Хийвэл бүү ай: У.Хүрэлсүх
Өнөө өглөөний сонинд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тухай нийтлэл гарчээ. Гал авалцуулсан хурал болно доо гэлцэж байсан нь болсон бололтой. Харин гал авалцуулсан шийдвэр нь гарсангүй.
Өнөө өглөөний сонинд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тухай нийтлэл гарчээ. Гал авалцуулсан хурал болно доо гэлцэж байсан нь болсон бололтой. Харин гал авалцуулсан шийдвэр нь гарсангүй. Тэр ч байтугай У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох шийдвэрийг ч намын дарга нь хүлээж аваагүй аж. Шүүхийн шийдвэр гартал хэнийг ч ажлаас нь чөлөөлөхгүй гэсэн байна. Мөн ирэх сард болох ёстой Бага хурлынхаа товыг ч зарласангүй. Үүнийг нь МАН-ын албан ёсны хэвлэлүүд “Намын эв нэгдлийг хамгаалж, дотоодын зөрчлөө дарж чадлаа” хэмээн мэдээлжээ. Асуулт: Тэгвэл сонгуулйн өмнө МАН дотор эхэлж, сөрөг хүчинтэйгээ үгсэн тохирсон байх магадлалтай болж өнгөрсөн үйл явдлууд “дотоодын зөрчил” төдий зүйл мөн үү?
Уг нь бол олон нийт сүүлийн сонгуулиар МАН-д “үхлийн цохилт” өгсөн 60 тэрбумын хэргийг МАН Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно байх гэж найдаж байв. Намаа шившиглэсэн Ц.Сандуй, намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан У.Хүрэлсүх гээд... Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар гэгч “60 тэрбумын схемийг Доржзодов гаргасан” гэж зүтгэж байгаа ч нэгдүгээрт, тэр бол намын албан тушаалтан бус, хувь иргэн. Хоёрдугаарт “Женко”-гийн туршуул болох нь тодорхой болсон учраас МАН энэ хүнтэй харуцлага тооцох боломжгүй. Харин санаатай, санаандгүй энэ хүнтэй удаа дараа уулзаж, төрийн албыг шат шатаар нь жиргэж зарах тухай хэлцэл хийсэн нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хувьд шүүхийн шийдвэртэй шийдвэргүй буруутан болно. Яагаад гэвэл тэднийг дотроо горьдлого тээсэн шигээ Зодовын хийсэн схемийг тооны машиндаа хийж суух хооронд нөгөөх нь өрсөөд бичлэгийг задалчихсан шүү дээ. Ядаж л Ц.Сандуй өрсөж задалсан бол ялаас хэлтэрч болох байв.
Гэтэл МАН энэ болсон зүйлийг “дотоодын зөрчил” нэрээр дараад өнгөрнө гэвэл өөрөө өөртөө л гай дуудаж буй хэрэг. Зүй нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг хэмээн жигшиж, намаасаа хөөн зайлуулах ёстой байв. Ингэвэл МАН ядаж л “60 тэрбумын нам” гэх муухай нэрнээс салж ангижрах юм. У.Хүрэлсүхийн хувьд ч ялгаагүй. Намын дарга, Ерөнхий сайд болох гэсэн хувийн шуналдаа хөтлөгдөн намынхаа эсрэг ажилласан урвагчдыг өөрөөр яах ёстой вэ?
2004 оны сонгуулиар шиг санаж байна. АН-ын дарга М.Энхсайханаас нэр дэвших эрхээ авч чадаагүй Р.Амаржаргал, Д.Одхүү нарыг УИХ-д бие даан нэрээ дэвшүүлснийх нь төлөө АН-аас хөөж байв. Тэд нэр дэвшсэн тойрогтоо ялалт байгуулан УИХ-д орж ирснийхээ дараа л АН-ын гшүүнийхээ эрхийг сэргээж байсан санагдана. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа ч бас АН-ын Үндсэн дүрмйн хороо, Дотоод хяналтын хорооноос сөрөг хүчинтэй нийлж Засгийн газраа огцруулах кноп дарсан “Женко” Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарыг АН-ын гишүүнээс хасах шийдвэр гаргаж байлаа. Улс төрийн намын сахилга бат, хариуцлага гэдэг энэ. Харамсалтай нь МАН-д тийм зүйл алга. Дээлээ зузаалахын тулд дээврээ нураахдаа тулсан баахан нөхөд л үймж байна. МАН гэдэг нэр тэдний ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, албан тушаалд хүрэх гишгүүр төдий л юм байна. Тэр намын шинэчлэл энэ тэр бол бүр цаашаа шүү.
Өнгөрсөн хугацаанд АН-аас хэдэн нам салж, хэд нь эргэж нэгдэв. Тэр болгон улс төрийн өрсөлдөөн, үзэл бодлын сөргөлдөөн байлаа. Харин 90 жилийн түүхтэй, хамгийн том суурьтай, боловсон хүчний лут чадавхитай гэгддэг МАН-ынхан хөнжил дотроо л үзэлцээд байхаас биш гадагшаа гараад улс төр хийчих чадавхтай ганц ч лидер алга. Бүгд л энэ намын нэр дор толгой хоргодож, нэр хүндийг нь зарж ашиг олох гэсэн хүмүүс. Одоо бүр намаа бүхлээр нь худалдчхдаг нөхөд ар араасаа, үе үеэрээ төрөн гарч байна даа. Зүй нь У.Хүрэлсүх “Шадар сайдын суудлаа өгнө” гэж айлгаж суухаар “Женко”-той нийлээд нам байгуулчих хэрэгтэй шүү дээ. Хийвэл бүү ай гэдэг байх аа. Гэвч намынхаа нэрийг л солиод байхаас намаа сольчих зоригтой нь ч бас алга л даа.
Өнгөрсөн хоёр сонгуулиар АН сайн сайхнаа бүгдийг нь нэгмөсөн гөвсөн. Харин МАН хэзээ энэ бүх муу муухайгаасаа салах вэ?