Сөнөх нь ээ, сөнөх нь мухар сүсэгт хэт автсан Монголын нийгэм. Гэхдээ зарим газартаа санаа зовнил, мухар сүсгээс болгоомжилсон хандлага байна. Жишээ нь хамгийн их шашинжсан, мухар сүсэгжсэн байж болох Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос шинжлэх ухааны энэ хандлага мэдрэгдэж байх юм. Бөхийн өргөөнд болдог барилдааныг зурагтаар харахад тус өргөөний гол байршил дээр “Шинжлэх ухаанжсан монгол бөхийн төлөө” гэсэн уриа лоозон хадсан нь содон харагдана. Үнэн хэрэгтээ бол монгол үндэсний бөхийн орчин дахь мухар сүсэг найгаа алдсан. Саяхан гэхэд улсын харцага цолтой нэгэн бөх хөдөө явахаар гэрээсээ гарч машин руугаа очиж явтал дээр нь хар хэрээ дуугарсан юм байна. Тэгсэн өнөө нөхөр чинь “Энэ нэг л биш ээ. Хар хэрээ ориллоо, цөвүүн юм замд тохиож мэднэ” гээд явахаа болиод гэртээ орж арц хүж уугиулан, хүрд эргүүлж, лам багш руугаа залгасан байгаа юм. Хамт явах гэж байсан найз нь ярьсан хэрэг л дээ, “Манай энэ өвчин тусчихаж” гэж. Тэр бөхийнхөөр бол гэрээсээ гарч ирэх болгонд хар хэрээ дуугараад байвал гэртээ суугаад л байх юм байна. Наадам, цагаан сарын барилдаанд зодоглохоор гэрээсээ гарахад нь өрсөлдөгч нь дамшиглаад хэрээ шиг дуугарч орхивол мань эр барилдахгүй гэртээ өнжих нь. Мухар сүсгээр нь далимдуулаад барилдуулахгүй байх энэ мэт аргууд байж болмоор санагдлаа. Давсан бөхийн хөлснөөс нь авах гэж дайрдаг, шидсэн боорцгийг нь булаалдан дээр доороо ордог, далбааныхаа дотор талд баахан маанийн үсэг оёулчихсан байдаг, гутлынхаа түрийнд бөөгийн өгсөн үс хавчуулчихсан явдаг, лам багш нь гурвын даваанд догшин ширүүн барилд гэж хэлээд бэртэл авахуулсан, дөрвийн даваанд зөөлөн дөлгөөн барилд гэж хэлээд сумын заанд шидүүлсэн... гээд яривал бөхийн орчин дахь мухар сүсэг барагдахгүй. Бөхчүүдийн энэ бүх мухар сүсэглэл хэрээс хэтэрч, хэмжээ дамжаанаасаа хальсан учраас МҮБХ-ноос аргаа барж энэхүү “Шинжлэх ухаанжсан монгол бөхийн төлөө” гэсэн уриа лоозонг тунхаглаж, тэдэндээ бага ч болтугай ойлгуулахыг хичээж буй бололтой. МҮБХ-ны хоёр тэргүүн нь эрх биш хоёулаа физик, математикийн ухааны доктор, их сургуульд олон жил багшилсан хүмүүс болохоор ингэж байна л даа.



Тэгэхээр хамгийн их шашинжсан, мухар сүсэгжсэн гэж хардагдах МҮБХ-ноос ийм болгоомжлол, сэрэмжлүүлэг гаргаж, шинжлэх ухааныг нэгдүгээрт тавьж, монгол бөхийг шинжлэх ухаанжсан байдлаар хөгжүүлэхийн төлөө гэж байхад өнөөдрийн Монголын төр засаг ядаж энэ байгууллагаас яагаад санаа сэдэл авч болдоггүй юм бэ. Төр засгийн толгойд байгаа хүмүүсийн дийлэнх нь томоохон баяр ёслолын барилдаан бүрт Бөхийн өргөөнд оччихсон тэрхүү лоозон урианых нь хажууд сууж л байх юм байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө, амьдралын төлөө, шинжлэх ухаанжсан хөгжлийн төлөө гэсэн уриа лоозонг Монголын нийгэмд тунхагламаар байна. Төр, шашин хоёрыг тун сайн ялгаж заагламаар байна. Тэгэхгүй бол мухар сүсэгжсэн Монголын төр улс орноо харанхуй мунхгийн туйл болгох нь. Монголчууд нийтээрээ “Хуучин хүү” болоход ойрхон боллоо. Аливаа зүйл толгойноосоо эхэлж өтөх нь хамгийн аюултай. Яагаад гэвэл оюун санааны удирдлага тэнд байдаг. Саяхны нэг жишээг та бид харлаа. Нэгэн яамны дэд сайд нөхөр бүх л бүтэн олон улсын томоохон төслөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг хүлээж авахаар очихдоо эрхи эргүүлж, маани уншсан байдалтай явж байх юм. Яг л хүний ажил явдал дээр очсон хүн шиг. Ямар эвгүй харагдаж байна вэ. Улс орны удирдлагад байгаа хүн ард түмэндээ итгэл үнэмшил төрүүлэхүйц буурь суурьтай, арал зангарагтай харагдах ёстой. Гэтэл нэг бөө, ламын дүртэй сайд яваад байдаг. Төр засгийн толгой дахь энэ мунхаглал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн. Төрийнхөө ордонд УИХ-ын гишүүд нь бүгдээрээ цуглаад тайлга, тахилга хийж, их гал өрдөж, төрийн ордноо шатаачих шахсан. Түрүүчийн УИХ-д 6-7 бөө, арав гаруй лам байна гэж дуулдсан. Энэ Их хуралд хэдий хэмжээний “юм” байгааг мэдэхгүй байна. Удахгүй тоо нь гарах байх. Ер нь бол мухар сүсгээр төрийн ажлыг хийж ирсэн тодорхой хүмүүс энэ төрд одоо байгаа. Жишээ нь БСШУС-ын сайдаар ажиллаж байгаа нэгэн бээр хэдхээн жилийн өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаасаа 20-иод км-ийн зайд, хөдөө хээр төрийн албан хаагчдын тайллага тахилга гээч юмыг хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Яасан гэхээр, мань аймгийн Засаг дарга нь сумдынхаа төрийн албаны бүх ажилчинг, сумын дарга нартай дуудаж авчирсан. Ирэхдээ тэдгээр хүмүүс нь тус бүрдээ 20 кг хонины ноос, 100 мянган төгрөгтэй ирсэн. Тэдэн дээр аймгийн төвийн төрийн байгууллагын бүх албан хаагч дарга цэрэггүй тэр газарт нь ирцгээсэн. Бүгдээрээ хонины ноос, мөнгөтэй. Ингээд аймгийн Засаг дарга нөхөр хадан дээр хааны хувцас өмсөж завилан суусан. Түүний өмнө өнөө хүн бүрийн авчирсан хонины ноосыг урт гэгч нь зулж шатаагаад хоёр талаар нь тус аймгийн төрийн албаны бүх албан хаагч бүсээ барьж, нөмгөн дээлтэй эгнэн зогсоод хадан дээр хааны хувцас өмсөн суусан аймгийн Засаг даргынхаа дохиогоор өнөө шатаж буй хонины ноосон дээгүүр зөрөлдөн харайлдаж хачин жигтэй юм болсон. Зарим нь дээлийнхээ хормойд бүдрэн гал дээр онхолдон унаж шатаад ... ер нь бол марзан юм болсон тухай тэр үеийн сурвалжлага сонины хуудсанд байж л байна. Тэрхүү төрийн албан хаагчдын тайллага тахилгад биеэр оролцож, салтаа саамаа шатааж, нөгөө “юм”-аа түлж эхнэртээ алуулах шахсан эрчүүд өнөөдөр байж л байна. Хадан дээр хааны хувцастай сууж тэрхүү тахилгыг удирдсан хүн нь өнөөдөр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг удирдан чиглүүлж байна. Удахгүй манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхан нийтээрээ хонины ноос, нэжгээд төгрөгтэй хөдөө хээр очиж иймэрхүү тахилга хийцгээх байх. Тэр үед эрчүүдэд нь захих зүйл бол шатаасан ноосон дээгүүр нь зөрөлдөн харайхдаа нөгөө “юм”-аа л гамнаарай. Эхнэрүүд чинь их уурсдаг юм шүү гэдгийг хэлэх байна. Сайд чинь болохоор өөрөө харайдаггүй юм аа, хадан дээр хааны хувцас өмсөж суучихаад та нарыг л харайлгаад байдаг юм.

Урьдын энэ мэт нөхөд өнөөдөр төрийн удирдлагад байсаар байгаа болохоор мухар сүсэгжсэн төр хэвээрээ байна. Хэвээр байхаар барахгүй улам мухар сүсэгжиж байгааг өнөөдрийн төрд байгаа сэхээтэнлэг хэсэг, шинжлэх ухаанжсан хэсгийнхэн даруй хазаарлах арга хэмжээг авахгүй бол энэ улс орон чинь болохоо байлаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын төрийн зүгээс тун удахгүй 18 настай охины зүрхээр тахил өргөх хэмжээндээ хүрч мэдэх нь. Зуун ингэ буйлуулж, зуун хүүхдийн эхийг уйлуулж байсан Монголын түүх бий шүү дээ. “Таны охин тахилгын таалалд нийцлээ, Монголоо аврах охиноор мэргэ төлгөд буулаа” гээд хүчнийхэн гэрт чинь нэг шөнө ороод ирвэл одоо яана вэ. Мухар сүсэгт хэт автсан улс орны дэндүү аймаар эмгэнэлт түүх дэлхийгээр нэг байна. Монголчууд ялангуяа ийм мухар сүсгийг хэтрүүлэн туйлшрахдаа гаргуун. Монголын төр, монголчууд үеийн үед ийм зүйлд амархан автаж ирсэн. Зарим үед ийм хэмжээндээ өнөөдөр хүрчихсэн ч юм шиг санагдах, харагдах боллоо. Монголд үнэхээр хортой л доо.

Өнөөдрийн Монголын төр засаг, түүнийг удирдаж буй хүмүүс МҮБХ-ноос дор байв гэж дээ. МҮБХ чинь зүгээр л нэг төрийн бус байгууллага шүү дээ. Тэгэхээр төр засгийн толгойд байгаа хүмүүс ээ, шинжлэх ухаанжсан Монгол Улсын төлөө зүтгэцгээе ээ. Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь. Төр, шашин хоёрыг зааглаж, байх байх ёстой байранд нь тавьж, шинжлэх ухааныг бүхнээс дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөө зүтгэцгээе.