Нэгэн улсад хаан, үйлчлэгч хоёр байж гэнэ. Хаан үргэлж амттаны дээдийг хүртдэг бол үйлчлэгч тийм байсангүй. Идээ будаа элбэг дэлбэг үед үйлчлэгчид үлдэгдэл ч болов ноогдох авч, хүнс ховордоод ирэхээр хаан бүгдийг ганцаараа идчихнэ. Тиймээс үйлчлэгч голж шилэх ч эрхгүй, олдсон таарснаа идэхээс өөр замгүй.

Хаан сүрлэг орд харшид амьдарна. Хааяа аялалд гарах ч, мөн л тэгшхэн замаар тав тухтай морилно. Харин үйлчлэгч тийм байсангүй. Хаан анааш үзмээр байна гэвэл үйлчлэгч бүгчим халуун Африкт очиж, арслантай тулалдан байж анааш барьж ирэх ёстой. Оцон шувуу тэжээе гэвэл цэвдэг хүйтэн өмнөд туйлыг зорихоос өөр аргагүй.

Хаан үргэлж амар жимэр, ая тааваараа амьдарна. Харин үйлчлэгчид амрах ч сөхөө үгүй. Улсын хөрөнгийг хамгаалахын тулд эдийн засагт суралцаж, гадаад улсуудтай харилцахын тулд харь хэлийг ч цээжилнэ.

Эргэцүүлж бодвол хүн төрөлхтөн энэхүү үйлчлэгчтэй бага зэрэг төстэй. Харин шимпанзе, горилла зэрэг хүн дүрст мичнүүд хаантай илүү төстэй гэмээр. Хүн дүрст мичнүүд ой мод гэх харшид амьдардаг. Ой модонд хоол хүнс элбэг, махчин амьтдад бариулах аюул ч бага. Гэтэл эртний хүн төрөлхтөн сийрэг ой, хээр газраар амьдарч байв. Ой шугуйтай харьцуулахад хоол хүнс ч ховор, махчин араатны нүдэнд ч ил. Тийм газар амьд үлдэхийн тулд голж шилэх талаар санаад ч хэрэггүйн дээр элдвийг аргалж сүвэгчлэх шаардлагатай. Тэгвэл яагаад хүн төрөлхтөн ой модноос холдож, тийм онцгүй, аюултай газрыг сонгосон юм бол?

Үгүй дээ, энэ улсын үйлчлэгч ч бас хүссэндээ үйлчлэгч болсон юм биш. Үнэндээ хаан болмоор л байсан. Даанч хаанаас чадал дорой, тулалдвал яагаад ч дийлэхгүй. Тэгээд л уйлж унжсаар үйлчлэгч болсон хэрэг.

Бодвол хүн төрөлхтөн ч бас ой шугуйдаа үлдмээр л байсан байх. Даанч Африкт хуурайшилт түрж, ой модод хорогдоход тухайн үедээ сул дорой, модонд авирахдаа маруухан байсан хүн төрөлхтний өвөг бусад мичнүүдэд хөөгдөө юм байлгүй. Тэгээд хээрээр тэнүүчилсэн тэдний ихэнх нь үхэж үрэгдсэнээс зайлахгүй. Яаж ч чармайгаад сийрэг ойтой хээр газар гэдэг тэр чигээрээ аюул юм хойно.

Гэвч тэдэн дундаас юуг ч гололгүй идэж, хаана ч амьдрах чадвартай хэсэг нь арай чүү амь торгоон үлджээ. Бидний өвөг эцэг сул дорой ч гэлээ, үгүй ээ, харин ч сул дорой байсны улмаар хүн дүрст мичнүүдэд байхгүй онцлог шинжүүдээ хувьсгасаар амьд үлдэж чадсан байна. Тэгээд тэдний үр удам болж бидний Хомо сапиенс төрсөн юм. Энэ ном бол тэрхүү өвөг эцгүүдийн маань тухай түүх билээ.

Нэмээд ганц үг хавчуулахад, энэ ном тун ч азтай цаг үед мэндэлж байна. Сүүлийн хэдэн жилд цацраг идэвхт нүүрстөрөгчийн тусламжтайгаар малтмалын насжилтыг өндөр нарийвчлалтай хэмждэг технологиуд хөгжиж, дээж бэлдэж боловсруулах дамжлага ч нарийссанаар өмнөх малтмалуудын насны хэмжилт асар ихээр засварлагдах болсон. Ингэснээр олдвор нэг бүрийн насыг нарийвчилж тогтоогоод зогсохгүй неандерталчууд болон бидний хамаарал гэх мэт хүний түүхэн дэх чухал сэдвүүдийг ч эргэж харахад хүргэсээр байна. Ийм цаг үед мэндэлсний ачаар энэхүү ном сүүлийн үеийн шинэ үр дүнгүүдийг өөртөө шингээж чадсан билээ.

За ингээд өвөг дээдсийнхээ баатарлаг түүхийн аянд хамтдаа гарцгаая.

Гарчиг

  • Удиртгал бүлэг ー Бид үнэхээр онцгой оршихуй юу?

I хэсэг ー Хүн төрөлхтний түүхийн нууц руу нэвтрэх нь

  • Нэгдүгээр бүлэг ー Дутагдал дүүрэн хувьсал
  • Хоёрдугаар бүлэг ー Анхны хүн төрөлхтөн юуг өгүүлнэ вэ?
  • Гуравдугаар бүлэг ー Хүн төрөлхтөн бол энх тайванч амьтан
  • Дөрөвдүгээр бүлэг ー Ойгоос хөөгдөөд хэрхэн амьд үлдэв?
  • Тавдугаар бүлэг ー Ийнхүү хүн төрөлхтөн мэндлэв

II хэсэг ー Мөхөж одсон хүн төрөлхтнүүд

  • Зургаадугаар бүлэг ー Идүүлсэн ч үржихэд л болно
  • Долоодугаар бүлэг ー Хүн төрөлхтөнд тохиолдсон гайхамшиг
  • Наймдугаар бүлэг ー Хомо төрөл арга буюу дэлхийгээр түгэв
  • Есдүгээр бүлэг ー Тархи яагаад улам томорсон бэ?

III хэсэг ー Хомо сапиенс хаашаа явна вэ?

  • Аравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсийн тархалт
  • Арван нэгдүгээр бүлэг ー Хомо сапиенс гарч ирсэн нь
  • Арван хоёрдугаар бүлэг ー Танин мэдэхүйн чадварт ялгаа байсан уу?
  • Арван гуравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсээс хагацсан нь
  • Арван дөрөвдүгээр бүлэг ー Саяхныг хүртэл амьдарч байсан хүн төрөлхтөн
  • Төгсгөлийн бүлэг ー Хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл


Онлайн захиалга: Интерном дэлгүүр

Утас: 7577-7700