УИХ-ын сэнтийг анх хэдийд дуудлага худалдаагаар үнийг нь нисгэсэн билээ? Анх хүүхдийн мөнгө нэртэй суудлын мөнгө болох 10 мянгаар УИХ-ын сэнтийг үнэлж эхэлсэн. Хүүхдэд хайртайдаа тэдэнд 10 мянгыг өгөх гэсэн нь юу л бол. Хүүхдэд 10 мянгыг өгч баярлуулснаар оронд нь сонгуулийн санал хумих гол зорилго АН-ыг хөтлөж байв. Монголын бүх хүүхдэд 10 мянгыг өгсөн учраас асар их мөнгө зарлагадсан авч тэр их мөнгө намаас болон нэр дэвшигчдээс гараагүй, татвар төлөгчдийн мөнгө байсанд хамаг бунгуу оршино. Татвар төлөгчдийн мөнгийг үрэхэд эх оронч сэтгэл шаардлагагүй. Харин хувийн бор зүрхээ ард түмэндээ зориулахад эх оронч сэтгэл голлоно. Буяны үйлстэнүүд УИХ-ын гишүүдээс зүрхээрээ ялгаатай. Хүүхдэд 10 мянгыг өгсөн нь зөв. Гэхдээ сонгуульд ялсаныхаа дараа тийм шийдвэр гаргасан бол ямар нэгэн хардлагагүй нэр цэвэр байх сан.

Чөтгөрийн бага адтай гэж АН 10 мянгыг амалмагц, архаг нам шинээр төрсөн хүүхэд бүрт 100 мянга, шинэ гэр бүл бологч бүрт 500 мянган төгрөг тараахаар баадуурсан. Ингэж УИХ-ын сэнтийн үнэ хадсан билээ. 100 мянган төгрөг хүртэхийн төлөө хүн амаа өсгөсөн эцэг эхчүүд гавъяатай ч 500 мянгад шунаж хуурамчаар гэр бүл бологсод 500-гаа хувааж авдаг гутамшигт жишиг тогтоож, цэвэр ариун гэр бүлийн ёс суртхуунд нэгэн ялзрал үүсгэсэн билээ. Энэ ялзрал УИХ-ын сүлд хийморийг ямар нэг хэмжээгээр гутааж, сэнтийн  өөрийн өртгийг нэмсэн байж таарна.

Дараа нь бүр даамжирсан. УИХ-ын сэнтийн үнэ хаялцсан сонгуульд АН нэг саяыг амлаж, сэнтийн үнийг хөөрөгдөв. АН-ын өөд нь шидсэн гэнэтийн нэг саяыг сонсоод балмагдсан өрсөлдөгч нам нэг сая 500 мянгаар давуулж шидлээ. Энэ үед УИХ-ын сэнтийн үнэ бүхэлдээ хэд хүрсэнийг тооцоолох боломж алдагдсан. Сэнтийн үнэ тэнгэрт хадсанаар ядуус үй олноор үржив. Хоногийн хоолгүй ядууст нэр дэвшигчид “Намайг сонгоорой” гээд арав хорин мянгаар мөнгө тараалаа. Намууд бас “Манай намыг дэмжээрэй” гээд асар их мөнгө баруун солгойгүй цацав. Сүүлдээ ядуурсан сонгогчид саналаа худалддаг аргад суралцсан. Бүр ил цагаандаа гарч өрхийн тэргүүн нь “Нэг саналыг хэдээр ярих вэ” гээд нэр дэвшигчдээс тохиролцохыг шаардах болсон. Саналаа худалддаг ардчилсан бус бусармаг заншил сэнтийн нүгэлд шүглэсэн байх учиртай. Сэнтийн үнэ цойлох тусам элдэв бузар заль мэх олноор халдварлан орон даяар тархаж, нийгмийн сэтгэл зүйг хорлосныг сэнтийн жижиглэнгийн үнэд шингээж тооцох ёстой.

Оюу толгой Таван толгой гэх мэт байгалийн баялгийн үлэмж хэсэг УИХ-ын сэнтийн үнэд явчихсан гэвэл та юу гэх вэ? Чалькотай хийсэн асар их алдагдалтай гэрээ бол мэдэхгүйдээ мэхлэгдсэн гэрээ биш, сэнтийн хахуульд цацах мөнгөнд шаагдсандаа мэдэн будилсан хулгайн гэрээ юм. Чалькотой хийсэн алдагдалтай гэрээ УИХ-ын сэнтийн өртгөнд зүй ёсоор байраа эзэлнэ. 100 мянган айлын орон сууцны зах зээлд байдаггүй 6 хувийн зээл гэгч луйвар яах аргагүй УИХ-ын сэнтийн үнэ. Хашаа байшин, машин, эд хогшлоо зараад өдгөө гудамжинд хаягдсан иргэдийн нулимс ч УИХ-ын сэнтийн өртгөнд уусаж таараа. Сэнтийнээс болж Монгол хоосорно шүү.

Ийм их үнэтэй УИХ-ын сэнтий хүн амдаа юу өгөв өө? Өөрөөр хэлбэл УИХ-ын эрхэм гишүүд ард олноо юугаар гийгүүлсэн билээ? Барилга байшин, зам гүүр, тариа ногоо, жижиг дунд үйлдвэр зэргийг чинь хувийн хэвшлийнхэн голлоод буй юм биш үү. Мал сүрэг 40 сая болоход эрхэм гишүүд хуруу хөдөлгөөгүй. Хөл дээрээ босож ядсан бүтээн байгуулагч хувийн хэдэн компаниа УИХ-ын гишүүд тендерээр бантагнуулж, өч төчнөөн алдагдалд унагаж, ажлыг нь чөдөрлөхөөс өөр ямар ч нэмэр болоогүй. Төр засгийг холхон байж, битгий саад хийгээсэй гэж ажил хэрэгч хувийн хэвшлийнхэн залбирч буй.

Үнэтэй сэнтийд хамраа сөхөгчдийн хөл дор даварсан хулгай луйвар ил цагаан явагдаж байна. Манай хэдэн өөдгүй амьтан “Роснефть”-д очоод Монголд зарах үнээ нэмээд өгөөч гэж гуйсан тухай хөөр бах болгон яриад буй атлаа чухам хэн хэн тэгж явааг нэр хаягтай нь зарлаж хариуцлага тооцохгүй юунд нь тэднийг өрөвдөөд байна. Иймэрхүү дайснуудад үнэтэй сэнтийд заларсныхаа эр бярыг гаргахгүй, салаавч тавьсан Шинэбаяр мэтэд гаргаад байх уу.

Асар олон саяар цусны даралтын аппарат шиг юм Оросоос авснаа телевизээр амаа олохгүй магтав. “Полиграф” гэгч тэр хэмжигч нь худал өчиг өгч буй гэмт этгээдийн ходоодныхоо мухарт чанд нуусан хулгай худлыг илэрүүлдэг гайхалтай аппарат гэнэ. Хувь хүний нуусан амь санааг хүн төрөлхтөн өнөөг хүртэл илчилж чадахгүй байгаа сан биш билүү? Тэгтэл орос ах тийм гайхамшиг бүтээгээд монгол дүүдээ өндөр үнээр шахаж байдаг. Монгол нь өртөг хайрлахгүй худалдаж аваад амаа олохгүй магтаж байдаг. Орос “Полиграф” үнэнхүү тийм ид шидтэй юм бол бид эрхийг нь түдгэлзүүлж чаддаггүй томчуудыг Сугараас эхлээд шалгуулах сан. Үнэхээр хүний нуусан санааг илчилдэг аппарат юм бол манайд тэрнээс илүү чухал  эд гэж байшгүй. Хулгай луйвраа улайм цайм булзааруулж, шударга тунгалаг дүр эсгэгчдийг тэр аппаратаар бичлэг хийлгэж илчлэх сэн. Ахын “Полиграф”-аар доторх нууц санааг нь мэдмээр хүн манайд бишгүй байна. Ах нар бурхнаар гулгидаг бүсгүй шиг хулхи аппарат шахсан бол Монгол улс олон саяар хохирч, энэ аппаратыг оруулж ирсэн монголчууд татварын мөнгөнөөс бузгай юм унагаа вий.

Ямар санаатай хүмүүс бидний татварын мөнгөөр гадныхантай наймаа хэлцэл хийгээд явна аа? Улаан-Үүд хотод Орос Монголын хамтарсан мах боловсруулах үйлдвэр IV сарын 23-д ашиглалтад орох гэнэ. Хамтарсан гэхээр манайх хөрөнгө оруулсан байж таарна. Хачирхалтай нь монголчууд нутгаасаа 20 мянган тонн мах жил бүр Улаан-Үүдэд тээврийн хөлс зарлагдан зөөж аваачаад, хиам консерви болгосон үйлдвэрлэлийн зардал төлөөд, тэгсэн атлаа эргээж нутагтаа өндөр зардлаар тээвэрлэн авчирч борлуулах гэрээ хийжээ. Хиам консервиэ хүнсний хомсдолтой Оросын алс дорнотод борлуулж ашиг олохгүй юм бол яах гэж жил бүр 20 мянган тонн мах, хиам консервиэ хил давуулан нааш цааш зөөх тооцоо хийдэг байна? Орос бурядууд монгол малын махнаас сэжиглээд хиам консерви авахгүй гэж цамаархаж буй бол бид өөрсдийнхөө идэх хиам консервийг ямар ашиг олох гэж Улаан-Үүдэд өндөр үнэ төлж үйлдвэрлээд хил давуулан зөөж буй хэрэг вэ. Оросууд ямар ч явдал чирэгдэлгүй нутаг дээрээ сууж байгаад Монголоос жил бүр 20 мянган тонн махыг нь авчруулаад тал нь Монголын хөрөнгөөр боссон үйлдвэртээ хиам консерви хийгээд, борлуулалт гэж санаа зоволтгүйгээр буцаагаад Монголд ханасан үнээр нийлүүлэх гэрээтэй нь өндөр ашигтайн дээр Улаан-Үүдэд олон ажлын байр гарна. Айл ингэж ажиллаж байхад бид яаж байна? Гутармаар. УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засаг юу харж суудаг байна.              
  
УИХ-ын гишүүдийн амжуулдаг ажил нэг л бий. Тэр нь ар гэр, хамаатан садангаа өөд нь татаж, өөрөө дараачийн сонгуульд өрсөлдөх бэл бинчингээ хураах, ердөө л энэ. Сэнтийд залрах 4 жилийн хугацаанд яаж баяжих вэ гэдэг мөрөөдлөөс ондоо бодол тэдний толгойд байхгүй. Монгол яаж ч алдаж байсан тэдэнд падгүй. УИХ-ын гишүүний цалингаар баяжиж чадахгүйгээс хойш эрх дархаа ашиглан луйвар хулгай хийх нь эрхэм гишүүдийн дунд тийм ч муухай шившиг биш болжээ. Хэн нь түргэн баяжиж чадаж байна, түүгээр битүүхэн бахархаж, даган дуурайдаг нь ердийн үзэгдэл болж хэвшчээ. Энэ бусармаг явдалд хэн нь ч цочирдож гайхахгүй. Үйлдвэрлэсэн хууль нь тамхиныхаа хуультай адил хэрэгжихгүй байгаа нь бүхний нүдэнд хаа сайгүй ил. Гайхалтай нь УИХ-ын сэнтийн үнэ эдүгээ хэд хүрсэн бол? Үнэтэй сэнтийд заларч буй эрхэм гишүүд хүн амдаа чухам юу юу бүтээв ээ? Сэнтийн үнэ төд хүрсэн, УИХ-ын гишүүн-сайдууд тийм тийм юм бүтээсэн гээд хуруу даран тоолооч.

                                                                                                2013-03-31