Ерөнхийлөгч өө, Э.Макрон, Ф.В.Штайнмайер нарын айлчлалын дараа Хаан Чарльзийг Монголд урьчихаач!
-ХБНГУ Монголын харилцааны нандин онцлог нь ашиг сонирхлоо дагаж үнэт зүйл нь биш, харин үнэт зүйлээ дагаж ашиг сонирхол нь орж ирдэг-
Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхт ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийхээр болсон. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуравдагч хөршөөрөө, тэр тусмаа Европын холбооны хоёр гол “локомотив” орны нэг Герман улсын Төрийн тэргүүний төрийн айлчлалаар 2024 оны гадаад харилцааны үйл явдлыг эхлүүлж байна.
Үүгээрээ 2024 онд Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй хэвээр байж, Монголыг чиглэсэн гадаадын зочин гийчдийн урсгал харин ч нэмэгдэх төлөвтэй байгаагийн тод илрэл нь өнөөдөр зарлагдсан ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлал илэрхийлэх болов уу. Нөгөөтэйгүүр, Германы Ерөнхийлөгч Монголд ирсний дараа энэ ондоо багтаад Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчлах төлөвтэй байна.
Монголын гадаад бодлого юу өгүүлнэ вэ?
Дахин сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хувьд “очих нь чухал бус, ирүүлэх нь чухал” гэсэн зарчим баримталж “Дэлхийг Монголд авчирч байж өөрсдийгөө таниулах юм байна” гэж үзэж буй. Тэрбээр гадаад бодлогодоо гурван том зарчмын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, айлчлалыг хоёр талын урсгалтай болгох өөрөөр хэлбэл, зөвхөн айлчлан очдог бус урьж ирүүлдэг болгох. Ингэснээр бид өөрсдийн давуу тал, сорилт бэрхшээл бүх зүйлийг зөв таниулдаг болох, монгол хүн юугаараа ондоошдог, яагаад Монгол Улс энэ хоёр том гүрний дунд хүчтэйгээр оршин тогтнож чадаад байгааг тэд ирж харах нь илүү өөр сэтгэгдлийг төрүүлэх учиртай юм. Тэд монгол хүний, монгол хүүхдийн, монгол эрчүүдийн, монгол бүсгүйчүүдийн нүүр царай, нүдний харцыг, гал цогийг хараг. Хоёрдугаарт, монголчууд гуйлга гуйх, зээл тусламжийн бодлогоос татгалзаж, зөвхөн харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар харилцаж чаддаг болсон. Гуравдугаарт, гадаад харилцааны салбарт шийдвэр гаргах механизм зөв зүйтэй, ном ёсоороо ажиллаж эхэлсэн. Энэ хамгийн чухал. Гадаад харилцааны салбарт шийдвэр гаргах механизм гэдэг нь нэг хүн дур зоргоороо шийдвэр гарган гадаад бодлогын асуудал зарласнаар том асуудлууд үүсгэдгийг хэлж байгаа юм. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын болчимгүй иймэрхүү мэдэгдлүүд удаа дараа асуудал үүсгэж байсныг дурдаж болно. Үнэндээ Монголд ч энэ талаар гашуун сургамж бий. Жишээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэнэт НҮБ-ын индэр дээрээс “Байнгын төвийг сахина” гэж зарласан нь тухайн үед “скандал” үүсгэж, хөршүүд, харилцдаг улс орнууд “Монгол яг Швейцарь шиг гадаад бодлоготой болох нь” гэж гайхаж “Үнэн үү” гэж лавлаж эхлэхэд дотооддоо бид энэ талаар маргаж эхэлсэн. Өөрийнх нь даргалж байгаа ҮАБЗ-ийн удирдлагад байдаг Стратеги судлалын хүрээлэнгийнхэн хүртэл хэзээ, хэнтэй ярьж зөвлөөд ийм шийдвэрт хүрсэн юм бол гэж гайхацгааж байсан. Энэ бол шийдвэр гаргах механизм зөв ажиллаагүй, ганцаараа очоод шийдвэр гаргачихсан учраас ийм зүйл болж байв. Гэтэл бид “Байнгын төвийг сахьсан орон” байх боломжгүй. Манай гадаад бодлого маш тодорхой: олон тулгуурт гадаад бодлоготой. Олон тулгуурт гадаад бодлоготой орон Байнгын төвийг сахих ямар ч боломжгүй!
Өнөөдөр Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм яаж явж байна вэ гэхээр ГХЯ-аас бодлого, санал санаачилга гарч, тэр нь эрдэмтэн мэргэд, харилцааны салбарын судлаачдаар хэлэлцэгдээд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл рүү орж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албатай ярьж дэнсэлсний эцэст хэн нь аль улсад хэзээ айлчилж, юу ярихаа төлөвлөж бодож, хэлэлцэж шийдвэр гаргадаг. Энэ бол зөв мехнизм бөгөөд бүрэн бүтнээрээ ажиллаж эхэлж байна. Ингэж байж биднийг гадаад ертөнц хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой байдал бөгөөд гадаад харилцаа, гадаад бодлого нэг цонхоор, зөв зүйтэй явж байгаа гэсэн үг юм.
Герман, Монголын харилцааны түүхэн өдөрт
2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бол Монгол, Герман хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоож гарын үсэг зуралцсаны 50 жилийн түүхт ойн өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн онд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж олон чухал асуудлыг шийдэж ирсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронды хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 1991 оноос 2023 он хүртэлх хугацаанд нийт 530 орчим сая еврогийн техникийн болон санхүүгийн тусалцаа, хөнгөлөлт, зээл тусламжийг манай улсад үзүүлж ирсэн. Энэ нь манай улс Германаас жил бүр дунджаар16.5 сая еврогийн тусламж авч байсан гэсэн үг. Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч ирсэнтэй холбоотойгоор ХБНГУ Хөгжлийн хамтын ажиллагаагаа 2020 онд зогсоосон байсаныг 2022 онд сэргээсэн. Үүний дагуу өнгөрсөн оны 9 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ хийж 2025 он хүртэлх хугацаанд нийт 78 сая еврогийн буцалтгүй тусламжаар дараах гурван чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд, Тогтвортой эдийн засгийн хөгжил, сургалт болон хөдөлмөр эрхлэлт. Уур амьсгал ба эрчим хүч, шилжилтийн үе шат. Байгаль орчин, байгалийн нөөцийг хадгаран хамгаалах чиглэлүүдийн төсөл хөтөлбөрүүдийг онцлон заажээ. Дээрх тусламжийн нийт дүнд санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдэд зориулж 17 сая евро, техникийн хамтын ажиллагааны төслүүдэд 22 сая евро, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангаар дамжуулан эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг санхүүжүүжлэхэд хөрвүүлэх 29 сая хүртэлх еврогийн өр төлбөрүүд багтсан байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд Европын холбоотой “Ойн түншлэл” байгуулж түншлэлийн хүрээнд Европын холбооноос 17.9 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр Герман улс Европын холбооны төсвийн 20 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд дээрх 17.9 сая еврогийн төслийн санхүүжүүжилтийн 20 орчим хувийг нь ХБНГУ-ын Засгийн газраас үзүүлж байна гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын хувьд Зүүн Европын орнуудтай уламжлалт найрсаг харилцаатай, Баруун Европоос ИБУИНВУ-тай найрсаг харилцаатай. Франц улстай тусгай эрхт түншлэлийн харилцаатай. Бусад нь Европын холбоогоороо дамжаад харилцаатай байдаг гэхчлэн Европын холбооны 27 гишүүн оронтой янз бүрийн түвшинд харилцаа хамтын ажиллагаатай. Эдгээрээс Герман улс бол онцгой ойрхон харилцаатай, бүх талын түншлэлийн харилцаатай. Одоогоор энэ түвшнийг “Стратегийн түншлэл” болгон шат ахиулахын төлөө хоёр талаас идэвхтэй ажиллаж байна. Жишээ нь ИБУИНВУ-тай. дугуй ширээний уулзалт гэдэг ганцхан зөвлөлдөх механизмтай бол ХБНГУ-тай Монгол Улс бараг зургаан зөвлөлдөх механизмтай. Үүнд, Монгол Улсын Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын ахладаг “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсэг”, “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ” ажлын хэсэг, ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэргийг нэрлэж болно. Эдгээрээс “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дор Монгол, Германы эдийн засгийн хороо гэж дэд ажлын хэсэг байдаг, үүнийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал ахалдаг. Мөн “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ” ажлын хэсгийг ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллаж байна.
Хэдийгээр ковидын цар тахлын үеэр болон Орос, Украины дайны нөлөөгөөр харилцаа хамтын ажиллагаа бага зэрэг саатсан, өөрийнх нь эдийн засгийн байдал ч амаргүй үеийг даван туулж байгаа боловч 84.6 сая хүн амтай Германы улсын Холбооны ерөнхийлөгч нь Монголд төрийн айлчлал хийж байгаа нь манай улсад өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, Монголд Герман улсад төгссөн, герман хэлтэй, тус улстай ямар нэг байдлаар холбоотой 35 мянган хүн байдаг. Гэхдээ энэ тоо цөөрсөн. Яагаад гэвэл АНУ, Австрали, Хятад, Солонгос, Япон гээд сонирхолтой улс орнууд гараад ирсэн. Герман бол герман хэлээрээ сургадаг учраас англи хэлээр сургах нь бага учраас Германыг сонирхох сонирхол багассан. Энэ нь бидний 50 жилийн харилцааны гүүр болж байсан герман хэлтний тоо цөөрөөд ирэхээр Гадаад яамандаа хүртэл герман хэлтэй хүн цөөрч эхэлсэн гэдэг. Тиймээс өнгөрсөн жилийн өдийд манай талын санаачилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцуулахаар тохирсон байдаг. Түүхэн талаасаа гэвэл Их зохиолч Д.Нацагдорж нарын мөрөө гаргасан энэ жимээр нэгэн зууны дараа буюу хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор Герман оронд, төрийн зардлаар сэхээтнүүдээ илгээхээр болсон энэ тоон үзүүлэлтэд хоёр орныхон билэгшээж тун дуртай байгаа юм. Тэгээд ч Герман, Монголын харилцаанд түүхэндээ ямар нэгэн сэв зураас гарч байсангүй, манай улсад хэзээ ч элдвийн муу муухай зүйл рүү ятгаж сэнхрүүлж, түлхэж байсангүй. Харин ч үргэлж техник технологийн дэвшил, инженер, ардчиллын боловсрол, хууль эрх зүй, хүний эрхийн боловсролын талаар үлгэр дуурайлал болж байсан. Жишээ нь Ардчилсан намтай Конрад Адэнауэрын сантай, Ардын намтай Фридрих Эбертийн сантай 30 жил харилцаж хамтарч ажиллаж байна. Энэ утгаараа ХБНГУ Монгол Улстай бүх түвшинд “Үнэт зүйл дээр суурилсан түншлэл”-ийн харилцаатай гэж үздэг. Германы Монголтой харилцдаг харилцаа нь бусад улстай харилцдагаас юугаараа ялгаатай вэ гэхээр ашиг сонирхлоо дагаж үнэт зүйл нь биш, харин үнэт зүйлээ дагаж ашиг сонирхол нь орж ирдэгээрээ маш нандин онцлогтой. Ингээд Европ тивээс Европын холбооноос гараад явчихсан Английн Хаан Чарльзийг л урих үлдлээ дээ.