Суурь реформ л мөнгөний гачаалаас гаргана
Мөнгөгүй бол амьдрал үгүй. Мөнгөгүй бол хөгжлийн тухай биш, амь тээх тухай ярих хэрэгтэй болно. Мөнгийг гуйлгаар биш эдийн засгийн эргэлтээр буй болгодог. Гуйлгаар зөвхөн өнөө маргаашийн талх л олдоно. Өнөөдөр Монгол улс 1990-1992 онд Бямбасүрэнгийн Засгийн газрын, 1996-1997 онд Энхсайханы Засгийн газрын, 2008-2009 онд Баярын Засгийн газрын хийсэн реформын үр шимийг идсээр эдүгээ барж дуусгаж байна.
СУУРЬ РЕФОРМ Л МӨНГӨНИЙ ГАЧААЛААС ГАРГАНА
Өнөөдөр Монгол улс нийтдээ 20 орчим тэрбум долларын гадаад өртэйн дөрөвний нэг нь Засгийн газарт хамаарч байнга. Төв банкны Ерөнхийлөгчийн албан ёсоор мэдэгдсэнээр улсын нөөц хасах заасан аж. 2012 онд Батболдын Засгийн газар Хөгжлийн банкны нэрээр 580 сая доллар зээлснийг эргүүлж төлөх хугацаа энэ оны гуравдугаар сарын төгсгөлөөр тулчихаад байгаа юм байна. Алтанхуягийн Засгийн газар 2013 онд Чингис бонд гэх нэрээр 1.5 тэрбум доллар зээлсний эргүүлж төлөх хугацаа 2018 оны нэгдүгээр сараас эхлэх ба гурав тасалж жилийн дотор эргүүлж төлөх авай. Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга энэ мөнгийг төлөх бололцоогүй гэсэн бол Ерөнхий сайд нь шууд төлж орхино гэж мэдэгдээд байгаа.
Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг шинжихүйд энэхүү 580 сая долларыг төлөх санхүүгийн эх үүсвэр өнөөдөртөө байхгүй гэж мэргэжилтнүүд болон санхүүчид нэгэн утгаар хэлж байна. Ингэхээр Ерөнхий сайд ганцхан сарын дотор хаанаас мөнгө босгоно гэж тооцоолсон байж таарах вэ?
Монголын парламентын спикер нь эрх барьж буй намын даргын албыг давхар хашиж, намаа төдийгүй Засгийн газраа шууд ба шууд бусаар удирдан голлох шийдвэрийг биечлэн гаргадаг нь нууц биш.
Чухам үүндээ эрдсэн үү, Орос болон Булангийн орнууд, Кувейт, Саудын Араб улсуудаар “ажлын айлчлал” хийж мөнгө гуйжээ. Мэдээж түүнийг ёс журмын дагуу харгалзах албан тушаалтнууд болох парламентын спикерүүд хүлээж авлаа. Хоёр орны хооронд зээл ярих асуудал нь Засгийн газар хооронд яригддаг болохоор Монголын парламентын спикерийн энэхүү гэнэтийн айлчлал ба хачирхалтай гуйлтыг бусад спикерүүд гайхан угтаж. Хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх болно хэмээн айлчлагч орны голдуу эмэгтэй спикерүүд маш тодорхой мэдэгдэж байсныг дипломат ёс гэлтэй. Мэдээж эдгээр хүүхнүүдийн хэнд нь ч мөнгөний эрх мэдэл байсангүй. Тэгээд ч эдгээр орнуудад “Урилгагүй зочин татаараас дор” хэсэн хэлц үнийг хүн бүр мэддэг. Урилгагүй, тийм учраас зочин биш, нэмээд ориг татаар, тэгээд мөнгө өг гэхээр тэд юу гэж ойлгосон бол?
Монгол улсын эдийн засгийн энэхүү хүндрэлийг даван туулахад хөрш Хятад улс ах дүүгийн тусламж үзүүлэхэд бэлнээ илэрхийлсэн төдийгүй 4 тэрбум орчим долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай яриа гарч байлаа. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд Далай лам айлчилсан нь хоёр орны хооронд ан цав үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх бүх товоосоо Хятад тодорхойгүй хугацаагаар татгалзан царцаажээ. Нэмэр дээр нь Монголд тэрбум доллар зээлнэ гэж урьд нь амлаж байсан Энэтхэгийг маргаандаа татан оролцуулах гэсэн гэнэн томоогүй оролдлого нь асуудлыг бүр ч хурцатгав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Сангийн сайд Б.Чойжилсүрэн
Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт
Мөнгөгүй бол амьдрал үгүй. Мөнгөгүй бол хөгжлийн тухай биш, амь тээх тухай ярих хэрэгтэй болно. Мөнгийг гуйлгаар биш эдийн засгийн эргэлтээр буй болгодог. Гуйлгаар зөвхөн өнөө маргаашийн талх л олдоно. Өнөөдөр Монгол улс 1990-1992 онд Бямбасүрэнгийн Засгийн газрын, 1996-1997 онд Энхсайханы Засгийн газрын, 2008-2009 онд Баярын Засгийн газрын хийсэн реформын үр шимийг идсээр эдүгээ барж дуусгаж байна.
Сүүлийн 30 гаруй жилийн статистикаас үзэхэд Монголын Засгийн газар бүрийн дундаж нас 1,5 жил. Танай Засгийн газар ч жилээс илүү тэсэхгүй. Үүнийг би Ерөнхий сайдтай өрөөнд нь уулзахдаа, Сангийн сайдтай эмнэлэгт уулзахдаа, Хэрэг эрхлэхийн даргатай манай гэрт уулзахдаа маш тодорхой тайлбарласан билээ.
Нэг удаа өрөвдүүлээд, хоёр дахь удаад нь хулхидаад, гуравдахид нь булаагаад бага сага мөнгө олж болох авч ингээд бүх нүх сүв бөглөрнө. Бид хэдийнээ энэ гурван гоё аргыг гүйцээчихсэн. Мөнгө буй болгох эдийн засгийн сууриа эвдээд дуусгасан. Богино настай ээлж дараагийн Засгийн газар бүр амьдрах хугацаагаа уртасгах ганцхан зорилготойгоор хий хоосон популизмдсаар ээлжээ өнгөрөөж байв. Гэвч Бямбасүрэнгийн, Энхсайханы, Баярын Засгийн газрууд маш богино хугацаанд амжин сайн реформ хийж чадсан учир дараа даагийн төрдөө идэх хоол өмсөх хувцас үлдээжээ. Магтаал дунд реформ хийдэггүй. Танай Засгийн газарт томоохон реформ хийчих хугацаа байна. Реформ хийснээр үр дүнг нь өөрснөө үзэж амждаггүй, гэдсээ хагартал хараалгуулдаг. Гэвч дараа дараагийнхан нь үр дүнг нь үзэж реформчдыг нийтээр ойлгодог.
Та бүхэнтэй ярилцсаны дагуу суурь үндсэн реформын жагсаалт гаргалаа. Эдгээрийг хийхгүйгээр хөгжлийн байтугай талхны мөнгө ч олдохгүй, учир нь эдийн засгийн эргэлтийн суурь, хөдөлгөх мотор нь ажиллагаагүй бол Монгол хэмээх машин урагш хөдлөхгүй.
- Одоо үйлчилж байгаа уул уурхай банк холбоон дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох;
- Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох;
- Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох;
- Компанийн хуульд өөрчлөлт оруулж татварт бүрэн хамруулах;
- Хөрөнгийн баталгааны хууль батлах;
- Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон хууль батлах;
- Гэрээний хууль батлах;
- Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож үүнийг өөр байдлаар урамшуулах хуулийн өөрчлөлт хийх;
- Гадаадын хөрөнгө оруулагчаас тодорхой хувийг ЗГ эзэмшдэгийг болиулах;
- Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь ЗГ-ын шийдвэрт дэгээ тавихгүй байх;
- Нийгэмд учруулсан эд мөнгөн хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох талыг баримталсан хуулийн заалт буй болгох;
- Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх;
- Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг ЗГ бие даан шийдвэрлэх;
- ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах;
- Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох;
- Улсын мэдэлд байгаа улсын алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах, татан буулгах;
- Үнэ чөлөөлөлтийн бодлого явуулах;
- Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хуульд өөрчлөлт оруулж үүнийг бизнес гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу нийгмийн ядуу хэсгийг ямар үйлчилгээнд төлбөргүй хамрагдахыг тодорхой болгох;
- Нийгмийн салбарын өргөн хувьчлал болон түрээс, менежментийн хувьчлалын бодлого явуулах;
- Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг давхар орлого олох бололцоог нэмэгдүүлэх;
- Бүх нийтийг татварын бодлого хамруулах;
- Халамжийн бодлогыг өөрчилж, халамжид зайлшгүй хамрагдах шаардлагатай хэсгийг хамруулах;
- Жуулчлалыг дэмжиж үүнд саад болж буй иргэний харьяаллын, хилийн, нисэх үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулж чөлөөтэй болгох;
- Төрийн (Засгийн газрын) болон улсын, олон нийтийн өмчийн статусыг ойлгомжтой ангилж тодорхой болгон өөр өөр татварын орчин бүрдүүлэх;
- Газрын, газрын хэвлийн доорх баялаг, бэлчээрийн талаар ойлгомжтой шилжилтийн бодлого гарган татварт хамруулах;
- Татваргүй бүс зарлах;
- Малын хөлийн татвар, даатгалын системийг бий болгох.
2017.2.4