад зүтгүүлсэн ч эрхэм гишүүд хүлээж аваагүй. УИХ-ын чуулган дээр "Ерөнхий сайдын хувьд хариуцлагыг нь би хүлээнэ" гэж мэдэгдээд ч нэмэр болоогүй. Та чинь засгийн эрх барьж байгаа намын дарга шүү дээ. Улстөрийн шийдвэрт хүрэх ойлголцох гэж л АН-ыг Засгийн газарт авч, намын даргыг нь Тэргүүн шадар сайдаар томилуулсан юм биш үү?
-Оюутолгойн төсөл бол манай улсын хувьд энэ төрлийн анхны том мега-төсөл. Огт явж үзээгүй зам л гэсэн үг. Эргэлзэх, тээнэгэлзэх, болгоомжлох зүйл их бий. Үүнийг ойлгох ёстой. Тэгэх тусмаа ийм төслийг нам намаараа явцуурч байгаад, эсвэл намын сахилгаар далайлгаж байгаад батлуулах аргагүй. Нөгөөтэйгүүр, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг би намын даргын хувьд биш, Ерөнхий сайдын хувьд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хариуцлагыг ч тэр л шугамаараа ярих, үүрэх ёстой. Өргөн мэдүүлсэн төслийнхөө сайн, мууг хариуцах хариуцлага гэж заавал байх естой. Түүнийг нь хүлээхэд би бэлэн гэдгээ чуулган дээр илэрхийлсэн. Гэтэл өргөн мэдүүлсэн төслийг батлаагүй удаасны, утга учиргүй гацаасны төлөө хүлээх хариуцлага гэж бас байх ёстой. Тийм үү, үгүй юү?
-Харин тийм хариуцлага гэж байхгүй учраас л Оюутолгойн гэрээтэй хоёр парламентын бүрэн эрхийн хугацаа дамжин ноцолдож буй бус уу. Хөрөнгө оруулагчид нь залхаж байгаа болов уу. Энэ талаар Засгийн газарт байр сууриа илэрхийлсэн үү?
-Залхах барих бол бага асуудал. Хоёр тал тохирч байж л гэрээ бүтдэгт асуудлын гол оршиж байгаа юм. Зөвхөн нэг талын хүсэл, мөрөөдлөөр байгуулдаг гэрээ гэж байхгүй. Энэ бол амьдралын үнэн. Өнгөрсөн өвөл Засгийн газраас хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж тохирсон төслийг УИХ баталсангүй. Уг гэрээний төсөлд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 21 санал бүхий дүгнэлт гаргаж сарын өмнө Засгийн газарт хүргүүлсэн. Түүнийг нь Засгийн газар хөрөнгө оруулагч талд нэг бүрчлэн танилцуулж, дахин хэлэлцээ хийлээ. УИХ-ын тавьсан саналыг нөгөө тал үндсэндээ хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоохондоо ам ярианы хэмжээнд байгаа. Албан ёсны хариу хараахан ирээгүй байна. Хоёр тал ойлголцох, тохиролцох бүх бололцоогоо шавхсан гэж би хувьдаа үзэхгүй байна. Тиймээс хэлэлцээгээ үргэлжлүүлэх л хэрэгтэй.
-УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл Ерөнхий сайд таны байр суурьтай хэр нийцэж байгаа вэ. Гэрээний хугацааг 30 хүртэл жил болгох, Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх зэрэг олон боломж бий гэж төсөл санаачлагчид үзэж байгаа?
-Хуулийн өөрчлөлтийн төсөл миний байр суурьтай нийцэх эсэх нь бага хэрэг. Хэлэлцээ хийж буй цаад тал нь тухайлбал Оюутолгойн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Айвенхоу Майнз" компани үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ гэдэг нь илүү чухал. Хуулиар нэгэнт тогтоосон нөхцөлөө хэлэлцээний явцад өөртөө ашигтайгаар өөрчлөх, нөгөө талаа улам чангалах гээд байх нь дэлхийд байдаггүй жишиг. Тоглоомын явцад дүрмээ өөрчлөөд байдаг хүнтэй тоглоё, хамтаръя гэх хүн олон олдох болов уу. Энэ талаас нь л асуудалд хандах хэрэгтэй.
-Тавантолгойг ашиглах талаар тодорхой алхам огт хийгээгүй байх шиг. Хөрөнгө оруулагчийг сонгох ажил удааширч байгаа юм биш үү?
-Алхам огт хийгээгүй гэдэгтэй санал нийлэхгүй юм байна. Тавантолгойн орд газрын нөхцөл байдал Оюутолгойнхоос огт өөр. Давуу тал нь гэвэл, Тавантолгойн тусгай зөвшөөрлийг Монголын төрийн мэдэлд буцаан авсан. Өнгөрсөн оны хавар манай Засгийн газрын хийж чадсан нэг том ажил энэ. Хэцүү тал нь гэвэл, энэ төсөлд оролцох санал хүсэлтэй зөвхөн гадаадын гэхэд 10 гаруй том компани байгаа. Дээр нь орд газрыг тойрсон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх төрийн бодлогоо тогтоож байж уурхай ашиглах асуудалдаа орох учиртай. Энэ бүхэнтэй холбоотой бэлтгэл ажил, холбогдох яриа хэлэлцээ Засгийн газрын шугамаар эрчимтэй хийж байгаа. Асуудлаа багцлаад УИХ-д танилцуулах естой. Олны өмнө дэлгэх арай болоогүй.
-Ер нь уул уурхайгаа ашиглаж эхлэхгүй л бол Монгол Улс өлсч ядрах хэмжээнд эдийн засгийн боломжгүй болчихсон юм уу, эдийн засгаа тэтгэх өөр салбар, гарц алга уу?
-Өлсөхгүйн тулд хоол хүнсний асуудлаа хүний гар харахгүй шийдэж чаддаг болохын тулд өнөөх "Атрын III" аяндаа гарсан шүү дээ. Энэ чиглэлийн ажил урамтай урагштай байгаа тухай би түрүүн товч ярьсан. Дахин нуршаад хэрэггүй биз. Харин уул уурхайгаа ашигласнаар бид хөгжлийнхөө, эдийн засгийн боломжийнхоо цоо шинэ үүд халгыг нээх гээд зориод байгаа юм. Эдийн засгийн боломжоо хэд арван хувиар биш, хэд дахин өсгөх гарц бол өнөөгийн нөхцөлд уул уурхай л юм.
-Одоо танаас намын даргын хувьд ганц нэг зүйл асууя. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдлаа. Ямар дүгнэлт хийж байна вэ, шалтгаанаа олж түүндээ тохирсон хариуцлагын асуудал цаашид ярих уу?
-Хариуцлагын асуудлыг зөвхөн ярих биш, бодитоор хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Ялалт, ялагдлын учир шалтгааныг бодитоор тогтоох, дүгнэлт хийх, хариуцлага тооцох ажил манай нам дээр сүүлийн жилүүдэд учир дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс энэ удаад манай нам энэ алдаагаа засна гэж байгаа. Нам дотроо нухацтай ярьж ялагдлын бодит учир шалтгаануудыг тогтооно, хариуцлага тооцно гэж байгаа. Намын тухайд бол ийм байна. Харин хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудал ярихад одоохондоо би бэлэн биш байна. Миний хувьд гэвэл, хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн ийм дүн намын дарга надаас болжээ гэж нам маань дүгнэвэл би элдэв долоон тайлбар хэлээд байхгүй. Оногдох хариуцлагаа шууд хүлээнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ажилласангүй, нэр дэвшигчээ унагах бодлого барилаа гэдэг шүүмжлэл байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-"МАХН огт ажилласангүй", бүр цаашлаад "нэр дэвшигчээ зориуд унагалаа" гэсэн утгатай золбин үгс сүүлийн үед дуулдаад байх боллоо. Энэ бол шүүмжлэл биш. Энэ бол шууд гүтгэлэг юм. Сонгуульд зүтгэсэн шат шатны намын удирдлага, гишүүдийг ингэж эрээ цээргүй гүтгэж болохгүй. Би Ерөнхийлөгчийн дөрвөн удаагийн сонгуулийг нам талаасаа удирдлаа. Ийм хэмжээнд хүн, хүч хөдөлгөж, ийм их хөрөнгө зардал гаргаж байсан удааг би л лав мэдэхгүй. Гэхдээ дахин хэлэхэд, нийт намаараа ярилцаад, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар бодит дүгнэлт хийх естой.
-Уучлаарай, би сэтгүүлчийн хувьд таны амыг асуумаар байна. Хэдийгээр та улстөрийн албан тушаалтан ч, Ерөнхий сайдын хувиар "ажил хийхэд дөхөмтэй хүн сонгогдоосой билээ" гэж ярилцлага өгч байсан. Тийм хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан гэж та бодож байна уу?
-Сонгууль болоод өнгөрлөө, дүн нь гарлаа. Ард түмний сонголтын дүнг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх естой. Энэ бол ардчиллын суурь зарчим. МАХН энэ зарчмыг баримталсаар ирсэн, цаашдаа ч баримтална. Тиймээс нэгэнт сонгууль болоод өнгөрсөн тул "сонгогдоосой билээ" гэж хэлсэн миний үг түүх болоод үлдэж байна. Одоо хойшоо биш, урагшаа харж амьдрах хэрэгтэй. Өнөөдөр миний хувьд хол, ойрынхоо ирээдүйг билэгшээн зөгнөөд "ажил хамтраад хийхэд дөхөмтэй хүн байгаасай билээ" гэж чин сэтгэлээсээ хүсч, ерөөж байна даа. Өөр юу гэх билээ дээ би… / инээв/.
-Ц.Элбэгдорж та хоёр улстөрд хэр гар нийлдэг вэ. Та хоёр ер нь төрд хамт ажиллаж байсан уу?
-Ц.Элбэгдорж бид хоёр олон жил Монголын төрд хамт зүтгэж явна. Аль тэртээ 1990 онд Улсын Бага Хурал байгуулагдахад хоёулаа гишүүнээр нь сонгогдож байлаа. Ардын Их Хурлын депутатуудын хувьд анхны ардчилсан Үндсэн хуулиа хамт батлалцаж байлаа. Түүнээс хойш бие биеэ гайгүй сайн мэддэг болсон. Одоо цаашдаа бид хоёрын гар нийлэх эсэх тухай асууж байна. Миний бодлоор бол гар нийлэх, нийлэхгүй гэсэн аль нэг хувилбарын тухай асуудал байх ёсгүй. Монголынхоо өмнө, иргэд сонгогчдынхоо өмнө хүлээх ариун үүрэг гэж байдаг бол гар нийлж ажиллахаас өөр зам үгүй.
-Ц.Элбэгдорж та хоёр үе үе хатуу ширүүн үгээр хоорондоо "бөмбөгдөлцөж" харагддаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувьд хамтраад зүтгэхэд хатуу ийм үгс садаа болж, сэтгэл сэвтүүлэх талтай. Сонгуулийн дараа та хоёр ер нь уулзаж ярилцав уу?
-Саявтар нэг уулзсан. Хамтдаа ордны гурилтай шөлөө хувааж идэнгээ ажил амьдралынхаа талаар бага сага юм ярилцлаа. Нөгөө "Ажил хамтраад хийхэд дөхөмтэй байгаасай билээ" гэдэг талаасаа бие биеэ тандсан, бие биедээ хандсан байх. Тэр хатуу ширүүн үг гэдэг бол амьдралд байдаг л зүйл шүү дээ. Хорвоо өөрөө хатуу, зөөлөн хоёр туйлын дунд л займчин оршдог гэдэг. Тэгээд ч заримдаа нялуунаас шулуун нь дээр байдаг. Бид хоёрт ялгаа, зөрүү их бий. Гэхдээ нийтлэг зүйлүүд ч бас цөөнгүй байдаг. Юутай ч хэн хэн нь шилжилтийн үеийн хатуу ширүүн улс төрд ороод удсан, үлэмж хэрсүүжсэн. Спортын хэллэгээр бол "сонирхогчдын" ангиллаас хэдийнээ гарч "мэргэжлийн боксчид" болж, үгэн бөмбөгдөлт мэтийн бага сага "удаар даадаг" чадвар эзэмшсэн гэх үү дээ.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор уул уурхайн асуудал улам удааширна гэсэн олон улсын ажиглагчдын дүгнэлтийн талаар асуумаар байна. Тийм боломж бий юу, тэгж удаашруулах эрх мэдэл, хуулийн боломж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвын алинд нь илүү байна вэ. Нөгөө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор хамтарсан Засгийн газрын дээгүүр хар үүл бүрхлээ гэж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?
-Энэ олон асуултаа надаас биш, өөрөөс нь асуумаар юм байна даа. Миний ажиглалтаар бол горилогч, Ерөнхийлөгчийн үг, үйлдлийн хооронд томоос том ялгаа бий байх. Амьдрал аяндаа харуулна, бас залж чиглүүлнэ биз. Тэр Засгийн газрын дээгүүр бүрхээд буй хар үүлийн хувьд гэвэл надад айж, сандраад байх юм үнэндээ алга. Энэ ажил албыг авсан тэр цаг мөчөөс хойш л "Засгийн газруудын маань дээгүүр үүл байнга л бүрхээстэй", "хэзээ мөдгүй аянга ниргэх нь" гэсэн утгатай цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээ тасарсангүй. Шарлаж амжаагүй байгаа энэ олон сонины хуудсыг эргүүлээд нэг үзээрэй. Би хувьдаа иймэрхүү сэдвийг тоодоггүй, тэнгэр ширтээд суудаггүй. Тэгээд ч ардчилсан улс оронд Засгийн газрын тэнгэр цэлмэг, торойх үүлгүй байдаг бил үү.
-Зав гарган ярилцсан танд баярлалаа.