Ж.Чинбүрэн: Эмнэлэг, өвчтөн, даатгал гэсэн гурван хэлхээс дунд улс төрийн оролцоо байлгамааргүй байна
Үүнийг л бие даасан тогтолцоо гээд байгаа юм. Гэтэл яагаад тэндээс салж чадахгүй зууралдаад байдаг юм. Дарга томилдог, даргын үгэнд ордог байлгахыг хүсээд байдаг юм уу. Тийм л яам гэж би харж байна.
УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах Түр хорооны дарга Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Хаврын чуулганаар Түр хороо эмийн чанар ба үнийн асуудлаар нээлттэй сонсгол хийхээр зарласан. Бэлтгэл ажил хэр явцтай байна, сонсголын өдрийг товлосон уу?
-Гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр төлөвлөсөн. Сонсгол хийх өдрийг хараахан тогтоогүй байна.
Эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэг нь эм, эмнэлгийн хэрэгсэл. Эмч хүн сайн эмтэй байж хүнийг эмчилдэг. Эмийн түр хороог анх 2022 онд байгуулаад, Н.Учрал гишүүн ахлаад явсан. Тухайн үед эмийн чанарын асуудлыг судалсан. Түр хороо зөвхөн хуулиар заасан хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ганцхан чанар гээд зарлачихаар чанар нь үнэтэй шууд хамааралтай болчихдог, үнийг нь хаячихаж болдоггүй. Дээр нь түр хорооны дарга өөрөө Засгийн газрын гишүүн болоод явсан, түр хорооны хугацаа ч дууссан. Хуулиараа түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах ёстой, нэг удаа хугацаа сунгадаг, 12 сараас дээш хугацаагаар ажиллах боломжгүй. Тэгээд би өөрөө 27-28 гишүүний гарын үсэг цуглуулаад, эмийн чанар дээр үнийн өсөлтийг багтаагаад Түр хороо байгуулсан. Одоо хянан шалгах үйл ажиллагаагаа явуулж байна.
-Түр хороог өнгөрсөн намрын чуулганаар байгуулсан биз дээ. Одоо нөгөө зургаан сар нь дөхчихөж байгаа юм байна...
-Түр хороо байгуулахыг 2023 оны зургадугаар сард, өнгөрсөн хаврын чуулганаар зөвшөөрсөн. Тэгээд хуралдаж чадахгүй явсаар байгаад аравдугааар сард хуралдаж, намайг даргаар томилсон. Өмнөх түр хорооны хийсэн ажилтай танилцаад, мэдээллүүдээ хуваалцаад ажиллаж байна.
Эмч хүний гол зэвсэг бол сайн чанартай эм. Миний өгсөн эм хүнийг эмчлэх ёстой. Түр хороог ахалснаас хойш зарим нь намайг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэдэг л юм. Би хувьдаа нэг эмийн бөөний төв, бүр жижиглэнгийн аптек ч байхгүй. Миний төрөл төрөгсөд дотор ч ийм мэргэжлийн хүн байхгүй. Хамаарал бүхий этгээд хайсан ч олдохгүй. Миний ашиг сонирхол гэвэл эмч хүний өгсөн эм яагаад хүн эмчлэхгүй байна вэ? гэдэг л асуулт.
Жишээ нь Н.Учрал гишүүн өөрийнхөө тухай бичсэн шүү дээ. Би тэр хагалгааг нь хийсэн. Өөрөө номдоо зарлачихсан учраас чөлөөтэй ярьж байна шүү. Солонгост очоод хийсэн зүйл нь ерөөсөө л антибиотекоо сольсон. Тэгээд цусан дахь үжил нь яваад, бие нь сайжраад Монголдоо хүрээд ирсэн. Хүнд хэцүү хагалгаа хийсэн, хагалгааны дараа үе үе халуураад л байгаад байсан. Үжил явагдахгүй, бактер нь биеэс нь алга болж өгөхгүй. Монголд байгаа бүхий л антибиотекийг ууж үзсэн, нэмэр болоогүй. 21 хоног баахан чанаргүй антибиотек уух уу, долоо хоног чанартай сайн антибиотек уугаад эдгэрэх үү л гэдэг асуудал. Нэгд, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал. Хоёрт цаг хугацаа, үнэ өртөг. Эмнэлэгт хэвтэхэд хичнээн их зардал гардаг билээ дээ.
-Би бас гайхаад байна л даа. Манайд эрүүл мэндийн салбарын бүхэл бүтэн тогтолцоо байна. Гаднаас оруулж ирж байгаа, дотооддоо үйлдвэрлэж байгаа эмд хяналт тавьдаг, стандарт мөрддөг байж таарна. Гадаадад үйлдвэрлэгдэж, шинээр нэвтэрч байгаа эмүүдийг ч гэсэн судалдаг, дотооддоо импортлохоор ажилладаг байх гэж бодож байна. Яагаад заавал УИХ дээр Түр хороо хүртэл байгуулж, эмийн чанар, үнийг ярих ёстой болчихов? Мэргэжлийн байгууллагууд нь яагаад ажиллахгүй байна?
-Яагаад Түр хороо байгуулдаг вэ? гэхээр олон нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид эмийн салбараа бүхэлд нь хувьд өгчихсөн. Хуучин бол төр өөрөө бүрэн хянадаг байсан. Ардчиллын жилүүдэд эмийн салбараа бүрэн хувьчилсан. Зарим нэг архивын материалыг судлаад үзэхээр “Бид эмийн хангамжаа хийж чадахгүй боллоо. Хувийн хөрөнгө оруулалтыг татахаас өөр аргагүй” гэсэн байдаг юм. Ерэн оныг төгсгөлийг санаж байгаа биз дээ. Юун эм байтугай хүнсээ хангаж чадахгүй байсан. Лангуун дээр давснаас өөр юм байгаагүй. Тэгээд шантраад “За хувийн хэвшилдээ өгье өө” гэсэн. Эмнэлгүүд хүртэл дуслын шингэнээ ганзагаар авч байсан шүү дээ. Үүнд хувийн хэвшлийг буруутгах ёсгүй, хувийн хэвшлийнхэн энэ салбарыг нуруун дээрээ үүрээд өдий хүртэл явж ирсэн. Гэхдээ төрийн зохицуулалтад алдаа гарсан. Гол худалдан авагч нь улсын эмнэлгүүд, тендерийн худалдан авалт. Тендерийн зарчим нь ерөөсөө хамгийн хямд үнэтэй нь ялдаг. Ийм тогтолцоо 30 жил ажиллаад, эм ханган нийлүүлдэг байгуулллагуудын дунд хямд үнийн уралдаан зарлачихсан.
-Нөгөө талд нь хувийн эмнэлгүүд байна шүү дээ. Тэнд тэгвэл эмийн чанар ямар байна?
-Тэд бол өөрсдөө эмээ оруулж ирээд, өөрсдөө борлуулж байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчин сайн биш байсан, одоо ч сайн биш байгаа. Ганзагаар эм зөөдөг тогтолцоо одоо хүртэл арилаагүй байна шүү дээ.
-Эмийн импортын хэдэн хувь нь ганзагаар орж ирж байна?
-Эмийг 350-400 тэрбумын эргэлттэй бизнес гэж ярьдаг боловч яг бодит үнэлгээгээрээ нэг их наядаас бараг давчихсан байна. Бүртгэлтэй нь 350 тэрбум орчим. Гэтэл жижиглэнгээр худалдаалж байгаа дүнг нь харахаар нэг их наяд давчихсан. Тэгэхээр бүртгэлгүй эмийн худалдаа ямар их байгаа нь харагдаж байгаа биз. Тийм учраас бид тогтолцоон дээрээ аягүй том алдаа гаргачихаж. Эм гэдэг маань ердийн хоол хүнс биш. Зохицуулалтаа сайн хийж, хяналтаа сайн тавьж байж энэ бизнесийг хувийн хэвшлийнхнээр хийлгэнэ.
Эрүүл мэндийн салбарт 2020 оноос хойш хийсэн нэг том шинэчлэл бол “Хүн эмчилсэн л бол та санхүүжилтээ ав” гэдэг тогтолцоо руу орсон. Хуучин бол “Та энэ мөнгөндөө багтаагаад хэдэн хүн эмчилнэ, тэр нь чанартай байна уу, чанаргүй байна уу, хамаагүй” гэдэг байсан. Одоо бол чанарыг шүтдэг тогтолцоо руу шилжсэн, гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Өмнө нь хувийн эмнэлэгт 10 хувь, улсын эмнэлэгт 90 хувийн санхүүжилт өгдөг байсан бол одоо хаана ч эмчилсэн ялгаагүй, чанартай сайн эмчилсэн бол мөнгөө авдаг болсон. Энэ бол чанарын өрсөлдөөн, үнийн өрсөлдөөн биш. Яагаад гэвэл үнийг даатгалаас тавьж байгаа. Таны олгойг авахад хувийн эмнэлэгт 5 сая, улсын эмнэлэгт нэг сая гэхгүй, даатгалаас өгч байгаа үнэ яг адилхан.
-Үр дүн, өгөөж нь адилхан сайн байж чадаж байна уу?
-Өгөөжөө бас сайн өгөхгүй байгаа шалтгааныг хайсан чинь эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэлдээ хамаг өртгөө шингээгээд, гүйцэтгэлээс авч байгаа санхүүжилтийнхээ өгөөжийг эмнэлэг нь авч чадахгүй болчихоод байна. Өрөм, хусмыг нь эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулдаг компаниуд авчихаад байна. Өртгийн жин гүйцэд биш байгаа учраас эмнэлгүүд дамжин өнгөрүүлдэг лангуу шиг ажиллаад байна гэдэг гомдол гарч байна. Тиймээс Түр хороо эмийн үнэ үнэхээр 3-4 дахин нэмэгдчихсэн юм уу, бодитой үнэ мөн үү гэдгийг судалж, нотолж гаргаж ирээд, “энэ тогтолцоо чинь болохгүй байна аа” гэдгийг олон нийтэд дэлгэж ярих ёстой. Яг нөгөө Боловсролын зээлийн сан шиг.
Бөөн бөөнөөр зээл олгоод, бүгдийг нь гарын үсэг зураад чөлөөлөөд явчихсан биз дээ. Олон нийтийн сонсголд оруулсан чинь нэг тэрбум доллар буцаад ороод ирээ биз дээ. Хөгжлийн банк яалаа? Олон нийтийн сонсгол хийсний дараа Чингис бондынхоо өрийг төлчихсөн биз дээ. Нүүрсний сонсгол яав? Арай л хэтэрсэн хулгай гарсан. Тэрийг нь ил болгочихсон чинь 2023 оны төсвийн гүйцэтгэл 5,3 хувиар нэмэгдсэн биз дээ. Үүний үр дүнд бид тэтгэврээ нэмж чадаж байна, иргэддээ ноогдол ашиг өгч чадаж байна. Яг ийм байдлаар эмийн салбарыг эрүүлжүүлэхгүй бол хэзээ ч хөл дээрээ босохгүй. Тийм учраас Түр хороо иргэдэд мэдэх эрхийг нь олгоно оо.
-Эмийн салбарыг хувийн хэвшил үүрч яваа гэдгийн цаана нөгөө зөвшөөрөл олгодог, хуваарилалт хийдэг, тендер зарладаг яам, тамга, албан тушаалтнуудын авилга, булхай цухалздаг. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шүү дээ...
-Нэгдүгээрт төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүстэй хамтарч хулгай хийж байна. Хамаарал бүхий этгээд буюу төлөөллөөрөө дамжуулаад. Бид 2020 оны ээлжит бус чуулганаар баталсан нэг чухал хууль бол Эмийн агентлагтай болсон. Эмийн агентлагтай болгосны зорилго нь зах зээл дээр байгаа эмийнхээ чанарыг хяна, үнийн зохицуулалт хий гэсэн. Иргэдээ мөлждөг биш, эмчилдэг тогтолцоог бий болгоход Эмийн агентлаг ажиллах ёстой байсан. Гэтэл өнөөдөр тав дахь даргаа сольчихоод сууж байна, дөрвөн жил хүрэхгүй хугацаанд шүү дээ. Үүнийг бид сонсгол дээр ярина. Дээрээс нь бид 140 гаруй хүний хамаарал бүхий 7000 гаруй ААН-ийг шалгаж байна. Үнэхээр эмийн бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс хамаарал бүхий этгээд мөн үү, биш үү гэдгийг шалгаж нотолно, нээлттэй сонсгол дээр хэлнэ. Өнөөдөр бүгдийг нь ярьж болохгүй байна, зарим нэг нууцлалтай зүйлүүд байгаа учраас. Тиймээс сонсголын үеэр ярина. Зориудаар тогтолцоог муу байлгах бодлого бариад байна шүү дээ, би бол тэгж хардаж байгаа.
-Сүүлд Эмийн чанарын хяналтын лаборатори дээр Түр хорооны гишүүд ажилласан. Тэнд байдал ямар байна?
-Эмийн чанарыг шалгадаг үндсэн том лабораторид нь очоод үзэхэд гурван аппаратын хоёр нь эвдэрхий. 2013 онд АХБ-ны санхүүжилтээр сая гаруй доллараар тоног төхөөрөмж тавьсан, түүнээс хойш нэг ч шинэчлээгүй. Ийм байдалтай байлгах нь хэний сонирхол вэ? Монголд хүн эмчилдэг эм нь чанаргүй байх, эрүүл мэндийн байгууллагыг сул байлгах нь хэнийн сонирхол вэ? Хачин биз дээ.
Сая Засгийн газрын мэдээллээр манай улсын иргэд гадаадад зорчиж эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөр 450 сая доллар гэж байна. Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх гээд эрүүл мэндийн байгууллага, эмч нар яаж хичээж ажиллаж байна. Би өөрөө элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн бүх төрлийн хавдрыг Монголдоо эмчлэхийн төлөө бүхэл бүтэн 26 жилээ зарцуулсан хүн. Өнөөдөр бид чаддаг болсон. Эрт үеийн хавдрыг дулаанаар түлэхээс эхлээд элэг солих хүртэл эмчилгээ хийдэг болсон. Энэ парламентад байх хугацаандаа хорт хавдар, эрхтэн шилжүүлэх хагалгааг Монголдоо хийдэг болгосон, ард иргэдээ гэр орноо зарж гадагшаа явуулдаггүй болсон. Саяхан л орон байраа зараад явж байсан биз дээ. Энэ бол том амжилт. Гэтэл тэрний өгөөжөөс зулгаагаад байгаа зүйл нь эмийн чанар болчихоод байна. Тэрийг шалгадаг лабораторийг шинэчлэхгүй байх, төсвийг нь баталж өгөхгүй байх бодлого хэнд байгаад байна?
-Шалгадаг лаборатори нь нураад уначихсан юм байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр байгаа, шинээр нэвтэрч байгаа эмүүдийг судалдаг, дотооддоо санал болгодог хүмүүс, мэргэжилтнүүд бас байх ёстой. Солонгосын антибиотек сайн байна аа гэж байгаа бол тэндээс авах ёстой биз дээ?
-Сая яриад өнгөрсөн, таван удаа дарга нь солигдсон агентлаг ажиллах ёстой. Тэр агентлаг ямар эм ямар зах зээл дээр байна, манайд юу нь хэрэгтэй байна гэдэг бодлогыг гаргадаг, хянадаг, бодлого боловсруулдаг газар. Эрүүл мэндийн яаманд эмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд байна. Хүний эмийн зөвлөл гэж байна. Хүний эмийн зөвлөл шинээр ирж байгаа эм болгоныг хянаж баталгаажуулж байж Монгол улсад хэрэглэх ёстой. Өнөөдөр зайлшгүй шаардлагатай эм гээд улсаас хөнгөлдөг эмүүд байна. Монгол Улсад тохиолдож байгаа өвчин бүрийг эмчлэхэд ийм эмүүд зайлшгүй байх ёстой гэдэг жагсаалт байдаг. Түүн дотор эмийн үйлчилгээгүй, зөвхөн дэмжих үйлчилгээтэй, бараг амин дэм шахуу эмүүдийг оруулах сонирхол хэнд байна? Үүнийг чинь л ялзарсан гээд байгаа байхгүй юу. Нөлөөлөх, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа нөхөд орлого олгох эх үүсвэрээ болгож ашиглаад байна. Тийм болохоор хамаарал бүхий этгээдийг шалгана гээд байгаа юм.
-Хувийн компани бол ашгийн төлөө явна, ойлгомжтой. Түүний төлөө ёстой чөтгөртэй ч нөхөрлөх байх. Гэтэл төрийн байгууллагад нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа албан тушаалтнууд ийм үйл ажиллагаа явуулах чинь хуулиар хориотой, гэмт хэрэг биз дээ?
-Яг зөв. Монголд эм борлуулж, үйлдвэрлэж байгаа тогтолцоог тойм зургаар нь харъя л даа. Нэгдүгээрт, эмийн үйлдвэрүүд байна, цөөхөн хэдэн үйлдэр. 40 гаруй үйлдвэрээс дөрөвхөн нь дэлхийн эм үйлдвэрлэх стандартыг хангасан байна. Бусад нь хийх сонирхол байхгүй байгаа биз. Хоёрдугаарт, гаднаас эм оруулж ирж зардаг импортлогч байгууллагууд байна. Монголын эмийн зах зээлийн 80 хувь нь импортоор орж ирж байна, 20 хүрэхгүй хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Гурав дах нь жижиглэнгийн худалдаа. Ийм тогтолцоо ажиллаж байна. Гэтэл нэг компани бүгдийг нь хийгээд байвал яах вэ? Эмээ үйлдвэрлэнэ, эм ханган нийлүүлнэ, тэгээд жижиглэнгийн аптектай.
-“Монос”-ыг л хэлэх гээд байгаа юм биш үү?
-Би ямар ч нэр хэлээгүй шүү. Тэгвэл энэ компани хамгийн амархан ашиг олж байгаа бизнесээ л түлхүү явуулна биз дээ. Эм үйлдвэрлэх нь зардал ихтэй, худалдан авах үйл ажиллагаа нь төвөгтэй байх юм бол зүгээр оруулж ирээд зараад байх сонирхолтой болно. Тэгээд жижиглэнгээр давхар зарна. Төр нь энэ тогтолцоогоо хянаж чадахгүй, шударга өрсөлдөөнийг бий болгож чадахгүй, худалдаа, борлуулалтын дүрмээ зөв болгож чадахгүй байхаар компаниудын буруу биш болчихоод байна. Компани бол ашиг хаана байна, тэнд л ажиллана шүү дээ.
-Үйлдвэрлэл, худалдаа, жижиглэнгийн аптекуудыг бүгдийг нь салгах ёстой гэсэн үг үү?
-Би бол тэгж харж байна. Бөөний худалдаа эрхэлж байгаа хүн жижиглэнгийн худалдаа хийж болохгүй шүү дээ. Бөөний худалдаа хийж байгаа нөхөр өөрийнхөө аптекаар бөөнийхөө үнээр зарчихдаг. Хөөрхий хажууд нь ажиллаж байгаа жирийн нэг эм зүйчийн аптек яах вэ? Иргэн хямдыг нь л сонгоно биз дээ. Ингээд дампууруулдаг, үүнийг монополь тогтолцоо гэдэг юм.
Өөр нэг жишээ гэвэл “эксклюзив гэрээ” гэдэг эрх өгөөд өөр компаниуд оруулж ирж чадахгүй болгож байна. Өөрөө ганцаараа оруулж ирж байгаа учраас өөрөө ганцаараа үнээ тогтооно биз дээ. Жил болгон үнээ нэмээд, дуртай үнээ тавиад явна, хэн ч өрсөлдөхгүй юм чинь. Хуулиар хулгай хийчихэж байгаа байхгүй юу. Монголын зах зээл дээр байгаа эмийн бараг 34 хувь нь эксклюзив гэрээтэй борлуулагдаж байна. 4-5 дахин үнэтэй байна гэж яриад байгаа чинь бас оргүй юм биш.
-Ингээд ярихаар таны тухай зарим хүний хэлээд байгаа “ашиг сонирхлын зөрчилтэй” гэдэг үгийг ойлгож болох юм. Нэгдүгээрт, та өөрөө энэ салбарын хүн учраас хамгийн түрүүнд салбарынхаа эсэргүүцэлтэй тулж магадгүй юм. Хоёрдугаарт, угаасаа л салбарын хүн учраас “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг шиг сонсголыг дутуу дулимаг явуулах вий гэдэг хардлага, болгоомжлол бас байж болох юм?
-Миний салбар бол эмч нар шүү дээ, хүн эмчилдэг хүмүүс. Бидэнд бараа товараа нийлүүлдэг нь эм зүйн салбар. Би бол тангараг өргөсөн эмч хүн. Эмч хүн 3,5 сая иргэнээ эмчлэхийн төлөө л ажиллана уу гэхээс эмийн компанйн төлөө ажиллана гэж байхгүй. Би чинь хоёр тангараг өргөсөн хүн. Нэг нь эмчийн тангараг, нөгөө нь УИХ-ын гишүүний тангараг. Гишүүнийхээ хувьд ард түмний төлөөлөл болж орж ирсэн болохоос биш таньдаг эмч нараа хаацайлах гэж орж ирээгүй. Эсвэл эмийн компанийн хамаарал бүхий этгээд болж энд орж ирээгүй. Тиймээс надад ашиг сонирхол байгаа. 3,5 сая иргэнээ эмчилдэг болох нь миний ашиг сонирхол.
-Гэхдээ л Түр хорооны ажил эхэлснээс хойш салбарынхны зүгээс дургүйцэх, эсэргүүцэх тохиолдол гарсан уу? “Нэг салбарынх, зовлон нэгтэй юм байж” гэдэг байдлаар?
-Зарим нь “Чи салбараа муулаад байна” гэдэг юм. Муулах биш ээ, салбараа эрүүл байлгахын төлөө явж байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг зориуд сул дорой байлгах гээд, монгол хүнийг эх орондоо эмчилдэг байх тогтолцоог эсэргүүцээд, үгүйсгээд байна шүү дээ. Би бол эсрэгээрээ “Бид эмчилж чадна аа” гээд байгаа. Намайг ид хагалгаа хийж байх үед хагалгаанд нэг удаа хэрэглэдэг өндөр өртөгтэй багажуудыг төсөвт суулгаад улсаас худалдаж авдаг болсон чинь эмч бидний нуруун дээрээс аймаар том ачаа аваад хаячихсан шүү дээ. Багаж нь байхгүй учраас ар гэрт нь захидаг, тэгэхээр “Чинбүрэн өөрийнхөө аптек руу явуулж байна” гэж харддаг байхгүй юу. Тийм учраас эрүүл мэндийн салбар авилгын хамгийн их эрсдэлтэй бүлэгт ордог байсан. Сайн эмчилгээ хийхийн тулд сайн бага хэрэгтэй. Сайн мужаан сайн багажтай байх ёстой биз дээ. Тэр нь байхгүй болохоор гэрт нь захидаг. Тэрийг нь төсвөөс даадаг болчихсон чинь нуруун дээрээс аймаар том ачаа авч хаясан. Тэрний дараа эм нь хүрэлцдэггүй байсан. Одоо гүйцэтгэлийн санхүүжилт ороод ирсэн чинь ямар гоё байна гээч. Ар гэрээс нь мөнгө, эм захихгүйгээр эмчилгээ хийж байна. Энэ чинь эмч хүнд аягүй амар байдаг байхгүй юу. Тэгэхгүй бол хүмүүс буруу хараад байдаг. Бид зориудаар явуулаад байгаа юм шиг боддог. Маш олон сайн эмч нар байгаа. Мэдээж тэр дунд зарим нэг будилаантай нөхөд байгаа л даа.
Монгол хүнийг эх орондоо эмчилдэг байх, иргэндээ санхүүгийн дарамтгүй үйлчилгээ үзүүлдэг болохын тулд эмийн салбар эрүүлжих хэрэгтэй. Би насаараа УИХ-ын гишүүн байхгүй, мэдээж эмчээ хийнэ шүү дээ. Ард түмэн надад өгсөн мандатаа эргүүлж авлаа гэхэд хагалгаа хийдэг чадварыг маань хэн ч авч чадахгүй.
-Хамгийн сүүлд хэзээ хагалгаа хийсэн бэ?
-Өнгөрсөн сард хийсэн. Хавдар судлалын төвд зөвлөх багш хийж байгаа. УИХ-ын гишүүн хоёр төрлийн ажлыг хийж болдог. Нэг нь эрдэм шинжилгээний, нөгөө нь багшлах ажил. Тэр хүрээндээ залуучууддаа зааж сургасаар л байна. Долоо хоног болгон очиж залуучууддаа зөвлөгөө өгдөг, өвчтөн үздэг. Хоёр долоо хоногт нэг удаа хагалгаанд орж байна.
-Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гэхээр санаанд орлоо. Саяхан нэг улсын эмнэлэг хувийн эмнэлэгт өрөөгөө түрээслүүлээд, нөгөө эмнэлэг нь төлбөртэй оношлогоо хийдэг, төлбөр нь улсын эмнэлгийн дансанд ороод тэндээсээ хувийн эмнэлэг рүүгээ хуваарилдаг нэг тохиолдол хэвлэлээр гараад, бөөн шүүмжлэл болж байсан...
-Энэ миний хамгийн сайн мэдэх сэдэв, бас миний хамгийн сайн хийсэн ажлуудын нэг. Хавдрын эмнэлэг, “Мед Портал” хоёрын тухай ярьж байх шиг байна. Улсын эмнэлэг өөрийнхөө хийж чадахгүй байгаа, эсвэл асар их хөрөнгө оруулалт шаардлагаттай оношлогоогоо хувийн хувшилтэй хамтарч хийгээд орлогоо хуваалцдаг тогтолцоо. Та ч гэсэн сэтгүүлч хүний хувьд судлаад үзээсэй гэж хүсэх байна. Өнөөдөр бүх зүйл шилэн болчихсон, ижил төстэй түрээсэлдэг байгууллагуудыг харьцуулаад үзээрэй. Сая Засгийн газрын мэдээлэл дээр “Ийм жижигхэн талбай түрээсэлдэг мөртлөө ковидтой, цар тахалтай үеийн хоёр жилд Хавдар судлалын үндэсний төв 500 сая төгрөгийн орлого авсан байна” гэж жишээлж байна лээ. Намайг дарга байх үед ХСҮТ-д City MRI байгаагүй. Эмнэлэг ямар ч санхүүгийн эрсдэл үүрэхгүйгээр хувийн хэвшлийг оруулаад талбайн түрээс аваад, дээрээс олсон орлогоос нь авна гэдэг гэрээ хийсэн. Хэрвээ би хулгайч дарга байсан бол зүгээр түрээслэх гэрээ хийгээд түрээсийнхээ мөнгөн дээр нэмээд өөртөө халааслаад сууж байх байсан. Тэр олсон орлогыг нь хянаад үзээрэй.
Хоёрдугаарт тэр үнэтэй тоног төхөөрөмжүүдийн чинь сервис зардал нь асар их байдаг. Зөвхөн компьютер томограф жилдээ 50-70 сая төгрөг. Миний тэр үед хийж байсан тооцоогоор MRI нь жилдээ 100-200 сая төгрөг. Тоног төхөөрөмжийн жилийн арчилгаа, үйлчилгээний зардал шүү дээ. Улсын эмнэлэг тийм их зардал гаргаж ажиллах нь зөв үү, эсвэл төр хувийн хэвшийн түншлэлээр олсон орлогоо аваад, эмнэлэгтээ хэрэгтэй зүйл авдаг, ажилчдынхаа цалинг нэмдэг байх нь дээр үү?
-Эсрэг жишээ бас байна л даа. Гуравдугаар эмнэлэг, ГСҮТ гэхэд жишээ нь тойруулаад баахан хувийн эмнэлгүүд шавчихсан, тийшээ хүмүүсээ явуулж оношлуулдаг байсан, мөнгө нь хувийн эмнэлэгтээ ордог...
-Төрөх эмнэлгүүд дээр бас байна. Ялангуяа 1-р амаржих газартай холбоотой маш олон асуудал байна шүү дээ. Эргэн тойрон баахан хувийн эмнэлгүүд байгуулчихсан. Ирсэн хүмүүсээ үзэлгүй хувийн эмнэлгүүд рүү явуулчихаад эмнэлэг нь өөрөө -3000.000.000-ын алдагдалтай явж байна. Яг ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа Амгалан амаржих тэгэхэд +3000.000.000-ын ашигтай ажиллаж байна. Асуудал юунд байна, удирдлагадаа л байгаа байхгүй юу. Зөв зохион байгуулалттай, эмнэлгээ боддог, ажилчдаа хайрладаг тогтолцоо руу орох юм бол үйлчилгээгээ цогцоор нь үзүүлээд, үйчлүүлэгчдээ ийш тийш нь явуулахгүй. ХСҮТ-ийг тойроод, үйлчлүүлэгчийг булаах гээд бас олон хувийн эмнэлгүүд ажиллаж байна. Хүчгүй байлгах гэж янз бүрийн юм хийнэ, хар пиар хийнэ. “Тэр эмнэлэг нь Чинбүрэнгийнх” гэж хүртэл ярина.
-Би болохоор тэр тоног төхөөрмжүүд нь улсын эмнэлэгтээ байдаг байгаасай гэж хүсээд байгаа байхгүй юу. Та бол ашиггүй байдаг юмаа гээд байна аа даа?
-Гаднын жишээнүүдийг судлаад үзээрэй. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг тухайн эмнэлэг худалдан авч ажиллуулах нь нэг их ашигтай биш байдаг. Саяны хэлсэн сервис зардал, анхны хөрөнгө оруулалтаас болоод. Мэдээж хөдөө орон нутаг, орлого олж чадахгүй байгаа газрууд, аймгийн эмнэлгүүдэд бол улс аваад өгчих хэрэгтэй. Гэхдээ сервисийнх нь зардлыг бас тавьж өгөх хэрэгтэй. Мөнгө нь байвал мэдээж бүгд л өөрсдөө аваад тавихыг бодно.
Гэхдээ бид асуудлыг цаг хугацаатайгаа уялдуулж харах хэрэгтэй. Гүйцэтгэлийн санхүүжилтээр эмнэлгүүдээ бие даалгаад, өөрөө хэрэгтэй тоног төхөөрөмжөө авдаг боломжийг нь олгох энэ ажлаа дуусгаад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй байнгын нэг яамны харьяа байлгаад, асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нь хязгаарлаад байна. Намайг эмнэлгийн дарга байхад ямар байсан гээч. Нэг эмчийн ширээ авахад ЭМЯ-нд хүсэлт гаргаад, тэр нь Сангийн яаман дээр очиж цохогдож байж ирдэг байсан. Одоо гүйцэтгэлийн санхүүжилтээр өөр болчихсон шүү дээ. Би тэр зовлонг нь мэдэж байгаа учраас хууль эрх зүйн өөрчлөлтөд нь оролцоод, оройлоод явж байна.
-Гэхдээ тэгж ажиллах боломж, бие даан шийдвэр гаргах боломж нь хуулиар нээлттэй болсон уу?
-Хууль байгаа шүү дээ. 2018 онд батлагдсан Эмнэлгийн тусламжийн тухай хуулиар эмнэлгүүд ТУЗ-тэй байна, ТУЗ нь тухайн эмнэлгийнхээ үйл ажиллагааг удирдаж явуулна гээд заачихсан. Эмнэлэг дээр гарч байгаа халдвар, өвчин дэгдэлтийг яам дандаа хянаад сууж байх уу? Тийм боломж байхгүй. Байгаа төсөв, үйлчилгээндээ хамааруулаад үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, очер дараалал ихтэй байгаа кабинетуудаа нэмээд явах ёстой. Би жишээ нь эмнэлэг удирдаж байхдаа хамгийн их очер дараалалтаа кабинетуудаа нэмж чаддаггүй байсан. Уучлаарай, танд тийм эрх байхгүй шүү гэдэг. Заавал яамаар бүтцийн өөрчлөлтөө оруулж, батлуулж байж хийнэ. Одоо бол хууль нь гарчихсан.
-Тэгээд хуулийн хэрэгжилт хэр байна?
-2018 онд батлагдсан хууль одоо болтол хэрэгжихгүй байна шүү дээ.
-Яагаад? Хэн хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ?
-Би харин тэрийг чинь шаардаад л яваад байна, хуулиа хэрэгжүүлээч ээ гээд. Одоогоор улсын нэг, гуравдугаар эмнэлэг, Арьс өнгөний эмнэлэг ТУЗ-тэй болсон. ТУЗ-тэй эмнэлгийн үйл ажиллагаа яаж явж байна, ТУЗ-гүй эмнэлэг ямар байгааг харьцуулаад харж болно.
-Гэтэл өнөөдөр Засгийн газар, ЭМЯ-ны нөхөд хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулна гээд, төсөв мөнгө яриад сууж байгаа. Одоо байгаа шатлалын эмнэлгүүдээ үр ашигтай зохион байгуулж, ядаж хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж шинээр эмнэлэг байгуулах тухай ярих нь хэр үр дүнтэй юм бол?
-Эмч хүний хувьд хэлэхэд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хүчтэй байх ёстой. Тэгж байж лавлагаа шатны том эмнэлгүүд рүү ирэх урсгал нь багасна. Өнөөдөр аймаг, дүүргийн эмнэлгүүд хүчгүй байгаа учраас иргэд заавал гурав дахь шатны эмнэлгүүд рүү алгасч яваад байна. Тэнд ачаалал овоорчихоод байна. Эмнэлэг цөөдсөндөө биш, эмнэлэг чанаргүйдээ байна. Тогтолцоо буруу байна аа л гэсэн үг.
-Үүн дээр бид хоёрын санал нийлж байх шиг байна. Дахиад баахан чанаргүй эмнэлгүүдтэй болох вий гэдэг дээр...
-Энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо чинь уг нь аймаг, дүүргийн эмнэлгийг хүчтэй байлгах санхүүжилтийн механизмыг хийчихсэн юм, уг нь. Олгой, цөс авдаг хагалгаагаа заавал хот руу явуулах хэрэггүй шүү дээ. Тэгэхийн тулд нэг сайн мэс засалчид 3-5 сая төгрөгийн цалин өгөөд байлгачих л даа. Санхүүжилтээ авна шүү дээ. Яагаад үүнийг ойлгохгүй, ийм гоё механизм хийгээд өгчихсөн байхад амьдруулаад ашиглаж чадахгүй байгаа юм. Боловсон хүчнээ сайжруул, Засаг даргатайгаа хамтраад ажил. Эмнэлгийн дарга, удирдлага нь юм ойлгодог, ур чадвартай, сайн эмч нар бай. Мэдээж тоног төхөөрөмж, янз бүрийн юм дутагдалтай байгаа, байшин барилгаас авахуулаад. Хуучирчихсан, хоцорчихсон. Тэрийгээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж болох нөхцлийг нь бүрдүүлчихсэн шүү дээ. Заавал төсвийн хөрөнгө хардаг, ЭМЯ баахан тендер зарладаг байх шаардлагагүй. Сайн гүйцэтгэлд сайн санхүүжилт өгөөд эмнэлэг нь өөрөө хөгжье л гэдэг зарчим шүү дээ.
-Тэгэхээр нэг бол эмнэлэг төрд байгаа нь буруу, эсвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нь буруутай л болж байна. Өөр гаргалгаа алга...
-Аливаа асуудал олон талтай л даа. Муулах бол амархан. Тиймээс үндсэн бодлого барьж байгаа Эрүүл мэндийн яам бодлогоо тодорхой болгож өгөх ёстой. Жишээ нь санхүүжилтын механизмаа. Хамгийн энгийнээр нь олгойн хагалгаагаар жишээ авья л даа. Олгой чинь хурц, чоцмог өвчин. Хотод ирж хагалгаанд орно гэвэл нөгөөх нь хагараад, хүндрээд улам их зардал гарна. Тэгэхээр аймагт нь эмчилдэг байхын тулд сая төгрөгийн хагалгааг аймгийн эмнэлэгт 3 саяар хийдэг болгочих л доо. Зүгээр жишээ авч байгаа юм шүү. Тэгвэл аймгийн эмнэлэг тэр хагалгааг хийхийг асар их хүснэ, хот руу явуулахгүйг бодно, хагалгаа хийхийн тулд боловсон хүчнээ бэлтгэнэ, мөн биз. Тэгээд тэрийгээ хийнэ. Яг үүнтэй адилхан аймагтаа, дүүрэгтээ эмчлэх боломжтой олон өвчин байна. Дотрын, мэдрэлийн өвчнөөс авахуулаад. Санхүүжилтыг нь жаахан өсгөж өгөөд тоон дээр нь хяналт тавьчих л даа. Санхүүжилт нь бодитой болоод ирвэл аль болох тэндээ эмчлэх, гадагшаа явуулахгүй байхыг бодно. Үүнийг стратегийн худалдан авалт гээд байгаа юм, хуулиндаа тэгээд оруулчихсан. Тэгэхээр бодлогоор, тарифаар бид маш олон асуудлыг зохицуулах боломжтой. Том зургаар нь харах ёстой. Өвчлөлийн зургаа хараад санхүүжилтын механизмаа хийгээд өгвөл эмнэлгүүд чинь тэнэг биш болохоор сайн мэс засалч, сайн дотрын эмч авья л гэнэ.
-Явсаар явсаар бодлого барьж байгаа Эрүүл мэндийн яаман дээр асуудал хүрээд ирлээ. Тэгвэл тэнд яагаад ажил явахгүй, бодлого гарахгүй, хуулийг хэрэгжүүлэхгүй байна аа? Нөгөө л албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил үү? Эсвэл мэргэжлийн баг, боловсон хүчний дутагдал уу?
-Хамгийн энгийн жишээ. Хавдрын асуудал хариуцсан мэргэжилтэн хэдэн удаа солигдсон гэдгийг л харчих. Бодлого гаргадаг газарт тухайн асуудлаа мэддэг мэргэжлийн хүмүүс тогтвортой ажиллах ёстой. Яамны мэргэжилтнүүдийг ярьж байна шүү. Хуучны тогтолцоо бол мундаг байсан. Яамны мэргэжилтэн гэдэг чинь ямар мундаг бодлого ярьдаг улс байв. Гэтэл өнөөдөр шинээр байгуулсан Эмийн агентлагийн дарга нь таван удаа солигдчихоод байна шүү дээ. Асуудлаа мэддэг, бодлогыг доороос нь бэлтгэж өгдөг мэргэжилтнүүдээ тогтвортой ажиллуулах ёстой. Би жишээ нь, Хавдрын эмнэлэгт ажиллаж байхдаа хавдрын нэг мэргэжилтэнтэй нэлээн удаан ажилласан. Хорт хавдрын үндэсний хөтөлбөр, яаж эрт илрүүлэх вэ, яаж үхлийг багасгах вэ гээд. УИХ-ын гишүүн болчихоод эргээд уулзах гэсэн чинь нөгөө хүн маань байхгүй.
Бодлого тогтвортой байх маш чухал. Гэтэл баахан шинэ улс аваад, нөгөөдүүл нь сурах гэсээр байтал жил гаруйн хугацаа алдаж байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гол түлхүүр бол тогтвортой бодлого, боловсон хүчний тогтвортой байдал. Улс орны хөгжилд ч ялгаагүй. Тэгээд тогтолцоо өөрөө эрүүл байх ёстой.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд та эрүүл мэндийн салбарын хуулиуд дээр нэлээд сайн суусан, чамлахааргүй өөрчлөлтүүдийг хийсэн. Хэрэгжилтийн хувьд сайнтай, муутай байна гэдгийг ч хэллээ. Яг амьдрал дээр бодитой ямар өөрлөлт гарсан бэ?
-Муу зүйлийн хажуугаар бас сайн зүйл байгаа шүү. 2020-2024 онд ажиллах хугацаанд дэвшил гарсан зүйл гэвэл эмийн хөнгөлөлтийн асуудлыг шийдсэн. “Тусгай зөвшөөрөл” нэрийн дор хэдхэн аптек хөнгөлөлттэй эм зардаг байсныг өөрчилсөн. Эм нь олддоггүй, хүрэлцдэггүй, сарын эхэнд үүр цүүрээр очерлоод эмээ авч чаддаггүй байсан бол өнөөдөр нээлттэй болсон. Тусгай зөвшөөрөл гэдгийг ард авилга л байдаг. Эрх мэдэлтний нөлөөлөл байдаг. Энэ алга болсон. Дээрээс нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг төсвийг нэмсэн. 40 тэрбумыг төсөвлдөг байсан бол 140 тэрбум болсон. Ийм том дэвшил гарч байна.
Хоёрдугаарт, бид анх удаагаа 67 тэрбум төгрөг төсөвлөөд хавдрын эрт илрүүлгийг 2022 оны тавдугаар сард эхэлсэн. Үр дүнд нь 2023 онд хорт хавдраар нас барсан хүний тоо 2022 оныхоос 400-гаар цөөрсөн байна. 400 гэдэг бага тоо биш, нэг хүний амины цаана нэг гэр бүлийн элэг бүтэн амьдрал бий. Тэгэхээр сайн зүйлүүд байна, засах зүйлүүд бас байна.
-Тухайлбал?
-Түр хороны хурлын дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиа засахгүй бол утгаа алдчихаад явж байна. Би 2020 онд гишүүн болж орж ирээд хоёр Засгийн газар дамжиж өргөн баригдсан Эмийн тухай хуулийг ахалж ажилласан. Хуулийн 80 хувь нь концепцийн хувьд өөрчлөгдсөн. Тэр үед эмийн агентлаг гэж байгаагүй. Эмийн агентлаг юу хийх ёстойгоос авахуулаад концепцийн хувьд бүтэн өөрчлөгдсөн. Тухайн хуулийн 40 хувь өөрчлөгдөх юм бол хууль санаачлагчид нь буцаадаг. Тэр дагуу буцаагдсан, одоо дахиж өргөн барих ёстой. Тэгэхээр Түр хорооноос гарах үр дүн бол Эмийн хуулийг яаралтай шинэчилнэ. Ямар хуулийн орчинд эмийн бизнес хийх вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой болгоно. Хувийн хэвшлийнхэн бизнесээ чөлөөтэй хийнэ, гэхдээ шударга хийнэ. Бид хувийн хэвшлийнхнээс бизнесийг нь булааж авах гээд, төр хийх гээд байгаа юм биш шүү.
Хоёрдугаарт, хууль бичээд л дараад байж болохгүй. Хуулийг амьдруулах, хууль амьдралд хэрэгждэг байх ёстой. Түрүүнд хэллээ шүү дээ, 2018 онд баталсан Эмнэлгийн тусламжийн хууль одоо болтол бүрэн хэрэгжихгүй байна.
-Хэрэгжүүлэх үүрэг нь салбарын яаманд байгаа биз дээ? Дээр нь эмнэлгүүдэд...
-Яамны ажил байхгүй юу. Эрүүл мэндийн салбарынхан дэмжихгүй гэж би хувьдаа бодохгүй байна. Харин ч их дэмжиж байгаа. Олон эмнэлгүүд эмнэлгийн тусламжийн тухай хууль хэрэгжээсэй гэж хүсдэг. Яагаад хэрэгжихгүй байна гэхээр бүгд ЭМЯ-ны харьяа. Тэндээс томилогддог учраас даргын өөдөөс үг хэлж чадахгүй байна. Тэгэхээр тогтолцоо алдаатай байгаа биз. Өвчтэй хүмүүсийг эмчилдэг эмнэлэг, өвчтөн, даатгал гэсэн гурван хэлхээс дундуур янз бүрийн улс төрийн оролцоо байлгамааргүй байна. Үүнийг бие аасан тогтолцоо гэж яриад байгаа юм. Гэтэл яагаад тэндээс салж чадахгүй зууралдаад байгаа юм. Заавал яагаад өөрийнхөө нөлөөлөл, хамааралд байлгах, хэн нэгнийг томилохыг хүсээд байгаа юм. Дарга томилдог, даргын үгэнд ордог байлгахыг хүсээд байгаа юм уу. Тийм яам л гэж би харж байна. Эсрэгээрээ лавлагаа шатны том эмнэлгүүдээ бие даалгаад, чанар дээрээ хяналт тавиад сууж байх ёстой шүү дээ. Би болж тэгж харж байна. Би өөрөө эмнэлгийн дарга байсны хувьд зовлонг нь мэдэж байна.
-ТУЗ-тэй болчихвол эмнэлгүүд бие даагаад үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Тэгвэл ТУЗ-ийг яаж, хаанаас байгуулах вэ?
-Тухайн эмнэлгийн ажилчдаас гурав, ТББ-уудаас гурав, төрийн байгууллагаас гурван төлөөлөл гаргана. ЭМЯ, Сангийн яам гэх мэтчилэн. Яагаад гэхээр төсөв, санхүүжилыг зааж өгч байгаа, татвараас хураасан мөнгийг хуваарилж байгаа нь төр учраас төлөөлөл зайлшгүй байна.
-ТУЗ-өө хэзээ байгуулах вэ гэж Эрүүл сэндийн сайдаас асууж үзсэн үү?
-Асуусан. 2024 онд багтаад лавлагаа шатны бүх эмнэлгүүдийг ТУЗ-тэй болгоно гэж УИХ-ын индэр дээрээс надад амласан.
-2024 дуустал хол байна даа. Тэгээд дээр нь сонгуультай ч жил байна... Ингэхэд Түр хороонд иргэдээс ирж байгаа санал, гомдол юу байна?
-Иргэдээс ирж байгаа санал гомдлын нэлээдгүй хэсэг нь эмийн үнэ хэт их өсөллтэй байна гэж байна. Судлаад үзэхээр бас нарийн зүйлүүд гарч ирж байна. 40 тэрбумын төсөвтэй байсан эмийн хөнгөлөлтийг 140 тэрбум болгож өсгөлөө. Гэтэл яагаад иргэд дээр хөнгөлөлт нь очихгүй байна гээд харахаар бас л хуулийн цоорхой байна. Хуулиараа зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмийг л хөнгөлөх ёстой. Гэтэл иргэдэд хамгийн их санхүүгийн дарамт үзүүлж байгаа эм нь ханиадны эм байна. Яг томуугийн улирал эхэллээ, үр хүүхэддээ эм авах гэхээр тэр нь хөнгөлөгдөхгүй байна. Би жишээ нь хүүхэддээ эм авахад 70 мянган төгрөг болж байна лээ. Ямар эм хөнгөлөгдөж байна гэхээр нөгөө л хэвтэн эмчлүүлдэг, зайлшгүй ноцтой өвчний үед хэрэглэдэг эмийг хөнгөлөөд байна. Уг нь бол эмнэлгийн тусламжаараа явчих ёстой шүү дээ. Яг архаг хууч өвчтэй, тэр эмийг уухгүй бол болохгүй эмүүд байна. Дээр нь саяны хэлдэг ханиуд томуугийн эмүүд байна. Энэ эмүүд хөнгөлөгдөх юм бол иргэдэд энэ хөнгөлөлт хүрнэ. Тэгэхээр бид хөнгөлөлтөө хаана хийгээд байна гэдгээ эргэж харах ёстой.
Олон төрлийн эмүүд орж ирж байна, жил болгон шинэчлэгдэж байна, жил болгон үнэ нэмэгдэж байна. Иргэдийнхээ халаасыг хоосолдоггүй, өвчин тусаад ядуурдаггүй байя гэвэл тогтолцоогоо зөв хийх ёстой. Өвчин судлалын том төвүүд байх хэрэгтэй. Манайд НЭМХүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвгэсэн хёр гол байгууллага байна. Эдний гол ажил бол ямар өвчин Монголд илүү их тохиолдоод байна, түүнтэй бид тэмцэж чадаж байна уу гэдгийг судлах ёстой.
-Чиг үүрэг нь адилхан юм уу?
-Арай өөр л дөө. Гэхдээ чиг үүргийн хувьд ижил төстэй зүйлүүд бас байна. Үүнийг нэгтгээд гадаадад бол “Өвчлөлийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэрлэдэг.
Жишээ нь баруун таван аймагт ходоод, улаан хоолойн хавдар их гэдэг. Үнэхээр их байна. Ганцхан дуран нэвтрүүлэхэд л тэр өвчнийг эрт илрүүлнэ, олон хүний амийг аварна шүү дээ. Бүх хүний шүд, амыг нь онгойлгож үзээд байх хэрэггүй. Үхэлд хүргэж байгаа өвчөө хянахад л болно шүү дээ. Тэгэх гэж 67 тэрбумыг төсөвт суулгасан шүү дээ. Бодлого хаана байна? гээд шүүмжлээд байгаа маань ийм учиртай. Тэгэхээр “Аа, энэ муу өөрөө эмч юм байж салбараа шүүмжлэлээ” гэдэг. Болохгүй юмыг нь хэлнэ шүү дээ. Ярих нь миний эрх, бас үүрэг. Би ард түмнээ эмчилдэг эрүүл мэндийн салбартай болох гэж энд орж ирсэн болохоос салбараа өмгөөлөх гэж энд суугаагүй шүү дээ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш олон ч удаагийн асуулгууд тавилаа, хуулийн ажлын хэсгүүдэд оролцож байна, тэр болгон хүнд сонсогддоггүй юм байна л даа. Би ямар олон хэвлэл мэдээлэлтэй, тамга тэмдэг барьсан хүн ч биш. Чаддаг нь өөрийнхөө пэйжээр л бичих, дуугарах юм даа.
-Эмийн сонсголд оролцох бүлгүүд гэхээр ямар хүмүүс байна. Мэдээж эм импортлогчид, үйлдвэрлэгчид оролцох байх. Өөр бусад?
-Шийдвэр гаргадаг хүмүүс байна.
-Хэр олон хүний бүрэлдэхүүнтэй сонсгол болох бол? Яаж зохион байгуулах вэ?
-Энэ салбарт үндсэндээ хувийн хэвшил давамгайлдаг. Гэхдээ хувийн хэвшлийг буруутгах, дарангуйлахдаа гол нь биш. Гол нь шийдвэр гарахад нөлөөлж байгаа этгээдүүд хэн байна? Чанаргүй эм оруулж ирчихээд түүнйгээ нуун далдалж байгаа асуудлууд байгаа бол компаниудад шууд хамааралтай болоод явчихна. Дээрээс нь төрийг ашиглаж хулгай хийж байгаа бол тэрийг ярина. Одоогоор тэчнээн тооны тийм хүмүүс сонсголд орно гэдгийг зарлах болоогүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
inews.mn
БИЛЭГТИЙН ЭМНЭЛГИЙГ ЯАСАН ГЭЛЭЭ
зочин
Шилээ
зочин