ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШВОЙ
V БҮЛЭГ
V бүлэг
ҮЙЛИЙН ТҮЙТГЭРИЙН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ТАСЛАГЧ
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан Будда машид гүнзгий их дээд Самадид оршив. Түүний биеийн шар усны нүх бүрээс нь элдэв янз олон өнгөт гэрэл хэмжээлшгүй ихээр гэрэлтэв. Арван зүгийн Бурханы орон тэр гэрлийн дотор тодрон үзэгдлээ. Тэр гэрлээр орчлон ертөнц гэрэлтэн гийхэд арван хар нүгэл үйлдэж там адгуус бирдийн төрөлд унасан амьтад тэр гэрлийн хүчээр зовлонгоос ангижрав. Тэр гэрлийн хүчээр бүгд амгалан тайван болж дор бүрнээ аз жаргалыг амссан билээ.
Тэр үест хурмаст тэнгэрийн хаан Гангадэви (Гангын Лхам) тэргүүтэй хурсан нөхөд Ялж төгс нөгчсөн Бурхан багш хаана байгаа тэр газарт хүрч ирэв. Тэд Ялж төгс нөгчсөн Бурхан багшийг гурвантаа тойрч эргээд сөгдөн мөргөв. Тэд нэгэн зүгт сууцгаалаа.
Тэгээд насан гавьяат Шарипутра суудлаас бослоо. Дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгав. Баруун өвдгөө газарт өвдөглөөд алга хавсран сөгдөв. Тэгээд тэр Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгалаа.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа, Язгуурын хөвгүүн болон язгуурын охин тэрчлэн их хөлгөнд[1] үнэнхүү оршсон, үнэнхүү гэгээрлийг илтэд олсон амьтан бүгд бурхан болохыг хүсдэг. Тэд Бурхан болохын тулд ямар мэт буяны үйлийг тус тусад нь наминчилж үйлдэх вэ? хэмээн айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш Шарипутрад зарлиглав.
Шарипутра аа, Язгуурын хөвгүүн болон язгуурын охин түүнчлэн их хөлгөн номд үнэнхүү оршсон, гэгээрлийг илтэд гүйцээсэн хэн боловч бурхан болохыг хүсэх аваас тэр нь энэ мэт байдаг. Гурван өдөр гурван шөнө дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаад, өвдгөө газарт хатган алгаа хавсарч ийн өгүүлэн тангараг тавьж мөргөх хэрэгтэй. Олон төрөлхтөн тэнгэр орчлон ертөнц болоод хүмүүний амар амгалан, түүний нигүүлсэнгүй их тусын тулд би Ялж төгс нөгчсөн Бурханы адил арван зүгийн ертөнцөд тэнцэшгүй их үнэнхүү их гэгээрлийг гүйцээх болно. Би номын хүрдийг19 машид ихээр эргүүлнэ. Номын ёсыг дээдлэн барина. Би номын өглөгийг машид зохиож, номын зул[2]-ыг машид түгээн, номын хур[3]-ыг машид ихээр буулгана. Номын хэнгэргийг би машид дэлдэж, номын лавайг машид дуурсгана. Амьтан бүгдийг номын өглөгөөр цэнгүүлэн Ялж төгс нөгчсөн Бурхдад би мөргөх болно.
Ялж төгс нөгчсөн Бурханы тахилын орон, мөргөл үйлдэх орон, хүндэтгэл үйлдэх орон тэдгээрт би бүгдэд мөргөх болно. Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг би хүртэн тэргүүнээрээ бие, хэл, сэтгэлээрээ мөргөх болно.
Эхлэл төгсгөл үгүй энэ орчлон эргэлдэх тэр цагт би шунал уур мунхгийн зовлонд автсан бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл бүхнээс ангид хол орших болно хэмээн өгүүлэн наминчилна.
“Би Бурханд үнэн сүжиглэх болно. Би номд мэрийнэ. Буян хийгээд нүглийг ялгаж салгаж ойлгох болно. Дээдсийн номыг машид ойшоон амьтан хүний амь таслахгүй хэмээн би Ялж төгс нөгчсөн Бурханы мэлмийн өмнө наминчлан тангараглаж байна. Үл нуух болно. Хойшид үл үйлдмүй” хэмээн тангараглана.
“Нүглийг үйлдэх хийгээд биеийн, хэлний, сэтгэлийн арван янзын арван хар нүглийг үйлдсэн, үйлдэхэд оруулсан үйлдлийг даган баяссан хийгээд амьтанд ширүүн үгийг өгүүлсэн олон янз башрыг би үл үйлдэх болно. Үүнийг Ялж төгс нөгчсөн Бурхан Буддагийн мэлмийн өмнө наминчлан мөргөмүй. Гэмшмүй. Хойшид үл үйлдэх болмой. Үл нууж үйлдэх болмой” хэмээн наминчилна.
“Тэр мэт ном сургаалын суурь хуулиудыг буруу үйлдэх, Бурхан багшийн сургаалыг үл хүндэтгэн сонсох, хуврагийн болон бусдын эд юмсыг хулгайлах, бусдад худал үгийг хэлэх, бурхад хуврагуудад ширүүн үгийг өгүүлэх хийгээд ном бусыг дээдийн хэмээн үйлдэхийг би үл үйлдэх болно.
Эдгээр бүгдийг Бурханы мэлмийн өмнө би наминчилмой хэмээн өгүүлж наминчилна. “Бурхан ном хуврагийг үл тоомсорлосон арван хар нүглийн цаламд оосорлогдсон, там болоод адгуусны бирдийн төрөлд одох олон амьтныг аврахын тулд би бие болоод сэтгэлээ үл хайрлах болно. Зориулах болно” Үүнийг би наминчилмой.
“Урьд урьдын бодисадва, махасадва нар энэ мэт үйлийн түйтгэрүүдийг тус тусд наминчилсан. Би бээр үйлийн түйтгэрүүдийг тус тусд нь наминчилмой. Гэмшмүй. Үл нуумой. Цаашид үл үйлдмүй. Энэ мэт арван зүгийн ертөнцөд өнгөрсөн, ирээдүй, одоо цагт төрсөн бодисадва, махасадва нар, ихэс нугууд гэгээрлийг олох үйлд хичээхдээ үйлийн түйтгэр нүглийг тус тусд нь энэ мэт наминчилсан. Би эдгээрийг бүгдийг тус тусд нь наминчилмой. Гэмшмүй. Үл нуумой. Хойшид үл үйлдмүй” хэмээн өгүүлж үйлдэх хэрэгтэй.
Шарипутра аа, Язгуурын хөвүүн, язгуурын охин үйлдсэн нүглийнхээ үйлийн үрийг арилгах гэх аваас үйлийн үр дагавруудыг тус тусад нь энэ мэт наминчлан үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид үл үйлд. Түүнчлэн их баялаг их төгс эдлэл, шижир алт, эд таваар машид их жаргалыг хүсэж хаан язгуурт төрөхийг хүссэн бүхэн мөн үүнчлэн түйтгэр бүгдийг тус тусд нь наминчилж үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид ч үл үйлд.
Язгуурын хөвгүүнээ, хэн бээр бярмангийн язгуур эд баялгийн эзэн хийгээд Дөрвөн махранз язгуур 33-н тэнгэрийн оронд төрөхийг хүсэх аваас тэр бас үүнчлэн үйлдэнэ. Тус тусд нь наминчилж үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Цаашид үл үйлд.
Түүнчлэн тэмцэл хорлолоос ангижрахыг хүссэн, их бага буяныг хүссэн, тэнгэрүүдийн адил оршихыг хүссэн хэн боловч үүнийг тус тусд нь наминчлан үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид ч үл үйлд.
Язгуурын хөвгүүнээ, Хэнд боловч түүний үйлдсэн буян нүгэл аль аль нь эргэж буцаж ирдэг. Биеийг дагах сүүдэр адил тэр түүнийг дагадаг. Авиаг давтах цуурай мэт тэр эргэж буцаж ирдэг юм. Тийм учраас урьд урьдын үйлдсэн муу үйлийн түйтгэр, дайсныг дарахыг хүсэх аваас эдгээрийг тус тусд нь наминчилж үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид үл үйлд”.
Хэн боловч үнэн төгс төгөлдөр Бурханы билгүүнд хүрэхийг хүсэх аваас үйлийн түйтгэр эдгээр бүхнийг тус тусд нь наминчлан үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид ч үл үйлдэх хэрэгтэй. Яагаад вэ? хэмээвээс. Шарипутра аа, Бүх юмс өөр хоорондоо бие биеэ шүтэн барилдаж үүссэн. Тийм учраас. Үйлдсэн үйл үгүй бол үйлдсэн үйлийн түйтгэр гэж үгүй. Бас урьдын хийсэн муу үйлийн түйтгэр нь одооны хийсэн буяны үйлээр барагдаж хаагдах болно. Иймийн учир үйлийн түйтгэр хаагдах учиртай билээ. Яагаад гэвэл бүх юмс бүгдээрээ хоосон хэмээн Бурхан багш номдоо зарлигласан.
Тийм учраас Шарипутра аа, Ном үзэж бий болгосон буянаа ойрын болоод хэтийн зорилгоо биелүүлэхэд зориулж бодож залбираарай.
Шарипутра аа, Юм бүхэн Би-д үздэг амин муу үзлээс эхэлдэг. Гэсэн хэдий ч Би- тэр өөрөө хоосон байдаг. Тийм учраас Би гэж үгүй оршихуйн мөн чанарыг ухаарах хэрэгтэй.
Язгуурын хөвгүүн болон язгуурын охин бээр энэ мэт номын ёсонд тэд орсон. Тийм учраас тэднийг үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслагч хэмээдэг. Энэ бүгд тус тусдаа наминчлал билээ хэмээн Бурхан багш зарлиглав. Тэгээд насан гавьяат Шарипутра Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа, Язгуурын хөвгүүн, язгуурын охин тэд Бурханы номыг үнэнхүү үзэж дуусгасан. Тэд Бурханы сургаалыг сайтар наминчлан сахисан. Тийм учраас тэд тэнцэшгүй их гэгээрлийг олсон. Хэрвээ тэд Бурхан болохыг зорих аваас өөр ямар мэт буян номыг даган үйлдэх ёстой вэ? хэмээн айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш насан гавьяат Шарипутрад зарлиглавай.
Шарипутра аа, Энд язгуурын хөвгүүн, язгуурын охин тэд дээдийн хувцсыг баруун мөрөндөө буулгаж баруун өвдгөө газарт өвдөглөөд, алгаа наминчлан хавсарч өдөр гурван удаа шөнө гурван удаа ингэж өгүүлэн залбирна.
“Арван зүгийн ертөнцөд өглөгөөс гарсан буяны үйлс баттай. Шагшаабад[4] болон Самадигаас гарсан буяны үйлс бодитой. Тэдгээрийг даган баясах үйл дээд тэнцэшгүй их билээ” хэмээн гурван удаа өгүүлнэ. Тэгээд тэдэнд анхлан гэгээрэх сэтгэл үүсгэсэн буяны сэтгэл болоод анх тэдэнд тэвчээрийг олгосон буянт үйлүүдээсээ эргэж үл буцах хэрэгтэй. Үг хэл, сэтгэл, үйлс бүхэнд үнэнч сайн хандах ёстой.
Шарипутра аа, бодисадва нарын буяны үйлс бүгд бодитой. Тэдгээрийг даган баясах үйлд буян дээд тэнцэшгүй их байдаг. Бодисадва, махасадва нар[5] бодисадвагийн алив явдалд хүрэхээр хичээхдээ чанадад хүргэх зургаан төгөлдөр буяны ёсонд чармайн хичээсэн. Тийм учраас хурааж үйлдсэн тэдний буяны үйлс бүгд бодитой. Бас түүнийг даган баясгаж үйлдсэн буян дээд тэнцэшгүй их байдаг.
Тийм учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг доор орчлонгийн олон төрөлхтний сайн сайхан амгалангийн тулд, Ялж төгс нөгчсөн Бурхад болоод бусад олон тэнгэр бурхад нарт болон өөр бусад буяны ёзоорыг үүсгэн байгаа бүхэнд даган баясаж үйлдэх хэрэгтэй. Тэр буян тэнцэшгүй их дээд байдаг.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх
их хөлгөн судраас “Үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслагч” хэмээх тавдугаар бүлэг болой.
Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР
БАДАМХАНД МУЗЕЙ
[1]Нууц тарнийн ёс. Бусдын тусын тулд авралыг эрэн залбирдаг. Дээд үзэл нь бусдыг Бурхан адил болгох зорилготой байдаг. Бага хөлөг ёсонд бол тэр өөрөө Бурхан болох зорилгыг агуулдаг.
[2]Номын гэрэл гэгээ ач тус. Номыг шүт. Очир эрдэнэ мэт ариусах болно. Хүсэл бүхэн биежих болно. Дээдийн номын Алтангэрэлт судар номын ач тус хэмжээ үгүй их байдаг. Тэр ширгэшгүй мөнхөд орших болно.
[3]Бурханы номын төгс чанар. Ном унших, сонсох, түгээхийн ач тус. Хэмжээс үгүй их байдаг. Тэр хэнийг ч ялгадаггүй. Хэнийг ч орхихгүй. Бүгдэд адилхан хүрдэг.
[4]Сахил санваар, сүсэг бишрэл
[5]Бурханы шавь нар