Basic income буюу Суурь орлого гэж юу вэ?

Википедиагаас асуувал:

- Ард түмний амьдралын хамгийн суурь хэрэглээг баталгаажуулахын төлөө, хүн нэг бүрт улсаас бэлэн мөнгө тогтмол тараах бодлогын үзэл санаа. Амьд явах баталгааг хангах зорилгоор иргэдэд бэлэн мөнгө тараах бодлого өнөө үед “өндөр настны тэтгэвэр”, “ажилгүйдлын даатгал”, “тэжээгчээ алдсаны тэтгэмж”, “эрүүл мэндийн тэтгэмж”, “хүүхдийн мөнгө” гэх мэт олон салангид хэлбэрээр олон ч оронд хэрэгждэг. Харин Суурь орлого бол тэдгээр салангид бодлогуудыг багцлаад, хэсэг бүлэг хүмүүсийг тэтгэх бус, иж бүрнээр нь бүх ард түмний амжиргааны хамгийн доод түвшний орлого (буюу суурь орлого)-ыг баталгаажуулах зорилготой. Бүх хүнд ямар ч болзолгүй бэлэн мөнгө тараана гэхээр коммунизм, социализм төсөөлөгдөж магадгүй хэдий ч, суурь орлогын бодлого нь ардчилсан, капиталист нийгмийг суурь нөхцлөө болгодог. Мөн хэт зүүний үзэл юм шиг хэрнээ, барууны неолибералистуудын сонирхлыг ч багагүй татдаг. Неолибералистууд өнөөгийн эдийн засгийн бодлого дахь элдэв тэтгэвэр тэтгэмж, олговор зэргийг буруушааж “Цалингийн доод түвшин, эмзэг бүлэг, ядуурал гэх мэтийг тодорхойлох нь алагчилсан, дур зоргын шинжтэйн дээр төрийн албатуудын шударга бус үйлдэл шургалах боломжтой” гэлцдэг бол, суурь орлогын бодлого нь хэнд хэдийг хуваарилах талаар огт толгой гашилгах шаардлагагүй тул дээрх асуудлууд ч шийдэгдэх боломжтой гэж үздэг.


Тэгэхээр, энэхүү Суурь орлого гэх санааг хэр олон хүн дуулсан бол? Дашрамд сонирхуулахад, Швецарьт Суурь орлогын бодлогыг дэмжих хөдөлгөөн өрнөж, хэдэн 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан бичгийг засгийн газартаа өргөн бариад, хүн бүрт сар бүр 2,500 франк (ойролцоогоор 6.3 сая төгрөг) өгч байхыг санал болгосон гэнэ. Швецарь бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй орон тул, тэнд сарын 2,500 франкаар амьдрах нь, бидний баримжаагаар бол сарын 500,000 төгрөгөөр амь залгуулахтай ойролцоо юм болов уу (сайн мэдэхгүй).

Финлянд улс, санамсаргүй сонгогдсон 2,000 ажилгүй залуучууд дээрээ суурь орлогыг нэг жилийн хугацаатай туршиж үзсэн бөгөөд, туршилт төлөвлөгөөний дагуу дуусч, одоо үр дүнгийн тайлан боловсруулах шатандаа яваа сурагтай.

Японд, элдэв нийгмийн халамжийн бодлогод зарцуулдаг бүх төсөв, хүн хүчний аппаратаа татан буулгаад, дээр нь өндөр настны тэтгэвэрийг халбал, ямар ч татвар нэмэхгүйгээр иргэн бүртээ сарын 46,000 иен (ойролцоогоор 1 сая төгрөг)-ийн суурь орлого тараах боломжтой гэсэн тойм тооцоо бий. Өөрөөр хэлбэл тийм ч байж боломжгүй, агаарын яриа биш гэсэн үг.


Ямартай ч Суурь орлого гэдэг бол хүмүүсийн амьд явахад дүнгэн данган хүрэлцэх төдий мөнгийг улсаас тараана гэх нь түүний үндсэн санаа юм.

Үүх түүхийг нь сөхвөл бүр 18-р зууны үед (философич Томас Пейн) үүнтэй ойролцоо үзэл санаа цухалзаж байсан хэдий ч, өдийг хүртлээ өнөөдөр шиг ингэтэл олны анхааралд өртсөн нь үгүй. Тэгвэл яагаад өнөөдөр Суурь орлого гэх санаа бүх дэлхийн анхаарлын төвд ороод ирэв ээ? Шалтгаан нь гэвэл капитализм гээч тогтолцоо өнөөдрийн бидний аж амьдралтай огт тохирохоо больж ирж буйтай холбоотой. Тийм бол, хэрхэн яаж капитализмыг бидний аж амьдралд нийцүүлэх вэ гэдгийг тунгаах үед чухал сэжүүр өгөх нь энэхүү Суурь орлого гэх санаа юм.


Үүнийг тайлбарлахын тулд, эхлээд нэг найзаасаа сонссон яриаг хуучилъя.

“Бямба гариг. Мисагийн өмнөх өдөр юм чинь нэг сайхан шоудаад авъя.”

“Ням гариг. Мисагийн өдөр юм чинь бурхандаа залбиран талархаж өнгөрөөе. Залбирал дуусахаар сайхан шоудана аа.”

“Даваа гариг. Өчигдрийн шоунаас болж шартаж үхэх нь. Юун ажиллах манатай.”

“Мягмар гариг. Патроны өдөр байна шүү дээ. Бэлдэхгүй бол болохгүй...”

“Лхагва гариг. За өнөөдөр нэг сайн ажиллаад авъя.”

“Пүрэв гариг. Өө нээрээ саахалт айлын Патроны өдөр юм байна. Нэг ороод гаръя байз.”

“Баасан гариг. 7 хоногт ганцхан өдөр ажиллаж яаж болох вэ. Өнөөдөр ажиллахаас.”

“Бямба гариг. За хө, Мисагийн өмнөх өдөр юм чинь нэг сайхан шоудаад авъя.”

гэсэн яриа. Дундаж зууны үеийн тариачны амьдрал. Сонсоход ямар гоё юм бээ гэмээр байгаа биз? Үнэн эсэхийг мэдэхгүй ч, үнэн гэж үзвэл үүнтэй харьцуулахад өнөөгийн хүмүүс бид ямар билээ? Ийм сайхан тааваараа ажиллаж амьдарч чадаж байгаа билүү? Мэдээж, ихэнх нь ингэж чадахгүй яваа. Өглөөнөөс орой болтол ажиллаж, зарим нь хагас сайнд ч ажиллаж, зарим нь бүтэн сайнд ч ажиллана. Ажилтай нь ажилдаа дарагдаж, ажилгүй нь ажил олохын төлөө сандралдана. Бүх хүмүүс биш юмаа гэхэд, дийлэнх олонх нь ийм л байгаа болов уу. Эргэцүүлээд бодож үзвэл, илэрхийгээр бид арай дэндүү их ажиллаад байна уу гэлтэй. Амьдрахын төлөө ажилладаг байтал, нэг харах нь ээ ажиллахын төлөө амьдраад ч байгаа юм шиг. Тэгээд энэ нөхцөл байдал хэвийн болж орхисон нь өөрөө хэвийн бус байгаа юм. Тийм биш гэж үү? Бодоод үз дээ, уул нь бол ажил гээч юм дээр үеэс нааш улам бүр багассан байх учиртай.


Эртний Афин хотын иргэд “хүн боол” биш “робот боол”-той болсон тухай үлгэр байдаг. Тэгээд робот боолынхоо ачаар хөдөлмөр хөнгөвчлөгдөж, тэр хэрээр чөлөөт цаг ихэссэн гэдэг. Технологи хөгжсөөр буй өнөө үед маш олон зүйл хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Угаасаа хөнгөвчлөхийн тулд л технологийг хөгжүүлдэг шүү дээ. Тэгээд технологи хөгжихийн хэрээр ажил багасч зав чөлөө ихсэх учиртай байтал, эсрэгээрээ ажилгүй болчих вий гэхээс байдгаараа айж, ажил хийхгүй л бол гэж сандралдаж, ажилтай болбол түүнтэйгээ тас зууралдан чаргууцалдана. Ерөөс энэ дэлхий дээр бүх хүнд хүрэлцэхээр их ажил угаасаа байхгүй. Гээд, тийм байлаа ч хүмүүс яаж ийгээд ажилтай байхыг санаархдаг нь, ажил хийхгүй бол амьдрах боломжгүй нийгэмд амьдарч буй учраас тэр юм. Энэ бол өнөөдрийн капиталист нийгмийн араа шүдийг хөдөлгөх үндсэн зарчим. Мэдээ харвал, “Ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн тулд орлогыг нь нэмэгдүүлэх шаардлагатай” л гэнэ, “Хэрхэн яаж ажлын байр нэмэгдүүлэх вэ”, “Ажлын байр гаргаж өгсөн тэр компани ямар мундаг вэ”, гэхчлэн хараад байх нь ээ бүхий л зүйлс ажлаас хамааралтай болчихсон нь анзаарагдана.


Дэлхийн бүх хүнд хүрэлцэхээр их ажил байхгүй; гэтэл капитализм бол ажил хийхгүй бол амьдрах боломжгүй нийгмийн тогтолцоо. Чухам энэ зөрчил дээр нэрмээс болж, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх болсон үзэгдэл нэгэнт өрнөж эхлээд байна.


Капитализмын 250 жилийн түүхэнд аж үйлдвэрийн 3 том хувьсгал өрнөж, тэр бүрийд хүн төрөлхитөний бүтээмж эрс нэмэгдэж ирсэн байдаг. Мөнхүү тэр бүрийд хүмүүсийн хийдэг байсан ажлыг техник орлож, хүмүүс ажлын байраа алдсан. Гэсэн ч бас цоо шинэ хийгээд илүү дээгүүр түвшний ажлууд ч бас төрөн гарч, илүүдсэн хөдөлмөрийн хүчийг шингээж иржээ. Тэгтэл харамсалтай нь, AI гэж нэрлэгдэн аль хэдийнэ эхэлчхээд байгаа гэх аж үйлдвэрийн 4-р хувьсгал өмнөх 3-аасаа тэс өөр юм гэнэ. AI буюу хиймэл оюун дээр суурилсан дэвшилтэт хэлбэрийн үйлдвэрлэл нь урьд хожид байгаагүйгээр хүний хамаарлыг багасгах гэнэ. Урьд цагт бичээч гэдэг ажлын байр бичгийн машинтайгаа хамт устаж алга болсон шиг, ойрын ирээдүйд жолооч, цэвэрлэгч, үйлчлэгч, худалдагч бол ойлгомжтой, цаашлаад тогооч, нисгэгч, мэс заслын эмч, өмгөөлөгч хүртэл устаж алга болно. Энэ хувьсгал бол Афины “Робот боол”-ын үлгэрийг жинхэнэ утгаар нь бодит болгоно. Угаасаа хүрэлцээ муутай ажлын байрууд энэ хувьсгалын нөлөөгөөр бүр ч цөөрнө. Ихэнх хүмүүс ажилгүй болно, орлогогүй болно, нийгэм дэхь үүрэг роль нь бүдгэрч, үндсэндээ бол ихэнх хүмүүс нийгэмд хэрэггүй болно. Баялагийн хуваарилалт улам туйлширч, баян ядуугийн ялгарал улам тэлнэ. Тэгээд жинхэнэ асуудал эндээс эхлэх болно.


Роботууд хүмүүсийн ажлыг орлон гүйцэтгэж чадах боловч, хийсэн ажлаас нь бий болох барааг хэрэглэж чадахгүй. Харин ажлаа алдсан хүмүүст бараа худалдаж авах мөнгө байхгүй. Эндээс эрэлт нийлүүлэлтийн баланс алдагдаж ирнэ. Тэр нь лавширсаар яваандаа барааны эргэлт зогсож, эдийн засаг бүрэн саажна. Өөрөөр хэлбэл капитализм мухардлаа гэсэн үг.


За тэгэхээр. Суурь орлого энэ ирээдүйг хэрхэн сэргийлэх вэ гэдэг тухай ярих үед иймэрхүү асуултууд их гардаг.


- Ажил хийхгүй байж мөнгө авна гэж юу гэсэн үг вэ?

- Хүмүүс огт ажил хийхээ больчихвол яах юм?

- Хаанаас тэр их мөнгийг олох хэрэг вэ?


Гэвч сая өгүүлсэнчлэн, өнөө үед ажилламаар байгаа хүмүүсийн тоотой харьцуулахад ажлын байр дэндүү цөөхөн. Тиймээс “Ажил хийвэл ам тосдоно” мэтээр сэтгэх нь харгис үзэл болж хувираад байгаа юм. Нэгэнтээ л хийе гээд ажил олдохгүй байгаа хүнийг яаж амьдар гэх билээ? Эндээс “Ажиллахгүй л бол амьдрах боломжгүй” гэдэг механизмаас “Ажиллахгүй байсан ч амьд явах боломжтой” гэсэн механизм рүү шилжих шаардлага урган гарна. Тэгээд ийм механизмын байж болох нэг хувилбар нь Суурь орлого гэх санаа юм. Ажил хийх хийхгүйгээс үл хамааран хэн бүхэн мөнгө авна. Өмнө хэлсэнчлэн амьд явахад дөнгөж хүрэлцэх төдий мөнгө учир, ажил хийхгүй хүн бол тоглох зугаацах тухай санахын ч хэрэггүй. Арай аятайхан амьдармаар байвал ажил хий гэсэн үг. Тиймээс "Хүмүүс огт ажил хийхээ больчихвол?" гэсэн болгоомжлол тэгтлээ санаа зовоохгүй болов уу.


Ерөөс аливаа улсыг бүхэлд нь нэг том компани гэж үзээд, ард түмэн нь түүний хувьцаа эзэмшигч гэж харж болно. Тэр үед суурь орлогыг хувьцааных нь ноогдол ашиг гэж үзэж болох юм. Энэ бол макро эдийн засгийн өнцгөөс харсан ч учир утгатай яриа. Учир нь хүмүүс тэр ноогдол ашгаа хэрэглэх болно. Тэгж байж роботуудын үйлдвэрлэсэн бараа сая эргэлтэнд орно.


Нөгөөтэйгүүр суурь орлогын ачаар өдөр тутмын амьдралдаа санаа зовохгүй болсон, эдийн засгийн аюулгүйн торон дээр зогсох чөлөөт хүнийг төсөөлөөд нэг үзнэ үү. Тийм эрх чөлөөт хүн өнөөдрийн бидний дунд тийм ч элбэг таарахгүй болов уу. Ерөөс өнөөгийн хүмүүс үнэхээр дуртайдаа ажил хийдэг билүү? Магадгүй олон хүн ердөө л өнөө маргаашийнхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө, идэх хоолны төлөө огт хүсээгүй ажлаа дуртай дургүй хийж яваа. Тэдгээр хүмүүс эцсийн эцэст хиймээр байгаа зүйлээ хийгээгүйгээс хойш, ажлын бүтээмж ч сайнгүй байж таараа. Компанийн хувьд ч бас тийм хүмүүсийг хүчээр ажиллуулаад яах ч билээ. Бушуухан халаад, онгойсон зайнд нь жинхэнэ ажилламаар байгаа хүн олж тавивал хэн хэндээ тустай. Бодит байдал дээр ажилтай болохын мөрөөсөл болсон өч дөчнөөн хүмүүсийн хажуугаар, хүсээгүй ажлаа дуртай дургүй хийж яваа хүмүүс ч бас үй олноороо бий. Харин энэ бодит байдлыг сууриар нь хөмрүүлэх хүч суурь орлогын бодлогод байгаа юм. Суурь орлоготой хүн хэзээ ч хүсээгүй ажлаа хийхгүй. Харин эсрэгээрээ мөрөөдлийнхөө төлөө хэзээд хөдлөх боломжтой. Тэгээд эрх чөлөөт хувь хүн бүрийн дотоод потенциал бүрэн дайчлагдах тэрхүү шинэ нийгэмд “Хаанаас тэр их мөнгийг олох вэ?” гэдэг асуулт нэгэнт утга учиргүй ч болох юм билүү.


Суурь орлого бол нийгмийн шударга ёс, хүний эрхэм чанар энэ тэр ерөөсөө биш. Энэ бол угтан ирж буй ирээдүйг уншсан зайлшгүй алхам юм. Технологийн хувьсгал бидний орчин нөхцөл, аж амьдрал, үзэл бодлыг эргэлтийн цэг дээр авчраад байгаа нь энэ бололтой...