Сөүлийн Конкук их сургуулийн мастер Г.Батзориг: Цагаан будааг шатааж шалгадаг
Цагаан будааны хүйтэн тэсвэрлэх чадварыг тодорхойлогч дөрвөн генийг GWAS технологи ашиглан нээсэн, Сөүлийн Конкук их сургуулийн биологийн ухааны мастер Г.Батзоригтой цагаан будааг шалгах арга, Монголд цагаан будаа тариалах боломж хийгээд Кембрижийн сургалтын тухай ярилцлаа.
-Та Монголд хэрэггүй шахам сэдвээр гадаадад мастер хийгээд ирдэг чинь яаж байгаа юм бэ?
-(Инээв) Миний судалгааны ажил ургамлыг генетикийн төвшинд судлах, инженерчлэл хийх нарийн технологийг эзэмшихэд гол учир нь байсан. Солонгос орны хувьд цагаан будаа нь стратегийн гол бүтээгдэхүүн учир тариалангийн чиглэлийн салбар өндөр хөгжсөн байдаг. Манай сургуулийн лаборатори цагаан будааны судалгааны ажлууд хийгддэг болохоор надад цагаан будааны генетик инженерийн судалгаа хийх, мөн тариалалтын арга технологийг судлах боломж олдсон.
Монголчууд хүнсний өргөн хэрэглээний таван гол бүтээгдэхүүнийхээ нэгийг гаднаас авдаг. Сүүлийн хорин жилд манай цагаан будааны хэрэглээ гурав дахин өсч, одоо бол жилдээ 70 мянга тонн орчмыг импортолж байгаа. Хүнсний өргөн хэрэглээний барааны таван голлох бүтээгдэхүүнд багтдаг болохоор монголчуудын амжиргаанд, цаашилбал төгрөгийн ханшид ч хувийн жингээрээ нөлөөлнө л гэсэн үг.
-Нээрээ тийм ч юм уу. Манай гуазны бүх хоолны хачир цагаан будаа л даа. Гэхдээ Монголд цагаан будаа ургахгүй биз дээ?
-Одоохондоо таваарын хэмжээнд тариалаагүй байгаа ч тарих туршилт, оролдлого аль 1980-аад оны эхнээс эхэлсэн байдаг. Вьетнам, Лаос зэрэг орны мэргэжилтэн урьж цагаан будаа тариалах анхны оролдлогыг Ховдын Булган суманд хийсэн юм билээ. Булган сумтай нэг өргөрөгт байрлах Шинжааны нутгаас үр авчирч туршсан гэдэг. Бас ХААИС-ийн багш доктор, профессор О.Мөнхжаргал 1992 онд Дорнодын Хэрлэн голын хөвөөнд эрт ургацын сорт тариалаад 1.5 тонн ургац авч, улмаар түүнийгээ үргэлжлүүлэн тарьсаар 1996-1998 онд нэг га-гаас 3.8 тонн цагаан будаа хураасан байдаг. Саяхан, 2012 онд Өвөрхангайн зарим суманд Хакухо аваргын дэмжлэгээр Японоос авчирсан үрээр тариалалт хийсэн.
-Гэхдээ л ургачихлаа, ургац авлаа гэдэг мэдээ сонсож байсангүй. Хэрвээ овоо ургац авсан бол манай дарга нар хамгийн түрүүнд гүйж очоод газар дээр нь будаатай хуурга хийж идээд сүйд болох байсан даа?
-Таваарын хэмжээнд цагаан будаа болон бусад ургамлыг тарьж чадахгүй байгаа шалтгаан нь хаа нэг газрын үрийг селекцийн аргаар Монголын нөхцөлд тохируулж ургуулах гээд байгаатай холбоотой. Цагаан будаагаар жишээ авахад чийг, дулаан, ус хамгийн чухал. Миний судалгааны ажил дулаантай нь шууд холбоотой. Цагаан будааны хүйтэн тэсвэрлэх чадварыг тодорхойлогч генүүдийг GWAS технолгиор ашиглаж судалсан. Түүнийхээ үр дүнд дөрвөн ген олсон юм. Тэдгээр ген уургыг кодлодог. Тэр уураг нь хүйтнийг тэсвэрлэх чадварыг тодорхойлдог гэсэн үг. Ингэхдээ генетикийн шинжлэх ухаанд гарч ирсэн GWAS гэдэг хоёр бүтэн геномыг харьцуулах арга хэрэглэсэн.
-Тэр нь яг яана гэсэн үг юм бэ?
-Энэ арга нь байгальд ургадаг цагаан будааг таримал цагаан будааны геномтой харьцуулаад хоёр цагаан будаа юугаараа ялгаатайг олж тогтооно. Хүйтэнд тэсвэртэй цагаан будааны хүйтэн тэсвэрлэдэг дөрвөн генийг олсон, одоо тэр хэд дээр ажиллана. Тэр генүүдийн дарааллыг сольчихвол генийн инженерчлэл болдог юм.
-Тэгэхээр манайд цагаан будааг таваарын хэмжээнд тариалах боломж байгаа юм байна, тийм үү?
-Байгаа. Гэхдээ олон жилийн судалгаа шаардана. Төр засаг дэмжээд, судалгааг нь хөгжүүлээд өгвөл өөрсдийн, “монгол цагаан будаа”-аа гаргаж аваад тариална. Бид цагаан будааг гаднаас нь, дотроос нь, хоёр талаас нь судлах хэрэгтэй. Монголын нөхцөлд таарч тохирох сорт гаргаж авах дотор тал буюу генетикийн үүднээс нь, бас түүнийгээ хаана, яаж ургуулах вэ гэж гадна талаас нь ч судлах ёстой.
-Цагаан будааг генийн төвшинд судалсан “манай нутгийн номонд нэвширсэн нэг хүү”-ийн чинь хувиар нэг юм асуумаар санагдаад болдоггүй ээ. Цагаан будааг хийж болдог уу, хиймэл эсэхийг нь шатаагаад мэдэж болох уу?
-Хиймэл цагаан будаа гаргасан, худалдаалсан гэх мэдээлэл Монгол гэлтгүй олон оронд явдаг. Хийж болдог юм. Хийхдээ цагаан будааны хог, үлдэгдэл дээр овъёос нэмээд хатууруулж бэхжүүлэх үүднээс хүнд металуудыг хольдог. Цагаан будааг шатаах нь хиймэл үү, жинхэнэ органик будаа юу гэдгийг шалгадаг аргуудын нэг нь. Ямар ч цагаан будаа нүүрс-ус учраас мэдээж шатна. Харин шаталтын үеийн үнэр болон шаталтын дараах үлдэгдэлийг нь л шинжлэх хэрэгтэй. Шатаахаас гадна нягтаар нь эсвэл агшаагаад хэсэг хугацааны дараа микроорганизмын ургалтаар жинхэнэ үгүйг нь тогтоож болдог.
-Тэгэхээр хэдүүлээ жинхэнэ, сайн цагаан будааг таньдаг болох эсвэл өөрсдөө тариалах зайлшгүй хэрэгцээ байгаа юм биш үү?
-Тэгэлгүй яахав, манайд импортоор орж байгаа цагаан будааны 15-20 орчим хувь нь мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтад өртдөггүй гэсэн судалгаа бий. Бас бидний жилийн хэрэглээний 10-15 мянган тонн нь сайн санааны тусламж. Бэлгийн морины шүдийг үздэггүй монгол ёс бий. Энэ мэт асуудал байгаа байгаа.
-Та одоо энэ талынхаа судалгааг эх орондоо үргэлжлүүлээд хийж байгаа биз дээ?
-Би 2017 оны нэгдүгээр сард төгсөөд ирсэн. Цаашдаа энэ судалгаагаа үргэлжлүүлэх сонирхол их байна. Зарим нэг хүмүүстэй уулзсан. Миний уулзсан хүмүүс дунд энэ талын судалгаа хийх, хийлгэх хүн гараагүй. Хэрэв тийм хүн байвал холбогдоод ажилламаар л байна. Сурсан мэдсэнээ ашиглах боломж одоохондоо манай эрдэм шинжилгээний байгууллагуудад ч, хувийн хэвшилд маань ч алга. Манай компаниуд цагаан будаа тариалахаар уйгагүй оролдож байгаа. Гэхдээ механик аргаар үзээд байна. Одоо шинжлэх ухаанчаар оролдмоор байгаа юм.
-Тэгэхээр та одоо цагаан будаа шатаахаас өөр ажилгүй гэртээ сууж байгаа юм уу?
-Ажилтай гэртээ сууж байгаа (инээв). Мэргэжлээрээ ажиллах боломж байхгүйг олж мэдээд өөр салбар руу уравчихсан (инээв). Одоо English School of Mongolia сургуульд биологийн багшаар ажилладаг. Манайх Кембрижийн олон улсын дунд сургуулийн эрхтэй. Кембрижийн IGCSE, IB хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
-Кембрижийн сургалтын тухай хэдэн жилийн өмнө сонсож байсан. Харин таны хэлсэн хоёр хөтөлбөрийн талаар сонсож байгаагүй. Энэ хоёр хөтөлбөрөө жаахан дэлгэрүүлээд өгч болох уу?
-IB буюу International baccalaureate, дунд сургуулийн ахлах ангийн сүүлийн хоёр жилийн хөтөлбөр. Арван хоёр жилтэй сургалтын арван нэг, арван хоёдугаар ангид үздэг хөтөлбөр гэсэн үг. Гэхдээ хүүхдүүд ес, аравдугаар ангид IGCSE хөтөлбөрийг үздэг. Энэ хөтөлбөрөө дуусгаад сертификат авч арваннэгдүгээр ангид орохдоо өөрийн сонирхлоороо хичээлээ сонгоод IB сертификаттай сургуулиа төгсдөг юм.
-Таны заадаг биологийн хичээл бусад сургуульд заадгаас юугаараа ялгаатай юм, шал өөр үү?
-Ялгаа олон бий. Нэгдүгээрт хичээл англи хэлээр явагддаг. Энэ IB хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ямар боломж нээгддэг вэ гэхээр зургаан төрлийн байгалийн шинжлэх ухааныг сонгон суралцах боломжтой. Манайхан одоо TOEFL буюу англи хэлний шалгалт өгөөд гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтээ явуулдаг бол манайхыг төгсөөд өөрийн хүссэн мэргэжлийнхээ сургуульд хүсэлт явуулах боломжтой. Ухаан нь эмч, биологич, төрөл бүрийн инженер болох үүд хаалга шууд нээгдэнэ. Дэлхийн том их дээд сургуулийн шалгалтыг өгөөд тэндээ шууд суралцах боломжтой хөтөлбөр.
-Манайхаар бол ЕЭШ-д бэлдэж байгаа гэсэн үг юм уу?
-Жишээ нь, Монголын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд шууд Стэнфордын их сургуульд шалгалт өгөөд тэнцэх хэцүү. Яагаад гэвэл программын хоцрогдол, программын зөрүү бий. Харин энэ Кембржийн IB хөтөлбөр энэ программыг зургаан төрлийн хичээлээр хоёр жилийн дотор олгодог. Дэлхийн том их дээд сургуулиуд энэ IB хөтөлбөрийн сертификатыг хүлээн зөвшөөрдөг юм.
-Танай сургуулийг төгссөн бүх хүүхдэд ийм боломж нээлттэй гэж ойлгож болох уу?
-Мэдээж, бүх хүүхдэд нээлттэй. Хүүхэд өөрийнхөө хүссэн хичээлийг сонгоод, хичээлээ англи хэлээр үздэг. Манай төгсөгчдийн ихэнх нь гадаадын их дээд сургуульд явсан байна. IB программ хүнд учраас хүүхэдтэй, эцэг эхтэй нь зөвлөж, харилцан тохиролусоны үндсэн дээр бэлтгэдэг. Явцын дунд шантраад энэ хөтөлбөрийг орхисон тохиолдол бий. Харин өөрийнхөө ирээдүйг олоод харчихсан, ачаалал даадаг, хичээл зүтгэлтэй хүүхдүүд давж гараад хүссэн сургуульдаа явдаг. Бас манай сургуульд өөр сургуулиас шилжиж ороход ганц нэг хичээлийн зөрүү, англи хэлний түвшин, тухайн хичээлийн мэдлэг зэрэг зарим зүйлээрээ дутагдалтай байдаг.
-Энэ хөтөлбөрт чинь өөр сургуулийн хүүхдүүд хамрагдъя гэвэл бэлтгэл, давтлага хэрэгтэй болох нь ээ дээ?
-Тийм ээ. Бусад олон улсын болон бусад дунд сургуулийн есөөс дээш ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой. IB хөтөлбөрт хамрагдсанаараа шууд Стэнфордод ороод эмч болох, биологич болох гүүрэн дээр гарна гэсэн үг.
-TOEFL өгөөд сургуульд явах энэ хөтөлбөрт хамрагдах хоёрт ялгаа байгаа юм уу?
-TOEFL-д тэнцсэн хүүхэд гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд элсэн суралцах замаа засдаг. Харин манай хөтөлбөрийг дүүргэчихвэл хүссэн мэргэжлээрээ тэдгээр сургуульдаа шууд суралцдаг.
-Та ингээд нэгмөсөн боловсролын салбарын хүн болчихдог юм байж. Бид нар тэгээд хэдий болтол цагаан будаа шатааж суух юм бол доо?
-(Инээв) Би Монгол орныхоо ирээдүйд итгэдэг. Монгол залуус байгалийн шинжлэх ухааныг барууны их сургуулиудын төвшинд эзэмшээд инноваци ярьдаг болчихвол хөгжих нь гарцаагүй. Тийм цагийг аль болох хурдан авчрахад боловсролын салбар хамгийн чухал. Олон олон залуус барууны нэр хүндтэй их дээд сургуульд байгалийн шинжлэх ухаан судалж инженер, технологич, генетикч болоосой гэж хүсдэг. Тийм залуус олон болбол монголчууд нутагтаа тарьсан цагаан будаагаараа хоолоо хийх нь гарцаагүй.
-Баярлалаа, танд болон таны шавь нарт амжилт хүсье.
PS: Уншигч танд цагаан будааны генетик шинж чанар, тариалалт болон бусад зүйлсийн талаар дэлгэрүүлж мэдэх хэрэг гарвал Г.Батзоригтой batzorig.bioscience@gmail.com хаягаар холбогдоорой.
Зочин
zochin