Хүйсийн дарангуйлал
Феминизм гэж юу болох, хүний эрхийн язгуур ойлголтын мөн чанар, боловсрол, хүмүүжлийн зааг ялгаа, хүний үнэ цэнэ, эрхэм чанар, жендер, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн үүргийн талаар хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн "үнэлэгддэгүй" хөдөлмөрийг үнэлж, мөнгөжүүлбэл хэдэн их наядаар улс орны эдийн засаг нэмэгдэх боломжтойг та мэдэх үү? Эрчүүд жаахан соёлтой байх гэхээр “шалчигнасан” болоод доошоо ордог, эмэгтэйчүүд жаахан "бүдүүлэг" болохоор муухан эрээс дээр гээд магтаал болдог нийгэмд бид амьдарч байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Синдикат ярилцлагын 21 дэх дугаарыг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
"Мартын 8" ба Цэргийн баярын зааг дээр манай баг шинэ дугаараа "Хүйсийн дарангуйлал" сэдэвт зориуллаа. Энэ дугаараас та феминизм гэж юу болох, хүний эрхийн язгуур ойлголтын мөн чанар, боловсрол, хүмүүжлийн зааг ялгаа, хүний үнэ цэнэ, эрхэм чанар, жендер, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн үүргийн талаар сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллийг авах болно. Түүнээс гадна феминизм гэж яг юуг хэлээд байна вэ? Энэ нь эрчүүдийн хувьд эерэг утга заах уу, эсрэг утгатай дүйх үү? Эмэгтэйчүүдийн "үнэлэгддэгүй" хөдөлмөрийг үнэлж, мөнгөжүүлбэл хэдэн их наядаар улс орны эдийн засаг нэмэгдэх боломжтойг та мэдэх үү? Эрчүүд жаахан соёлтой байх гэхээр “шалчигнасан” болоод доошоо ордог, эмэгтэйчүүд жаахан "бүдүүлэг" болохоор муухан эрээс дээр гээд магтаал болдог нийгэмд бид амьдарч байгааг та хүлээн зөвшөөрөх үү зэрэг асуултад хариулт авах болно. Энэ дугаарын зочид маань “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, хөгжлийн бодлого судлаач Б.Булганчимэг, “Хайрын дархлаа” ТББ-ын захирал, гэр бүл судлаач Т.Бямбатогтох, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл нар байлаа.
В.Ганзориг: Энэ удаагийн нэвтрүүлгийн сэдвийг “Хүйсийн дарангуйлал” гэж шууд утгаар нь нэрлэсэн боловч хүйсийн эрх тэгш байдлын асуудлыг хөндөх юм. Үүнийг хөндөх болсон шалтгаан нь “Мартын 8”-ны үеэр сошиал медиад өрнөсөн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, зарим хүмүүсийн хэт туйлширсан өнцөг байлаа. Ер нь хүйсийн хувьд Монголд хэн нь хэнийгээ дарангуйлаад байгаа юм бэ? Монголд хүйсийн дарангуйлал гэж яг бодитой байна уу?
Х.Номингэрэл: Эр, эм хүйстэй хүмүүс бие биеэ дарангуйлаад байна гэж би боддоггүй. Харин хүйсээрээ дарангуйлагдаж байгаа Монголд. Эр, эм хүмүүс хэрхэн ажиллаж, амьдрах, ямар шинж чанаруудтай байх эсэх нь маш олон зүйлээс хамаардаг. Үүнд, уламжлал, шашин, соёл, нийгмийн төрөл бүрийн зан суртахуун багтана. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн бүтээсэн хиймэл тогтолцоон дунд амьдарч байгаа нэр төрлийн мич (Ape) шүү дээ. Энэ амьтан маань нийгэм бүтээх зуураа өөрсдийн гэсэн соёлын тогтолцоо үүсгэсэн. Энэ тогтолцоо маань эр байвал ингэж амьдар, эм байвал тэгж амьдар гэдэг шинжүүдэд биднийг сургадаг.
Хүүхэд төрлөө, хүйсийг нь харлаа, эмэгтэй байвал ягаан өлгий, эрэгтэй байвал цэнхэр өлгий гээд л үүнээс хойш амьдрал нь шийдэгддэг. Жишээ нь, урт үстэй байх уу, богино үстэй байх уу, ямар ажил эрхлэх ёстой, энэ хүүхдийг энхрийлж харилцах уу, эсвэл жаахан ширүүн хандах уу гэх мэт. Энэ хиймэл тогтолцоо маань хүний мөн чанартай заримдаа зөрчилдөөд байна. Энэ зөрчлөөс үүдээд хүн өөрийгөө бүтээж туурвих, хүний эрхээ бүрэн эдлэх эрх чөлөөгөө дарангуйлалд оруулаад байгаа юм. Үүнийг өөрчлөхийн тулд эр, эм хүйстний хамтын оролцоо хэрэгтэй.
Б.Болорсайхан: Энэ асуултад би хөгжлийг бид яаж харах ёстой вэ гэдэг өнцгөөс хариулъя. Улс орны хөгжил ба жендерийн асуудлууд хоорондоо холбогддог. НҮБ-аас 1986 онд “Хөгжих эрхийн тунхаглал” нэртэй баримт бичиг гаргаж хоёр том зүйлийг тусгасан. Нэгд, хөгжил бол хүн бүрийн эдлэх ёстой эрх гэж заасан. Хоёрт, хөгжлийг тодорхойлохдоо иргэд нийгмийн нөөц баялгийг хуваарилах, хуваалцах, шийдвэр гаргахад оролцох, гарсан шийдвэрийн үр шимийг хүртэх нийгэм, эдийн засаг, соёлын тасралтгүй үргэлжлэх үйл явц гэсэн байдаг. Гэтэл бид 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн турш хөгжлийн асуудлыг зөвхөн эдийн засгийн өнцгөөр харсаар ирлээ.
Хөгжилтэйгээ холбож хараад Монголд хүйсийн дарангуйлал бий юу гэвэл байгаа. Эмэгтэйчүүдэд таагүй, эрчүүдэд талтай гэж харагдахуйц хүйсийн дарангуйлал Монголд байна. Гэтэл хөгжих гэдэг нь хүн бүрийн эрх байдаг. Энэ хооронд бид бэлгийн цөөнхийг орхиж байгаа. Хэрэв бид хүн гэдэг бодгалийг геометрийн хэрчим дээр тавьбал А цэгээс Б цэгийн хооронд хүний маш олон ялгаатай өнгө, цэг, хувилбарууд байдаг. Гэтэл төр бодлогоо гаргахдаа үүнийг харгалзахгүй эмэгтэй, эрэгтэй гэдэг хоёр сав руу бүх асуудлыг хуваагаад шидэж байгаа нь хүйсээр ялгаварлан гадуурхах суурийг бэлдэж буй хэрэг юм. Нийгмийн хөгжилд оролцож, үр шимийг нь эдэлж, иргэн хүний эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, бэлгийн цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх гэж яригддаг юм. Эдгээр бүлэг нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд бусдадаа дарлагддаг.
Жендерийг бид сая соёлын тогтолцооны илрэл гэж яриад уламжлалтай холбосон. Эмэгтэйчүүд бие биеэ ялгаварлан гадуурхдаг манай уламжлалын нэг хэлбэр бол дархан бэр гэдэг ойлголт. Охин хүүхэд төрүүлсэн бэр хүндгүй, хүү төрүүлсэн бэр илүү нэр хүндтэй байх жишээний. Гэтэл энэ ойлголт нь эцгийн эрхт ёсны үед цэрэг дайны шалтгаанаар хүүг эрхэмлэдэг байснаас үүдэлтэй. Дайн тулаанд цэрэг хэрэгтэй учраас хүү гаргах замаар цэрэгтэй болохыг сурталдаж байсныг Намжил доктор хэлдэг.
Товчхондоо хүйсийн дарангуйлал тодорхой хэмжээнд байгаа боловч том зургаараа эрх мэдэлд хүрсэн цөөн тооны хүмүүс нийгмийн бусад гишүүдээ утсан хүүхэлдэй маягаар ашиглаж байна. Хүйсийн эрх тэгш байдлын цаана бид улс орны хөгжил, нийгмийн нөөц хуваарилах эрх мэдэл хэнд байх вэ, эрх мэдлийг дангаар нь нэг цэгт төвлөрүүлж байна уу гэдгийг харах ёстой юм. Таны асуултад би Монгол хүйсийн гэхээсээ илүү эрх мэдлийн дарангуйлалд автсан гэж хариулмаар байна.
Б.Булганчимэг: Хувь хүний хувьд яагаад энэ асуудал надад хамаатай билээ гэсэн асуулт, бодол надад байдаг. Саяхан манай ажил дээр жендерийн сургалт болоод, би орчуулагч хийж таарсан. Гэтэл сэдэв маань нэг л хуурай, цаашаа явахгүй шинжтэй болоод ирсэн. Тэгэхээр бид яаж энэ асуудлыг нийгэмд хамаатай болгох, шаардлагатай өөрчлөлтийг хэрхэн хийх, асуудлаа яаж нийгэмд наалдуулах, шийдлээ хүмүүст хэрхэн хүргэх тал дээрээ маш сайн анхаарах ёстой санагдсан. 1990-ээд оны үед хиймлээр шахсан барууны нэр томъёонууд Монголын нийгмийн хөрсөнд нэвчих боломж олдолгүйгээр шууд орж ирсэн гэж ярьдаг. Түүнтэй адил жендер, феминизм зэрэг ойлголтууд хүчээр нутагших гээд байгаа мэт ойлгогддог. Эдгээр зүйлийг баруунаас зээлдээгүйгээр барахгүй манай ард түмний дунд, бидний уламжлалд, манай соёлын элементэд угаасаа байсан л зүйл.
Хөгжлийн бодлогын салбарын хувьд нэг жишээ хэлмээр байна. Сурч байхад ангийн швейцарь охин ярьж байсан. Та нар Африкийн жендерийн асуудал, дарлагдсан орнуудын зовлонг яриад байх юм. Гэтэл Швейцарт ямар хэцүү байдгийг та нар мэдэхгүй гэж билээ. Яагаад гээд гайхаад асуухад анхнаасаа жендерийн асуудлыг асуудал биш гээд ойлгосон улс үүнд ач холбогдол өгдөггүй гэнэ. Үүнтэй адил нөхцөл байдал Монголд байгаа юм болов уу гэж хардаг.
Т.Бямбатогтох: Энэ асуудал хүйсийн дарангуйлал гэхээс илүү гэр бүлийн соёл, тогтолцооны хямралын үр дүн. Дурлалаас өөр зүйлгүй нийлсэн эр, эм хоёр зөрчилдөх нь угаасаа тодорхой. Зарим нэг талаараа би өөрийгөө феминист гэж мэдэрдэг. Гэхдээ феминизм гэдэг үг нь буцаад надад сөрөг ойлголт төрүүлдэг. Яагаад гэхээр энэ ойлголт хүмүүсийн дунд талцал үүсгэдэг. Уг нь феминистүүдын тэмцлийн агуулга нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэх, хүчирхийллийн эсрэг зэрэг байдаг. Манайд болохоор хэт субъектив ойлгогдоод нийгэмд талцал үүсгээд байна.
Аливаа гэр бүл зохицол дээр тогтдог. Хайрыг эр, эм хүмүүс хоёр өөр янзаар ойлгодог. Эрчүүд хүндэтгэл илүүтэйгээр хүсдэг бол эмэгтэйчүүд халамж хүсэмжилдэг. Эсрэг хүйстнүүд өөр өөрсдийн хэлээр бие биедээ хайраа илэрхийлэхээр заримдаа бууж өгөхгүй зөрчил үүсгэдэг тал бий гэж би боддог.
В.Ганзориг: Та нарын ярианаас сонсвол аль аль хүйс нь өөрсдийн комплекс дунд хүлүүлсэн юм биш үү? Өөрсдийн сул талаа мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрөхгүй хиймэл орчин үүсгээд үүнийгээ нийгмийн асуудал болгон гаргаж ирээд байгаа тал байна уу?
Б.Болорсайхан: Феминизмийн түүх нь хүйсийн эрх тэгш байдлыг шаардаж үүссэн байдаг. Энэ нь хөдөлмөрийн шударга үнэлэмж, сонгуульд санал өгөх эрх, сонгогдох эрх гэх мэт. Энэ хөдөлгөөн маань ч цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байгаа. Одоо феминизмийн агуулгыг харахаар хүн ямар хүйстэй байхаас үл хамааран бүгдээрээ хүнийн зэрэгтэй нийгэмдээ сайхан амьдрах ёстой гэж ойлгогдоно. Өнөөдөр хүний зэрэгтэй амьдрахад саад болж буй зүйл нь таны хэлсэнчлэн хувь хүний дутуу дулимагийн комплекс байж болно. Тэр нь манай нийгэмд бусдыгаа ялгаварлан гадуурхах, алаг үзэх, эрх мэдлээр далайлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг.
Бид хүүхдүүдийнхээ сэтгэхүйг багаас нь ингэж програмчилдаг. Эрэгтэй хүүхэд галын эзэн, хөрөнгийн эзэн, удам залгана гэх зэргээр бусдыг ялгаварлан гадуурхах үзлийн суурийг нь тавьдаг. Ингэж бид хүүхдийн бодол санаа, үг, үйлдэл бүрийг нь өлгийний өнгө сонгохоос эхлээд хэвэнд цутгадаг. Хүн ийм хэв загварт орж байна аа гэдэг нь өөрөө маш том аюул. Хүнийг эрэгтэй, эмэгтэй гэдэг хоёр сав руу ялгаж битгий хийгээч ээ гэж би онцлоод байгаа юм. Ингэж ялгаад эхлэх л юм бол хувь хүн бүр дээр дутуу дулимагийн комплекс үүсэхээс өөр аргагүй болдог. Өөрсдийн соёлоо харъя л даа. Оргүйгээс охинтой нь дээр, Эр муу ч эмийн дээр, Урт үстэй ч ухаан богинотой гэх зэрэг монгол ардын зүйр үгнүүд байдаг. Гэхдээ уламжлал, соёл өөрчлөгддөг.
Шашин гээд том зүйл байна. Библийн судрыг харахаар бурхан эхэлж Адамийг хийгээд, дараа нь Еваг бүтээсэн байдаг. Христийн бүх эш үзүүлэгчид нь эрэгтэй. Будда эрэгтэй, Мухамед эрэгтэй. Шашин хүртэл хүйсийн асуудал дээр хүний тархинд ингэж нөлөөлдөг.
Манай хуулийн систем хүйсийн тэгж эрх дээр асуудал үүсгэж, хүмүүсийн дутуу дулимагийг мэдрүүлдэг. Дунд сургуулийн боловсролын систем, малчин айлын сурагч хүүхдүүдийн асуудлыг судлаад үзэхээр тогтолцооны том асуудал байдаг. Чанартай боловсрол эзэмшиж, ур чадвар эзэмшээгүй эрчүүд гэр бүлийн дарамтад орж, Солонгос руу хар ажил хийхээр явж байгааг үүнтэй холбох боломжтой. Дэлхийн банк 2015 онд судалгаа хийж Монголд сургуулийн өмнөх наснаас эхлээд хөвгүүд охидоос боловсролоор хоцордог гэдгийг баталсан. Хөвгүүд, охидын боловсролын ялгаа арилахгүй явсаар байгаад их, дээд сургуульд ордог. Эрчүүдийн хүчирхийлэл үйлддэг шалтгаан энэ байдалтай холбогдохыг үгүйсгэхгүй. Иймээс манай нийгэм хүйс ялгалгүй хүн бүрийн сайн сайхны төлөө цогцлох ёстой. Энэ тухай Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль дээр тусгасан байдаг.
Х.Номингэрэл: Феминизм нь ганцхан төрлийн үзэл баримтлал биш. Үзэл баримтлал, улс төрийн төвшинд олон төрлийн феминизм оршдог. Гэхдээ суурь үзэл баримтлал нь эмэгтэй хүний эрхийг эдлүүлэх тухай юм. Эм хүйстэнгүүд хүний эрхээ эдлэхэд манай хууль зөвхөн формаль төвшинд л байгаа. Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд хүний эрхээ эдэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүний эрх болон эмэгтэй хүний эрх гэдгийн хооронд зөрүү гарчихсан. Бид энэ зөрүүг алга болгож хүний эрхээ л эдлэх тухай асуудал яриад байгаа юм. Тэрнээс бус хүний эрхээс давсан зүйл, эрэгтэйчүүдийн эрхийг үл хүндэтгэсэн зүйлс огт ярьдаггүй. Феминизм одоо зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал биш болсон. Харин эрх мэдлийн тэгш боломж, оролцоог бий болгох тухай ярьдаг болсон.
Феминизм нийгэмд талцал үүсгэдэг гэдэгтэй би санал нийлэхгүй. Хүчирхийлэлд эрэгтэйчүүд ч өртөж байгаа. Гэхдээ хүчирхийллийн хохирогчдын 98 хувь нь эмэгтэйчүүд. Цалингийн ялгааг харвал эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд дунджаар 100 мянган төгрөгөөр хөдөлмөрөө дутуу үнэлүүлж байна. Эмэгтэйчүүд цалин багатай үйлчилгээний салбарт төвлөрсөн байгаа нь үүгээр нотлогдоно. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсрол эзэмшдэг гэдэг ч энэ чинээгээр орлого олж чаддаггүй. Цөөхөн эрчүүд өндөр технологи, манлайллын ажлын байрууд дээр илүү төвлөрдөг бол олон эмэгтэйчүүд нэг газар ажиллаж буй мэт боловч дундажлахаар цалингийн зөрүү үүсдэг.
Дээрх бодит байдлын хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах ёстой болохоос биш талцах ёсгүй. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд автаж байна гээд ярихаар би лав хүчирхийлдэггүй гээд эрчүүд гараад ирдэг. Бодит байдал, тоо статистик яриад байхад л хүмүүс сөргөөр хүлээж аваад байдаг. Манай нийгэм ийм л байна.
Т.Бямбатогтох: Феминизмийн зорилго хүйсийн тэгш эрх.
Х.Номингэрэл: Ер нь бол яг тэгш эрх биш шударга ёс шүү. Өөрөөр хэлбэл хүйсээс үл хамаараад эмэгтэй хүмүүс хүртэх ёстой юмаа шударгаар хүртэе гэсэн үг.
В.Ганзориг: Баялгийн тэгш эсвэл шударга хуваарилалт гэж маргадаг шиг феминизм гэдэг чинь тэгвэл хүйсийн тэгш эрх гэхээс илүүтэйгээр шударга эрхийн тухай асуудал юм биш үү?
Т.Бямбатогтох: Би хувьдаа тэгш байлгамааргүй байдаг. Угаасаа ийм боломжгүй. Жирийн компанид хүртэл 50:50 хувийн засаглал байдаггүй шүү дээ. Хэн нэг нь санаачилга гаргах ёстой. Би эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш эрхтэй биш харин ч бүр илүү эрхтэй байгаасай гэж хүсдэг. Ингэж байж жендерийн асуудал бичиг цаасан дээр биш амьдрал дээр шийдэгдэх болов уу гэж хардаг.
Б.Булганчимэг: Жендерийн асуудлыг эсэргүүцээд байдаг хүмүүсийн шалтгааныг нь бид сонсох ёстой. Бид Монголынхоо нийгмээ сонсоод, яагаад ингэж аашилж байгааг нь мэдэх хэрэгтэй. Минийхээр бол шалтгаан нь феминизмын талаарх буруу ойлголттой холбоотой. Феминизм гээд ярихаар энэ ширээн дээр сууж байгаа дөрвөн хүн дөрвөн өөр ойлголттой явж байна шүү дээ. Мөн хүмүүсийн мэдлэгийн ялгаатай төвшин нөлөөлж байна. Тэгэхээр бид нийгэмдээ тааруулж энэ ойлголтыг маш энгийн хэлбэрээр тайлбарлаж ойлгуулж байж жендерийн асуудал Монголын хөрсөнд нэвчинэ.
Баруунаас угшилтай хөгжлийн концепцууд Монголд ер нь нутагших уу гэдэг асуулт гардаг. Монгол Улс өөрийнхөөрөө байж болдоггүй юм уу гэж хүмүүс маргадаг. Хариулт нь бол хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо заавал хэрэгтэй. Хөгжлийн онолоор эмэгтэйчүүдийг бүрэн ашиглагддаггүй нөөц гэж үздэг. Эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн харилцаанд бүрэн оролцоод, хөдөлмөрөө бүтнээр нь болон шударгаар үнэлүүлдэг болчихвол дэлхийн эдийн засаг даруй 22 их наяд ам.доллараар нэмэгдэх боломжтой судалгааг НҮБ хийсэн байдаг. Товчхондоо хасагдаад байгаа зүйлсийг нь эмэгтэйчүүдэд нөхөж өгөх тухай яриад байгаагаа бид нийгэмд зөв тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Энэ хандлагыг өөрчлөхгүй, бүх зүйлс аяндаа цэгцэрч тэгширнэ, бидний соёл яваандаа өөрчлөгдөнө гээд хүлээвэл хүйсийн тэгш эрхийн асуудал шийдэгдэх хүртэл бид дахиад 220 жил хүлээх ёстой судалгаа байдаг юм. Энэ хугацаанд хүн төрөлхтөн бараг өөр гараг рүү нүүчихнэ шүү дээ.
“Мартын 8”-нд сошиал медиа дээр Герман эмэгтэйн асуудалтай холбогдон хөвөрсөн, замбараагүй шаагилдсан маргааныг хараад би дотроо их харамссан. Яг энэ үед мэргэжлийн хүмүүс нь гарч ирээд энэ бүх тоо статистик, үндэслэл, ойлголт, мэдлэгийг энгийн хүмүүст ойлгогдохоор, хөрсөн дээр буусан байдлаар тайлбарлах шаардлагатай нь харагдаж байсан. Тэгэхээр ойлголтоо нэгтгэх, өнцгөө нийлүүлж чадахгүй байгаа асуудал жендерийн эргэн тойронд маш их байна.
Х.Номингэрэл: Жендерийн ялгаа байхгүй гэж маргадаг хүмүүс байдаг. Ялгаа байгааг бид амархан нотолно. Жишээ нь, эрэгтэй хүмүүс эмэгтэй хүн шиг гэж хэлүүлэхээсээ ичдэг. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийг эр хүн шиг гэвэл муухан эрээс дээр гээд бүр магтаал болдог. Бидний соёл ийм л тодорхой байна шүү дээ. Гэр бүлийн хооронд ямар харилцаа байх нь ёстой хувь хүмүүсийн асуудал. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Би энд нийгэм, соёл, эдийн засаг, улстөрийн төвшин дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг ярьж байна шүү. Энэ дунд хүчирхийллийн, албадлагын ямар ч хэлбэр байж болохгүй. Гэр бүл доторх хүмүүсийн харилцаа, хайр тэдний хоорондын ухамсарт сонголт байх ёстой. Хар багаас нь чи насан туршдаа гэрээ цэвэрлэж амьдарна шүү гээд сургасан эмэгтэй хүүхдийг ухамсарт сонголт хийсэн гэж хэлэхэд хэцүү. Харин гэр цэвэрлэхээс өөр сонголт байгаа шүү гэдгийг нь мэдчихээд, үгүй ээ би өөрөө энэ сонголтыг хийсэн гээд таван хүүхдийн ээж болоод гэртээ аж жаргалтай сууж байгаа ээж байвал өөр хэрэг. Иймээс бид ийм эмэгтэйчүүдийг шүүмжлэх, тэднийг гаргаж гудамжны жагсаалд оролцуулах ямар ч шаардлага байхгүй.
Харин би ийм амьдралаар амьдармааргүй байна, эрт хүүхэд гаргамааргүй байна гэхээр яагаад хүүхэд гаргадаггүй юм, эмэгтэй хүн чинь заавал хүүхэд гаргах ёстой, “борлогдохгүй” байна уу, чиний юу нь болохоо байсан юм гэх зэргээр тухайн эмэгтэйд нийгмээс дарамтууд ирж шууд бус хүчирхийллийн асуудал эхэлдэг.
Эрэгтэйчүүд ч ялгаварлан гадуурхалтад өртдөг. Нас баралтын төвшинг хараарай. Архидалт, хүнс тэжээлийн буруу сонголт, шоронгийн хоригдлуудын тоо, амиа хорлолтын статистикийг харвал эрчүүд маань хүйсээр дарангуйлалд автсан гэдгийг харж болно.
В.Ганзориг: Хүйсийн чимээгүй дарангуйлалд эрчүүд дасаад өөрсдөдөө таатай байдал үүсгээд байна уу, эсвэл хүйсээр ялгаварлан гадуурхагдаж байгаагаа огт анзаарахгүй явна уу?
Х.Номингэрэл: Үүндээ автаад байгаа. Эрх мэдэл, хүч чадал гэдэг имижтэй эр хүн хүчирхийлэгчийн дүр болчихсон. Асуудлыг шийдээд шийдээд явах ёстой. Энэ дүрээ магтан дуулдаг тогтолцоонд бид амьдарч байна. Магтан дуулаад байгаа учраас эрчүүд баярлаад яваад байгаа. Гэтэл энэ жендерийн дүр солигдсон гэр бүлүүд зөндөө байдаг. Манай найз бага насны хүүхэдтэй. Нөхөр нь хүүхдээ харж гэртээ үлдээд өөрөө ажлаа хийх гэтэл Монгол Улсын Хөдөлмөрийн хууль гэрийн эзэнд тийм боломж олгоогүй. Хуулиаараа ээж хоёр жил хүүхдээ харах эрхтэй ч аавд ийм эрх байхгүй. Хүүхдээ харлаа гээд аавын ажлын байрыг хадгалдаггүй, нийгмийн даатгалыг нь улс төлдөггүй. Тэгэхээр бага цалинтай нөхөр нь ажлаа хийгээд, өндөр цалинтай эхнэр нь гэртээ суух, эсвэл ямар ч нийгмийн халамж хүртэхгүйгээр аав нь гэртээ суух сонголт л байгаа.
Нөхөр гэртээ суухаар гэртээ суудаг эр, арчаагүй, эхнэрээ толгой дээрээ гаргасан гэх зэргээр манай нийгэм, соёлын тогтолцоо нөгөө эрийг байнга нүдэж гэр бүлийн уур амьсгалыг нь эвддэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёр хоорондоо тохиролцсон гэр бүлийн гоё л харилцаа байсан шүү дээ. Гэр бүлийг гаднаас эвддэг энэ тогтолцоо нэгт соёлоор, хоёрт хуулиар баталгаажсан байдаг. Энэ тогтолцоог л өөрчлөх тухай яриад байгаа болохоос биш эрчүүдийгээ ерөөсөө доошоо чангаагаагүй шүү.
Т.Бямбатогтох: Хүйсийн дарангуйлал сэдвийн дор хүчирхийлэгчдийг би өмөөрөхгүй. Дээр бидний ярьсан дутуу дулимагийн комплексийг хэн бий болгоод байгааг бид анзаарах ёстой. Энэ асуудлыг аавууд, ээжүүд аль аль нь бий болгож байна. Тэгвэл шийдэл юу юм бэ гэж хүн бүр асууна. Боловсролтой хүн хүчирхийлэгч байхаа больдог юм уу гэсэн бас нэг асуулт байна. Минийхээр бол үгүй. Харин ч боловсролтой болох тусмаа улам хорон хүчирхийлэгч болдог. Тиймээс IQ гэхээс гадна EQ-ийн боловсрол, хүмүүжил иргэн хүнд хэрэгтэй байна. Сайн аавуудыг төрүүлэхийн тулд одоогийн байгаагийнхаа үгийг сонсох ёстой.
Х.Номингэрэл: Манай эрчүүд эмэгтэйчүүддээ яг асуудлаа ярьж чаддаг уу?
Б.Булганчимэг: Тэгэхээр чинь шалчигнасан болчихно шүү дээ!
Т.Бямбатогтох: Өглөө би нэг гэр бүлтэй зөвлөгөө өгч уулзсан. Хурим хийхээсээ өмнө нөхөр нь зүв зүгээр байснаа нэг гэрт орсноос хойш архи ууж эхлээд, яваандаа өөр хүүхэнтэй холбогдсон. Гэр бүлийн зөвлөгөөний өрөөнд нөхөр нь өөрөө хүрч ирж байна гэдэг нь өөрөө маш том амжилт. Эхнэр нь нөхрөө муулаад шүүмжлээд хэсэг ярьсны эцэст эхнэр, нөхөр хоёр хамт амьдарч эхэлснээс хойш нөхрийн хадам ээж нь тэдний гэр бүлтэй хамт амьдарч эхэлснийг мэдэж авсан. Өөрөөр хэлбэл нөхөрт нь гэрийн эзэн байх эрх чөлөөг өгөөгүй, жаахан асуудал үүсэхээр нөхрийг шууд зайл гээд л хөөдөг байсан. Тэгэхээр энэ гэр бүлийн хувьд нөхөр нь яагаад архи уугаад байсан гэхээс илүүтэйгээр архи уугаад байсан нь л асуудал байсан хэрэг.
Нэг талдаа хүчирхийлэлд өртөн амиа алдаж байгаа эмэгтэйчүүд байгаа. Нөгөө талд сүнс сүггүй болчихсон, ажил хийх, амьдрах урамгүй болтлоо хүчирхийлэлд өртсөн эрчүүд ч байна. Энэ хохирлыг яаж хэмжих вэ? Би өглөө уулзсан нэг л гэр бүлийн жишээг хэллээ. Улсын хэмжээнд 670 мянган гэр бүл байгаа. Шоронд ял эдэлж байгаа 6 мянга гаруй эрэгтэй байна. Яагаад гэдэг гэр бүлийн чиглэлийн ямар ч судалгаа манайд байдаггүй. Тэгсэн хэрнээ баахан судлаачидтай. Германы авто замын ослын шалтгааны 85 хувь нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг юм. Жендерийн асуудлыг та бүхэн боловсролтой холбож байгаатай адил би гэр бүлийн хүмүүжил, тогтолцоотой холбодог.
Б.Болорсайхан: Боловсролтой хүн хорон хүчирхийлэгч байдаг гэдэг үнэн. Гэхдээ хүчирхийллийн эсрэг төвийн мэдээлэлтэй танилцаж байхад нийгмийн төрөл бүрийн гаралтай хүмүүс байдаг. Мартаар твиттер дээр өрнөсөн хэлэлцүүлгийг харахад эрчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг гэдэг өнцөг яваад байсан. Гэхдээ хүчирхийлэлд өртөж буй хохирогчдын дийлэнх олонхи нь эмэгтэйчүүд гэдгийг эхлээд бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр боловсрол бүхнийг шийдэхгүй ч асуудлыг шийдэх шийдэл санал болгодог. 2000-2015 онд улс орнууд хамтраад “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг томъёолоод, үүн дотроо жендерийн асуудлыг оруулсан. Энэ зорилго тэгээд ахиц дэвшил авч ирсэн үү гэвэл авч ирсэн. Үр дүн гаргасан. Эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарладагаараа алдартай Арабын улсууд хүртэл энэ зорилтыг хүлээн зөвшөөрч 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөдөлгөөнд нэгдсэн.
Боломжийг бага багаар бий болгоход хүртэл улс төрийн шийдэл байж болдог. “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг харвал хоорондоо эрэмбэ байхгүй мэт боловч амин сүнс нь чанартай боловсрол гээд бичигдсэн байгаа. Хүний эрхийн боловсрол, жендерийн тэгш байдлын асуудлыг тухайн улсууд боловсролын тогтолцоондоо бүрэн суулгаж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Манай Засгийн газар энэ амлалтаа биелүүлэх ёстой. Манай байгууллага ЕБС-уудад хэрэглэгдэж буй номуудыг шүүж үзэхэд эсрэгээрээ буюу эрх мэдэл, жендерийн тэгш бус харилцааг хөгжүүлсэн дүрүүдийг улам бэхжүүлээд байх юм. Хүний эрх гээд ярихаар манайхан их хол юм бодоод байдаг. Үнэндээ энэ бол бие биенээ хүндэтгэхээс л эхэлнэ. Хүний эрхэм чанар бол жендер, хүний эрхийн боловсрол, эрх чөлөөний амин сүнс.
Хүн төрөлхтний үнэт зүйл гэдэг ойлголт байдаг. Дэлхийн 2-р дайны дараа дэлхийн улс орнууд хүн хүнийхээ эсрэг юу хийж чаддагийг харлаа, хүн бол хамгийн адгийн амьтан байж чадах юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүний үндсэн дээр хүн төрөлхтөн айх айдасгүй, гачигдах зовлонгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, итгэл үнэмшилтэй, сайн сайхан нийгмийг бий болгох зорилготой НҮБ байгуулагдсан. Энэ дундаас хүний эрх, эрч чөлөө, шударга ёс, жендерийн тэгш эрхийг бид олон зуун жилийн дайн байлдаан, зөрчилдөөнөөс олж авсан ухаарал гэж ойлгож болно. Иймээс хүчирхийлэл үүсгэхгүй байх нэг зүйл бол чанартай боловсрол юм.
Б.Булганчимэг: Гэхдээ чанартай боловсрол гэдэг нь математикийн хичээлдээ сайн байх, гадаадын олон хэлээр ярих биш шүү гэдгийг энд онцолмоор байна.
Б.Болорсайхан: Тийм. Чанартай боловсрол гэдгийг манайхан хувийн сургуульд явдгаар дүгнэх гээд байдаг. Тийм биш шүү. Чанартай боловсролыг чанартай олгосны үр дүн нь бусадтай харилцаж чаддаг буюу бусдыг хүндэтгэдэг, ялгаварлан гадуурхдаггүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг хүн гарч ирэх ёстой.
В.Ганзориг: Суурь боловсролоос эхлүүлээд дээд боловсролын шат хүртэл эмэгтэйчүүд давуу эрхтэй явсан атлаа яагаад ажлын байр, бодлого тодорхойлох төвшинд, улс төрд эмэгтэйчүүд алга болоод байна вэ? Эмэгтэйчүүд маань нийгэмд хүсээд байгаа байр сууриа эзлэхийн тулд тэдэнд яг юу саад болоод байгаа юм бэ? Эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь хамаарах юм байдаг болов уу?
Б.Болорсайхан: НҮБ-аас Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенци гаргасан. Манай улс үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй. 2016 онд энэ конвенцийг Монгол Улс хэрхэн мөрдөж буй байдалд НҮБ-ын шинжээчид дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд монгол эмэгтэйчүүд улс төрд ороход намдаа өгөх хандив хамгийн том саад бэрхшээл болдог гэсэн байсан. Дараагийн зүйл нь хүүхдээ асрах зуур эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх суларч, танилын хүрээ нь хумигддаг. Өөрөөр хэлбэл цүнх баригчид, даргын утсан хүүхэлдэй болсон залуус буруу аргаар эрх мэдэлд хүрч байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг тэр хэрээр хумиж байгаа гэсэн үг.
Б.Булганчимэг: Эмэгтэйчүүд бие биеэ дэмждэггүй гэдэг явган яриа байдаг. Гэхдээ энэ бол судалгаа, фактгүй зүйл. Энэ бол хүний боловсрол, ухамсарын асуудал. Үүнд хүйс ямар ч хамаагүй. Булган гэдэг эмэгтэй дарга боллоо гэж бодъё. Нэгт, нөхөр маань хүүхэд харилцан тээлцдэг байсан бол тэгш юм ярьж болно. Хоёрт, нөхөр маань орой үдэш даргатай виски уунгаа ажил төрлөө ярьж болно. Миний дарга эрэгтэй байх магадлал асар өндөр. Эрэгтэй даргатайгаа орой үдшийн цагаар виски уугаад явж байвал хүмүүс намайг юу гэж цоллоно гэж бодож байна? Гуравт, би нөхөргүй байж байгаад өөрийн эрдэм чадлаараа дарга боллоо гэж бодоход энэ ч дээ, өөрөө яг чадлаараа дарга болоогүй дээ гэж хардах магадлал ямар өндөр гэж санана? Энэ бол бидний бодит амьдрал. Биднийг зөвхөн эмэгтэй учраас доромжлох, дорд үзэх магадлал асар өндөр. Үүнийг би шалтаг болгомооргүй байгаа ч миний ард надаас хэцүү нөхцөл байдалд байгаа маш олон эмэгтэйчүүд бий. Тэднийгээ төлөөлөөд би ингэж хариулмаар байна.
Х.Номингэрэл: Эмэгтэйчүүд ижил тэгш байхад орлого саад болж байгаа. Орлого гэдэг бол маш олон зүйлийн илрэл. Би сонирхоод улс төрийн намуудын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн утасны жагсаалтыг харж байсан. Эрэгтэйчүүд нь 9911, 8811 бол эмэгтэйчүүдийн дугаар нь тооны цуглуулга. Эмэгтэйчүүд утасны дугаартаа ач холбогдол өгдөггүй байх магадлалтай ч тодорхой түвшинд орлогын илэрхийлэл мөн.
Монголд шийдвэр гаргах төвшинд ороход асар үнэтэй. Энэ бол манай ардчилалд тулгамдаж буй гол асуудал. Энэ үнийг төлж чадахгүйгээс болоод зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй маш олон төрлийн нийгмийн бүлгүүд шийдвэр гаргах хүрээнээс гадна үлдэж байна. Шийдвэр гаргах төвшинд орж чадахгүй бол тэдэнд ээлтэй бодлого гарахгүй. Эрчүүд хүн болгоны өмнөөс бодож чадахгүй. Эмэгтэй хүний өнцгөөс боддоггүйгээс болоод манай улсын төрөх эмнэлгүүд ямар нөхцөлд байна? Эрэгтэй хүн төрдөггүй учраас төрөх эмнэлгийн нөхцөлийг хэн ч бодохгүй байна л даа. Бодохгүй учраас шийдвэр гаргаж буй хүмүүс тийшээгээ мөнгө хуваарилдаггүй.
Орлогын тэгш бус байдал цалингийн түвшинд яригдахаас гадна компанийн орлого, хувь нийлүүлэгчдийн тоон дээр ч харагдана. Эрэгтэй ба эмэгтэйн харьцаа хамгийн ихдээ л 70:30-ийн харьцаатай байдаг. Гэтэл энэ том зөрүүтэй харьцааг даваад гараад ирсэн эмэгтэйчүүдийг манай нийгэм, соёлын хандлага байнга хүнд ачаагаар дардаг. Тэднийг төгс байхыг шаарддаг. Эмэгтэйчүүдийн гэр орондоо хийдэг ажлыг нэмээд, үнэлгээжүүлбэл эрчүүдээс хамаагүй их хувь нэмрийг нийгэмд оруулж байдаг. Эдгээр шалтгаанаас болоод маш өндөр боловсролтой, мундаг эмэгтэйчүүд хол явж чадахгүй байна.
Т.Бямбатогтох: Боловсролын чанар, гэр бүлийн уур амьсгалыг харахаар зарим гэр бүл, эцэг эх, хүүхдүүдийн дунд ямар ч дарангуйлал, айдас хүйдэс байхгүй хэрнээ яаж ингэж бие биенээсээ холдож хөндийрч чадаж байна аа гэж гайхширмаар аймшигтай нөхцөл байдал үүссэн байдаг. Ирээдүйн боловсрол хүнийг хүн хэвээр нь үлдээхэд л чиглэх байх. Нэмээд сонголт хийх, эрсдэл үүрэх чадварыг эцэг эхчүүд хүүхэддээ эзэмшүүлэх ёстой.
Миний бодлоор хүйсийн дарангуйлал, хүйсийн гажуудлын асуудал мөддөө шийдэгдэхгүй. Яагаад гэвэл бид өнөөдөр ямар цаг үед, ямар хуулийн соёл ноёлж буй нийгэмд амьдарч байгаагаа бодох ёстой. Мичин гарагийн үед хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хуультай байсан. Дараа нь бурхнаар засаглуулсан нийгэм хэсэг явсан. Дараа нь нэг хүний засаглал, диктатур, хаант засаглалтай байж хүн төрөлхтөн хэсэг үзсэн. Өнөөдөр бид чи өөрийнхөөрөө, би өөрийнхөөрөө амьдрах эрхтэй нийгэмд оршиж байна. Өөрөөр хэлбэл би чинийхээр, чи минийхээр байх албагүй, боломжгүй гэсэн үг.
Б.Болорсайхан: НҮБ хүн төрөлхтнийг диваажинд аваачих зорилготой биш. Харин түнэр харанхуй руу унахаас нь сэргийлэх үүрэгтэй гэж НҮБ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга хэлсэн. Бид утопи байж болно, гутранги байж болно. Гэхдээ гэрэл гэгээгээ энэ гэж харах ёстой шүү. НҮБ-ын тэр бүх конвенци, тунхаглал бол хүний эрхийн хамгийн наад захын стандарт, жишиг юм аа, улс орнууд энэ жишиг рүү тэмүүлэх, бүр давж гарах ёстой гэдгийг та бүхэн сайн ойлгоорой.
В.Ганзориг: Үнэтэй цагаа зарцуулан маш чухал сэдвийг залуусаа төлөөлөн ярилцсанд баярлалаа! Нэвтрүүлгээ товч дүгнэе. Нэгт, жендер гэдэг хүйсээс илүүтэйгээр бол хүний эрхийн асуудал юм байна. Хоёрт, феминизмын талаар бид нэгдсэн бөгөөд зөв ойлголт багатай явдаг юм байна. Бултаараа ойлголт мэдлэгээ сайжруулах ёстой юм байна. Гуравт, энэ асуудлыг шийдэх шийдэл юу вэ гэхээр боловсрол, тэр дундаа чанартай боловсрол юм байна.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Зочин