Капитализмыг өмөөрөхүй
Бичсэн 26 ном нь олон хэлээр орчуулагдан, хэвлэгдсэн бодит амжилтын эзэн Райнэр Цитэлманн өнгөрсөн долоо хоногт Монголд ирж долоо хоноод буцлаа. Монголоор хэвлэгдсэн номынхоо нээлтийг хийхийн хамт хэд хэдэн газар лекц уншиж, барууны үзлийн авшиг хүртээв. “Капитализмыг өмөөрөхүй: Цуу ярианы үнэнийг илчилсэн нь”, “Хүчирхэг капитализм”, “Өөр байж зүрхэл, тэгээд баяж” гурван номынхоо нээлтийг хамт хийж, зав муутай байлаа. Түүний гурван бүтээлийг цувралаар танилцуулъя.
Капитализмыг өмөөрөхүй: Цуу ярианы үнэнийг илчилсэн нь
Ноднин герман хэлээр нээлтээ хийсэн энэ бүтээл жилийн дараа монголоор орчуулагджээ. Зүүний үзлийн шуурганд мөхлийн ангал руу зогсолтгүй уруудаж яваа монголчуудын хувьд цаг алдалгүй унших ёстой ном мөнөөсөө мөн. Чөлөөт зах зээлийг өмгөөлж хамгаалагчид XIX, XX зууны Айн Рэнд, Ф.А.Хаек, мөн Австрийн эдийн засгийн клубын хэдэн сонгодгийг л эш татдаг. Тэднийг эс тооцвол өнөө цагийн капиталист судлаач, зохиол бүтээл үгүй мэт санагддаг бол Райнэр Цитэлманны бүтээлээс шинэ үеийнхэнтэй танилцана. Өнөөдрийн жишээг олж уншина. Энэ номд бүгд шинэ. Бидний үеийн тоо баримт дурджээ. Тэрээр өнөөгийн олон социологч, эдийн засагчийн зохиол бүтээлээс эшлэхийн хамт шинэ аргумент, саяхны үйл явдлаар жишээ авсан буй. Ном гурван хэсэгтэй, гэхдээ сүүлийнхээс нь эхэлж танилцуулбал сонирхолтой.
Гуравдугаар хэсэг нь зохиогчийн захиалгаар 22 улсад хийсэн социологийн санал асуулгын дүнг, дүгнэлтийн хамт багтаасан байна. Асуулгын зорилго нь Европ, Ази, Өмнөд болон Хойд Америк, мөн Австралийн иргэд нас хүйс, улс төрийн байр суурь, боловсрол, орлогын үүднээс капитализм хийгээд чөлөөт зах зээлд хэрхэн ханддагийг тодруулахад оршжээ. Азийн орнуудын дотор Монгол Улс багтсан байна. Зохиогч дээрх 22 улсад номоо хэвлүүлэхдээ зөвхөн тухайн улсынх нь судлагааны дүн, дүгнэлтийг багтаасан. Монголын хэсэг 275 дугаар талаас эхэлж байна. Бид туулсан нийгмийнхээ нөлөөгөөр капитализмыг таашаадаггүй боловч, зах зээлийн харилцааны буяныг амссаныхаа хувиар бас дэмждэг бололтой. “Сант Марал” судалгааны байгууллагын 1 200 түүврийг хамруулан хийсэн судалгааны дүн, дүгнэлтээс олон сонин зүйл харж болохооор байна.
Хоёрдугаар хэсэг нь “Капитализмыг эсэргүүцсэн байр суурийн хувилбарууд” гэдэг гарчигтай. Энд социализм цаасан дээр л сайхан харагддаг гэдгийг өгүүлсэн буй. Өнөөгийн социалистууд онолын дүгнэлт, гаргалаа ойлгох хэмжээний чадваргүй учраас дан нүцгэн баримтаар тэдний байр суурийг бут ниргэсэн харагдана. Социалист үлгэрийн хаан Славой Жижэк, Тома Пикэтти, Пол Кругман нарыг олонтаа эшилжээ. Тэдний байр суурийг зүгээр ч нэг няцаагаад орхисонгүй, маш үндэслэлтэй сөрөг баримт гаргаж тавьсан буй. Гэхдээ хоёр онолыг зодолдуулсан хэрэг биш. Зүгээр л нүцгэн баримтыг ямар ч тайлбаргүй өрсөн гэвэл зохилтой. XXI зуунд капитализмын ийм жишээг үгүйсгэнэ гэдэг бүдүүлэг явдалд тооцогдох биз ээ.
Нэгдүгээрх буюу “Капитализмыг эсэргүүцэгсдийн 10 их төөрөгдөл” хэсэгт Райнэр Цитэлманн хүн төрөлхтөн өнөөг хүртэл капиталист бус нийгэм байгуулах 24 бүтэлгүй оролдлого хийснийг тоочжээ. Тэр бүхэн диктатур, өлсгөлөн, улс орны сүйрлээр төгссөн нь түүх юм. Үүнд мэдээж Камбож, Хойд Солонгос, Венесуэль бас Хятадын жишээг татсан байгаа. Энэ улс орнууд хэдэн сая хүний амиар тоглосон, одоо юу болчихоод байгааг бид бүгд мэддэг. Харин зүүнтнүүд тэр бүхний шалтгааныг хийсвэр зүйлээс хайж, дураараа тайлбарладаг. Францын коммунист намын гишүүн Пол Потын үнэнч дэмжигч Жан Пол Сартр, В.И.Ленинийг шүтэн бишрэгч Славой Жижэк хоёрт түүх ярьж өгөхөөр “Тэр чинь жинхэнэ социализм байгаагүй” гээд хэнэггүй зогсож байхаас биш уучлал гуйсан нь үгүй. Социализм ийм байх ёстой гэдэг шинэ концепц гаргаад ирдэг. Камбожийн хэрэг явдлыг дэлхийн хэмжээний сэхээтнүүд хөхүүлэн дэмжиж байсан. Бүр аллага, хүчирхийлэл үйлдэхгүйгээр социлизмд хүрэхгүй гэдэг байлаа. Капитализмыг харааж, хүний зовлонгийн шалтгаан бүхнийг АНУ-тай холбож тайлбарладаг Славой Жижэк гэгч Камбожийн улаан кхмэрүүдийн аллага дутуудсан, “хувьсгалт хүчирхийлэл бол нүглийг ариусгах бурханлиг чанартай” хэмээн бичсэн удаатай.
Ер нь зүүнтнүүд болж бүтээгүй бүхэнд капитализмыг буруутгахдаа гарамгай сайн билээ. Нийлүүлэлт ба инфляцаас үүдээд барааны үнэ өссөн гэхээр “Капитализмаас л боллоо” гээд гудийхгүй зогсож байдаг. Тэгээд зогсохгүй капитализм жирийн худалдан авагчийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна гээд л нийтлэл бичиж гарна. Эсвэл сүүлийн үеийн iPhone худалдаж авчихаад “Капитализм биднээр ямар ч хэрэггүй худалдан авалт хийлгэж, эд таваарын хойноос хөөцөлдүүллээ” гэдэг пост хийчихнэ. Зүүнтэн хүссэн бараагаа авсан, эсвэл авч чадахгүй байгаа буруутан нь бэлэн, тэр нь мэдээж капитализм.
Райнэр Читэлманны ном бүрэн гүйцэт боловсруулчихсан философийн сурах бичиг биш. Өнөөгийн баримтууд нь капитализмыг эсэргүүцэгчдийн байр суурийг үгүйсгэж байгааг л харуулна. Өмнөх нийгмээс үүдэлтэй капитализмыг хараадаг, чухам юу гэдгийг нь ч ойлгоогүй мөртлөө айдаг явдал Монголд энерциэ хадгалж байна. Капиталист гэдэг бол Монголд хараалын үг. Ямар ч байсан капитализм бол “муу” гэдэг ойлголттой. Гэтэл 1981 онд Хятадын хүн амын 80 хувь нь ядуу амьдарч байлаа. Харин чөлөөт зах зээлийн эдийн засгийн буянаар 40 жилийн дотор “Ядуурлыг бид яллаа” гэж ноднин зарласан. Дөчин сая хүний амиар тоглосон Маогийн “Их үсрэлт”-ийг огт дурддаггүй, бүр нуудаг. Социализм нууцаар арвин, капитализм дэлгэх баримтаар дүүрэн.