Маниш Чанд: Энэтхэг Улс Оросыг ганцаардуулахыг дэмжихгүй
Энэтхэг Улс үргэлж яриа хэлцэл, дипломатын арга замыг дэмжиж ирсэн. Украины хямрал үүссэний дараа Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Путинтай олон удаа ярьсан. Барууны хэвлэлд Энэтхэгийн байр суурийг буруушааж, Оросын түрэмгийллийг дэмжиж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ бидэнд тийм шалтгаан байгаа. Энэтхэг Улс Оросоос газрын тос, зэвсэг худалдан авдаг. Энэтхэг Улс Оростой бизнесийн салбарт хамтран ажилласаар байх болно.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Узбекистан Улсын Самарканд хотод энэ сарын 16-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төр, засгийн тэргүүн нар уулзаж, ойрын ирээдүйн зорилгоо тодорхойлсон юм.
Энэ үеэр Global India Writes сүлжээний төвийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Маниш Чандтай ярилцсанаа хүргэж байна. Эл төв нь Энэтхэгийн олон улсад баримталдаг дипломат бодлогыг өөрийн сүлжээгээр дамжуулан хүргэдгээрээ онцлог. Сануулахад энэхүү ярилцлага нь ШХАБ-ын албан ёсны уулзалт болохоос нэг хоногийн өмнө буюу есдүгээр сарын 15-нд хийсэн гэдгийг энд тодотгоё. Мөн Global India Writes сүлжээний төвийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Маниш Чандын ярилцлагын агуулга Энэтхэгийн Засгийн газрын байр суурийг бүрэн төлөөлөхгүй болно.
-“Ковид-19”-ийн цар тахлаас үүдэж цахим хэлбэрт шилжээд байсан ШХАБ-ын Дээд түвшний уулзалт Самарканд хотод болж байна. Дэлхийн улс төр, гео-стратегийн чиг хандлага бүхэлдээ өөрчлөгдөж буй энэ цаг үед Энэтхэг Улс ШХАБ-д ямар байр суурьтай оролцох нь сонирхолтой байна?
-Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцож байна. ШХАБ-ын Дээд түвшний уулзалт нь манай улсад маш чухал. Учир нь энэ удаагийн уулзалт дэлхий даяар олон янзын хямрал үүсээд буй нөхцөл байдалд болж байна. Нэгдүгээрт, Украины хямрал эхэлснээс хойш анх удаа болж байгаа ШХАБ-ын Дээд түвшний уулзалт гэдгээрээ онцлогтой. Хоёрдугаарт, “Ковид-19” цар тахал гарснаас хойш анх удаа ШХАБ-ын орнууд биечлэн хуралдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт маш өндөр ирцтэй байна. Учир нь энэ жилийн даргалагч Узбекистан Улсын Ерөнхийлөгч гишүүн орнуудаас гадна түнш, зочин орнуудыг мөн урьсан. Самарканд хотноо 15 улсын удирдагч чуулж байна. Ерөнхий сайд Нарендра Моди нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Манай улсын хувьд ШХАБ-ын уулзалтын хүрээнд гурван зүйлд анхаарал хандуулж байна. Нэгдүгээрт, худалдаа, хоёрдугаарт, терроризм, гуравдугаарт, уялдаа холбоо. Мөн дөрөвдүгээрт Афганистан улсын нөхцөл байдлыг нэрлэж болно. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, цахим эдийн засаг зэрэг салбарт ШХАБ-ын орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх нь чухал. Энэтхэг Улс эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийг тууштай дэмжиж ирсэн. Бүс нутгийн орнуудтай бизнес хийх өргөн боломж бий гэж хардаг. Төв Азийн орнууд ч Энэтхэг Улсыг сонирхдог учраас бизнесийг өргөжүүлэхэд нээлттэй. Энэтхэг Улсад терроризмын асуудал маш чухал. Учир нь манай улс олон жилийн террорист халдлагын хохирогч болсоор ирсэн. ШХАБ-ын тулгуур зарчим бол аюулгүй байдал. Терроризм бол ШХАБ-ын онцлох сэдэв.
-ШХАБ-ын уулзалтын үеэр Пакистан руу чиглэсэн Энэтхэгийн байр суурь юу байх бол?
-Энэтхэг Улс ШХАБ-ын талбарыг ашиглан Пакистан Улсад шахалт үзүүлэх сонирхолтой. Энэтхэг Улсад болсон олон террорист халдлага Пакистантай холбогддог. Пакистан Улс ШХАБ-ын гишүүн учраас Энэтхэг Улс энэ асуудлыг ШХАБ-ын яриа хэлцэлд гарган тавина. Энэтхэг Улс Төв Азийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байдаг. Гол асуудал нь уялдаа холбоо сул байдагт оршдог. Пакистан улсын дайсагнасан байдлаас улбаалж Энэтхэг Төв Азийн орнуудтай газраар холбогдож чаддаггүй. Ерөнхий сайд Нарендра Моди Чабахар боомтыг олон улсын тээврийн коридортой холбох асуудлыг Дээд түвшний уулзалтын үеэр ярих болов уу. Энэ асуудлыг шийдвэрлэх нь манай улсыг Төв Азийн орнуудтай холбохоос гадна Афганистан Улсад ашигтай. Талибаны дэглэм тогтохоос өмнө Энэтхэг Улс Афганистаны хамгийн том түншүүдийн нэг байсан. Талибаны дэглэмийн үед Энэтхэг, Афганистаны харилцаа асуудалтай байгаа. Тиймээс Афганистанд илүү олон талын оролцоог хангасан засаглал тогтооход ШХАБ-ын зүгээс анхаарал хандуулах шаардлагатай.
-Иран Улс статусаа ахиулж ШХАБ-ын гишүүн орон болох замаа заслаа. Энэ тухайд?
-ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Иран 9 дэх гишүүнээр элсэж байна. Иран бол бүс нутагтаа нөлөө бүхий орон. Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч. Энэтхэг Улс Иранаас газрын тос худалдан авдаг. ШХАБ-ын хувьд Иран Улс Ойрхи Дорнод руу ойртох цонх болно. Энэтхэгийн хувьд, Иран Улс соёл иргэншлийн хэлхээ холбоотойгоос гадна эдийн засгийн чухал түнш. Барууны орнууд хориг тавихаас өмнө Энэтхэг Улс Иранаас их хэмжээгээр газрын тос импортолдог байсан. Бидэнд Иранаас газрын тос авах хэрэгцээ маш их бий. ШХАБ нь Ираныг олон улсын харилцааны урсгалд оруулах, хориг арга хэмжээг цуцлах, цөмийн хэлэлцээрийг сэргээх талаар барууны орнуудад шахалт үзүүлэх талбар. Иран Улс элссэнээр ШХАБ-ын хүрээ тэлж, Төв Азиас даван Баруун Азид хүрч байна.
-Энэтхэг, Хятад улсын хувьд олон жилийн турш хилийн маргаантай явж ирсэн. ШХАБ-ын Дээд түвшний уулзалтаар энэ асуудалд нааштай шийдвэр гарах болов уу?
-Энэтхэг, Хятад Улс хилийн маргаантай. Хятадын цэрэг Энэтхэгийн газар нутгийн зарим хэсэгт байсаар байна. Энэ уулзалтын өмнөхөн Хятадын цэрэг чухал бүс нутгаас гарсан. Хятадын цэрэг бусад нутгаас ч гарах ёстой гэсэн байрийг Энэтхэг Улс баримталж байгаа. Хятадын цэргүүд бүрэн гарахаас нааш хоёр улсын харилцаа хэвийн болохгүй гэдгийг манайх олон удаа илэрхийлсэн. Тэр цагт манай хоёр улс яриа хэлэлцээг өрнүүлэх боломжтой.
-ОХУ, Украины дайны нөхцөл байдлаас үүдэж бүс нутгийн түвшинд шинэ хуваарилалтад орж эхэллээ. Энэтхэг улсын уг асуудалтай холбогдуулж ямар нэгэн тодорхой байр суурийг илэрхийлээгүй яваа. Ингэх шалтгаан байна гэсэн үг үү?
-Бүгд Найрамдах Энэтхэг Улс Украины асуудлаар маш тэнцвэртай байр суурийг баримталж байгаа. Нэгдүгээрт, аливаа нэг улсын эсрэг цэргийн ажиллагаа, түрэмгийлэл явуулахыг зөвтгөж болохгүй гэсэн манай улсын үндсэн байр суурь хэвээр. Энэ бол НҮБ-ын дүрэмтэй нийцэхгүй зүйл. Гэвч нөгөө талаар манай улс ОХУ-тай маш онцгой харилцаатай. Барууны орнуудаас ялгаатай нь Энэтхэг Улс Оросыг буруутгасан мэдэгдэл гаргаагүй. Энэтхэг, Оросын харилцаа бат бэх итгэлцэл, страгегийн түншлэл дээр тогтдог. Энэтхэгийн удирдагчид, тухайлбал Ерөнхий сайд Нарендра Моди дэлхий нийтээрээ Оросын асуудалд мэдрэмжтэй хандаагүйгээс болж байдал хурцадсан гэж үзэж байж болох талтай. Хамгийн чухал нь Энэтхэг Улс бие даасан гадаад бодлого явуулж, өөрийн ашиг сонирхолд нийцсэн байр суурийг баримталдаг. НҮБ-д Энэтхэг Улс Оросын эсрэг санал өгөөгүй. Энэ нь яриа хэлцлийн үүд хаалгыг нээлттэй байлгах зорилготой.
Энэтхэг Улс үргэлж яриа хэлцэл, дипломатын арга замыг дэмжиж ирсэн. Украины хямрал үүссэний дараа Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Путинтай олон удаа ярьсан. Барууны хэвлэлд Энэтхэгийн байр суурийг буруушааж, Оросын түрэмгийллийг дэмжиж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ бидэнд тийм шалтгаан байгаа. Энэтхэг Улс Оросоос газрын тос, зэвсэг худалдан авдаг. Энэтхэг Улс Оростой бизнесийн салбарт хамтран ажилласаар байх болно. Орос манай улсын маш чухал стратегийн түнш. Энэтхэг Улсад хэрэгтэй үед Орос Улс олон удаа тусламжийн гар сунгаж байсан. Тийм учраас Энэтхэг Улс Орос Улсыг ганцаардуулахыг дэмжихгүй. Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч Путин нар Самарканд хотноо уулзаж, хоёр орны харилцааг урагшлуулах талаар ярилцана. Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Путинд Украины асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэж, тулаанаа зогсоохыг зөвлөх байх гэж бодож байна.