УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал саяхны нэг өдөр “Ачит ихт бол стратегийн орд, тэр дундаа үүсмэл орд” гэдэг мэдэгдлийг хийсэн. Маргааш нь буюу 2-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Стратегийн ордын тоог 55 болгож нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

"Стратегийн ач холбогдол бүхий" нэртэй орд газрын жагсаалтыг анх 2007 онд УИХ-аар баталж, 15 ордыг жагсаасан. 2015 онд нэг ордыг шинээр нэмжээ. Одоо шинээр дахин 39 ордыг стратегийн ордод бүртгэх тухай ярьж байна. Үүний 31 нь өмнө нь уул уурхайн үйлдвэрлэл явуулаад үлдсэн хаягдал овоолгууд. Мэдээж Н.Учрал сайдын нэр дурдсан “Ачит Ихт” компанийн ашиглаж буй "Эрдэнэт" үйлдвэрийн “балансын бус” гэгддэг хоёрдугаар овоолго ч багтсан.

Тэгвэл 1976-1980 онд Геологи, уул уурхайн сайдаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай өнгөрөгч баасан гаригт iSee.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Стратегийн орд гэдэг нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагш нь суга татах чадвартай тийм ордыг хэлдэг юм. Ашигт малтмалыг нь ялгаж авсан хогийг овоолго гэдэг юм” хэмээн тов тодорхой хариулсан байна. Тодруулбал, 1972 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн орд газарт хийсэн нарийвчилсан судалгаа,  Ашигт малтмалын нөөцийн улсын комиссын /Ч.Хурц ажлын хэсгийг ахалсан/ шийдвэрээр тус хоёрдугаар овоолгыг үйлдвэрийн ашиглалтын технологид нийцэхгүй ядуу агуулгатай хэмээн дүгнэж, Эрдэнэт үйлдвэрийн балансын нөөцөөс хасчээ.

2006 онд Английн “Central Asia Metals” компани тус овоолгыг ашиглахаар судалгаа хийсэн боловч “технологийн зардал өндөртэй, эдийн засгийн үр ашиггүй” гэж үзээд орхиж явсан. Үндсэндээ 1972 оноос хойш орхигдсон уг овоолго дээр 40 гаруй жилийн дараа 2014 онд “Ачит Ихт” компани өндөр технологийн гидрометаллургийн үйлдвэр байгуулснаар уусган баяжуулах технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэж эхэлсэн. “Ачит Ихт”-ээс гадна “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” гэж хоёр ч компани Эрдэнэтийн өөр хоёр овоолго дээр ажиллаж, катодын зэс үйлдвэрлэж байгаа.

Энэ үеэс л Эрдэнэтийн орхигдсон овоолгууд эрх баригчдын овоо хараанд өртөж, шуналыг нь дэвтээх болсон юм уу даа. Тэгээд 2017 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, дээрх овоолгуудыг “үүсмэл орд” гэж нэрлэхээр болсон байна. Одоо барьцаа улам чангаруулж, “үүсмэл ордыг стратегийн ордод бүртгэх”, өөрөөр хэлбэл 34-51 хувийг нь төрийн өмчид авахаар ярьж байна. Зорилго нь Баялгийн санг мөнгөжүүлэх явдал гэнэ.

Нэг зүйлийг тодруулахад “Эрдэнэт” үйлдвэрийн экспортод гаргадаг хүдрийн баяжмал 25 хувийн зэсийн агуулгатай, тонн нь 2200 ам.доллар. Харин катодын зэс 8800 ам.доллар. Ийм байхад яагаад “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийг хүртэл зэс үйлдвэрлэхгүй, баяжмалаар нь гаргаад байгаа юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Хурц гуай “Наадхаа дарга нараас асуу. Зэс боловсруулах үйлдвэрээ бариач ээ гэж би 35 жил хашгирлаа” хэмээн ундууцсан.

Тэгвэл “яагаад” гэдэг асуултын хариу нь өнөөдөр болж буй үйл явцаас бэлээхэн харагдаж байна л даа. Эрх барьж байгаа нам, дарга нар дотор эдийн засгаа тэлье, улс орноо өөд нь татья гэсэн амьсгаатай нэг ч хүн алга. Эсрэгээрээ бусдын хийж бүтээснийг шимэгчлэх, хурааж авах, дээрэмдэхийн л дон туссан хүмүүс. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эрх баригчид Ашигт малтмалын тухай хуульд 300 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан, 31 үүсмэл ордыг бүртгэж авсан байна. Тэгвэл тэднээс хэдийг нь эргэлтэд оруулсан бэ? Хариулт нь “Тэг”.

Тэгээд одоо “Стратегийн тавхан ордоос 480 тэрбумыг Баялгийн санд төвлөрүүлж байна. 55 ордтой болчихвол хэдийг олж болох вэ?” гээд тооны машинд хийгээд сууж байна. Хувийн компанийн балансад байгаа орлогыг төрд бүртгэж авлаа гээд баялгийн хэмжээ өсөх үү? Үгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Түүнийхээ оронд “Ачит Ихт” шиг, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” шиг өөр олон компаниудыг оруулж ирэх, ажлын байр шинээр бий болгох, улс нь татвараа аваад, төсвөө бүрдүүлэх тухай ярих ёстой биз дээ.

Гэтэл манайхтай бараг хил залгаа Казакстанд бараг мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани ажиллаж байна гэж байна. Байгалийн хий, нефть, металлургийн салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гээд. 2006 онд манайхыг орхиж гарсан “Central Asia Metals” жишээ нь Казакстанд үйлдвэрээ байгуулчихсан, хүдрийн овоолго ашиглаад жилдээ 15 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг, Лондонгийн металлын бирж дээр хувьцаагаа гаргачихсан. Хажууханд нь иранууд яг адилхан үйлдвэр байгуулаад ажиллаж... гэх мэтчилэн.

Яагаад гэвэл тэнд улс төр нь үйлдвэрлэл рүү огт ордоггүй, төрийн компаниуд нь зөвхөн гоелоги хайгуулын судалгаа хийх, үндэсний компаниудаа дэмжих үүрэгтэй. Саяхан л бидэнтэй зэрэг нэг гараанаас гарсан улс одоо дэлхийн зах зээл дээр уул уурхайн том үйлдвэрлэгч, тэргүүлэгч орнуудын нэг болчихсон, нэг хүнд ногдох ДНБ нь 24000 доллараас хол давчихсан.

Гэтэл манайд өнгөрсөн 35 жилд юу өөрчлөгдсөн бэ? Зах зээлийнхээ зарчмаар ажиллаад, хөрөнгө оруулалтаа татаад, үйлдвэрлэл, технологи оруулж ирээд, татвараа төлөөд явж байгаа үндэсний цөөхөн компаниа тонох үйл ажиллагаа л явж байна. Ялангуяа сүүлийн 8-9 жилд. Аргагүй шүү дээ, ийм төртэй байхад гадаадын ямар хөрөнгө оруулагч Монголд итгэж орж ирэх юм. Оруулж ирж чадахгүйгээ мэдээд дотоодынхноо тонож эхэллээ шүү дээ. Дийлдэгээ зодно гэж энэ.

Үнэхээр дийлмээр санагдаад, бяр нь амтагдаад байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн үлдсэн овоолгууд дээр хөрөнгө оруулалт татаад, үйлдвэр байгуулаад ашгийг нь гарга л даа. Энэ гуравхан үйлдвэр гэхэд өнгөрсөн хугацаанд улс, орон нутгийн төсөв болон “Эрдэнэт” үйлдвэрт хоёр их наяд төгрөгийн татвар болон төлбөр төлчихсөн, 1000 гаруй хүний ажлын байр бий болгочихсон байна. Түүн шиг дахиад хэдэн үйлдвэр байгуулчихаар атал өнөөдөр жилийн дөрвөн улирал цас, бороонд нэвчсэн овоолгын ёроолоос хүчилтэй ногоон ус урсаж гараад, хүн, мал хордуулаад, байгаль орчин бохирдуулаад байна гээд нутаг усныхан гомдол тавиад явахад хөдөлж байгаа нэг ч амьд амьтан алга. Далан байгуулж хашсан болоод л аргацааж байгаа.

2006 онд хоёрдугаар овоолго дээр орж ирсэн Английн компани хоёрдугаар овоолгоос гадна 20 жилийн турш ашиглах бусад овоолгуудыг байршил, хэмжээ зэргийг GPS-ээр тодорхойлоод гэрээнд хавсаргахыг хүсэхэд “Эрдэнэт”-ийн удирдлагууд “чадахгүй” гэдэг хариу өгсөн. Үүнээс болоод компани "технологийн болон нөөцийн хувьд эрсдэлтэй" гэж үзээд гарч явсан. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр, эрх баригчдаас ямар ч ахиц гарсангүй. Чадаж байгаа ганц зүйл хураах, дээрэмдэх. Энэ чинь тэгээд эрчимтэй хөгжлийн гараа, уул уурхайн салбарын өсөлт, хөгжилт үү?

Дахиад хэлье. Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэгт чинь шал өөр ойлголт шүү. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагш нь суга татахуйц нөөц баялагтай ордууд дээр дэлхийн түвшний өндөр технологийг оруулж ирж байж “стратегийн ач холбогдол” нь гарч ирнэ. Түүнээс биш хаягдал овоолго дээр ажиллаж байгаа хувийн компанийг тонолоо гээд Монгол Улсад ямар ч ашиг тус болохгүй. Эсрэгээрээ уул уурхай руу хөрөнгө оруулах хүнгүй л болно.

inews.mn