Эрх баригчдын хагаралтай бодлого ураны төслийг гацаалаа
МАН-ын УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцүүдийн хувьд гадагшаа явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа нь "нэг цонхны" байхаа болиод удаж байгаа. Энэ бол гадаадын хэвлэлүүдэд тойруугаар бичээд байгаа "дотоодын улс төрийн саад тотгор" юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаягалан өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Францын "Орано" групптэй хийж буй хэлэлцээр зогссон зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд "Эрдэнэс Монгол" групп Франц улсын төрийн өмчит "Орано" групптэй ураны төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Засгийн газраас ажлын хэсгүүд гараад хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байгаа. Монголын ард түмэн энэ гэрээний талаар эерэг ойлголттой байх учиртай. Цаг хугацааны хувьд хоцорч байгаа ч гэрээний хэлэлцээр зогссон зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн өдрүүдэд гадаадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд хариулт өгөх зорилготой уг мэдэгдэл гэвч төдийлөн баттай зүйл биш.
Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрөгч аравдугаар сард Франц улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын Францын “Орона Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурсан. Хэлэлцээр ёсоор ХОГ-г эцэслэн батлан сүүлийн хугацаа 2023 оны арванхоёрдугаар сар байсан. Гэвч тухайн үед Францын талаас ирсэн хүмүүс Монголын талын нөхөдтэй уулзаж чадалгүй буцсан тухай мэдээлэл тухайн мэдээлэл тодорхой хүрээнд тарсан. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Францын айлчлалаас буцаж ирсний дараа манай хойд хөрш ОХУ-аас ирүүлсэн шахалт дарамттай холбоотой тухай ч бичиж байв.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрөгч арванхоёрдугаар сард Улаанбаатарт ирэхдээ “Монгол Улс энэ удаагийн ураны төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын ЦС барьж өгөхөд бэлэн” гэж хэлсэн нь тухайн үед нэлээд дуулиан болсон билээ. Гэвч энэ удаад ураны төсөл зогссонги байдалд хүрсэн асуудлыг манай гадаад хөршүүдийн хандлага төдийгүй дотоодын улс төрийн нөхцөл байдалтай холбоотой, ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаарч үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг гадаад эх сурвалжууд бичиж байна.
Тухайлбал, өнгөрөгч пүрэв гаригт /2024.02.22/ уул уурхайгаар дагнан бичдэг Канадын mining.com сайтад “Монгол Улс Францтай хамтран уран олборлох 1,6 тэрбум ам.долларын төсөл зогсонги байдалд орлоо. Хэлэлцээрийг хариуцсан Монголын талыг төлөөлөгч огцорсноос болж хэлэлцээр зогссон, ирэх зургадугаар сард болох сонгуулийн дараа төслийн ирээдүй шийдэгдэнэ” хэмээн бичсэн байна. Манай талаас хэлэлцээр хариуцсан албан тушаалтныг огцруулсан нь хойд хөршийн нөлөө байсан уу, эсвэл дотоодын улс төртэй холбоотой юу гэдгийг хэлж мэдэхгүй ч Д.Амарбаясгалан даргын хэлсэн “Монголчууд дотооддоо энэ төслийн талаар эерэг ойлголттой болох ёстой” гэдэг үг тойруугаар өөрийг хэлдэг. Дотоодын зөрчлөө иргэдийн байр суурь болгоод, хийсэн алдааныхаа хариуцлагыг иргэд рүү түлхээд гаршчихсан нам шүү дээ.
Одоохондоо манай иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ураны төслийг эсэргүүцсэн ямар нэг улс төрийн акци зохион байгуулсан тохиолдол гараагүй. Харин эрх баригч МАН дотооддоо энэ тал дээр нэгдсэн байр суурьт хүрээгүй байжээ гэдгийг зарим нэг хүний үг, үйлдлээс харж болно.
Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа нэгэн “болчимгүй” мэдэгдлийг хийсэн нь хөрөнгө оруулагч орнуудын хувьд төдийгүй манай улсын эрх ашигт ихээхэн хүндээр тусч мэдэхээр болоод байна. Парламентын спикер нь удаа дараалан “Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг гадаадын иргэдэд 100 жилээр эзэмшүүлдэг заалтыг хасна. Хаврын чуулганаар хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэнийг хөрөнгө оруулагч нар анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Газар үгүйгээр уул уурхай эрхэлнэ, олборлолт хийнэ гэж байх уу? Үүнийг дан ганц "сонгууль угтсан шоу, иргэдэд таалагдах гэсэн попрол" гэж үзэх аргагүй. Ингэж бодвол хэтэрхий харалган зүйл болно.
Монголыг ураны салбарт том тоглогч болгох чухал төслийн хэлэлцээр хийгдэж байх үед УИХ-ын даргын хийсэн энэ мэдэгдлийг гадаад улсын нөлөөнд орсон гэж шууд хэлэх боломжгүй ч бас үгүйсгэх боломжгүй. Ялангуа өнгөрөгч онд УИХ-ын даргын шууд санаачилгаар Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын комисс гэгчийг байгуулж, Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд оролцон шийдвэр гаргаж эхэлсэн явдал үүнийг нотолно. Тодорхой хэлбэл, МАН-ын УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцүүдийн хувьд гадагшаа явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа нь "нэг цонхны" байхаа болиод удаж байгаа. Энэ бол гадаадын хэвлэлүүдэд тойруугаар бичээд байгаа "дотоодын улс төрийн саад тотгор" юм гэдгийг тайлбарлах нь илүүц.
Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд “гадаадын иргэнд газар эзэмшүүлэх” гэдэг заалт байхгүй боловч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг шууд хөндөж байгаа. Тухайн үед 2013 онд хөрөнгө оруулагч нарыг татах, хууль, эрх зүйн орчноо тогтвортой байлгах үүднээс оруулж ирсэн хуулийн энэ заалтыг хасч гэмээн Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татах хийгээд хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох ямар ч үндэсгүй болох юм.
inews.mn
Оноч
Зочин
Зочин
Зочин
Sarnai
Зочин
Зочин
Өвгөн
Путинаас
Зочин
Bold
Зочин
Арай
Оноч
Зочин
Ихгэн
Зочин
Хэлэлцээ
irgen
Зураач Лондон
Оноч