Соёлын яам хийгээд Монголын урлаг соёлын тухай
Шинээр байгуулагдсан Соёлын яам нь анхны нь соёлын салбарыг тэргүүлэн явсан агуу зохион байгуулагч, шилдэг сэхээтэн, эрдэмтэн, нэрт уран бүтээлч Лодойдамба, Ванган нарын Соёлын сайдын албан хашихдаа урлаг соёлын institutional бүтцийн бүтээн байгуулалтын уламжлалыг улам хүчтэй, оюунлаг, том цар хүрээтэй, өөрчлөгдөн буй 21 дүгээр зууны хурдаар Монголд явулна гэдэг нь монгол сэхээтнүүдийн нэр төрийн хэрэг, амьдралаас нэхэгдэн буй зүй тогтол.
XXI зууны даяаршлын өсөн нэмэгдэж буй дэлхийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал нь Монголын урлаг, соёлын салбарт тулгарч буй бэрхшээл хийгээд боломжуудыг бий болгож байна.
Соёлын үнэт өв, мэргэжлийн хосгүй мэдлэг, Монгол түүхийн үнэт зүйлсийн шинж чанарыг тусгасан бүтээлч, гоо зүйн илэрхийлэлтэй урлаг, соёлын менежерүүд соёл хоорондын харилцан ойлголцлыг удирдан чиглүүлэх, удирдах, зуучлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь ертөнцийг үзэх хүнлэг үзэл бодол, ойлголт, бусдын соёлыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх чадварыг бий болгож байдаг.
Монголын урлаг соёл нь нийт 10 сая гаруй үндэстний гайхамшигт хосгүй хорвоог тээгч гол хүчин зүйлсийн нэг юм. Манай улс сүүлийн 24 жил Соёлын яамгүй, хавсарга хэлбэрийн соёлын удирдлагатай явж ирлээ. Энэ нь Монголын соёл урлагийн бодлого, залгамж чанар, шинэчлэл, оюунлаг хүний нөөц, бүтцийн томоохон хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хэрэгжүүлэх бэрхшээлтэй болгон зогсонги байдалд орууллаа.
Урлаг, соёлын менежментийн хүрээнд эдгээр үйл явцын түүхэн, институц, нийгмийн хэмжүүрүүдийн талаар сайн дурын үндсэн дээр Монголын Урлагийн зөвлөл, Гэгээрлийн яамны Соёл урлагийн бодлогын газрын цөөхөн оюунлаг түшмэд, алдар хүндэтгэлийн алтан титэмт хуруу дарам уран бүтээлчдийн нуруун дээр явж ирлээ. Тэдний оюуны хөдөлмөр гавьяа зүтгэлийг үнэлэх ёстой. Аливаа үйлсийн эхлэл нь зөв үнэлэмж, шударга зарчим дээр суурилдаг. Үүний зэрэгцээ Дэлхийн банк, ОУВС, НҮБ-ын ЮНЕСКО, дэлхийн хэмжээний соёл, түүх, соёлын бодлого, урлаг соёлын дээд боловсролын чиглэлээр судлах, орчин үеийн нэн шинэ соёлын, үйлдвэрлэлийн салбар хэрэгтэй байна. Алт мөнгөн урлалын, модон сийлбэр, бэлэг дурсгалын, шил шаазан ваарын урлагийн бүтээгдэхүүн, үндэсний уламжлалт барилга архитектурын, кино үйлдвэрийн гэх мэт чиглэлээр дэлхийн стандарт үйлдвэрлэлийг сэргээн шинээр бий болгох хэрэгтэй.
Орчин үеийн соёл урлагийн үйлдвэрлэлийг бий болгоход шинжлэх ухааны үндэслэлтэй, Монгол улсын эдийн засгийн нэмэр оруулахуйц том төслүүд дутагдаж байна. Монголын нийгэмд ахуй, оюуны хөгжилд бий болж буй үзэгдлүүдэд өнөөгийн соёл урлаг хариулт өгөхөөр чармайж, оюун санаа шинийг эрэлхийлэгчдийн дотоод шаталтын хөдөлгүүр байж ирсэн. Юуны түрүүнд Монголын шинэ урлагийн голомтыг залгамжлагч УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид – найруулагч Л.Ванганы “Эмч нар”, “Тожоо жолооч”, Э.Оюуны “Шидэт лимбэ”, Хо.Нацагдоржийн “Тэмцлийн оч”, Х.Хайнзангийн найруулсан Д.Намдагийн “Наянчулууны ой”, Ермолинскийн “Анхны тулаан”, Галсанжавын найруулсан У.Шекспирийн “Гамлет”, шинэчлэлийг эрэлхийлэн зүтгэсэн найруулагч Г.Доржсамбуугийн драмын театрыг удирдан байхдаа бүтээсэн шилдэг жүжгүүд, Д.Батбаярын “Найрын ширээний ууц”, С.Жаргалсайханы “Буцах хаяг”, Б.Мөнхдоржийн найруулсан Т.Уильямсын “Хүслийн трамвай”, Б.Брехтийн “Галилейн амьдрал”, Д.Намдагийн “Ээдрээ”, Ч.Найдандоржийн найруулсан Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зэрэг бүтээлүүд нь Монголын нийгэмд хүчтэй мессеж хүргэсэн.
Монголын академик драмын театр нь Монголын урлагийн дотоод шаталтын хөдөлгүүр бөгөөд нийгмийн амьдралын диалектик өөрчлөлтүүдийг ажиглаж, хариултыг хайн олох тэмүүлэлт мөнхийн эрэлхэг хайгуулч зан, оюуны хөдөлмөр үргэлжилсээр. Гэтэл театрт ажиллаж буй уран бүтээлчид, ажилтан нарын цалин, урамшуулал, нийгмийн хамгааллын асуудал Монгол улсын цорын ганц академик цолтой драмын театрын хэмжээнд байж чадаж байна гэж үү?
Зах зээлийн нийгэмд төр засгийн зохицуулалт хийхгүй аваас Монголын нийгэм харин адгуусанд оршихуйн орон зайгаа алдах юм биш үү гэсэн бодол заримдаа орж ирэхүй.
Хүн амын 76% оюуны үнэлэмжийн баримтлал, үнэт зүйлсийн тогтолцоонд байгаа гажуудлыг харгалзах түүнтэй эрч оюун санааны маргаан мэтгэлцээнд орох зайлшгүй шаардлага найруулагч нарт дутагдаж байна. “Масс-урлаг” хүч түрэн орж ирж, олноор далайлган, олон нийтээр хэрэглэсэн гэдгээр гайхуулан урлагийн мөн чанараас алдагдуулан өөрийнхөө мугуйд ой тоонд орж ирсэн “үнэ-цэн” тулгах боллоо. Хүмүүсийн төвлөрөл бий болсноор урлагийн шилдэг бүтээлийг орлогын эх үүсвэр мэтээр ойлгох хачин сэтгэлгээ гарч эхэллээ. Нийтийн соёл урлагийг арилжаа наймааны, зугаа цэнгээний хэрэглүүр болгон тайз, дэлгэцийг эзлэн оюунлаг бус орчныг бий болгож байна.
Харин Монголд гэнэн ч гэхээр сэдэвтэй кино хийгдэж, танин мэдэхүйн түвшинд л урлагийг ойлгох хүн сүрэг давамгайлах, үнэлэх эрхийг олгосон нь харамсалтай. Угаасаа дэлхийн урлаг нь нийгмийн эмзэг, нарийн асуудлуудыг сэдэж, өндөр мэргэжлийн түвшинд олон түмэнд хүргэх үүрэгтэй гэдгийг мартаж үл болох тэр хэсэг нь нийгэмд нөлөөлөхүйц чадавхтай цөөнх байдаг – баялаг бүтээгч оюунлаг элит. Манай заримын байр байдал “Эндүүрэгч хорвоод төрөөд эрдэж бардах гутамшиг” хэмээн яруу найрагчийн бичсэнийг өөрийн эрхгүй санагдуулах.
Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний хөгжилд “олноо танигдсан”, “масс мэддэг” гэдгээр, хамгийн олон үзэгчтэй гэдгээр оюуны бүтээлийг үнэлэх болсон үзэгдлийг “ухааны хямрал”-тай зүйрлэмээр.
Аливаа ТВ реклам хийлэг, “Та хоол хэрхэн хийдэг вэ?” зэрэг нэвтрүүлэг бэлтгэдэг TV – entertainment, аль эсвэл мэдээлэл, олон нийтийн харилцааны “public relation” компанийн ажилбар, гүйцэтгэлээс эрс өөр зорилготой “иснтитуци” гэдгээ театр умартсан баймааргүй юм.
Цуутай, эсвэл “олноо танил” болсон гэдэг бол урлагийн гол үзүүлэлт биш гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
“Прагматизм” хэмээх хэрэглээний сэтгэлгээ угаасаа өрөөсгөл, төгөлдөр бус зүйл бөгөөд бүхнийг мөнгөөр тодорхойлж болдог тийм зүйлийг /шедевр/ нандин хэмээн мунхаглаж, аажимдаа оюун санааны хямралд хүргэж, эмх цэгцгүй тогтолцоонд хүргэсэн энэхүү аргачлалын алдаа нь баруун Европын, АНУ-ын урлаг соёлыг бүр залхааж, ядаргаанд оруулж, McDonalds шиг манайхны муухан буузны газар шиг урлаг бий болгохоос өөрцгүй юм гэж сэрэмжлүүлмээр.
Ур таашаалгүй зүйлс, хэрэглэл эдэлж, гоо сайхнаас тасархай өсөж бойжсон хүний сэтгэл үймэрч, будилан, өнчирч хорсож, хардаж, сэрдэж, шантарч буцах хийгээд үйл явдлын хэлхээг урьдаас тааж таних чадвар мөхөс болой. Тэгээд алаг хээтэй эрвээхий ч юм уу, хуучнаа давтах тоть, хээнцэр тогос мэт хөнгөн, давтамжтай, гунигтай хий хоосон адал явдалт масс-урлагийн бүтээлийн үе эхэлллээ.
Энэ эндүүрлийн урсгалдаа живэхгүй гарах уран жолоодлого дутагджээ. Бүтцийн, чанарын өөрчлөлтүүд хийх шинжлэх ухааны судалгаа шаардагдаж байна. Ухаалаг, зөөлөн хатууг хослуулсан тууштай удирдлага, зохион байгуулалт хэрэгтэй. Шинээр байгуулагдсан Соёлын яам нь анхны нь соёлын салбарыг тэргүүлэн явсан агуу зохион байгуулагч, шилдэг сэхээтэн, эрдэмтэн, нэрт уран бүтээлч Лодойдамба, Ванган нарын Соёлын сайдын албан хашихдаа урлаг соёлын institutional бүтцийн бүтээн байгуулалтын уламжлалыг улам хүчтэй, оюунлаг, том цар хүрээтэй, өөрчлөгдөн буй 21 дүгээр зууны хурдаар Монголд явулна гэдэг нь монгол сэхээтнүүдийн нэр төрийн хэрэг, амьдралаас нэхэгдэн буй зүй тогтол.