"Төсвийн алдагдал" хэмээх догма
Төсвийн алдагдал бол өөрөө тэр байгаагаараа сайн ч зүйл биш, саар ч зүйл биш.
"Алдагдалгүй төсөв" гээч нэг сохор зорилго байх. Эдийн засгийн А үсэггүй эгэл иргэдээс өгсүүлээд их сургуулийн профессорууд хүртэл үүнийг эндүүрээстэй. Юуг эндүүрдэг вэ гэхээр ихэнх хүмүүс төрийн төсвийг жирийн айл өрхийн төсөвтэй адилтгаж хардагт байгаа юм.
Нээрээ ч жирийн айл өрх олдгоосоо ихийг зарцуулаад байвал хэтдээ дампуурах нь хэнд ч ойлгомжтой. Гэвч жаахан бодож үзвэл төрд жирийн айл өрхөөс ялгарах нэгэн маш том онцлог бий. Үүнийг хар ухаанд ойлгомжтойгоор хэлбэл, төр бол мөнгө хэвлэгч, харин айл өрх бол мөнгө хэрэглэгч юм.
Хүмүүс төрийг татвар гэдэг орлоготой, түүгээрээ төсвөө бүрдүүлж зарлагаа төлөвлөдөг гэж ойлгодог. Тиймдээ ч хүмүүс татварыг өөрийнхөө мөнгө аятай үзэж, аанай л төрийг, төрийн албан хаагчдыг тэр мөнгөөрөө тэжээдэг мэтээр төсөөлдөг. "Татвар төлөгчдийн мөнгө", "Төсвийн мөнгө уйлдаггүй" гэх мэт танил дотно хэлцүүд бүгд энэ ойлголтоос төрсөн. "Би татвар төлдөг учраас төр надад үйлчлэх ёстой" гэсэн логикоор төрд хандаж, төрийг нэг төрлийн үйлчилгээний байгууллага мэтээр хардаг хүмүүс ч цөөнгүй байх.
За яахав, тийм байж. Ингэхэд төрийг тэжээх гэж төлсөн татварын мөнгө тань хаанаас гарч ирснийг та бодож үзсэн үү? Ямар ч мөнгийг хөөгөөд явбал үндсэндээ хоёр л эх үүсвэртэй байдаг. Нэг нь төр, нөгөө нь банк. Төр бонд гаргаж, төв банкнаас мөнгө зээлдгийг бодолцвол бүх мөнгө зөвхөн банкнаас гаралтай ч гэж хэлж болох юм. Эсвэл улсын мөнгийг төр хуулиар тогтоож, төв банкыг төр байгуулж, арилжааны банк байгуулах эрхийг ч төр олгодог гээд бодвол бүх мөнгө зөвхөн төрөөс гаралтай ч гэж хэлж бас болно. Таны хадгаламжийн мөнгө, таны татварт төлдөг мөнгө гээд бүхий л мөнгө уул шугамандаа бол төрөөс хэвлэж тараасан мөнгө юм. Ер нь ч тэгээд төр ямар ч мөнгө хэвлээгүй байж эхлээд татвар авна гэж юу байх вэ дээ. Тиймээс төр эхлээд мөнгө хэвлэдэг, дараа нь татвар авдаг. Өөрөөр хэлбэл төр татвар дээр оршин тогтнодог энэ тэр огтоос биш юм.
Банкыг бас хүмүүс буруу ойлгодог. Банк бидний хадгалуулах гэж өгсөн мөнгийг цааш нь хүүтэй зээлүүлдэг гэж. Бодит байдал дээр банк яаж мөнгө зээлүүлдэг гээч? Та банкнаас мөнгө зээлэх үед банк зүгээр л таны дансан дээр +1,000,000 гэсэн бичилт л хийдэг. Тэгээд л болоо. "Иргэн Доржийн хадгаламжийг иргэн Батад зээлүүлэв" энэ тэр гэсэн хөтлөлт оогт хийдэггүй юм. Өөрөөр хэлбэл банк оргүй хоосноос мөнгө үүсгэдэг гэсэн үг. Тэгвэл банканд бидний хадгаламж ямар хэрэгтэй юм бэ гэж гайхаж болох юм. Яагаад банкууд хэрэг болгож хүү төлөн төлөн бидний хадгаламжийг татдаг юм бэ? Учир нь банк ердөө л их хэмжээний гэнэтийн татан авалтад бэлтгэлтэй байхын тулд үүнийг хийдэг.
Дээрх яриаг эмхэтгээд харвал мөнгөний хоёр том урсгалыг төсөөлж болохоор байна. Нэгд, төр төв банкнаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө бараа үйлчилгээ худалдаж авсанаар зах зээлд мөнгө нийлүүлэгдэнэ. Хоёрт, хувийн хэвшил банкнаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө бараа үйлчилгээ худалдаж авсанаар зах зээлд мөнгө нийлүүлэгдэнэ. Одоо эндээс төсвийн алдагдал гээч сэдвээ эргэж харцгаая. Төр алдагдалтай төсөв батална гэдэг бол төв банкнаас зээлж тараасан мөнгөнөөсөө бага мөнгийг татвараар хураах нь ээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлснээсээ бага мөнгө буцааж татах нь. Хувийн хэвшилд 100 төгрөг өгснөө эргүүлээд 99 төгрөг хурааж авбал юу болох вэ? Хувийн хэвшил +1 төгрөгийн ашигтай үлдэнэ биз? Нэг ёсондоо, төр алдагдалтай төсөв баталбал тэр хэрээр хувийн хэвшил бурзайна гэсэн үг. Эсрэгээрээ төр ашигтай төсөв баталбал тэр хэрээр хувийн хэвшлийн мөнгө ууршихад хүрнэ.
Үүн дээр та "Төр баруун солгойгүй мөнгө хэвлээд, алдагдалтай төсөв батлаад байвал инфляц нүүрлээд, юун +1 байтугай юутай хээтэйгээ цаас болдог юм байгаа биз дээ?" гэж хэлмээр санагдаж байна уу? Үгүй дээ, та бас л эндүүрч байна. Өмнө өгүүлсэн банкнаас гаралтай мөнгөний урсгалыг бодоод үз. Банк ч бас мөнгө зээлүүлээд л байвал инфляц болох уу? Хэрэв хувийн хэвшил банкнаас зээлсэн мөнгөөрөө үйлдвэр байгуулж, шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжээ дээшлүүлбэл заавал инфляц болох албагүй. 100 талх үйлдвэрлэдэг компани зээл аваад 200 талх үйлдвэрлэдэг болбол зэх зээлд нийлүүлэгдэх талхны тоо ихэссэнээр талхны үнэ буурч ч болно. Үүнтэй адилаар төрөөс хэвлэсэн мөнгө нийгмийн бүтээмжид эерэгээр нөлөөлбөл мөн ижил замаар инфляц үүсэхгүй байх боломжтой. Эцсийн эцэст инфляц эрэлт, нийлүүлэлтээр шийдэгддэг болохоос мөнгөний хэмжээгээр шийдэгддэг эд биш юм. Үүнийг харин ч эсрэгээрээ гэж хэлж болно. Зах зээлд эрэлт давамгайлж байвал инфляц болдог ба түүнийг дагаж хувийн хэвшлүүд банкнаас зээл ихээр авсны үр дүнд мөнгөний хэмжээ ихэсдэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний хэмжээ инфляцийг үүсгэдэг бус инфляц мөнгөний хэмжээг ихэсгэдэг гэсэн үг (Гэхдээ мэдээж төрөөс зохиомлоор мөнгө нийлүүлээд байвал инфляц үүсэлгүй яахав. Төр татвараар дамжуулж зах зээлээс мөнгө татдаг нь ч бас инфляцаас сэргийлж буй арга хэмжээ юм. Түүнээс биш төсөв бүрдүүлэхийн төлөө татвар хураадаггүй).
Эндээс харж буйчлан төсөв алдагдалтай байх эсэх нь инфляц үүсэх эсэхтэй шууд холбогдохгүй. Түүнээс илүүтэй төсвийн агуулга нь чухал. Нийгмийн бүтээмжийн өсөлтөд нэмэр болохгүй зүйлд төсвийн мөнгийг ихээр цацвал инфляц бололгүй л яахав (Гэхдээ үүнд ч анхаарах зүйл бий. Ямар ч бүтээн байгуулалт эхэндээ зөвхөн хэрэглээг тэлдэг тул түр зууртаа инфляцид дарамт болдог ч, бүтээн байгуулалт дууссаны дараа нийлүүлэлт тэлснээр инфляцийг сааруулдаг). Эсрэгээрээ төр зөв бодлого боловсруулж, зөв зүйлд төсөв хуваарилж чадвал түүний алдагдалтай эсэх нь тийм ч чухал биш юм. "Төсвийн алдагдал" бол өөрөө тэр байгаагаараа сайн ч зүйл биш, саар ч зүйл биш. Тиймээс "төсвийн алдагдал"-тай учир зүггүй тэмцэж, алдагдалгүй төсөв батлахын төлөө улайран зүтгэх нь марзандуу жүжигт тоглохтой л төстэй юм уу даа. Мэдээж эдийн засгийн тухайн нэг нөхцөл байдлаас шалтгаалж алдагдалтай төсвийг шүүмжлэх бол байж болох асуудал. Эдийн засаг хэт халалттай байгаа үед ашигтай төсөв батлах нь зүйтэй гэдэг ч юм уу. Нэг ёсондоо төсөв алдагдалтай байх уу, ашигтай байх уу гэдгийг case by case буюу нөхцөл байдалд тохируулж бодлогоор шийдэх ёстой болохоос "Алдагдалтай төсөв муу" гэсэн абсолют хууль хаана ч байхгүй юм. Төсвийн алдагдлыг шүүмжилмээр байгаа бол танд зөв аргумент хэрэгтэй.
Эцэст нь таны толгойд түрүүнээс хойш эргэлдсээр байгаа ганц асуулт. Төр алдагдалтай төсөв батлаад л, батлаад л, зөрүүг нь банкнаас зээлээд л байвал ирээдүй хойчдоо дааж давшгүй их өр үлдээх юм биш үү?
Үүний тухайд гэвэл, төр гадаад валютаар зээл аваад байвал тийм зүйл болохыг үгүйсгэхгүй ээ. Яадаг ч бай тэр гадны валютыг гадны төр л хэвлэх эрхтэйгээс бид хэвлэж чадахгүй. Тиймээс яаж ийгээд тэр валютыг нь олж зээлээ эргүүлж төлөх шаардлагатай болно. Харин өөрийн улсын валютаар хэчнээн ч зээл авсан үндсэндээ бол ямар ч асуудалгүй гэхэд болно. Өөрөө хэвлэдэг юмыг чинь яах вээ дээ?
DR. ADITYA
DR. MANIPAL
Оноч
Оноч-д
Оноч
Сэнгээ
Сэнгээ-д
Оноч
Сэнгээ
Сэнгээ
Иргэн
Сэнгээ-д
DR. MANIPAL
DR. MANIPAL
insurgent
Сэнгээ
Сэнгээ