Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын (2014) урьдчилсан тоглолт энэ сарын 29-д буюу ирэх Лхагва гарагт 18:30 цагаас Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болно. Улаанбаатар хотод болно. Манай шигшээ Мьянмарыг хүлээн авч тоглох бөгөөд хожсон баг нь Оманы шигшээ багтай тоглох юм. Бид 2002 оны Дэлхийн аваргын урьдилсан тоглолтонд Саудын Араб, Вьетнам, Бангладеш гэсэн багуудтай нэг хэсэг болон тоглож нэг тэнцээ, хоёр гоол оруулсан. Дараа нь 2006 оны урьдчилсан тоглолтоо Мальдивтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүн 13:0 (0:1, 12:0)-ээр манайх хожигдсон. 2010 оных БНАСАУ. Талбайдаа 1:4, айлын талбайд 5:1-ээр хожигдсон бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх Дэлхийн аварга. Энэ тоглолтын өмнө манай шигшээ Эрхүү хотноо дөрвөн нөхөрсөг тоглолт хийж бэлтгэлээ базаасан.

    Мьянмар!!!

   Дэлхийн хаагдмал, буурай улс орнуудын нэг. Бирм гэж байгаад 1989 онд нэрээ Мьянмар болгож, Рангун нийслэлээ Янгон болгон нэрээ сольсон ч 2007 онд улсынхаа төв руу нүүлгэж Найпитав гэдэг шинэ нийслэлтэй болгосон. Түүнчлэн 2010 оны аравдугаар сард далбаагаа сольж шар, ногоон, улаан судал дээр таван хошуутай социалист талыг баримтлагч гэдгээ харуулсан. Ийм үзэгдэл Африк тивд 1960 оноос хойш гарч байсан бөгөөд голдуу улс орноо цэргийн хүчээр барьж байсан дарангуйлагч, шунахай этгээдүүдийн өөрийн дур зоргоор аашилсны жишээ болж байв. Мьянмарын хувьд Тан Швэ гэж хүнээс хамаг хэрэг мандсан (хөлбөмбөгтэй холбоотой баримтыг доор дурьдана). Хөгжиж байсан Бирм улсыг орвонгоор нь эргүүлж, парламентийн засаглалтай хэдий ч хаан шиг авирлаж, гадныханыг хөөж, нутгийн цөөнхүүдийг алж, устгаж, дүрвүүлсэн овилгогүй нэгэн. НҮБ, улаан загалмай гэх олон улсын байгууллагуудыг ч зөвшөөрдөггүй тэрээр 2007 онд гадны сэтгүүлчдэд анх удаа хаалгаа нээсэн ч шинэ нийслэлдэх Буддын сүм үзүүлсэнээс хэтрээгүй. Мьянмарын статистик мэдээ хэзээ ч үнэн байдаггүй. Харин энэ оны гуравдугаар сард ерөнхий сайд байсан Тэин Сэин ерөнхийлөгч болсон. Удаан хугацааны улс төрийн үйл явц, улс орныг доройтуулж тэр нь хөлбөмбөгт ч нөлөө үзүүлж Азид муугүй өрсөлдөгч байсан Мьянмарчууд чансаа, чанар, тоглолт, дүн гээд бүхий л талаар хойшилсон юм.

    Хөлбөмбөгийн хувьд Ардчилсан Солонгостой төстэй. Хөлбөмбөгчид нь хагас цэрэгжилтийн байдалтай гэхэд буруудахгүй (армидаа их мөнгө зарцуулдаг). Гол спорт нь хөлбөмбөг бөгөөд бүгд дотооддоо тоглодог. Нийт 1 122 039 хөлбөмбөгчиний 132 659 нь бүртгэлтэй гэж FIFA.com дээр мэдээлсэн байх юм. Шигшээ багт нь гадаадад тоглодог нэг ч тамирчин байхгүй. Анх 110-д чансаагаар эрэмблэгдсэн боловч жил ирэх бүр чансаа нь доошилж буй. Шигшээ багийн дасгалжуулагч нь Сербийн Милан Живадинович. Югослав, Ирак, Йемен, Ганын шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч хийж байсан мундаг эрхэм. Гэвч Мьянмарыг удирдаж 6 тоглолт хийхдээ 2 тэнцээ 4 хожигдолтой явж байна.

    Мьянмарын Хөлбөмбөгийн холбооны (МХБХ) хувьд том “шархтай”. МХБХ-ы Ерөнхийлөгч Зав Зав гэж Европын холбооны хар дансанд бүртгэлтэй бөгөөд түүнийг санхүүгийн будлианаар шалгаж улмаар Монголтой тоглох Дэлхийн аваргын тоглолтыг цуцлаж магадгүй гэсэн мэдээ гадны томоохон сайтууд дээр тавигдсан байсан юм. Их Британий нөлөө бүхий сайт guardian.co.uk-д Манчэстэр Юнайтэд клубыг эзэмших 1 тэрбум долларын санал Мьянмараас явуулсан гэсэн мэдээ (баримттайгаа) 2010 оны 12 сарын 6-д гарч шуугиан тарьж байлаа. Ард нь Ерөнхийлөгч, генерал Тан Швэ, МХБХ-ы ерөнхийлөгч Зав Зав нар байсан юм. ОУХБХ-ы “Гоол” төслийн Мандалай (хоёр дахь том хот нь) хотын хөлбөмбөгийн акадэми барих зардалыг Max Myanmar гэж компани гүйцэтгэсэн бөгөөд барилгын компаний захирал нь мань Зав Зав байсан. ОУХБХ-оос жил бүр өгдөг 250 000 ам.доллар болон “Гоол-1”, “Гоол-2”, “Гоол-3” төслүүд мөн л түүний гараар дамжсан. Мьянмарын Ардчилсан намын гишүүн Кун Мин Тун энэ талаар “Зав Зав тэргүүтэй манай хөлбөмбөгийн холбоонд мөнгөөр туслах нь цаад утгаараа генерал (Тан Швэ) болон түүний хамсаатнуудын авилгалыг өөгшүүлж байгаа хэрэг” гэж ярьжээ.

Швейцарын засгийн газрын хянан шалгах хорооны орлогч Томас Граф: МХБХ-г Зав Завын хувийн өмч биш. Зав Зав болон түүний эхнэрийн явуулдаг санхүүгийн үйл ажиллагаанд хориг тавихаар бэлдэж байгаа” гэсэн мэдээнүүд ОУХБХ-ы ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч байсан. Гэвч Зэпп Блаттэр Мьянмарт айлчлал хийсний дараа тэгсгээд намжсан. Одоо Зав Зав ерөнхийлөгч хэвээрээ, Мьянмар манайхтай тоглох нь хэвээрээ, Блаттэр ч албандаа үлдсэн. “The Washington Post” сонины хавсрал  “Parade” сэтгүүлийн 2009 онд гаргасан дэлхийн хамгийн муу удирдагчийн дөрөвт жагссан Тан Швэгийн гар хөл, хамтрагч нь Зав Зав гэж эх сурвалжууд нотолж байна. 

    Бидний өрсөлдөгч Мьянмарт хөлбөмбөг сонирхогчдын түвшин өндөр, хамгийн их үзэгчтэй, санхүүжилт их ордог боловч дотоод асуудлаасаа (өөрсдөөсөө) болоод хөгжиж чадахгүй байгаа, нэг хүний халаасанд ороод мартагдсан тийм л улс. Сүүлд SUZUKI CUP-2010-т тоглож нэг тэнцээ, хоёр хожигдолтой дуусгасан. Манайхтай тоглосон Филиппинтэй 0-0-ээр тэнцэж, Филиппин цаашаа хагас шигшээд хожигдсон. Манайхтай тоглодог бүрэлдэхүүн тэр чигээрээ байсан. Мьянмарын хамгаалалт Филиппинтэй харьцуулвал зохион байгуулалт тааруухан, гүйлт, байрлал нөхөлтийн алдаа гаргадаг боловч, довтолгооны тал дээр илүү ч байж магадгүй. Гол давуу тал нь хурд.

    Монголын шигшээ

    Манай багийн гол тоглогч, ахлагч Д.Лүмбэнгарав Нийслэл Лигт тоглож байхдаа хөлөө хугалсан учир энэ удаа тоглож чадахгүй. Маш муу мэдээ. Хамгаалалтын тал дээр Энхжаргал, Б. Эрдэнэбаяр (Хангарьд), Очбаяр, Алтанхүү, Бадрахзаяа, Цэдэнбал нараас сонголт хийгдэх бөгөөд Гарьдмагнайг ч төвийн хамгаалагч хийлгэж магадгүй юм. Хагас хамгаалалт, довтолгоо тал дээр муугүй байна. Японоос Баяржаргал, АНУ-аас Мөрөн, бангаас (3 жил тоглох эрхээ хасуулаад байсан) Цэнд-Аюуш, буцаж шигшээдээ дуудагдсан Даваа-Очир нар ирсэнээр илүү чанаржсан. Баяржаргал (зүүн), Алтантулга (баруун) нар жигүүрт гарч Цэнд-Аюуш төвд найруулж, Төгсбаяр, Мөрөн нар довтлогч хийж магадгүй. Харин хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар Даваа-Очир тоглох болов уу. Хаалгачаар Ганбаярыг тоглох болов уу гэсэн бодолтой байна.

    Өмнөх Филиппинтэй тоглосноос хамаагүй илүү довтолгооны санаачлагатай тоглогчид болох Мөрөн, Баяржаргал, Цэнд-Аюуш нар ирсэнээр манай тамирчдын сэтгэлзүйд эерэгээр нөлөөлж байна. Мөрөнгийн тухайд Эрхүүд хийсэн тоглолтонд Оросууд амаа олохгүй магтаж байсан бол Баяржаргал багын авьяастай хүүхэд байсан. Японд очоод маш хурдан сайжирч Хоромхонд 2007 оны Лигийн хоёрдугаар тойрогт тоглохдоо сэнсаац дэгдээж байлаа. 13 номэрийн гоёмсог тоглолтыг хараад энэ хаанаас гараад ирэв гэж дуу алдаж байсан хүмүүс цөөнгүй байсан. Манай багийнхан ч Эрчим, Хас гээд хожиж чаддаггүй багуудаа түүний хүчээр хожиж байлаа. Цэнд-Аюушын хувьд 14 настайдаа нэг удаа зохиогдоод больсон футзалны лигийн шилдэг тоглогч болж байсан. Насанд хүрэгчдийн тэмцээн буюу Монголын хамгийн сайн хөлбөмбөгчид цугласан байсан ч 14 настай хүүг гүйцэх тоглогч байгаагүй юм. Толгойгоороо (толгой ажлуулах) хамгийн сайн тоглодог. Энэ жилийн Дуулианд УБДС гэж Лигийн тамирчдаас бүрдсэн багийг ганцаараа хожсон.
Миний таамаглал:
                                               
                                                            Ганбаяр

Очбаяр                          Энхжаргал                        Гарьдмагнай                    Цэдэнбал


                                                           Даваа-Очир

Алтантулга                                                                                                       Баяржаргал

                                                           Цэнд-Аюуш

                                                     
                                             Төгсбаяр                      Мөрөн

    Эсвэл 3-5-2 хувилбараар тоглож болох юм. Энэ удаагийн тоглолт манайд ашигтай. Яагаад гэвэл өмнөх Макао, Филиппинтэй тоглоход эсрэг багийн талбайд хоёр бөмбөгний зөрүүтэй хожигдоод ирсэн учраас өөрийн талбайдаа дандаа нөхөж гоол оруулах гэж зовж байсан бол 29-д болох тоглолтонд бүх юм тэгээс эхэлнэ.