Хүн бусдаас онцгой юу?
Хүн үнэхээр онцгой оршихуй мөн үү? Онцгой гэвэл юу нь онцгой юм бэ? Том тархитай, соёл иргэншлийг бүтээсэн, босоо алхдаг, нарийн төвөгтэй үгээр харилцдаг гээд санаанд буух зүйлс өдий төдийг нэрлэж болно л доо. Гэхдээ энэ бүхнийг жич хэлэлцэхээр тогтоод, энэ удаад илүү фундаменталь асуудлын талаар эргэцүүлж үзье. Тэр нь юу вэ гэвэл удмын модны асуудал.
Хүн ба хүнээс бусад амьтдын хооронд ангал мэт том ялгаа бий. Хүмүүс бид муур, нохойтой харьцуулахад үс ноос ч үгүй, харваас гөлчгөр арьстай. Үг хэлээр ярьж, онгоцоор нисэж, хэцүү төвөгтэй зүйлсийг ч тунгаан бодож чадна. Бусад ямар ч амьтнаас илт өөр. Хүн бол онцгой оршихуй! Ихэнх хүн үнэндээ ингэж л боддог болов уу.
Энэхүү бодол цаг үе, бүс нутгаас шалтгаалан харилцан ялгаатай л гэхээс дийлэнх хүмүүсийн дунд нийтлэг байсан шиг байдаг. 150 жилийн өмнө Англид амьдарч байсан Дарвин ч бас хүмүүсийн энэ бодлын өөдөөс яахаа мэдэхгүй үйлээ үзсэн гэдэг. Тэрээр “Зүйлийн үүсэл” номоороо хувьслын онолыг дэвшүүлээд олон хүний шүүмжлэлийн бай болжээ.
Дарвины дэвшүүлсэн онол дараах гурван аргументаас бүрдэж байв. 1) Амьтад хувьсдаг. 2) Хувьслаар зүйлийн төрөлжилт өрнөнө. 3) Хувьслын механизм нь байгалийн шалгарал. Тухайн үеийн хүмүүс эдгээрээс чухам алинд нь цухалдсан юм бол?
1) “Амьтад хувьсдаг” учраас мэлхий загаснаас хувьсаж бий болсон гэж хэлэхэд гайхан тавгүйрхэх хүн төдийлөн байхгүй байлтай.
2) “Хувьслаар зүйлийн төрөлжилт өрнөдөг” тул хирсийн өвгөөс хар хирс, цагаан хирс хувьсан салаалсан гэхэд эрүү нь мултраад унах хүн лав гарахгүй биз.
3) “Хувьслын механизм нь байгалийн шалгарал” юм чинь удаан давхидаг гөрөөс цөөрч, хурдан давхидаг нь л үлдсэн гэхэд баргийн хүн санал нийлэх юм шиг санагдана. Тэгвэл хүмүүс чухам юунд нь бачуурахдаа Дарвиныг зүхсэн юм бол оо?
Олон хүн Дарвины энэ онолыг хүн дээр авч үзээд л дургүйцсэн юм. Сармагчнаас хүн үүсэж буйг төсөөлж үзээд ой нь гутсан хэрэг. Тэд хүн болоод сармагчныг хоорондоо холбоотой гэж бодохыг тэвчиж чадаагүй юм.
Ийм реакц олон хүнээс ирэхийг Дарвин ч тааварлаж байсан. Тиймдээ ч “Зүйлийн үүсэл” бүтээлдээ хүний хувьслын талаар бараг дурдаагүй. Цөөн хэдэн газар хүний нүд ба аарцгийн талаар цухас дурдаад л орхисон. Хүнийг сармагчны төрлөөс хувьсан бий болжээ энэ тэр гэж бүр ч бичээгүй.
Гэсэн ч хүмүүс хүний хувьслыг толгойдоо төсөөлж орхижээ. Мэдээж хэрэг тодорхой тооны мэргэжлийн судлаачид байгалийн шалгарлын механизм гэх мэт онолын агуулгынх нь талаар шүүмж хэлсэн л дээ. Гэхдээ л ихэнх уншигч хүн ба сармагчны удмын холбоос, нэг ёсондоо хүн сармагчнаас үүссэн гэдгийг хүлээж авч чадаагүйдээ Дарвин руу дайрч давшилсан гэдэг.
- Олон зүйлийн хүн байсан
Тэгвэл хүн үнэхээр онцгой оршихуй мөн үү? Онцгой гэвэл юу нь онцгой юм бэ? Том тархитай, соёл иргэншлийг бүтээсэн, босоо алхдаг, нарийн төвөгтэй үгээр харилцдаг гээд санаанд буух зүйлс өдий төдийг нэрлэж болно л доо. Гэхдээ энэ бүхнийг жич хэлэлцэхээр тогтоод, энэ удаад илүү фундаменталь асуудлын талаар эргэцүүлж үзье. Тэр нь юу вэ гэвэл удмын модны асуудал.
Хүн биологийн нэг зүйлийн хувиар “Хомо сапиенс” гэдэг шинжлэх ухааны нэртэй. Хүнд хамгийн ойрын амьтан гэвэл “том биетэй хүн дүрст мичнүүд”. Үүнд шимпанзе, бонобо, горилла, орангутан харьяалагдана (зүгээр “хүн дүрст мич” гэвэл нэмээд гиббоны төрлүүд ч орно. Ахиулаад тайлбарлахад, “хүн дүрст мич” гэдэг нь сүүлгүй, хойд хоёр хөл дээрээ зогсож чаддаг мичийг хэлдэг бол сүүлтэйг нь бид сармагчин гэж ерөнхийлөн дууддаг. Эд бүгдээрээ примат буюу мичний багт харьяалагдана). Горилла нь зүүн горилла, баруун горилла гэсэн хоёр зүйлд, орангутан нь суматрын орангутан ба борнеогийн орангутан, дээр нь 2017 онд шинээр илрүүлсэн тапанулийн орангутан гэсэн гурван зүйлд тус бүр хуваагдах тул том биетэй хүн дүрст мичний нийт 7 зүйл бий.
Өнөөдөр амьдарч буй том биетэй хүн дүрст мичнүүдийн нийтлэг өвөг одоогоос 15 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Тэр өвгөөс эхлээд орангутаны удмын мод, удаагаар нь гориллын удмын мод салаалсан. Үлдсэн хэсэг нь шимпанзе ба хүн гэсэн хоёр удмын мод болон салаалсан бөгөөд үүнийг ойролцоогоор 7 сая жилийн өмнөх явдал гэж баримжаалдаг. Улмаар шимпанзегийн удмын мод 2–1 сая жилийн өмнө шимпанзе, бонобо болон хоёр салаалжээ.
Одоогоор мэдэгдээд буй чулуужсан хүний үлдэгдлүүдээс хамгийн эртнийх нь гэвэл ойролцоогоор 7 сая жилийн өмнөх Сахелантропус чаденсис юм. Үүнийг шимпанзе ба хүн хоёр салаад удаагүй байх үеийн хүний удмын модонд харьяалагдах зүйл хэмээн судлаачид ангилдаг. Сахелантропус чаденсисыг оруулаад нийтдээ 25 зүйлийн чулуужсан хүн төрөлхтөн одоогоор олдоод байна (Энэ тоо судлаачдын байр сууриас хамаарч өөр өөр байдаг. Мөн чулуужсан үлдэгдэл нь хараахан олдоогүй хүний зүйлүүд ч олон бий гэж үздэг тул жинхэнэ тоо нь хамаагүй олон байх магадлалтай). Эдгээр чулуужсан хүний зүйлийг одоо амьдарч буй Хомо сапиенстэй нийлүүлээд хамтад нь “Хүн төрөлхтөн” гэдэг. Нэг ёсондоо хүн ба шимпанзегийн удмын мод салаалснаас хойших хүний удмын модноос төрөн гарсан бүх зүйлийг хүн төрөлхтөн гэж нэрлэдэг гэсэн үг (ердийн үед хэлдэг “хүн төрөлхтөн”-өөс бага зэрэг утга өөр). Өнөөдөр амьдарч буй бидний хүн төрөлхтөн бол дор хаяж 25 зүйл бүхий хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл юм.
Эсрэгээрээ хүн, шимпанзе хоёр салсны дараах шимпанзегийн удмын модонд харьяалагдаж байсан бүх зүйлийг шимпанзе төрөлтөн гэж нэрлэе. Энэ удамд ч бас олон зүйл үүссэн гэж үздэг боловч өнөөдөр амьдарч буй шимпанзе, бонобо хоёр л тэдний сүүлчийн үлдэгдэл билээ.
- Бүгд мөхсөн
Таныг учиргүй хурдан гүйдэг хүн гэж төсөөлье. Спорт өдөрлөгт сайн гүйвэл нэгд ордог. Гэсэн ч та үл ялиг зөрүүгээр арай чүү нэгд орохдоо тийм ч сэтгэл хангалуун биш. Хол тасархай түрүүлж, бахдалтайгаар нэгдүгээр байранд орохыг хүсдэг. Гэлээ гээд хэчнээн бэлтгэл хийсэн ч хоёр, гуравт ордог тамирчдаас тийм ч хялбар тасарч чадахгүй. Тэр үед танд нэгэн аятайхан санаа төрөв. Ерөөсөө хоёр, гуравт ордог тамирчдаас тэмцээнийг өнжөөд өгөөч ээ гээд гуйчихъя. Нэгэнт гуйсных бүр мөсөн 25-д ордог тамирчин хүртэл бүгдийг нь өнжүүлчихье. Тэгвэл та 26 ба түүнээс хойгуур байранд ордог тамирчидтай л үзэлцэх тул хол тасархай түрүүлэх нь баттай биз. Нээрэн ч туршаад үзтэл яг л тийм юм болов. Та хэдэн тойрог тасархай гүйн, бахдалтайгаар түрүүлэв ээ. За тэгэхээр, таны энэхүү бахдам ялалтыг хоёр үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгд, та үнэхээр л хурдан гүйдэг. Харин нөгөө нь, 2–25 дугаар байрт орсон тамирчид бүгд тэмцээнд ороогүй.
Энэ бүлгийн эхэнд “Хүн ба хүнээс бусад амьтдын хооронд ангал мэт том ялгаа бий” гэж өгүүлсэн шүү дээ. Өнөөгийн хүн буюу Хомо сапиенст хамгийн ойрын амьтнаар шимпанзе, бонобог нэрлэж болно. Тиймээс энэ өгүүлбэрийг “Хүн ба шимпанзе хоёрын хооронд ангал мэт том ялгаа бий” гэж өөрчилсөн ч болно. Хүн, шимпанзе нээрээ л асар ялгаатай. Хүн яалт ч үгүй онцгой содон амьтан.
Тэгвэл хүний тэрхүү онцгой содон байдлыг хоёр шалтгаанаар тайлбарлаж болохоор байна. Нэгд, хүн нь амьтны төрөл зүйлийн хувьд өвөрмөц онцлогтой, өөрөөр хэлбэл нээрээ л хүн тодорхой хэмжээнд бусдаас содон амьтан нь үнэн. Харин нөгөө шалтгаан нь хүнд хамгийн ойрхон 25 зүйлийн амьтад ташраараа мөхөөд, 26 дахь ойрын зүйлтэй (шимпанзе ба бонобо) нь жишиж байгаа болоод л тэр. Уг нь бол шимпанзегаас ч ойрын зүйл дор хаяж 25 байсан юм.
Жишээ нь, тархины хэмжээг харъя. Хүн бидний тархины хэмжээ ойролцоогоор 1,350 cc. Гэтэл шимпанзегийн тархи 390 сс. Хүний тархи шимпанзегийн тархинаас 3 дахин том юм чинь үнэмлэхүй том гэж хэлж болно.
Тэгвэл эртний хүмүүс болох неандерталчууд (тархины хэмжээ нь 1,550 сс), Хомо хейделбергенсис (хэмжээ нь 1,250 сс), Хомо эректус (хэмжээ нь 1,000 сс) зэрэг зүйлүүд өнөөдөр ч амьд байсан бол ямар вэ? Хүний тархи үнэмлэхүй том гэж хэлж чадах уу? Неандерталчууд биднээс ч том тархитай, нөгөө талд хүн бидний дунд Хомо хейделбергенсис түвшний 1,250 сс тархитай нэгэн ч бий. Ингээд харвал хүн ердөө ч онцгой оршихуй биш болж хувирна. Ташрамд өгүүлэхэд, хүн төрөлхтнүүдийн тархины хэмжээ тэдний оюуны чадвартай шууд хамааралгүй шиг байдаг. Угаас оюун ухаан гээчийг хэмжих аргагүйгээс хойш ямар нэг баттай зүйл хэлэх боломжгүй. Эйнштейний тархи дундаж хүнийхээс жижиг байсан гэдэг алдартай яриа ч байдаг шүү дээ.
Хүнийг онцгой содон оршихуй болгодог дээрх хоёр шалтгаан бол энэ номын үндсэн сэдэв юм. Хүн гээч амьтан хэрхэн яаж өвөрмөц онцлогоо хувьсгаж ирсэн юм бол? Хүн төрөлхтнөөс яагаад зөвхөн хүн л үлдсэн юм бол? Энэ хоёр асуудал өөр хоорондоо ч бас нарийн хамааралтай. За ингээд удаах бүлгүүдэд энэ талаар тухлан хүүрнэлдье ээ.
Гарчиг
- Удиртгал бүлэг ー Бид үнэхээр онцгой оршихуй юу?
I хэсэг ー Хүн төрөлхтний түүхийн нууц руу нэвтрэх нь
- Нэгдүгээр бүлэг ー Дутагдал дүүрэн хувьсал
- Хоёрдугаар бүлэг ー Анхны хүн төрөлхтөн юуг өгүүлнэ вэ?
- Гуравдугаар бүлэг ー Хүн төрөлхтөн бол энх тайванч амьтан
- Дөрөвдүгээр бүлэг ー Ойгоос хөөгдөөд хэрхэн амьд үлдэв?
- Тавдугаар бүлэг ー Ийнхүү хүн төрөлхтөн мэндлэв
II хэсэг ー Мөхөж одсон хүн төрөлхтнүүд
- Зургаадугаар бүлэг ー Идүүлсэн ч үржихэд л болно
- Долоодугаар бүлэг ー Хүн төрөлхтөнд тохиолдсон гайхамшиг
- Наймдугаар бүлэг ー Хомо төрөл арга буюу дэлхийгээр түгэв
- Есдүгээр бүлэг ー Тархи яагаад улам томорсон бэ?
III хэсэг ー Хомо сапиенс хаашаа явна вэ?
- Аравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсийн тархалт
- Арван нэгдүгээр бүлэг ー Хомо сапиенс гарч ирсэн нь
- Арван хоёрдугаар бүлэг ー Танин мэдэхүйн чадварт ялгаа байсан уу?
- Арван гуравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсээс хагацсан нь
- Арван дөрөвдүгээр бүлэг ー Саяхныг хүртэл амьдарч байсан хүн төрөлхтөн
- Төгсгөлийн бүлэг ー Хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл
Онлайн захиалга: Интерном дэлгүүр
Утас: 7577-7700
Оноч
Зочин