"Гурван баавгай"-н ШИНЭ ДҮРЭМ
"Гурван баавгай"-н хуучин цагийн уламжлал дэлхийн улс төр, геополикитийн дахин хуваарилалтаас үүдэж шинэ дүрмээр явах нь цаг хугацааны л асуудал болов. Биеийн хэлэмжээс нь харахад хүрэн баавгайн араншин зөөлөрч, бодит байдлаас нь дүгнэхэд хулсны баавгайн хандлага наашилсан таатай нөхцөл байдлыг хэдий чинээ харилцан ашигтайгаар эргүүлж чадна төдий чинээ тэг дунд нь тэгнэн зогсоо мазаалайд, Монгол Улсад хэрэгтэй.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Самаркандын нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Узбекистаны Төрийн тэргүүн Ш.Мирзиёевтай уулзаж, Александр Невскийн одонгоор шагнасан зарлигаа сонордуулж, биечлэн энгэрт нь зүүж өгчээ. Манайхаар Төрийн шагналын энтэй эл одонг онцгой гавьяатай нэгэнд гардуулдгаас бусдаар В.Путин өөрөө хил дамнан халааслаж, өгч байсан тохиолдолд байхгүй, бараг үгүй. Украинд өдүүлсэн дайныхаа хариуд АНУ тэргүүтэй Европын орнуудын хориг, хязгаарлалтад орсон тэрбээр нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнээс өрх тусгаарласан Узбекистаны Ерөнхийлөгчид Төрийн дээд шагналаа гардуулсан нь учиртай. Үндсэндээ ОХУ хэмээх их гүрэн, Ерөнхийлөгч В.Путины "ганцаардал"-аас гарах ээлжит нүүдэл нь Узбек тэргүүтэй Төв Азийн "СТАН"-уудаар дамжуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ дахь барьцаа ахиулах байв.
Гэхдээ тэр ганцаараа ШХАБ-ын гол дүр байсан уу? гэвэл мэдээж үгүй. Түүнийг Узбезистанд ирэхээс нэг хоногийн өмнөхөн макстай нэгэн эрхэм Самаркандад газардсан нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин. "Ковид-19"-ийн цар тахал дэгдсэн өдрөөс гадаад түвшний бүх айлчлалдаа "хориг" тавьсан түүний хувьд хоёр жилийн анх удаа Узбикестанд хөл тавьсан нь энэ байв. Цар тахлын эсрэг дэлхий нийтийн "тулаан" суларч, хөл хориогоо цуцалцгааж, түрүүчээсээ маскаа тайлж байхад эсрэгээрээ Ши Жиньпин албан уулзалтад бүрдээ дэглэмээ ягштал мөрдсөн нь БНХАУ "Ковид-19"-ийг бүрэн ялж, айдгаа авдартаа хийгээгүйг харуулах боловсон дипломат дүр зураг. Үүгээр зогсохгүй Узбекистаны Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд "Найрамдлын одон" хүртээсэн анхны гадаад удирдагчаар түүнийг тодруулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төр, геостратегийн шинэ хуваарилалтад БНХАУ-ын оролцоо үлэмж, гол тоглогчийн байр суурьтай яваагийн илрэл байж таарав.
Ийнхүү ШХАБ-ын дээд түвшний уулзалтын өмнөхөн Евроази дахь хоёр том гүрний Ерөнхийлөгч нар дэлхийн улс төрийн өрөг дээр өөр өөрийн дипломат нүүдлийг хийсэн бол тэдний дунд орших жижигхэн Монгол Улс ч ШХАБ-ын уур амьсгалын сүүдэрт бүдгэрсэнгүй. ОХУ, Хятад төдийгүй Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарыг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүртэл эх орондоо хүлээн авч уулзаж, тодорхой зорилго, тохиролцоонд хүрсэн нэр нүүрээ дахин тодотгосноороо онцлог байлаа. Гэдэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзахдаа л "Манай улс ардчилсан улс. Иргэд ШХАБ-ын тухай үзэл бодлын их зөрүүтэй. Бид ажиглагчийн байр сууриа үргэлжлүүлэн хадгална" гэдгээ шулуухан илэрхийлсэн нь ШХАБ тойрсон олон жилийн хардлага, шүүмжлэлд цэг тавьж орхив. Ямар ч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс ШХАБ-ын хаалгыг албан ёсоор татаж, гишүүнээр элсэхгүй нь.
Евразийн нутаг дэвсгэрийн 60, дэлхийн хүн амын 40, ДНБ-ий 30 гаруй хувийг ШХАБ-ын гишүүн орнууд дангаараа бүрдүүлдэг ч дотроо Орос нь Украйнтай дайнтай, Армени, Азербайжан хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй, Энэтхэг-БНХАУ-Пакистаны газар нутгийн маргаан намжаагүй энэ цаг үед ажиглагчийн байр сууриас хандахаа Монгол Улс илэрхийлсэн нь магадгүй хамгийн зөв сонголт. Яг л "Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэдэл" хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён А.Гуттареш онцолсон шиг.
Үргэлжлүүлээд гурван улсын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн уулзалтын үеэр "Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, гурван улсыг холбосон хурдны авто зам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой буйгаа уламжилсан нь дэмжлэг хүлээв. "Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасан нь ч энэ удаагийн уулзалтын онцлог.
Хамгийн сонирхолтой нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд "Эрдэнэбүрэн", "Эгийн гол"-ын усан цахилгаан станц байгуулах төсөлд хоёр хөрштэйгөө идэвхтэй хамтран ажиллах саналыг В.Путин, Ши Жиньпин нарт дайсан нь энэ Засгийн газар төдийгүй Монгол Улсын хувьд чухал агуулга байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон мега төслийн нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Араас нь "Эгийн гол"-ын төслийг явуулахаа мэдэгдэж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь саяхан, сар гаруйн өмнөх үйл явдал. ОХУ-ын хувьд "Эгийн гол"-ын төслийг өөрсдөө шийдэхийг илэрхийлж, БНХАУ-ын зүгээс "Эрдэнэбүрэн"-гийн санхүүжилтийг шийдвэрлээд буцсан нь С.Лавров, Ван И нарын айлчлал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн албан хэлэлцээний үеэр тохиролцсон асуудал.
Гагцхүү Монголын Засгийн газрын түвшинд хийсэн албан ёсны яриа хэлэлцээ Самаркандад өрнөсөн гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр дахин хөндөгдөж, ярьсандаа байхыг битүүхэндээ хоёр хөршдөө сануулсан нь гадаад тавцанд бид нэг бодлоготой яваагаа тэдэнд ийн харуулав. Үндсэндээ Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын Төрийн тэргүүн, Засгийн газар хооронд "Эрдэнэбүрэн", "Эгийн гол" гэсэн эрчим хүчний тусгаар тогтнолтой холбоотой хоёр томоохон төсөлд бодлогын түвшинд нэг зүгт харах нь. Нэгэн цагт тэд крантаа эсвэл хилээ хаахаар Монголыг айлгадаг, хязгаарладаг байдал алсуурч, харилцан ашигтай байдлыг эрэлхийлэх болсон нь сайны дохио.
"Гурван баавгай"-н хуучин цагийн уламжлал дэлхийн улс төр, геополикитийн дахин хуваарилалтаас үүдэж шинэ дүрмээр явах нь цаг хугацааны л асуудал болов. Биеийн хэлэмжээс нь харахад хүрэн баавгайн араншин зөөлөрч, бодит байдлаас нь дүгнэхэд хулсны баавгайн хандлага наашилсан таатай нөхцөл байдлыг хэдий чинээ харилцан ашигтайгаар эргүүлж чадна төдий чинээ тэг дунд нь тэгнэн зогсоо мазаалайд, Монгол Улсад хэрэгтэй.
UZEG.INFO
Зочин
Зочин
Зочин