Сүүлийн өдрүүдэд хурдтай тархаж буй коронавирусийн аюулаас илүү манай улстөрчдийн синдром нийгмээ самраад зогсохгүй засаглалаа нураах хэмжээнд ирээд байна. Эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж байсан Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт УДШ ял өгсний дараа байдал улам ч ноцтой болж эхэллээ. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн аллагын хэргийг дахин шалгана, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно хэмээн шүлсээ үсчүүлж яваа нөхдийн хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь эрүүл ухаанаас халив. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарын энэ түрэмгийлэл шүүх засаглалынхаа мөрөн гүйцэтгэх засаглал гараад суучихсаны бас нэг тод жишээ...

УДШ-ийн шийдвэр гарсны маргааш буюу баасан гаригийн орой ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж намынх нь пиарыг хийдэг гурван телевизийг дуудаж авчираад Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн тухай ээлжит үлгэрээ сонсгов. Сайдын хувьд "хаалтын үгийг хэн хэлнэ, тэр ялагч болно" гэсэн дүрмээр тоглож буй бололтой. Ярианыхаа завсарт ам халсан уу, албаар хэлсэн үү, “Г.Эрдэнэбат чинь хуульч биш, Хилийн цэргийн сургууль төгссөн хүн. Дарга дагаж явж албан тушаалд хүрсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар “А” ч байхгүй” гэж ирээд ил цагаан гүтгэв. Тавин жилийн өмнө Зөвлөлтөд их сургууль төгссөнөөс хойш тархиндаа нэг ч удаа гэгээ тусгаагүй энэ хүн МУИС-д 15 жил Эрүүгийн эрх зүй заасан, өөрийнх нь хийсэн “шоронжсон” гэгддэг социалист маягийн хуулийг халж, Эрүүгийн эрх зүйд шинэчлэл хийсэн /тэр тоолонгоор маш их судалгаа хийсэн, танилцуулсан/ хууль зүйн ухааны доктор, профессор хүнийг ингэж гүтгэж болохгүй. Яавч цоо эрүүл хүний үг биш.

Б.Хурцыг мөн “Барилгын техникум төгссөн, Орост хоёр сарын тагнуулын курст суусан” гэж доромжлов. Уг нь Ц.Нямдорж гуайг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад түүний даалгавраар Дамирангийн Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн хэргийн сэжигтэн болгож, тагнуулын тусгай ажилтан Б.Хурцад үүрэг өгөн Францаас хулгайлж авчирсан байдаг.  Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын агаарын хилээр оруулж ирэн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгснөөс хойш гурван жил гаруй хоригдож, эрүүдэн шүүлгэсний эцэст уг хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон. Шоронгоос суллагдаад долоо ч хонолгүй хорионд байхад нь сэдэрсэн архаг хууч өвчний улмаас амь насаа алдсан. Д.Энхбатыг Б.Хурц алаагүй, Хууль зүйн сайдын өөрийнх нь харьяалдаг хорих ангид эрүүдэн шүүгдсэн. Хүн ийм ахархан ой дурсамжтай байж болохгүй.

Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,

“Ял эдлүүлэх гэхээр өвчтэй болчихдог. Хууль бусаар чөлөөлсний дараа эрүүл болчихдог л хүн. 2000 онд Францад очоод баригдах хүртлээ зүв зүгээр байсан, одоо ял эдлэх болохоороо хүний эрхийн хороогоор ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргуулсан байна лээ”/2003.11.25/,

“Д.Энхбатыг шалгах шаардлага байсан. Гэтэл зарим улс төрийн хүчин элдвээр дайрч садаа учруулж байгаа. Хамт тэмцэж явсан нэг нөхрийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж байхад яагаад тэгдэг юм, бүү мэд” /2004.04.21/ гэх мэтээр ярилцлага өгч байжээ. 

Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан болон хийгээгүй хэрэгт нь гүтгэж эрүүдэн шүүсэн хэрэг одоо хэр нь “Улсын нууц” гэсэн тамгатай, архивт хав дараатай байгаа. Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн өмгөөлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж хэвлэлд ярилцлага өгснийхөө төлөө “улсын нууц задруулсан” хэргээр ял сонссон. 

Тийм атал Ц.Нямдоржтон өнөөдөр гэнэт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын таван жил шалгагдаж, гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор улайрч, “эрүүдэн шүүсэн байна” хэмээн нүүрээ илэг болтол гүйж яваа нь үзтэл сонин. “Өнөөдрийг хүртэл энэ хэрэгт 53 хүнийг яллагдагчаар татаж шалгасан. Тэрний зөвхөн хоёр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр шүү дээ. Бусдыг нь яаж тамласныг хэн мэдлээ” хэмээн шүдээ хавирч суугаа нь цаанаа л хоржоонтой.

Уншигч авхайд сануулахад, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат УДШ-ээр хэргийг нь шийдэхийн өмнөх өдөр NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт орж ярилцлага өгсөн. Энэ ярилцлагаараа прокурор асан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой холбоотой нэгэн ноцтой мэдээллийг ил болгосон. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард Ц.Нямдорж сайдын Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн, дараа нь албан ёсоор Засгийн газар нууцаас гаргасан “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгийн эх хувь шүүх дээр ирээгүй, уг бичлэгийг Ц.Нямдорж ямар замаар гартаа оруулсан нь ч тодорхойгүй... 

Ц.Нямдоржтон тэр үед “Гүйцэтгэх ажиллагааны материалыг устгасан байсныг бид сэргээсэн” гэж мэдээлсэн авч үнэн хэрэгтээ тэрийг хэн ч устгаагүй, устгах ч шаардлага байхгүй. Одоог хэр нь тагнуулын архивт байгаа. Харин бичлэгийн эх хувийг нотлох баримт болгох нь ашиггүй байсан учраас бичлэгийг хуулбарласан буюу хэргийн зорилгод нийцүүлэн эвлүүлсэн гэсэн үг. Шинжээчид мэдээж үүнийг анзаарсан. Бичлэгийн эх хувь биш гэдгийг криминалистикийн шинжилгээгээр тогтоосон авч тэр нь шүүхэд нөлөөлөөгүй. Ял хэдийн төлөвлөгдсөн байсан гэсэн үг. 

Уг нь бол, Шүүхийн шинжилгээний тухай хуульд /24.1/ “Криминалистикийн шинжилгээний объектыг эх хувиар нь ирүүлнэ” гэж заасан. Энэ нь “бичлэгийг хуулбарласан болон эвлүүлсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангахгүй” гэсэн үг. Яг ийм шалтгаанаар шүүх өмнө нь 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгож байлаа. Гэвч сүүлд эх хувь нь гарч ирсэнээр хэргийг сэргээн шалгах боломжтой болсон билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд сэтгүүлчдэд үзүүлж, олон нийтийн сүлжээнд тавьсан Т.Чимгээгийн бичлэгийг Х.Нямбаатар сайд бас л “Бичлэгийг устгасан байхад нь бид сэргээсэн” гэж мэдээлсэн. Гэвч үнэн хэрэгтээ уг бичлэг нь хэргийн материал дотор анхнаасаа байсан. Байснаар ч зогсохгүй шүүх уг бичлэгийг нотлох баримт болгож “гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улстөрчдийн амнаас гарч байгаа үг хийгээд үнэн байдал ийм хол зөрүүтэй.

Тийм учраас энэ хэрэгт эхнээс нь гар хөлөө дүрсэн, анхнаас нь ашиг сонирхлоо хавчуулж ирсэн улстөрчдийн үгэнд нэн тэргүүнд итгэж үнэмших нь аюултай. Тодорхой хэмжээний шүлтүүр байх ёстой. Ц.Нямдорж сайд бүр 2016 оноос, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагдан хорьсон үеэс эхлэн прокурор, тагнуул руу албан тоот шидэж, “наад хүмүүс чинь хэрэг хийгээгүй, хэлмэгдэх гээд байна шүү” гэж анхааруулж байснаа байнга ярьдаг. Энэ хүмүүс хийгээгүй гэж итгэхийн тулд хэн хийсэн бэ гэдгийг нь маш сайн мэдэж байх ёстой биз дээ. 

Тийм болохоор хэргийг хэрэгсэхгүй болгоно, дахин шалгана гээд байгаа хүмүүсийн ард яалт ч үгүй улс төрийн болон хувийн ашиг сонирхол байна. Тэгэх тусам тэр хүмүүсийг хэргээс холдуулж, мэргэжлийн буюу хараат бус хуульчдын үгийг сонсох хэрэгтэй байна. УИХ-ын зарим гишүүдийн тавиад байгаа парламентын нээлттэй сонголыг хийх нь зөв боловч улстөрчдийн биш, хуульчдын үгийг түлхүү сонсмоор байна. 

Сайшаалтай нь, өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жиргэсэн. Гэтэл маргааш өдөр нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзахдаа хэргийн тодорхой хэсэг буюу өмгөөлөгчдийн тэмдэглэлийг нууцаас гаргасан гэж ярьжээ. Аль ч тохиолдолд нууцаас гаргасан тэрхүү материал хамгийн түрүүнд эрх баригчдын гарт орж таарна. Харин тэр нь ямар шүүлтүүрээр олон нийтийн нүд, чихэнд хүрэх вэ? гэдгээр энэ хэргийн хувь заяа шийдэгдэнэ. 

Өнгөрсөн үйл явдлуудаас харвал эрх барьж байгаа нам болон тэднийг төлөөлж буй Засгийн газрын хоёр гишүүний хувьд /Ц.Нямдорж, Х.Нямбаатар/ хэргийн үнэн мөний тал дээр нэг талын байр суурьтай, ямар ч аргаар хамаагүй хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө ажиллаж байгаа нь. Үүнийгээ ч ил тод хэлж яваа. Ялангуяа эрүүдэн шүүсэн хэрэг дээр тэдний байр суурийг үзсэн ч тэр С.Зоригийн хэргийн нууц материалыг ил болгоод зогсохгүй эрүүдэн шүүсэн хэргийг ч гэсэн нууцаас гаргах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ хамгийн гол нь хуульчдын, мэргэжлийн хүний үгийг сонсьё. Нээлттэй сонсгол юм чинь нийтээрээ том хэлэлцүүлэг хийе. 

Тэгэхгүй нэг, хоёр улстөрч гарч ирээд нийтээр дагаж мөрддөг дүрэм журам, хууль ёсыг уландаа гишгэлдэг, тэр нь засаглалаа нураах хэмжээнд хүрдэг байж болохгүй. Шүүх бол хуулийн хэрэгжилтийг хянадаг, түүгээрээ дамжуулж нийгэмд шударга ёсыг тогтоодог байгууллага. Эсрэгээрээ хуулийг хэрэгжүүлдэг байгууллага нь шүүхийнхээ дээр гарчихаад тонгочоод байж болохгүй. Ямар ч тохиолдолд...