Хятад орон, хятад хэлтэй тодорхой хэмжээгээр холбогдож, түүх соёлыг нь сонирхон судалдаг миний хувьд урд хөршийн хөгжил цэцэглэл алив хүнтэй харьцуулахад нүднээ ил, ажил амьдралд минь тун бодитойгоор тусаж мэдрэгддэг билээ. Энд би шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжил дэвшлээс илүүтэй түүх соёлын дурсгалт эд өлгийг Хятадын төрөөс хэрхэн яаж ариглан хамгаалж буй талаар өөрийн уншиж мэдсэнээ өгүүльюу гэж бодлоо. Ер түүх соёлын дурсгалт зүйлсийг дорвитойгоор хамгаалах нь эдийн засгийн хүчирхэг гүрний нэгэн шалгуур болдог нь эргэлзээгүй юм.

China.org.cn-д дурдсанаар Хятадын төрөөс (тухайн үеийн Дундад Иргэн улс) анх 1928 онд Түүхэн дурсгалт эд өлгийг хамгаалах хороог байгуулж, түдэлгүй 1930 онд 17 зүйл бүхий “Эртний дурсгалыг хамгаалах хууль”-ийг баталжээ. Чингээд 1948 онд Цинхуа их сургуулийн багш Лян Сычэний удирдсан баг Иргэн улсын түүхэн дурсгалт 450 хөшөө барилгыг жагсаан бүртгэжээ. Улмаар Шинэ Хятад улс байгуулагдаад эл бодлогыг залгамжлан үргэлжлүүлж, БНХАУ-ын Улс төрийн зөвлөлөөс 1950 онд түүхэн дурсгалт эд өлгийг хамгаалах тушаал шийдвэрийг гаргажээ. Өдгөө Хятад оронд улсын түвшний түүх соёлын дурсгалт газар орон гэвээс 2 351, мужийн түвшний 7 000 орчим, тойргийн түвшний 30 000 гаруй объект байдаг аж. Түүгээр барахгүй анх 1982 онд 23 хотыг түүхэн дурсгалт хот балгадаар зарлаж байсан бол өдгөө энэ тоо 103-д хүрчээ. Мөн 1989 онд тун чухал нэгэн хууль баталсан нь “Хот суурингийн төлөвлөлтийн тухай” бөгөөд үүгээр хот балгадын түүх соёлын дурсгал, эрт цагийн өвөрмөц төрхийг хамгаалан хадгалах явдлыг хуульчлан баталгаажуулжээ. Ийнхүү дотоод, гадаадын үймээн самуунтай он жилүүдэд ч Хятадын төрөөс түүх соёлоо хэрхэн анхаарч хамгаалж байсныг бодоход манай Монголд сурч хэрэгжүүлж нутагшуулах зүйл даанч олон байна даа, бид түүхийн дурсгал болсон хөшөө барилгаа төрийн бодлогоор хамгаалж үр хойчдоо үлдээвэл хэдий сайхан гэх санаашрал өөрийн эрхгүй төрдөг билээ.

Ингээд би ажил мэргэжлийн дагуу сонирхож орчуулсан хэд хэдэн түүхэн тэмдэглэлээсээ эртний нэгэн хөшөө дурсгалыг Хятадын ард түмэн зуу зуун жилийг дамнуулан хэрхэн арчилж байгаа тухай ганцхан жишээг дурдъя гэж бодлоо. Энэ хөшөө дурсгал Монгол-Хятадын ард түмний эв найрын бэлгэдэл болон өдгөө ч сүндэрлэмүй.

Тэртээ 1688 оны таван сард Хөх хотоор зорчсон Уиндяний бичгийн эрхин сайд Жан Пэнхэ Орост элчээр зорчсон тэмдэглэл[1]-дээ НТӨ I зуунд Хүн гүрний Хүханье шаньюд хатан болж очсон Ван Жаозюний Ногоон бунхныг үзсэн тухайгаа ийнхүү тэмдэглэсэн байх юм. “Хэрмийн урд хормойгоор Хар гол шүргэн урсаж, тэртээд Ногоон бунхан[2] уул мэт үзэгдэнэ. Морио унаж тийш хатируулан очлоо. Хэдэн арван му[3] газрыг эзлэн байрласан даруй хорин алд өндөр толгодын оройд зэрвэс харахад ваар шиг шавар байшин барьсан нь бурхны сүм маягтай. Доохон талд нь жижиг луутай нэн төстэй, тэнгэр өөд сэрийсэн саглагар ногоон мөчиртэй хөгшин уд ургана. Мөчир дээр нь суугаа хар хэрээ Хятад газрынхтай харьцуулахад том бөгөөд сөөнгө дуутай аж. Толгодын урд талд хос чулуун барс, нарийн сайхан хийцтэй, гөлгөр цагаан чулуун ганц арслан байгаа нь дотор газар урлаж Минфэй[4]-д бэлэг болгон барьсан эд буй заа. Дээврийн хаш ногоон чулуун ваарны хэлтэрхий хаа сайгүй хэвтэх нь өргөл мөргөлийн дурсгалт газар болохыг гэрчлэвч бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн юмгүй нь даанч харамсалтай санагдана. Энд мөн монгол бичгээр сийлсэн чулуун хөшөө байна.” 

Ялдамд хэлэхэд Жаозюнь авхайн энэ бунхны тухай анх Тан улсын үед VIII зууны сүүлээр туурвисан “Тундянь”[5] сударт өгүүлсэн гэж үздэг. Жаозюнь авхайг чухам хаана бунхалсан нь тодорхойгүй бөгөөд эл бунхныг дурсгалын цогцолбор болгон бүтээсэн түүхтэй юмсанж.

Тэгвэл Жан Пэнхэгийн зорчсон цаг үеэс бараг гурван зууны хойно уг бунхныг үзэж сонирхсон ДИУ-ын хил хязгаарын түүх судлаач Хуан Фэньшэн 1935 оны дөрвөн сард хөтөлсөн Батхаалгад зорчсон тэмдэглэл[6]-дээ ороо бусгаа бэрх цагт ч мөнөөх бунхныг арчлан тордож байсан тухай нарийн тодорхой тэмдэглэжээ. “Гүйсүйд ирснийхээ маргааш би Жаозюнь авхайн бунхныг үзэхээр шийдэж, өглөө 10 цагт хүн тэрэг хөлслөн хотоос гарвай. Жаозюнь авхайн бунхан Гүйсүй хотоос чанх урагшаа 20 ли-гийн зайд байрлана. Сүйюань мужийн захиргаанаас саявтархан бунхан хүртэл алд хэрийн өргөнтэй, хоёр талаар нь жижиг мод тарьсан сайхан зам засжээ. Зам тэгшхэн бөгөөд тарьсан модод нь хэдхэн жилийн дараа ургаж ногоорон аялагчийн сэтгэлийг баясгах нь лавтай. Хотоос гарч өмнийг ширтэхэд уужим талд бараан өнгөтэй Ногоон бунхан эрхэмсгээр сүндэрлэмүй. Арваад ли яваад Бага Хар гол, ахиж хэдэн ли газрыг туулаад Их Хар голоор гатлав. Гол 2 алд өргөн, их ширүүн урсгалтай, ус нь гүн хар учраас Их Хар гол хэмээн ийнхүү нэрлэжээ... Их Хар голоос урагшаа ли орчим яваад олноо алдартай Жаозюнь авхайн бунханд хүрвэл цаг хэдийн 12:40 болжухуй. Бунхнаас зүүн тийш арваад алхмын зайд 20-30 айлтай суурин, баруун тийш 1 ли-гийн цаана мөн төдий тооны айлтай суурин үзэгдэнэ. Бунхны урд баруун, зүүн талаар найман чулуун арслан эгнүүлж өрсөн нь Ма Фусян[7], Ли Пэйзи[8], Зи Хунчан[9] нарын босгосон хөшөө дурсгал болой... Бунхны зүүн этгээдийн 6 му газрыг арчлан тордож 3 000 уд тарьжээ.”

Өдгөө Хөх хотод буй энэ Ногоон бунхан тус хотын аялал жуулчлалын нэн чухал найман газрын нэгд зүй ёсоор багтаж, авхай болон түүний эр нөхөр хоёрын морь унасан хөшөөт цогцолбор бүхий олны хөл тасрахгүй дурсгалын цэцэрлэг болжээ. Хятадын түүхч Зянь Бозань[10] цагтаа “Ван Жаозюнь болбоос түүхэн хүн төдийгүй улс үндэстний нөхөрлөл найрамдлын бэлгэдэл билээ. Энэ Ногоон бунхан болбоос зүгээр нэг бунхан биш, ард түмний эв эеийн бэлгэ тэмдэг болой” гэж бичсэн нь ч учиртай. 

Хятад оронд өдий хүртэл олныг татан бишрүүлж буй нэн эртний түүх соёлын дурсгалт хөшөө цогцолбор хэдэн зуугаар тоологдохын дотроос ийнхүү нэгийг онцлон энд өгүүллээ.


2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр

Бат-Эрдэнийн Гэрлээ

[1] 张鹏翮“奉使倭罗斯日记” энэ тэмдэглэл 2021 онд Б.Гэрлээ миний орчуулгаар хэвлэгдсэн “Монгол нутгаар зорчсон тэмдэглэл: 1688-1911” номд багтсан болно.

[2] Хөх хотоос урагш 9 км-т, Хар голын урд эрэгт байрлах энэ толгод нь Хань улсын Юаньди хааны татвар, хожмоо Хүннүгийн Хуханье шаньюйн хатан болсон Ван Жаозюнь (НТӨ 54-19 онд амьдарч байсан)-ий дурсгалын бунхан юм. Ван Жаозюнь бол Хятадын эрт цагийн гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан дөрвөн бүсгүйн нэг билээ. 

[3] 1 му нь 666,6 м2-тай тэнцэнэ.

[4] Ван Жаозюнь хатныг хэлжээ.

[5] Ду Ёугийн эмхэтгэж 801 онд бэлэн болгосон энэ нэвтэрхий тольд эрт цагаас 756 он хүртэлх түүхэн үйл явдлыг 9 бүлэгт хуваан багтаажээ.

[6] 黄奋胜“百灵庙巡礼” хэмээх энэ тэмдэглэл 2022 оны аравдугаар сард Б.Гэрлээ миний орчуулгаар хэвлэгдэж олны хүртээл болно.

[7] 马福祥 Ma Fuxiang (1876-1932) - ДИУ-ын цэрэг, улс төрийн зүтгэлтэн. 1920-1925 онд Сүйюаний цэргийг удирдаж, 1928 онд Чан Кайшигийн талд орж, Аньхуй мужийн засгийн тэргүүнээр томилогджээ. Монгол-Түвдийн хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. 

[8] 李培基 Li Peiji (1885-1970) - ДИУ-ын цэрэг, улс төрийн зүтгэлтэн. Гурван мужийн засгийн тэргүүн, Хууль тогтоох, Хяналтын хорооны гишүүн, Шалгалтын хорооны хариуцлагатай албан тушаалтан байжээ.

[9] 吉鸿昌 Ji Hongchang (1895-1934) - ДИУ-ын цэрэг, улс төрийн зүтгэлтэн. Фэн Юйсянтай хамт Японыг эсэргүүцэх Цахарын ардын армийг зохион байгуулж, Японыг эсэргүүцэх цэргийг удирдан чиглүүлж байжээ.

[10] 翦伯赞 (1898-1968) – Хятадын түүхч, марксист үзэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Бээжингийн их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч асан.