Энэ намар МУИС-ийн Биеийн тамирын тэнхим байгуулагдсаны 70 жилийн ой болж байна. МУИС-ийн Биеийн тамирын тэнхим манай их, дээд сургуулиудын хувьд анхных нь учир ууган тэнхим гээд байгаа юм. Тус тэнхимийн багш нар олон арван мянган оюутнуудад эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжил, соёл олгоод зогсохгүй улс, тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан өндөр зэрэглэлийн олон тамирчид бэлтгэсэн билээ. Ойг тохиолдуулан ахмад багш нар болон сургуулийнхаа нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцож байсан оюутнуудын дурсамжуудыг эмхтгэн гаргаж байгаа юм байна. Тэнхимийн зүгээс уг эмхтгэлд зориулж уралдаан тэмцээнд оролцож байсан дугуйчин оюутнуудаа төлөөлөн дурсамж маягтай юм бичих “гэрийн даалгавар” авсан учир доорх зүйлийг бичив.

****

МУИС-д орсны дараа биеийн тамирын анхны хичээл дээр багш оюутнуудаас хэн ямар спорт сонирхдог вэ гэж асуухад би дугуйн спортыг хэлж секцэнд нь бүртгүүлж хичээллэх болов. Дугуйн секцийг Балжир багш хичээллүүлдэг байлаа.

Тэр үед МУИС-д Политехникийн дээд сургууль харьяалагддаг байсан учраас их олон оюутантай хэдий ч дундаа нэг биеийн тамирын танхимтай байсан юм. Одоо эргээд санахнаа тэнхимийн багш нар их мундаг хүмүүс байж. Багш бүр нэг, хоёр спортын төрөл хариуцаж оюутнууд дундаас өөрсдийн хариуцсан төрлөөр сонирхолтой, бас авьяастай хүүхдүүдийг сонгон авч хичээлийн бус цагаар бэлтгэл хийлгэдэг байлаа. Тэнхимийн эрхлэгч гавьяат багш Гомбосүрэн гимнастик, Бэгзжав багш хүндийн өргөлт, Ганцагаан багш бөх, Дашзэвэг багш хөнгөн атлетик, Жавзмаа багш байт харваа, Сандагдорж багш цана, Содномдорж багш бокс, Чимэдцэрэн, Сэлэнгэ багш нар гар бөмбөг, Чинбат багш сагсан бөмбөгийн спортыг хариуцан бэлтгэл хийлгэнэ. Харин дугуйн спортыг манай Балжир багш хариуцдаг байлаа. МУИС-ийн доторх уралдаан, тэмцээнүүд үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувьд хот, улсын чанартай тэмцээнүүдээс ч дутахгүй олон хүнтэй, маш өрсөлдөөнтэй болдогсон. МУИС-иас улсдаа төдийгүй дэлхийд нэртэй тамирчид олноор төрөн гарсан нь эдгээр багш нарын маань гавьяа. Жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга Ц.Дамдин, боксын дэлхийн аваргын анхны мөнгөн медальт Р.Отгонбаяр нар чухамхүү МУИС-д байхдаа их спортод хөл тавьсан юм.

1975 онд Бүх ард түмний V спартакиадад олон улсын хэмжээний мастер Жамьян (өмнөх жил нь Азийн наадмаас хүрэл медаль авсан), спортын мастер Дамдин, Алтангэрэл нартай сургуулийнхаа нэрийн өмнөөс нэг багт уралдаж байсандаа миний бие бахархаж явдаг. Харамсалтай нь их, дээд сургуулиудын багууд их тогтворгүй. Дараа жил нь Жамьян, Дамдин хоёр маань сургуулиа төгсөөд явсан тул Алтангэрэл бид хоёр шинэ хүмүүстэй баг болох жишээтэй. 1979 оны Бүх ард түмний VI спартакиадаар буюу сургуулиа төгсдөг жил би багтаа бүр хамгийн “хуучин” нь болж уралдаж байв. Биднээс өмнө спортын мастер Гантөмөр, Бадрах нарын зэрэг гайгүй сайн дугуйчид МУИС-ийн нэрийн өмнөөс уралдаж байсан юм. 1976 он хүртэл бас эмэгтэй дугуйчид уралддаг байлаа. 1976 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс надтай нэг ангид сурдаг Энхтуяа маань хүрэл медаль авч Балжир багшийгаа баярлуулж байв.

9 дүгээр сард хичээл эхлэхээр бэлтгэл эхэлнэ. Хичээлээ тараад Балжир багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийнэ. Өвөл цагт гадаа дугуй унахад хэцүү тул кросс гүйнэ, штанг өргөнө, дугуйны сууринд сууна. Хавар хот, улсын аварга шалгаруулах тэмцээн дөхөөд ирэхээр оюутны байранд байрлаж бэлтгэл хийнэ. Оюутан надад хавар хичээлээс чөлөөлөгдөн бэлэн хоол идээд явахад сайхан л байдаг байлаа. Бас болоогүй ээ, заримдаа амралтын газарт байрлаж бэлтгэл хийнэ. Дугуйгаар бэлтгэлд гарах бүрт Балжир багш маань шаахайтай хар мотоциклоор дагаад явдагсан. Хөөрхий багш маань бурхан болоод удаж байна. МУИС-д Балжир багшийн удирдлага дор хичээллэж байсан дугуйчидтайгаа ярьж байгаад нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулах юмсан гэж бодогддог юм. 

Тэр үед “Хоршоолол”, УБДС, “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн (спортын клубүүдийг ингэж нэрлэдэг байлаа) тамирчид дугуй, ер нь аль ч спортын төрөлд илүүрхдэг байсан юм. Улсын шигшээ багт ордог тамирчид гол төлөв “Хоршоолол”, УБДС-ийн өмнөөс тэмцээнд оролцдог байв. Шигшээд данстай тамирчдын ажлын газар нь болох Спортын төв ордон “Хоршоолол” нийгэмлэгт харъяалагддаг, зарим нь УБДС-ийн биеийн тамирын ангид сурдаг байсан болохоор тэр. “Алдар”, “Хүч”-ийнхний хувьд үндсэн ажил нь бэлтгэл хийх. Харин бусад нийгэмлэг, их, дээд сургуулийн тамирчдын хувьд зөвхөн чөлөөт цагаараа бэлтгэл хийдэг байсан тул дээрх 4 багтай өрсөлдөхөд хэцүү байдаг байв. 

Залуудаа хамт уралдаж явсан дугуйчид маань одоо ч гэсэн холбоотой байдаг. Пүрэвдорж, Нямаа, Болдбаатар, Цолмон, Ёндондаш, Жамбал, Гантөмөр, Эрдэнэбаатар, Луузан, Чанцал, Даваахүү, Пүрэвжал нарын зэрэг дугуйчидтайгаа уралдаан тэмцээн дээр тааралдана, бас болоогүй ээ, ахмадын тэмцээнд оролцоно. Миний хувьд мөн нэг хэсэг Монголын дугуйн холбооны тэргүүний ажлыг хийж энэ спортыг хөгжүүлэхэд чадлынхаа хэрээр зүтгэсэн. 

Монголын дугуйчид тив, дэлхийн болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн. Дугуйчин Тэгшбаяр залуучуудын дэлхийн аварга болж, Өлзий-Орших дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж, Азийн аваргаас Энхжаргал (эмэгтэй) алтан медаль, Ганболд мөнгөн медаль авч байлаа. Бас багаараа Азид хэд хэдэн удаа эхний гуравт шалгарч байв. Ер нь дугуйн спорт Монголд их ирээдүйтэй гэж бодогддог. 

Өнөөдөр хүмүүс, ялангуяа залуучууд дугуй их унах болж. Дугуй унах юм бол эрүүл мэндэд хэрэгтэй, энэ их түгжрэлтэй өнөөгийн Улаанбаатарт дугуйгаар явах юм бол ажлаа хурдан амжуулна гээд сайн тал их бий. 

МУИС-д оюутан болж өмнөөс нь уралдаан тэмцээнд орж явсны хувьд тус сургуулийн дэргэд хүчтэй дугуйн клуб байгуулагдаасай гэж бодох юм. Олон мянган оюутнууд дотор дугуй унадаг, энэ спортыг сонирхдог нь зөндөө л байж таарна. Гэхдээ үүний тулд мэдээж юуны өмнө мэргэжлийн сайн багш-дасгалжуулагчтай байх хэрэгтэй.