С.Энхболд: Бид бүрэн тайвшрах болоогүй
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.
-Ингэхэд Та маскаа зүүж байгаа юу?
-Яг одоогоор маск зүүхгүй байна. Дотоод орчинд олон хүнтэй уулзсан тохиолдолд зүүнэ ээ. Маскаа тайл гэсэн ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй. Халдвар хамгааллын дэглэм одоо ч үргэлжилж байна. Цэвэр хувь хүнээс хамаарах асуудал. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас барьж байгаа бодлого нь аль болох дасан зохицох. Хувь хүний ухамсар руу чиглэсэн бодлогыг олон нийт рүү хандуулж байгаа учраас түүнд тулгуурлаж байгаа юм.
-Яагаад ингэж асуусан юм гэхээр “Ковид-19”-ийн тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш Монгол Улс бүхэлдээ цар тахалтай нүүр тулсан. Дор бүрнээ хариуцлагатай байхыг дэг жаяг юм шиг л уриалж, сануулж, анхааруулж ирсэн. Гэвч аажим аажмаар энэхүү зохицуулалт, дүрэм, журам суларч мөрдөхөөсөө мөрдөхгүй нь харагдах боллоо. Ер нь бид амьсгаа авах түвшинд хүрчихсэн хэрэг үү?
-“Ковид”-ыг цар тахал гэж зарласан үе буюу 2020 оны нэгдүгээр сараас хойш гэвэл хоёр жил найман сарын хугацаа өнгөрч байна. Бусад улс оронд харилцан адилгүй дэглэмээ бууруулж байна. Манайд ч мөн адил өөрийн онцлогт тааруулсан хариу арга хэмжээг авч байна. 2021 оны долдугаар сараас эхэлж илүү дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Улбар шар” түвшинд яваа нь яг “Ногоон”-ы дээд талд гэсэн үг. Гэхдээ дэлхий нийтээрээ тайвшрах цаг болоогүй байна. “Ковид”-ын мутац дэлхий даяар явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт шинэ хувилбар гарлаа. Омикроны дэд хувилбар мөртлөө халдварлах чадвар нь өндөр.
Энэ нь өөрөө халдвар намжих, улирлын томуу хэлбэрт шилжих болоогүйг харуулсан үзүүлэлт. Эрдэмтдийн зүгээс H1N1 шигээ хувьсаж явсаар улирлын томуу руу шилжинэ гэсэн хүлээлттэй байсан ч тийм биш боллоо. Жишээ нь, 2021 оны өвлөөс буюу 11, 12 дугаар сард гарсан Омикрон дотроо маш олон дэд хувилбаруудад мутацлагдсан. Дэгдэлт нь хурдан ч хоруу чанар нь багасах байдлаар. Нэг нь халдвар авч нөгөөдөө тараахад хоруу чанар сулардаг нь вирусийн онцлог. Гэхдээ бүрэн тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Энэ бол цэвэр хувь хүнээс шалтгаалах асуудал. Хоёр жилийн өмнө өөр байлаа. Эм гараагүй, вакцин гараагүй, цаг үе нь өөрөө хэцүү байв. Одоо бол судлагдаад, эмийн, вакцины эмчилгээ гарч ирсэн нь харьцангуй сайн тал.
-Цаашдаа ямар дүрмээр явах дүр зураг нь мэдээж гарсан байх?
-ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр хойд өргөрөгийн хүйтэрдэг бүс нутгийн улс оронд дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хувьд ч эм, эмнэлгийн нөөц боломжоо хангаж, нэмэгдүүлэх хариу арга хэмжээгээ аваад яваа. Бүх эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд, гурваас зургаан сарын нөөцөө бэлдэж байна.
-Таны хувьд “Ковид”-ын цар тахал дэгдсэн амаргүй цаг үед энэ албанд томилогдсон хүн. Ажлаа хүлээж авсан өдрөөс урьдчилан сэргийлэх, хүн амаа дархлаажуулах ажлыг гардан хариуцсан сайд. Тухайн үед нөхцөл байдал яг ямар байсан юм бэ? Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүн амынхаа хэдэн хувийг вакцинд хамруулаад байгаа вэ? Сүргийн дархлаа тогтоно гэж ярьдаг. Тэр нь бүрдсэн үү?
-Монгол Улс дотооддоо халдвар алдалгүй явж байгаад 2020 оны арванэгдүгээр сард анхны тохиолдол бүртгэгдсэн. Үндсэндээ 2020 арваннэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэл нийт зургаан удаагийн хөл хорио тогтоосон. Намайг ажлаа хүлээж авахад өдөрт 100 гаруй тохиолдол бүртгэгддэг байсан. Хамгийн гол нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдсэн цагаасаа нэн түрүүнд цар тахал руу бүх хүчийг хаясан. Тусгай ажлын хэсэг гарч, өдөр бүр Ерөнхий сайдын өрөөнд шуурхай хуралдаж, хариу арга хэмжээгээ авч эхэлсэн.
Миний хувьд ажлаа хүлээж аваад “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулсан. Тухайн үед манай улсын бүх цэгүүдэд PCR шинжилгээ хийх боломж байсангүй. Өмнөх Засгийн газрын үед тодорхой бэлтгэл ажлыг хийсний үндсэнд нөөц бүрдсэн байсан. Харин бидний зүгээс орон нутаг хуваарилсан лабораториудыг бүгдийг нь Улаанбаатарт төвлөрүүлсэн. 40 гаруй цэгийг нэг дор байгуулсан. Энэ нь өөрөө хамгийн том ажил. Ингэснээр өдөрт 30-40 мянган шинжилгээ хийх боломжтой гэж үзсэн.
Ажлаа хүлээж авахад халдварын тоо хэмжээ өндөр хэмжээнд хүрсэн гэх мэдээллийг өгсөн. Түүнийг баталгаатай эсэхийг тандах зорилгоор шинжилгээ хийсэн. Хоёрдугаарт, вакцин авахаар гэрээ, хэлэлцээ хийчихсэн болохоор баримжаагаа авах ёстой. Халдвартай хүнд хийж болохгүй. Гуравдугаарт, тактикаа боловсруулна. Ингээд хүн ам төвлөрсөн бүсийг сонгоод 150 мянган өрхөд шинжилгээ хийсэн юм. Харьцангуй бидний бодсон хэмжээнд олон нийтэд тархаагүй байсан. Улмаар 460 мянга гаруй өрхөд шинжилгээ хийснээр ерөнхий тооцоолол, баримжаатай болсон.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 23-нд анхны вакциныг хийж эхэлсэн. Энэтхэгээс “АстраЗенека” вакциныг оруулаад ирсэн байсан юм. Монголын Засгийн газар маш богино хугацаанд хүн амаа дархлаажуулж эхэлсэн нь энэ. Эхний 150 мянган тунг Энэтхэгээс оруулж ирсэн гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ “Ковакс” хөтөлбөрт мөн хамруулахаар ярьсан байсан. Нийт хүн амын 20 хувьд. Хэрвээ тухайн вакциныг хүлээсэн бол өнөөдрийн үр дүнд хүрэхээргүй байлаа. Хуваарийн дагуу авч эхлэхээр захиалга өгсөн улсдаа өгч таарна. Эрэмбийнхээ хүрээнд хуваарилах зохицуулалттай.
Засгийн газрын түвшинд худалдан авалт хийснээр БНХАУ-аас дөрвөн сая тун вакцин авсан. “Файзер” вакцины нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд ярьсан. Хувийн хэвшилтэйгээ хамтарч 100 мянган тун буюу 50 мянган хүнд “Спутник” вакцин оруулж ирсэн. Үндсэндээ Монгол Улсад дөрвөн төрлийн вакциныг оруулж ирж дархлаажуулсан. Үүнээс гурав нь олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн. Тэдгээр нь “АстраЗенека”, “Синофарм”, “Файзер”.
Ингэж байж цар тахлын хоёр давалгааг давсан. Хэрвээ богино хугацаанд вакцинжуулалт хийгээгүй бол хэчнээн мянган хүний амь эрсдэхийг тааж хэлэхгүй. Манай эрдэмтдийн тооцоолсноор ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байсан бол 45 мянган хүний амь нас эрсдэх байсан урьдчилсан дүн бий. Хүн амаа дархлаажуулсан тоон үзүүлэлтийн хувьд олон улсад өндөр хэмжээнд яваа.
-45 мянга гэдэг өөрөө цочирдом тоо...
-Аймар том тоо. Ямар нэгэн халдварт өвчний эмчилгээ нь вакцин л байдаг. Хоёр дахь нь хөл хорио. Тэгж байж тархалтыг хумьж, хайрцагладаг. Дараа нь вакцинаа хийвэл үр дүнтэй. Олон хүнд тархахгүй. Халдвар авсан ч хөнгөн шинж тэмдгээр өвдөж, амь эрсдэхээс сэргийлдэг. Нэг хэсэг вакцин эсэргүүцдэг бүлэг байлаа. Хятадын вакцин тарилаа л гэнэ. Тийм биш ээ. Бидний худалдаж авсан вакцин бүгдээрээ өөр технологитой. “Синофарм” гэхэд маш зөв тактик. Яагаад гэхээр энэ нь идэвхигүйжүүлсэн вирус. Вирусийг цулаар нь хийсэн. “Ковид”-ын эхний хувилбарууд бүгд Уханиас гаралтай. Сүүл рүүгээ гарсан Омикрон, Делта нь сэртэнгийн гаралтай. Вирусийн биенд байгаа сэртэнгүүдээс үүдэлтэй мутацлагдсан хувилбар. Ингэж явсаар л 2021 оны тавдугаар сард Монгол Улс сүүлийн хориогоо цуцалсан. Хамгийн урт буюу 28 хоногийн хөл хорио. Вирусийн тархалт цаашид хэрхэх нь тодорхойгүй байсан үе.
Жишээ нь, БНХАУ-аас нийлүүлж байсан вакцин нэг хэсэг тасарсан. Дэлхий даяараа вакцины хомсдолд орсон. Экспортолж байсан орнууд нь дотоодоо хангаж чадахаа больсон. Нэг дүр зураг миний санаасаас гардаггүй юм. Яалт ч үгүй вакцин тасарлаа. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүс хоёрдугаархаа 28 хоногоос хоёр сарын дотор хийлгэх ёстой байдаг. Маш их эрсдэлтэй нүүр тулсан үе юм. Ерөнхий сайд өрөөндөө бүгдийг нь дуудаад ярилцсан. Улмаар БНХАУ руу утсаар холбогдож, яаралтай тунгуудаа татаж авчирсан. Тэр бол түүхэн шийдвэр. Тэгээгүй бол вакцин ямар ч үр дүнгүй болох байсан. БНХАУ гадагшаа вакцины экспорт хийхгүй гэдгээ хоёр хоногийн өмнө зарлачихсан байсан үе нь. Эхний хоёр давалгааг даван туулахад нөлөө үзүүлсэн ажил нь тэр. Ямар сайндаа вирусийн хөгжлийг зогсоодог тариа тасалдаж эхлэхэд хоёр удаа тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү нисгэж 100, 100 мянгаар татаж авчирсан.
-Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн богино хугацааны тактик менежмент нь өөрөө олон улсад жишиг болсон гэж ярьж эхэллээ. Энэ нь хэр бодитой дүгнэлт вэ?
-Өнгөрөгч тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 76 дугаар чуулган болсон. Тэнд манай улсын хариу арга хэмжээ, вакцинжуулалтыг өндрөөр үнэлсэн. Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улсад ирээд газар дээр нь ажиллаад буцсан. Үнэхээр танай хариу арга хэмжээ мундаг байна. Богино хугацаанд зохицуулалт хийсэн байна. Өрхийн, анхан шатны систем сайн ажилласныг онцолсон. Дээр нь, өрхөөрөө дамжуулж иргэн бүрд эм олгосон улс манайхаас өөр байхгүй.
-“Ковид”-ын эсрэг эмийн багцыг хэлээд байна уу?
-Тийм ээ. Иргэн бүрдээ хүрсэн. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын мундаг хуультай орон. 21 аймагтаа дэд бүтцийг нь маш сайн угсарсан гэсэн үг. Эрүүл мэндийн яам, харьяа байгууллага, дүүрэг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг. Сумын, багийн эмнэлэг зэрэг нь өөрөө мундаг бүтэц. Манайх шиг тархай бутархай орны хувьд. Өндөр хөгжилтэй оронд суурин байдаг. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд амар. Манайх шиг тархай, бутархай орны хувьд хэцүү. Гэтэл Монгол Улс бүтэц болгоноороо дамжуулж вакцинжуулалтыг хийсэн. Орон нутгууд ч сайн ажилласан. Түүний хүчинд өндөр хувьтай дархлаажуулалт хийж эрсдэлээс сэргийллээ. 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгууллаа. Өртөг өндөртэй. Давхар баллон цэнэглэдэг. Цагт 20 метр куб. Түүнийгээ сумдуудад өгнө. Эмнэлэг нь өөрөө нөөц үйлдвэрээр явна. Завханаас сард 10 сая орчим төгрөгийн баллон хотоос тээвэрлэдэг. Тээвэрлэлтийн зардлаас эхлээд тодорхой хэмжээний өртөг гарна. Зөвхөн тэнд хэмнэсэн 100 сая гаруй төгрөг тухайн байгууллага өөр зүйлд зарцуулах эх үүсвэр нь болно.
-Вакцинжуулалттай холбоотойгоор цус өтгөрснөөс нас баралт ихэссэн талаар шүүмжлэл, хардлага багагүй явж байна. Үнэхээр вакцинаас үүдсэн цусны өтгөрөл хүн амын дунд бий болчихоод байна уу? Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-“Ковид”-ын вирусийн хоруу чанар нь цус өтгөрүүлэх хам шинжийг үүсгэдэг. Үүнийг дагасан толгой өвдөх, зүрх дэлсэх шинж тэмдэг гардаг. Гэхдээ халдварын эсрэг эмчилгээнд байнга цус шингэлэх зааврыг өгч байгаа. Архаг суурь өвчтэй хүмүүст илүү мэдрэг байж магадгүй. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг вакцин хийлгэснээс залуу хүмүүс нас барсан зүйл байхгүй. Сүүлийн гурван жилийн судалгаа байна. Тархины харвалт дотроо хоёр янз. Зүрхэнд өгч буй шигдээс янз бүр. Бүх юмыг вакцин, “Ковид” руу чихэж болохгүй.
-Эрүүл мэндийн сайд, эмч хүний хувьд бодитой судалгаа, тоо баримтад үндэслэсэн байр суурь гэж ойлгож болох уу?
-Аливаа юмыг судалгаа, шинжилгээнд үндэслэж хийдэг. Ялангуяа хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг. Вакцин бүр өөрийн гэсэн заавартай. Ийм хүнд хийж болно. Тийм хүнд хийж болохгүй гэсэн. Дээрээс нь олон улсын удирдамжийг үндэслэж заавар, зөвлөмж, журмаа гаргадаг. Юм бүхэн “Ковид”-той холбоотой биш.
-“Ковид”-той холбоотой сэдвийг ингээд орхиё. Эрүүл мэндийн салбарын цалин, урамшууллын тогтолцоог гүйцэтгэлээр олгодог хэлбэрт шилжүүлсэн. Салбарт ажиллаж байгаа ажилтнуудын уур амьсгалаас харахад эерэг үр дүн гарч эхэлсэн нь анзаарагдсан?
-Манай салбарын маш том шинэчлэлийн эхлэлийг тавьж байна. Олон жил ярьсан асуудал. Ганц 2020 оны хууль гарахаас өмнө 2014, 2015 оноос ярьж эхэлсэн төсөл. Олон улсад аль хэдийнэ нэвтэрчихсэн. Унах нь унаад, сайжрах нь сайжраад яваа. Гол нь холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу 2021 оны гуравдугаар сарын 1-нээс бүх эмнэлгүүдэд хэрэгжүүлсэн. Цар тахлын амаргүй цаг үетэй давхацсан ч шинэчлэлээсээ ухраагүй. Аймаг, нийслэлд сургалт явуулсан. Үр дүн нь өнгөрсөн наймдугаар сараас гарч эхэллээ. Эмнэлгүүд гүйцэтгэлийн буюу нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжлээ.
Юу гэсэн үг вэ гэхээр Эрүүл мэндийн даатгалын санд 400 орчим тэрбум төгрөг хуримтлагддаг байсан. Үлдсэн буюу тухайн байгууллагын цалин, тог, цахилгаан зэрэг урсгал зардлыг төсвөөс олгож ирсэн. Хуулиараа энэ хоёр санг нэгтгээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өгчихсөн. 2021 оны төсөв нь 1.2 их наяд төгрөгөөр батлагдсан гэсэн үг. Оношийн бүлэг буюу нэг онош тавигдахаар эмчийн, асрагчийн, сувилагчийн, нэг өдрийн хоол гэх мэт бүх өртгийн жинг дунджилж тооцдог болсон. Олон жилийн судалгааны үр дүн. Олгойн хагалгаанд ороход шаардлагатай бүх зардлыг Даатгалын газар нь нэхэмжилж үзэж, шалгаад санхүүжилтийг нь олгоно. Нэг худалдан авагчийн тогтолцоо гэдэг нь энэ. Бүх шалгуурыг нь тавьчихаар чанар, тусламжид давхар хяналтад орно.
Лавлагаа шатлалын буюу нийслэлд байгаа томоохон эмнэлгүүд хүн ихтэй учраас зохицуулалт хийснээр жигдэрч байна. Мөн 2022 оноос нэг иргэнд ногдох тарифыг хоёр дахин нэмсэн. Өмнө нь нэг иргэний тариф 30 мянга байсныг 60 мянга болгосон гэсэн үг. Одоо яаж байна. Өрхийн эмнэлгүүд бүгдээрээ цалингаа нэмсэн. Өмнө нь эмчийн цалин сая хүрэхтэй үгүйтэй байсан бол 1.5 саяыг авч байна. Сувилагч нь 1.3 саяыг авч байна.
-Цалин хангамжийг нэмснээр анхан шатны эмнэлгийн тусламж дагаад сайжирна гэж ойлгож болох уу?
-Анхан шатандаа хяналтаа сайн тавиад архаг суурь өвчтэй хүмүүсээ тэндээ эмчлээд байвал дараа дараагийн шатанд ирэх ачаалал буурна. Дунд нь өндөр шатны тусламжаа үзүүлээд явах ёстой. Үүнийг дагаад эмнэлгүүд чанараараа өрсөлддөг болно. Тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Иргэд хаанаас ч харьяалал харгалзахгүй үйлчилгээ авна. Бас нэг юм нь төр, хувийн хэвшлийг ялгахгүйгээр бүгдэд нь адилхан санхүүжилт өгч байна. Иргэнд очих санхүүгийн дарамтыг бууруулна.
АНУ-д гэхэд нэг шүд авахуулаад 1000 ам.доллар. Тэнд амьдардаг монголчууд энд ирэхдээ бүх шүдээ янзлуулаад явдаг. Манайхны хүсээд байдаг нэг л юм байдаг. Дараалал ихтэй, олон хоног явж байна. Цаг аваад сарын дараа үзүүлж байна гэдэг. Энэ бол аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл. Ирээд маргааш нь үзүүлээд бүх юмаа аваад явдаг тогтолцоо аль улсад байхгүй.
БНСУ-д цусны хагалгаанд орсон хүн зургаа авчихаад сарын дараа очиж үзүүлж л байдаг. Яаралтай, амь тэнсэн үед мэдээж ойлгомжтой. Төлөвлөгөөт журмаар үзүүлж байгаа хүн бол дугаараа аваад, цагтаа ирж үзүүлэх ёстой. Хөдөөнөөс ирээд л аль нэг эмнэлэгт үзүүлэх гээд танил хайдаг нь өөрөө буруу тогтолцоо. Эмнэлэгт үзүүлэхэд цаг авдгийг цахимжууллаа. Тэр хугацаандаа ирээд үйлчлүүлэх л ёстой. Шинжилгээ гэхэд гадагшаа яваад хүлээгээд суудаг. Би ч тэгж л байсан. Долоо хоногийн дараа ор гэхэд тэр цаг хугацаандаа ордог. Энэ тогтолцоо хэвших ёстой. Түүнээс танил тал хайдаг нь өөрөө буруу. Яваандаа дээрх тогтолцоо руу л оруулна.
-Тодорхой цаг хугацаа шаардаж таарна?
-Энэ болгоныг шийдэх хялбар арга бий. Ерөөсөө л төлбөртэй болгох. Эмнэлэг ч санхүүгийн эрсдэлээ тооцоод ийм үйлчилгээ нэвтрүүлж болно. Хамгийн гол нь, Засгийн газраас барьж байгаа бодлого нь иргэнд санхүүгийн дарамт үүсгэхгүй, бүхнийг зориулж, үнэгүй болгочихоод байгаа юм. Бүгдийг нь төлбөртэй болгоод ирэхээд аяндаа цэгцэрнэ. Одоохондоо бидэнд тийм боломж байхгүй. Ямар ч байсан гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлснээр эмнэлгүүд хоорондоо өрсөлдөнө. Цалингаа нэмж байна, яваандаа чанараа сайжруулна.
-Улсын чанартай томоохон эмнэлгүүдийг зорих орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг сааруулах ажлыг хийж эхэлсэн гэж сонссон. Заавал нийслэлийг зорихгүйгээр орон нутагтаа шинжилгээ өгөх боломжтой болсон гэсэн?
-Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжээд явах нь бүгд нэг түвшний гараатай байх ёстой юм. Тоног төхөөрөмж, хүний нөөц зэргээр. Гэвч орон нутагт, зарим дүүргийн эмнэлэгт тийм чадамж нь алга. Гэхдээ бид зохицуулалт хийгээд явж байна. 2021 оны Төсвийн тодотголыг зөвхөн эрүүл мэндийн салбарт зориулсан. Маш том дэм. “Ковид”-той гардан тэмцэж байгаа эрүүл мэндийн салбар олны анхааралд очсон. Өмнө нь хамгийн муу нэртэй л салбар байлаа. Хил хаагдаад, хөл хорио тавихаар бүгд эрүүл мэндийн салбар руугаа хандаж эхэлсэн.
Ерөнхий сайдын баримталдаг зарчим нь Монгол хүн эрүүл, боловсролтой байх. Тийм учраас 2021 онд Төсвийн тодотголыг УИХ руу оруулсан. 238 тэрбумаас 150-160 нь цэвэр тоног төхөөрөмж рүү чиглэсэн. Тоног төхөөрөмж нь сайн байж эмч нь хөгждөг. Зүй тогтол нь тийм. 21 аймгийг дэвшилтэд тоног төхөөмөржөөр хангаж эхэлсэн шалтгаан нь энэ. Одоогоор 19 аймаг, нэг сум дундын эмнэлгийг иж бүрэн дэмжих төв болгож, дэд бүтцийг нь угсарч дууслаа. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглолоо. Хоёр аймгаас бусад нь компьютер томографтой болсон. Осол гэмтэл, яаралтай түргэн тусламжийн эхний оношилгоо түүгээр хийгдэх ёстой.
Миний мэдэхийн Төв аймаг, Налайх дүүрэг хоёрт байдаггүй байсан. Ямар нэгэн аваар осол гарахад заавал тухайн иргэнийг тээвэрлэж, Улаанбаатарт авчирч оношилгоо хийнэ. Тэр байдлыг халсан. Ангиографын аппарат зөвхөн Гуравдугаар эмнэлэгт байдаг байлаа. Зүрх, тархины судас доторх мэс ажилбарыг тэнд хийдэг. Зүрхний судас бөглөрөнгүүт 24 цагийн дотор мэс ажилбар хийж чадвал хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлдэг. Хурц үед нь хийвэл илүү үр дүнтэй гэсэн үг. Үүнийг зургаан аймагт суурилууллаа. Нэг, Хоёрдугаарт эмнэлэгт тархины ангиограф хийдэг болгочихлоо. Ганцхан Гуравдугаар эмнэлгийг зорихгүй. Төвлөрөл саарна, ачаалал буурна. Энэ жилээс зургаан аймагт хийж эхэллээ. Ховдод ангиограф суурилуулчихсан байхад тэндээс өвчтөн тээвэрлэж авчрах шаардлагагүй, эрсдэлтэй. Амь тэнсэн үеийн цаг хугацаа явна. Гэнэт биеийн байдал нь муудвал яах вэ? Тиймээс тухайн эмнэлэгт ангиографыг суурилуулахдаа давхар хүний нөөцийг нь бэлдсэн. Тодорхой хугацаандаа сургалтад суулгаад, суурилуулсны дараа баг нь очиж ажилбараа цуг хийсэн.
Орхоныг хар. 100 гаруй хүн кэйс хийчихлээ. Бүгдийг нь орон нутагтаа хийж байна. Хавдрын тусламж үйлчилгээ нэлээд тарж байна. Заавал Хавдар судлалд хагалгаа хийхгүй. Эмнэлэг нь өөрөө хүний нөөц, тоног төхөөрөмжөө бэлдсэн бол асуудалгүй.
-Хавдраас Хөвсгөлд очиж ажиллаж байгаа эмчийн жишээг хэлээд байна уу?
-Эмнэлэгтэйгээ гэрээ хийнэ. Бусад тусламж үйлчилгээний эмнэлгүүдээ хүний нөөцөөр хангаж бэлдэх өгөх ёстой юм. Үүнтэй уялдаад хэд хэдэн үндэсний багийг гаргаж байна. Зүрх, судас, мэс заслын, мэдрэлийн, гэмтлийн зэрэг. Орон нутагт ажиллаж хүний нөөцийг чадавхжуулах зорилготой. Ингэснээр Баян-Өлгий, Ховдод байгаа хүн Улаанбаатарт ирж ямар нэгэн хагалгаанд орох шаардлагагүй. Тэднээ тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн хавар 15 аймагт бөөр, шээсний замын уралогийн дуранг нэвтрүүллээ. Ганц төв нь Нэгдүгээр эмнэлэг. Маш их ачаалалтай. Хэдэн сараар хүлээдэг, цаг олддоггүй. Зөвхөн Баян-Өлгий аймгаас гэхэд жилд 2000 гаруй хүн ирдэг. Одоо орон нутагтаа хийдэг болсон. Шаардлагатай гэж үзвэл эндээс хариуцсан баг нь очоод хагалгаагаа хийнэ. Цаашдаа ч шинэчлэлийн ажлаа хийгээд явна.
-Өмнө нь тоног төхөөрөмж гэхээсээ орон нутаг, сумдын эмнэлэгт фургон өгснөө ажил хийсэн болгож зарладаг сайд бүхий тогтолцоотой байлаа шүү дээ. Таны ярианаас энэ байдлыг халж, тоног төхөөрөмж, хүний нөөц рүүгээ чиглэдэг болж байгаа юм байна?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, илүү иргэд рүүгээ ойртуулах ажлын илрэл. Энэ хүрээнд хийж байгаа нэг том ажил нь эрт илрүүлэг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан ажил. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Саяын шинэ Засгийн газарт Спорт, олимпизм хариуцсан сайдтай боллоо. Ганцхан яам хийгээд байж болохгүй өргөн хүрээний ажил. Эрт илрүүлгийг эхлүүлэхийн тулд дэд бүтцүүдийг нь угсарсан. Зарим аймагт шинээр барьсан барилгад тохижуулалт хийж өгсөн. Бүх аймагт угсарч өгнө, энэ онд дуусгана. Зарим тоног төхөөрөмж нь зарим гуравдугаар шатлалын эмнэлэгт байхгүй.
Эрт илрүүлгийн хүрээнд нэг цэгийн үйлчилгээ шиг тогтолцоог нэвтрүүлэхийг зориод байгаа юм. Урьдчилсан сэргийлэх үзлэг 2018 оноос эхэлсэн ч багцын төрөл нь цөөхөн. Дөрвөн насны багцтай. Зохион байгуулалт нь холилдоод явдаг байсан. Хамгийн өндөр хамрагдсан жил нь 2019 он байх, 150 мянга орчим. Яваандаа идэвхижээгүй, урсгалаараа болсон. Тиймээс жил гаруйн хугацаанд ажиллаад насны багцыг 19 хүртэл өргөн болгосон. Дэлхийн жишиг бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Зарим хүн буруу яриад байгаа юм. Яасан их шинжилгээ хийдэг юм гэж. Өндөр хөгжилтэй орнууд 20-30 жилийн өмнө ийм хэмжээний далайцтай шинжилгээ хийснээр тодорхой хэмжээний ДАТА-гаа гаргаж ирсэн. 19 нэр төрлийн шинжилгээнд найман төрлийн хавдрыг оношлох, илрүүлэх, сүрьеэ, хүүхдийн амны хөндийн өвчлөл, умайн хүзүүний зэрэг багтсан. Жил бүрийн төсөвт 20 тэрбумыг суулгадаг ч зарцуулалт нь бага байсныг 60 болгож өсгөсөн. Эргээд үр дүн нь чухал. Өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган хүн үзлэгт хамрагдсан байна.
Эрт үеийн хавдар илэрч байна. Хоёрдугаар эмнэлэгт очиход дурангийн тасгийн ахлагч нь хэлж байна лээ. Эрт илрүүлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдар оношлогдоход нь нэмэгдэж байна гэдгийг. Эрт оношлогдоно эмчилгээний өртөг багатай, эмчлэх амархан болно. Дурангаараа салстыг нь хуулаад л эмчилнэ. Шинж тэмдэгтэйгээ мэдэхгүй яваад гурав, дөрөвдүгээр шат руу орвол яах вэ? Хагалгаа хийнэ, ходоодоо тайруулна. Эдийн засгийн дарамтаас эхлээд олон хүндрэлд орно. Умайн хүзүүний хавдар эрт үедээ оношлогдож байна. Бага насны хүүхдүүдэд хавдрын сэжигтэй тохиолдол гарч ирж байна. 0-17 насны хүүхдүүдийн дундах өвчлөлийн дийлэнх нь шүд цооролт байна. Шүд цоорно гэдэг нь бүх өвчний суурь. Манай эцэг, эхчүүд шүдээ зөв угаах зөв дадлыг бий болгох ёстой. Залуучуудын дунд таргалалт их байна. Биеийн жингийн индекс маш өндөр байна. Зүрх, судасны өвчний үндэс нь. Даралт ихсэлт залуужсан шалтгаан. Нийгмийн хөдөлгөөн эрс ихсэхээр зүрх, судасны өвчлөл ихэсдэг. Хөдөлгөөн намжихаар багасдаг. Сүүлийн гурван жилийн статистик яг хэвэндээ байгаа. Цаашдаа эрт илрүүлгийг эрчимжүүлнэ. Тэгснээр томоохон ДАТА бий болгоно. Өвчлөлийн статистикийг бүсчлээд гаргаж болно. Говь-Алтай өндөрлөг газар учраас иодын дутагдлаас үүдсэн бамбайн зангилаа маш их оношлогддог. Увсад яагаад ходоодны хавдар их байдаг юм. Ундны устай холбоотой. Үүн рүү чиглэсэн бодлогын алхам хийгээд эхлэхээр ойрын таван жилд өвчлөл 20 хувиар буурна. 10 жилийн дараа 20-25 хувь буулгана гэж үзэж байна. Мэдээж нийгмийн эрүүл мэндийн боловсролыг цугт нь олгосноор Монгол Улс эрүүл болно. Бусад нь явдгаараа явна. Хамгийн гол нь, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ёстой.
Умайн хүзүүний хорт хавдар олон улсад багассан шалтгаан нь вакцинтай холбоотой. Вакцин гэхээр маш олон хүн эсэргүүцэж байна. Гэвч урт хугацаандаа маш үр дүнтэй. Элэгний хорт хавдар яагаад их байна гэхээр хоёр юмтай нягт холбоотой. 1992 оноос хойш В-гийн төрлийн вакцин хийж ирсэн. Үүнээс өмнө вакцин хийж байгаагүй. Хоёрдугаарт, хорт зуршилтай холбоотой. Яагаад оношлогдоод, эмчлэгдээд байна гэхээр илрүүлгээс үүдэлтэй. Аль ч улсад хавдрын өвчлөл их байгаа ч нөлөөлж байгаа хүчин зүйл, амьдралын философио өөрчлөх ёстой.
-Цалингийн доод жишгийн тухайд?
-Гүйцэтгэлээр санхүүждэг болонгуут орлого нь харилцан адилгүй болж ирсэн. Дийлэнх нь эерэг. Нэг иргэний тариф нэмэгдсэн учраас анхан шатныхан шууд цалингаа нэмчихэж байгаа юм. Гэхдээ цалингийн жишгийг гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан. Өмнө нь манайд ТҮЭМ-ийн нэгээс есөн зэрэглэлтэй байсан. Нэг нь дотроо таван шатлалтай. Жишээ нь, сувилагчийн цалин ТҮЭМ-ийн гурав, дөрөвт явдаг. ТҮЭМ-ийн дөрвийн нэгд байдаг нь 703 мянга, тавдугаар шатлалд нь 799 мянган төгрөгийг авдаг байсан.
-Таван шатлалын хооронд 100 мянга орчим төгрөгийн ялгаатай юм байна?
-Засгийн газрын тогтоолоор хамгийн өндрөөр доод жишгийг нь тогтоочихсон юм. Шинээр ажилд орсон ч 799 мянгыг авна гэсэн үг. Нэмээд найман хувийн нэмэгдэлтэй очно. Төрд ажилласан жил, цолны, илүү цагийн нэмэгдэл нь дагаад өснө. Энэ бол зөвхөн Засгийн газраас тогтоосон доод жишиг. Үүнээс дээш нэмэх эрхийг эмнэлгийн удирдлагуудад олгосон. Жил болгон наймдугаар сарыг эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарладаг. Энэ хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахыг дэжмих, цалин, урамшуулал, тэтгэмжийг өөрсдийн санхүүжилтэд тулгуурлаж шийдэх эрхийг өгсөн юм. Төрийн нийт эмнэлгийн байгууллагын дийлэнх нь цалингаа 10-30 хувь нэмсэн. Зарим нь 50 хувь нэмсэн байна лээ. 223 хүнд 20-30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа өгсөн. Нэг байгууллагаас 30 хүнд өгсөн нь ч байна. Үүнийгээ дагаад тухайн байгууллагадаа тогтвортой ажиллана.
-Нийгмийн баталгааг нь хангаад өгөхөөр хүний нөөц тогтвортой болох юм байна?
-Сонгон шалгаруулалтаа ил тод зарлахыг анхнаасаа чиглэл болгосон. Ихэвчлэн сувилагч, дэмжих үйлчилгээний ажилтнууд хамрагдсан байна лээ. Хэрвээ гүйцэтгэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээгүй бол ийм үзүүлэлт гарахгүй байсан.
-Улсын төсөвт ямар нэгэн байдлаар дарамт үүсэх үү?
-Тухайн байгууллага үйл ажиллагаанаасаа олсон орлогоосоо захиран зарцуулж байгаа учраас төсөвт дарамт учруулахгүй. Ойролцоогоор таван жил болж байж биежих ёстой. Бидний хувьд 1.5 жил болж байна. Үүний есөн сар нь "Ковид"-той байлаа.
-Хэд хэдэн хагалгааг эх орондоо хийж эхэлсэн гэсэн. Тэдгээр ямар хагалгаа багтаж байгаа юм?
-Монгол Улсад эмчлэгддэггүй 26 өвчин байдаг. Тархи, судас, бусад төрлийн зэргээр. 2021 оны үзүүлэлт шүү. Харин Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт хийснээр дөрвийг нь эх орондоо эмчилдэг боллоо. Нэмээд хоёрыг нэвтрүүлнэ. Нэгдүгээр эмнэлгийн дэргэд Цусны төв ганцхан байдаг. Өмнө нь өөрөөс нь эс аваад өөрт нь хийдэг байлаа. Харин одоо донороос өвчтөнд үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж, тасгийг бэлдэж өгсний үр дүн. Насанд хүрсэн хүнд 14 настай дүү нь донор болсон. Ирэх жилээс хүүхдэд хийдэг болно. Энэ бол олон улсын баг хамтарч хийсэн ажил. Дараагийн ажил нь нярай хүүхдийн торлогийн мэс засал. Дутуу төрсөн нярайн нүдний өөрчлөлт буюу эмгэгийг таваас зургаан хүнд хийлээ. Мөн л тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлдсэний үр дүн. Зүрхний нээлттэй хагалгааг "Эх нялхас"-т хийдэг боллоо.
-Нэмж хийх хоёр хагалгаа нь юу юм бол?
-Ангиографын тусламжтайгаар судас доторх хоёр оношийг Монголдоо хийдэг болж байна. Гадаадад өндөр өртөгтэй хийдэг. 10 гаруй кэйс дээр хагалгаа хийчихсэн байна. Удахгүй үр дүнгээ танилцуулна. Ингэхээр 26-гаас зургаан оношийг эх орондоо эмчилдэг болно. Энэ бол түүхэн ололт.
-Өртөг буурч, иргэдэд очих санхүүгийн дарамт буурах нь мэдээж сайн мэдээ?
-Цусны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа гэхэд 400-700 сая төгрөг болдог. Олон хүн дагаж явна. Зүрхний хагалгаа өндөр өртөгтэй. Энэ болгоныг санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр Монголд нутагшуулахаар зорьж байна. Мэдээж саяд, 500 мянгад ганц тохиох кэйсийг нутагшуулах гээд байх шаардлагагүй. Ямар ч байсан жилдээ тодорхой хэдэн оношийг барьж авч, хөрөнгө оруулалт хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийдэг хагалгааг бүх улсад хийдэг. Харьцангуй кэйс цөөхөн. Эрүүл мэндийн байгууллагын болон хувь хүний алдаанаас хүүхэд тархиндаа гэмтэл авснаар саажилт үүсдэг. Гар хөл таталт өгнө. Үүнийг нь хөнгөвчлөх эмчилгээний арга. Байнга гар, хөл нь татаастай байх нь хүүхдэд, аав ээжид нь ч хэцүү. Тийм учраас мэдрэлийн ёзоорыг тайрах хагалгааг хийсэн.
Та бүхэн харж байгаа байх. Бүх юмтай холбож талбайд жагсаал хийдэг болж байна. Энэ бүхнийг өргөс авсан юм шиг нэг өдөр шийдэж чадахгүй. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлын нэг нь энэхүү хагалгаа. Эхний ээлжид Туркийн багийг авчирсан. Есдүгээр сарын сүүлчээр АНУ, Японы багийг авчирна. ОХУ-аас ирнэ. Сая таван хагалгаа хийсэн нь бүгд амжилттай болсон. Дараа жилээс манай баг өөрсдөө хийнэ. Гурван багийг бэлдэж байна. Тоног төхөөрөмж нь суурилагдсан. Бидэнд өгсөн тооцооллоор тархины саажилттай 1200 гаруй хүүхэд байна. Хүүхэд болгонд хийдэг хагалгаа биш. Хэнд, яаж хийх үү? гэдэг нь чухал. Мэдээж нэг ч гэсэн хүүхдийг босгохын төлөө зорьж байна. Бусад оронд 12 мянган ам.доллараар хийдэг юм билээ.
-Эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлснээр ханган нийлүүлэгч компаниуд нэгдсэн жишиг үнэтэй болж байна гэсэн үг үү?
-Бүх юм шилэн болж байгаагийн илрэл. Улсын хэмжээнд эм эмнэлгийн хэрэгсэл худалдаж авдаг газар байхгүй. 385 эм ханган нийлүүлдэг газар байна. 1990 оноос хойш хувийн хэвшлийнхэн ханган нийлүүлж ирсэн гэсэн үг. Жил гаруйн хугацаанд энэ тогтолцоо цахим хэлбэрээр байршуулаад эмийн үнийн дээд хэмжээг тогтоосон. Эрүүл мэндийн байгууллагууд захиалгаа өгөөд худалдан авалтаа хийнэ. Дээд хязгаараас давахгүйгээр сонголтоо хийнэ. 2021 оны нэгдүгээр сараас холбогдох агентлагийг байгуулсан.
-Хэт үнийн хөөрөгдөл үүсэх асуудал үүсэхгүй гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Дараагийн давуу тал нь эм үйлдвэрлэгч компанитай нь Засгийн газрын зүгээс гэрээ байгуулж өгч байгаа. Эмийн үйлдвэрлэл нь дотроо өөр. Тусгай зөвшөөрөл, патент авсан газар хэд хэдэн зэрэглэлтэй. Үйлдвэрлэж байгаа улс болгон өөр. Бидний зүгээс Швейцарийн Novartis гээд компанитай холбогдож, Засгийн газрын түвшинд шууд гэрээ хийсэн. 15 нэр төрлийн 24 эмийг оруулж ирж байгаа гэсэн үг. Улс гэрээг нь хийж, тээвэр ложистикийг нь эм ханган нийлүүлэх байгууллагууд хариуцна. Хямд үнээр чанартай эм авах боломжийг олгож байгаа нь тэр. Даралтны эмийг 15 мянган төгрөгөөр авдаг байсныг өнөөдрийн ханшаар 9100 төгрөгөөр оруулж ирнэ. Иргэнд очих мөнгө нь ч тэгж очно.
-Өмнө нь ямар нэгэн зохицуулалт байхгүй. Зөвхөн эм ханган нийлүүлэгч компаниуд хэдэн төгрөгөөр зарахаа мэддэг байсан хэрэг үү?
-Дотоодын компаниуд өөрсдөө эмийн үйлдвэрүүдтэй гэрээ хийдэг байсан юм. Хувийн хэвшил гэрээ хийж ирсэн асуудалд Засгийн газар оролцож байна гэсэн үг. Тодорхой шалгууртай. Үүнийг цааш нь улам өргөжүүлнэ. Олон улсын олон брэндийн эм бий. Гэхдээ Засгийн газрын түвшинд судлаад гэрээг нь хийж өгнө. Жишээ нь, даралтны эм авдаг хүн даатгалаар 70, 30-аар хөнгөлдөг. 70 гэдэг чинь хэд юм. Бараг 10 мянган төгрөгийг даатгалаас дааж, үлдсэн тавыг нь хувь хүн өөрөө төлж байна. Энэ нь өөрөө 9100 болно гэдэг нь наймыг нь даатгалаас 1100-г нь хувь иргэн төлнө. Аль, аль талдаа санхүүгийн дарамт буураад, чанартай эмээр хангаж байгаа юм. Удахгүй хавдрын эмэнд ийм зохицуулалт хийхээр судалгаа хийчихсэн байна. Зайлшгүй шаардлагатай эмүүд ч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгарсан асуудлыг хар л даа. Цөөн тоогоор орж ирдэг эмэнд бөөн асуудал үүссэн. Улмаар 0-17 настай хүүхдийн эмийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ тэр компанийн эмийг ингэж авчирч бүртгүүлэх ажил нь яамных биш. Хамгийн гол нь, ханган нийлүүлэхүүд оруулж ирээд улсдаа бүртгүүлэх ёстой. Угаасаа олон улсын нэршлээр нь бүртгүүлэх эрхийг нь олгочихсон. Иймэрхүү зохицуулалтыг төр хийгээд яваа.
-Ер нь Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн дүн хэр бодитой тоо вэ?. Жишээ нь, нийгмийн даатгалын сан гэхэд мөнгө байгаа гэдэг мөртлөө алдагдалтай эсвэл алга болчихсон байдаг?
-Энэ нь өөрөө хэцүү асуудал. Ганц манай улсад биш дэлхий даяараа эдийн засгийн хямралд орж, ажлын байрны хомсдол үүсч байна. Ажилгүй байна гэдэг нь даатгалаа төлөхгүй. Гуравны нэг нь шимтгэлийн орлогоос бүрддэг. Үлдсэнийг нь улсын төсвөөс даадаг. Бүгдийг нь даатгалын шимтгэл бүрдүүлдэг гэж ойлгож болохгүй. Гуравны нэгийг нь л бүрдүүлдэг. Бусдыг нь төсвөөс нөхөж, балансалдаг. Тэр мөнгөөр нь иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй явж байна. Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага байна. Бүгд даатгалын сан руу хамрагдвал дийлэхгүй. Бүх үйлчилгээг 100 хувь даана гэвэл бас дийлэхгүй. Гэхдээ аль болох зүрх, хавдар, тархи, түлэнхий зэрэг санхүүгийн гол хүндрэл үүсгэдэг өвчлөлийг 100 хувь дааж байгаа. Сав чинь хязгаартай. Тодорхой хязгаарлалт хийж байж голдирлоороо явна.
-Сайд биш эмч хүний хувиар асуухад Эрүүл мэндийн салбарт гарч байгаа ахиц дэвшлийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд яагаад хийж болоогүй юм бэ? Энэ салбарт ажилласан туршлагаараа 2009 оноос хойш үе үеийн сайд нарын бодлого шийдвэрийг гадарлах байх? Үнэнийг хэлэхэд Эрүүл мэндийн сайд гэдэг хэн дуртайгаа томилдог, сайд болох хүсэлтэй улстөрчдийн ашиг сонирхлыг биелүүлдэг "бэлгэдэл" төдий албан тушаал байж ирсэн гашуун түүх бий?
-Арай ингэж дүгнэж болохгүй байх аа. Үе үеийн сайд нар суурийг нь тавиад явсан ажил. Гүйцэтгэлийн санхүүжилт гэхэд 2014 оноос ярьж эхэлсэн асуудал. 2020 оны наймдугаар сард хууль нь гарснаар албан ёсоор хэрэгжсэн. Мэдээж хууль гарах нь 10, түүнийг хэрэгжүүлэх нь 90 хувь нь. Алдаа, оноотой зүйл олон байна. Засахыг нь засаад тохируулгаа хийгээд явж байна. Хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг хоёр удаа шинэчиллээ. Тогтоол шинэчилнэ гэдэг бодлогын зохицуулж хийж байгаагийн нэг хэлбэр. Өнгөрсөн жил 596 оношийн бүлгээр байгууллагуудыг санхүүжүүлдэг байсныг 705 болгосон. Задлахыг нь задлаад, нэмэхийг нэмээд, хасахыг нь хассан гэсэн үг. Хийчлээ гээд бүх юм жигдэрч, сайхан болохгүй. Ялангуяа 330 сумтай Монгол Улсад.
2000, 1500-гаас доош хүн амтай сум цаашид оршин тогтноход хэцүү. Санхүүгийн тохируулгыг нь эндээс хийж яваа. Тухайн байгууллага тодорхой орлого олох ёстой. Тусламж үйлчилгээ үзүүлж байж оршин тогтоно. Аймгуудын нэгдсэн эмнэлгүүд аятайхан жигдэрч байна. Гэхдээ сумдад асуудал байна. Үүнд ямар бодлого барих ёстой юм. Сингапурын хүмүүстэй уулзахад газар нутаг нь жижигхэн, суурьшмал хүн амтай болохоор эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хялбар. Манайд заримд нь хүний илүүдэлтэй, бусдад нь дутагдалтай. Тэр болгон шинээр төгссөн эмч очиж ажиллахгүй. Өсч дэвжихийг хүснэ. Сувилагчийн хомсдол дэлхий даяар үүсчихсэн. 2030 он гэхэд 37 сая сувилагчийн хэрэгцээ үүсэх тооцоолол бий. Манай улсад анагаахын чиглэлээр боловсрол олгодог 13 их, дээд сургууль байна. Үүний тавхан нь сувилагч бэлддэг. Нэгнийгээ нөхөөд ч гүйцэхгүй.
-Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцөө хангаж чаддаггүй гэсэн үг үү?
-Тийм. Бодлогын зохицуулалт хийхээс өөр аргагүй. Сувилагчийн хомсдолоо арилгаж байж олон улсын стандартдаа хүрнэ. Монгол Улсын 1-ийг харьцах нь 1.5-тай байдаг. Үүнийг ядаж хоёр болгохыг зорьж байна. Туслах сувилагч, сайн дурын ажилтнуудыг яаж бэлдэх ёстой юм. Батлан хамгаалах яамтай гэхэд дүйцүүлэх албыг шилжүүлэх талаас нь ярьж байна. Өвчтөн тээвэрлэх хүмүүс нь гадаадад дан эрэгтэй хүмүүс байдаг. Бүгдээрээ сайн дурынхан. Манайд эсрэгээрээ. Үндсэн ажлаа хийж яваа хүн хэдий завандаа өвчтөн зөөх юм. Сайн дурын ажилтнаар нөхөх шаардлагатай. Тэгэхээр цаашид хийх ажил нь хүний нөөц, нийгмийн эрүүл мэндийн боловсрол руу чиглэнэ.
-Нэмээд асуухад Түлэнхийн төв хэзээ ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ? Уг нь эхний корпусыг нь ашиглалтад орууллаа гэсэн өнөөдрийг хүртэл хаалгаа нээгээгүй л байна?
-Түлэнхийн төвийн барилга өөрөө 2011 оноос хойш явсан, олон асуудалтай тулгарсан, төсөв нь нэмэгдсэн ажил. Гурван корпустай байсан сүүлдээ хоёр болсон. А корпусыг ашиглалтад оруулсан ч цахилгааны асуудалтай байгаа юм билээ. Тэрийгээ шийдэхээр энэ сардаа ажиллаад эхлэх байх. Б хэсэг нь 95 хувийн гүйцэтгэлтэй яваа. Үнийн өсөлттэй холбоотой бараа бүтээгдэхүүн, барилгын материалын олон асуудал үүссэнээс ажил нь хойш сунаад л байна. Уг нь энэ онд хоёр барилгаа хоёуланг нь ашиглалтад оруулах ёстой. Цаг үеийн байдалтай холбоотой асуудлаас үүдсэн хүндрэл байна.
Dr. Aditya
Зочин
зочин
Зочин