КЭЙНС VS ХАЙЕК: Орчин цагийн эдийн засгийн ухааныг тодорхойлсон тулаан
ХХ зууны эдийн засгийн сэтгэлгээний хоёр их аваргын хооронд үргэлжилсэн урт удаан халз тулаан бусад мэтгэлцээнээс хамгийн хачирхалтай нь байсан болов уу.
ХХ зууны эдийн засгийн сэтгэлгээний хоёр их аваргын хооронд үргэлжилсэн урт удаан халз тулаан бусад мэтгэлцээнээс хамгийн хачирхалтай нь байсан болов уу. Дэлхийн II дайны үеэр Жон Мэйнард Кэйнс, Фрийдрих Хайек хоёул Кэмбрижийн Вангийн коллежийн цогчин дуганы оройд суугаад бүхэл шөнийг цугтаа өнгөрөөдөг байв. Тэд тэнгэр ширтэн Германы онгоцууд Английн үзэсгэлэнт жижигхэн хот сууринг хэрхэн бөмбөгдөж байгааг ажиглах харуулд гарна.
1942 оны хавар намар, англичууд шумбагч онгоцны ичээ болсон Любэк, мөн хайнкэл бөмбөгдөгч онгоцны үйлдвэртэй Росток зэрэг дундад зууны хотуудыг бөмбөгдсөний хариуд германы онгоцууд дайны стратегийн хувьд үнэ цэнэ төдийлөн багатай английн цувраа хэдэн хотыг хонзогнон бөмбөгдсөн юм. Эксэтэр, Баат, Йорк хотууд галт шуурганд өртөөд хуучны байшин барилгууд сүйдэх аюулд учраад байлаа. Люфтваффын нисэгчид хотуудыг түүх соёлын ач холбогдлоор нь ангилдаг германы лавлахаас Британид дайрах цэгүүдээ сонгон бөмбөг хаяж байсан тул тухайн үедээ Британийн сонины тэргүүн нүүрийн сэтгүүлчид “Бэдэкэр блиц” нэр өгч тэргүүн өгүүлэл хүртэл гаргаж байв. Кэмбрижид цэргийн чухал үйлдвэр цөөхөн байдаг ч дундад зуунд байгуулагдсан их сургууль нацистуудын хараанд өртөн сүйрэх болоод байжээ.
1441 онд анх XI Хэнри ван суурийг нь тавьсан хээ хуарт Готик дуганы дээвэр дээр Вангийн сургуулийн багш оюутнууд шөнө бүр хүрз барин ээлжээр харуулд гардаг байв. Лондон дахь Гэгээн Паулын цогчин дуганы гал хамгаалагчид бөмбөгөнд дуганы дээвэр галд автахаас амжин галыг унтраах, үгүйдээн доош унаган сүйтгэлийг багасгах арга ядсан ажил сэдсэн нь энэ. Ийнхүү жар хүрч яваа Кэйнс, дөчин нэгтэй Хайек хоёр хүрзээ шатны хашлага түшүүлж тавьчихаад германчууд нүргэлэн дайрч ирэхийг хүлээж суудаг байлаа. Тэр хоёр айдас түгшүүртээ автаад чулуун ордоноо зориг самбаа гарган хамгаалахтай манатай байсан нь төсөөлж болох зүйл.
Хоёр эдийнзасагч цагтаа үндэсний соцализмын харгис дарангуй засаг, Гитлерийн мандал бадралыг өөр өөрийн зөнгөөр харж чадсан хүмүүсийн хувьд тэдэнд Нацистын аюул гэнэтийн гай биш байлаа. Дэлхийн I дайн дөнгөж дэгдэх үед Кэйнс Вангийн эдийнзасгийн сургуульд залуухан багш болоод төдөлгүй Британийн Сангийн яам Холбоотны цэргийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох үүднээс түүнийг Волл Стрийтэд ажилд авчээ. 1918 онд дайн дууссан ч Кэйнс ялагдсан Германаас дайны нөхөн төлбөр хэрхэн үр дүнтэй салгаж авах талаар зөвлөгөө өгдөг байв.
Парист болсон энхийн хэлэлцээрээс Кэйнсийн олж мэдсэн зүйл түүнийг алмайруулахад хүргэжээ. Холбоотон гүрнүүдийн ялгуусан жолоодогчид өшөө хорслоо тайлж санхүүгийн хатуу торгууль ноогдуулан герман түмний мууг нь үзэхийг хичээж байхуйд Кэйнс хэрэг явдлыг өөр өнцгөөс харж байв. Герман шиг үйлдвэр худалдаа хөгжсөн тэргүүн зэргийн орныг хэргээр тамирдуулж гуйлгачин улс болгоно гэдэг иргэдийг нь хоослон ядууруулж улмаар улстөрийн туйлшрал, бослого хөдөлгөөн, бүр хувьсгал ч гарч мэдэх нөхцөл шалтгаан болж өгнө. Кэйнсийн бодлоор Вэрсалын гэрээ нь I дайныг эцэслэх биш харин ч II дайныг эхлүүлэх үр үндсийг суулгаж байв. Гэртээ буцаж ирээд Энх тайван тогтсоны эдийнзасгийн уршиг гэдэг бүтээлдээ Холбоотон гүрний эрх баригчдын гоомой ажиллагааг буруушаав. Уг ном Европ даяар бэстсэллэр болж Кэйнсийг нийтэд зөвшөөрөгдсөн эдийнзасагч болгон олон улсын тавцанаа дэвшүүлжээ. Италийн фронтоос халагдаад ирэхэд нь элгэн хот Вена нь эвдэрч сүйдсэн, суугуул ард нь итгэл алдарч гутарсныг харсан австрийн залуу цэрэг Хайекийн хувьд Кэйнсийн хорон хурц үг яриа талаар өнгөрсөнгүй. Удалгүй Австрийн эдийнзасаг огцом цойлсон инфляцид нэрвэгдэж Хайек гэр бүлээрээ зовлонд учрав. Эцэг эхийн хураасан мөнгө уусан алга болж байгааг хараад, инфляц нь сүйдсэн эдийнзасгийг илааршуулдаг гэх инфляцыг өмгөөлөгчдөд зэвүү нь улам хүрснээр тэдэнтэй насаараа тэмцэх хатуужил олж авчээ. Эдийнзасгийн нарийн бэрх асуудалд хөнгөмсөг хандаж болдоггүй гэдгийг батлах гэж сэтгэл шулуудсан тэрээр ажилгүйдлийг засах нэрээр нийтийг хамарсан ажлын өргөн хэмжээний хөтөлбөрүүдэд мөнгө хөрөнгө зарахыг сайшаах этгээдүүдийг хяналтаас гарсан инфляц төдийгүй улстөрийн дарангуйллыг өөгшүүлж байна хэмээн бодох болжээ. Кэйнс, Хайек хоёр Вэрсалын энхийн гэрээний алдаа дутагдлын тухайд санаа нэг байсан хэдий ч 1930-аад оны ихэнхийг эдийнзасгийн ирээдүйн асуудлаар мэтгэлцсээр таарсан билээ. Юуны түрүүнд, төр засгийн өөрийнх нь гүйцэтгэх үүрэг болон захзээлд хөндлөнгөөс оролцохуйн хувийн эрх чөлөөнд учруулах аюулын талаар тэдний санаа бодол зөрдөг байв. Уг маргаан улам гаарсаар хэрээс хэтэрч шашин хоорондын дайсагналын уур амьсгалтай болж ирж билээ. 1929 онд үнэт цаасны захзээл нуран унаж улмаар Их хямрал дэгдэхэд мань хоёр дэлхийн эдийнзасгийг сүйрлээс хэрхэн зөв гаргаж авах тухай санал бодлоо зөрүүлэн өрсөлдөж эхэлжээ. Эцэстээ сайхь хоёр бие биенээ эс зөвшөөрөх нь өлзийтэй хэрэг гэж шийдсэн бөгөөд тэднийг нас барсны дараа ч үнэнч шавь нар нь өөр зуураа ширүүхэн толхилдсоор удаж.
2008 оны есдүгээр сард, Волл Стрийтэд уналт дахин гарч, дэлхийн эдийнзасгийн ээлжит хямрал дэгдэв. Чөлөөт захзээлийн халдашгүй байдлын тухай Хайекийн үзэл санааг шударгуу дагадаг ерөнхийлөгч Жорж Бүшийн хувьд, наяад жилийн өмнөхтэй эн зэрэгцэж мэдэх хямралд захзээлээ харсаар байгаад алдах уу, эсвэл Кэйнс эмчилгээний жорыг гавшгайлан нэвтрүүлж төрийн зээлдсэн хэдэн их наяд доллараар хямралт эдийнзасгаа улам дордохоос нь урьтаж аврах уу гэсэн эрс тэс ондоо хоёр замын нэгийг сонгохоос аргагүй болов. Чөлөөт захзээлд муу бүхнээ үйлдэхийг зөнд нь тавина гэдэг аймшигтай санагдсан Бүш бараг л зөнгөөрөө Хайекийг орхиж Кэйнстэй золгон авлаа. Барак Обама ерөнхийлөгч болоод мөн зээл, мөнгийг эдийнзасагт улам их цутгаж эхлэв. Сэргээх сангийн хөрөнгө барагдаж дуусахаас өмнө улсын өр авлага замбараагаа алдлаа гэж олон түмэн дургүйцлээ илэрхийлэх болов. Тий Парти хөдөлгөөн засаг төрөөс чиг баримжаагаа өөрчлөхийг шаардаж босов. “Хэнк минь, америкчууд бөөцийлүүлэх дургүй улс шүү” гэж 2008 оны аравдугаар сард Тий Паатигийн удирдагч Саара Палин Сангийн сайд Хэнри Полсонд догирхсон байна. Улстөр судлаач Глэн Бэк Хайекийн нэр алдрыг сэргээж түүний шоовдорлогдсон Боолчлогдох зам руу америк түмний санааг татаж, сураг тасраад удсан австри хүн номынхоо борлуулалтаар тэргүүн магнайд зогсов. Кэйнс яван одож Хайек морилон ирэв.
Өнөө ч чөлөөт захзээлийн ач буян ба төр засгийн оролцооны талаар шөргөлцөн маргалдах нь 1930-аад он лугаа адил ширүүхэн өрнөж байна. Тэгээд хэнийх нь зөв болов? Кэйнс үү, Хайек уу? Уг ном эдийнзасагч, улстөрчдийг 80-аад жил талцуулж байгаа асуултад хариу өгөх, мөн хоёр суутны илт зөрөө нь өнөөг хүртэл либерал болон консерватив үзэл бодлын хоорондох зааг нь болсоор байгааг харуулахыг чармайв.
НЭПКО хэвлэлийн газар
ддд
ddd