Лу.ГАНТӨМӨР| Залгисан нулимс зангидсан гар болов
Ардчилсан нам гишүүдээ хамгаална гэдэг ардчиллыг хамгаална гэсэн үг. Ардчиллыг хамгаална гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Тэр өдөр залгисан нулимс зангидсан гар болсон.
Үе үеийн Ерөнхий сайд нар өөрийнхөө зүтгэж буй цаг үеийг өөр өөрөөр үнэлсэн байдаг.
Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон буюу 31 суудал /МАН 25/ авсан боловч парламентын олонхи болж чадаагүй тул 11 суудалтай МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа эмхлэхэд хүрсэн билээ.
Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг “хальсгүй өндөг алган дээрээ авч яваа мэт” хэмээн тодорхойлсон байдаг. Хоёр өөр үзэл баримтлалтай гурван өөр намыг нэг Засгийн газарт барьж, нэг бодлогоор зангидна гэдэг гадна талаасаа улс төрийн хувьд ч, дотор талаасаа боловсон хүчний хувьд ч эмзэг байсан нь аргагүй.
Тэгвэл энэ сард бүрэн эрхээ дуусгаж буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ажлаа авсныхаа дараа мөн өөрийн Засгийн газрын тухай “Харанхуй шөнө мөсөн дээгүүр жолоодлогогүй машинтай яваа мэт” хэмээн дүрсэлсэн байдаг. Хааз гишгэж болдоггүй, тормоз гишгээд барьдаггүй, тийм нэг хар нүх рүү бүх инерциэрээ гулсаж буй мэт мэдрэмж. Энэ мэдрэмжийг монголчууд өнгөрсөн найман жилийн турш тээж ирлээ л дээ.
Өмнөх парламентын үед ЖДҮХС-гаас 70 тэрбумыг хуссан УИХ-ын 40 гаруй гишүүн ямар ч тоормозгүйгээр, эрчээрээ энэ парламентад орж ирсэн. МАН жинхэнээсээ иргэдийнхээ эсрэг “хүчээ нэгтгэж” чадсан. Тиймдээ ч сүүлийн дөрвөн жилд Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобусны хулгай, ковидод зарцуулсан 20 их наяд (хоёр Засгийн газар дамжсан) гэх мэтчилэн жинхэнээсээ түнэр харанхуй дундуур туучсан дөрвөн жил байлаа. Одоо ч таг харанхуй чигээрээ сонгуульд орж байна.
Ялангуяа жолооны ард суусан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жолоодлогоо бүрэн алдсаныг МАН-ын сонгуулийн штабаас явуулж падан хар "пиар", сонгуулийн хар технологи бүрнээ харуулна. Уг нь бол найман жил эрх барьсан нам хийсэн ажлаараа өрсөлддөг болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүд, намын удирдлагыг намнах аргаар рейтингээ босгодоггүй. Босдог ч үгүй.
МАН-ын "буянаар" энэ удаагийн сонгуулиар хамгийн их “нохой шуугиулж” яваа хүн нь АН-ын дарга Лу.Гантөмөр. Нэг үг байдаг даа. Нөхдөө ойр байлга, дайснаа илүү ойр байлга гэж. Лу.Гантөмөрийн хувьд ийм л сонгууль болж байна. Нэг мөрөн дээр нь намынх нөхөд суучихаад “Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ” хэмээн хоолой нийлүүлж, нөгөө мөрөн дээр нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө суучихсан “Элбэгдорж, Элбэгдорж” гэж шивнэх. Нам дотроосоо Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн бүлэглэлд жадлуулангаа гадагшаа МАН буюу төртэй өрсөлдөж байгаа Лу.Гантөмөр. Яг үнэндээ С.Баярцогт нь ч бай, өөр хэн ч бай өнөөдрийн Л.Гантөмөрийн оронд зогсохыг хүсэхгүй л болов уу. АН олонхи болж, Лу.Гантөмөр Ерөнхий сайд болж гэмээн хожим “гал, мөсөн дундуур явлаа” хэмээн ярих биз.
Сонгуулийн сурталчилгээ эхэлсэн үеэс АН-ын зарим гишүүдийн зүгээс ч хэлж байсан шүүмжлэл бол “Гантөмөр хэтэрхий сул байна, харизмгүй байна. МАН шиг мангастай ингэж өрсөлдөхгүй, адилхан алалцаад үхэх сэхэхээ үзэх ёстой” гэдэг цэцэрхэл. Гэхдээ тэдний хэн нь ч өнөөдрийн Лу.Гантөмөрийн оронд зогсохыг хүсэхгүй.
Лу.Гантөмөрт нэг “тэнэгдүү” ч гэмээр зөрүүд зан бий. “Танай намын хэрүүл яагаад тасардаггүй юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Ардчилсан нам “ардчилсан” гэдэг нэртэй байгаа цагт гишүүдийн дуу хоолой байж л таарна. Ганц хүн бүх хүмүүсийг гинжилж хөтлөөд нийтээр нь алга ташуулдаг, нийтээр нь амыг нь барьдаг чинь коммунизм шүү” гэж хэлсэн. Цаагуураа Л.Оюун-Эрдэнэд, МАН-д хаяглаж байгаа юм. Энэ их хэтийдсэн долоолт, бялдуучлалын ард юу нуугдаж байдгийг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрийн биеэр үлгэрлэсэн шүү дээ. М.Энхболдыгоо яалаа. Өнөөдөр ч гэсэн өөр нэг нь Л.Оюун-Эрдэнийнхээ шилэн хүзүүн дээр исгэрээд л зогсч байгаа. Харин Лу.Гантөмөрийн хувьд “дайснаа илүү ойр байлга” гэдэг дүрмээр тоглож байна.
Нөгөө талаас арав хоногийн өмнө Өвөрхангай аймагт гарсан хэрэг, Сант сумын АН-ын даргын амийг хөнөөсөн явдал, үүнтэй холбоотой МАН-ын дарга, удирдлагуудын хэлсэн үг, гаргасан байр суурь Лу.Гантөмөрийг илт өөрчилсөн. Журмын нөхрийнхөө зурагны өмнө зул асаагаад нулимсаа залгиж суусан тэр мөчийг Лу.Гантөмөр лав энэ насандаа мартахгүй. Нулимсаа залгиж хэлсэн “АН гишүүдээ хамгаалахгүй бол ардчиллын төлөө дуугарах хүнгүй болох юм байна” гэдэг тэр үг АН-ын гишүүн нэг бүрийн зүрхэнд туссан. Лу.Гантөмөрийн өөрийнх нь зүрхэнд бүр гүн бат суусан байх. АН гишүүдээ хамгаална гэдэг нь ардчиллыг хамгаална гэсэн үг. Ардчиллыг хамгаална гэдэг нь ард түмнээ хамгаална гэсэн үг.
Тэр өдөр залгисан нулимс зангидсан гар болсон. Өнгөрсөн арав хоногийн турш АН-ын даргын хэлсэн үг бүрээс сонсогдож, явсан газар бүрт цуурайтаж байна. Үүнийг харизм гэнэ.
Зочин
Зочин
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
Харьцуулалт
Зочин