ЖАЛХАНЗ ХУТАГТ
Жалханз хутагт Дамдинбазар
ХХ зууны эхэнд Монгол орон Манжийн эзэрхлээс гарч, туурга тусгаар улсаа байгуулах ховорхон боломж монгол түмэнд заяасан билээ. Дэлхийн их гүрнүүдэд дээрэлхүүлэн дарлуулсан Манж Дайчин гүрний алс бөглүү хязгаараас тусгаар тогтнолоо зарлан гарч ирэхэд Монголын ард түмний олон сод билэгт хөвгүүд амь хайрлалгүй зүтгэн оролцсоны нэг нь Халхын Жалханз хутагт Дамдинбазар бөлгөө. Хойд хил дээр Октябрийн хувьсгалын гал дүрэлзэж, урд хил дээр иргэний дайны утаа бүрхэж байсан энэ ээдрээтэй цаг үед хувь заяаны ороо бусгаа тохиолыг зохицуулан, улс орныхоо бүрэн эрхт байдал тусгаар тогтнолын төлөө лам, харгүй амь хайргүй зүтгэж, алдаа оноо, унах босохыг хослуулсаар байж, өнөөгийн Монгол улсыг байгуулан бидний гарт өгсөн юм. Тэр бэрхшээлт, гачлант үед Монгол оронд түрэн орж ирсэн Барон Унгерны Засгийн газрын Ерөнхий сайд, цагаан цэргийг бут цохиод байгуулагдсан Ардын Засгийн газрын удаах Ерөнхий сайдын албыг тус тус хашсан Жалханз хутагт Дамдинбазарын түүх, намтар аргагүй сонирхолтой билээ.
Монгол улсын сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашсан төрийн зүтгэлтнүүд цөөн боловч байх аж. Харин хоорондоо байлдсан хоёр Засгийн газрын аль алиных нь тэргүүн байсан хүн Жалханз хутагт Дамдинбазараас өөр байхгүй юм. Энэ их хүний намтарыг өгүүлэхдээ тухайн цаг үеийн улс төр, цэргийн байдал, хүчний харьцааг тодруулан өгүүлж, хилийн чандад болж байсан үйл явдлууд Монголд хэрхэн нөлөөлж байсныг тодруулан гаргахыг хичээлээ. Өчигдрийн үйл явдлыг өнөөгийн өндөрлөгийн ойлголтоор шүүж болохгүй гэдэг. Учир иймээс уншигч Та тухайн үеийн уур амьсгал, хүмүүсийн мэдлэг чадвар, ойлголтуудыг мэдэрч уншихад нэмэр болог хэмээн зохиогч би бээр чармайсан билээ.
Энэ бүтээлийг туурвихад уншиж хянан тохиолдуулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат, архивын материал олж тусласан ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат, ховор зургаар дэмжсэн ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнгийн захирал академич С.Чулуун нарт талархал илэрхийлье.
Зохиогч би вээр чармайн байж, өнгөрсөн зууны нүргээнт жарны эхний хорин жилийн улс төрийг тодорхойлсон нэгэн эрхмийн түүхийг үнэн мөнөөр толилуулахыг хичээлээ. Уншигч Таны мэргэн оюун мэдтүгэй.
Зохиогч Боржигон овогт Ёндонгийн Отгонбаяр
Вашингтон хот
2019 оны дөрөвдүгээр сарын 05
Монгол улсын 10 дугаар он буюу билгийн тооллын усан нохой жилийн хаврын тэргүүн сард, аргын тооллын 1922 оны гуравдугаар сарын хаврын хуйсгануур нэгэн өдөр Ардын Засгийн төлөөний сайд, Монгол Ардын Намын Төв хорооны дарга, Сангийн хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Солийн Данзан Халхын Эрдэнэ номун хан Жалханз хутагт Дамдинбазарт Жалханзын хүрээнээ морилон бараалхвай. Сайд Данзан хутагтын хүрээнээ морилж, Жалханз хутагтад бараалхахаар айлтгал өргөөд, хэд хоносон боловч “хутагт нямбанд сууж буй” хэмээх үг сонссоор өнөөг хүрчээ. Жалханз хутагт Ардын засгийн төлөөний сайд Данзангийн морилон ирсэн учрыг Нийслэл хүрээнээс ирсэн сураг ажгийг сонсож, гадарлан байсан боловч элдвийг эргэцүүлэн бодсоор яаран хүлээн авч түвдээгүй билээ. Гагцхүү Нийслэл хүрээнээс жанжин Д.Сүхбаатарын хувийн захидал, жанжин Хатанбаатар Магсаржавын элч ирж түүнийг хүндэтгэн гуйж, үг дуулгасны дараа нь л хүлээн авч буй нь энэ юм.
Жалханз хутагтын эргэлзэх нь ч бас аргагүй билээ. Ердөө жил гаруйхны өмнө Барон Унгерны цагаан цэргүүд Нийслэл Хүрээг чөлөөлсний дараа Богд хаант Монгол улс эргэн сэргээгдсэнийг зарлан тунхаглаж, Засгийн газрыг эмхлэн байгуулахад Жалханз хутагт Дамдинбазарыг Ерөнхий сайдаар тохоон талбисан билээ. Удалгүй Бароны цэрэг Хүрээг орхин хойд зүгт Улаан Оростой дайлаар мордож, Ардын журамт цэрэг болон Улаан Армийн ангиудтай мөргөлдсөн юм. Хэдийгээр энэ үед Жалханз хутагт “галзуу Барон”-ыг жигшин холдож, элдэв шалтаг мэдүүлэн нутагтаа эргэн эрж, энэ байлдаан, самууны үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд Ардын засгийг анхнаас нь талархан дэмжиж, баруун хязгаарт бугшсан цагаан цэргийн үлдэгдлийг даран сөнөөхөд чадлаараа оролцсон авч, Бароныг дарсан Ардын Засгийн газар Ерөнхий сайдаараа түүнийг залж буй нь тэр бүр итгэмгүй, гайхалтай хэрэг байсан нь ойлгомжтой.
Арайхийн хутагтын нямба дууслаа хэмээн зөвшөөрөл олгосон тул Жалханзын өргөөнөө орж ирсэн сайд Данзан хутагтыг хүлээнгээ өргөөний доторхыг сонирхон ажиглав. Халхын их гэгээний өргөө гэхэд ихээхэн даруухан байр байдалтай харагдах энэхүү өргөөний хойморт шар шүхрийн дор Далай лам, Богд гэгээн хоёрыг зургийг хүндэтгэн залжээ. Хойморт нь өөр эд хогшил гэхээр зүйл багатай, харин хүндэт зочдын суух зузаан олбогуудыг давхарлан олноор тавьжээ. Хана дагуулан толгой, хөлийг нь уран хээ угалзтай хуш модон сийлбэрээр чимсэн, дээр нь сүртэй шар цацагтай лавир унжуулсан исэр модон ор харагдана. Өргөөний баруун талд олон шургуулгатай, хүрлээр ирмэгийг нь тунтуйлж хийсэн, хуучны улаан чий мажиндмал эргэнэгийн дээр олон мөнгөн аяга, шаазан зэргийг өрсөн харагдах ажээ. Данзанг өргөөг сонирхон ажиглаж суух дор өргөөний эсгий үүдийг сөхөн Жалханз хутагт морилон орж ирлээ. Данзан ухасхийн босож, хутагтад хүндэтгэл үзүүлэн мөргөв. Жалханз хутагтыг өөрийн олбог дээрээ тухлан суусны дараа сайд Данзан хутагтын өмнө алд цэнхэр хадгийг дэлгэн бариад, сөхрөн сууж хүндэтгэн айлтгах нь:
- Эрхэм их хутагт Таны амар амгаланг Ардын эрхт Засгийн газраас айлтгаж, Богд эзний лүндэнг дуулгахаар мөхөс миний бие Таны хүрээнээ хүрэлцэн ирлээ. Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Бодоогийн бие чилээрхэж, төрийн чухал албанаас чөлөө мэдүүлсэн явдлыг Ардын Засгийн газар болон Ардын намын Төв хорооны хурлаар хэлэлцээд Эрхэм их хутагт Таныг итгэмжит бат эрдэмтэн, улс төр, засгийн хэргийг хөгжүүлэн бадруулбаас зохих хүн хэмээн үзэж, Богд эзнээ айлтгал өргөсөн билээ. Ачит их багш Богд эзэн нам, засгийн шийдвэрийг зүйтэй хэмээн болгоож, эрхэм их хутагт Таныг даруй түргэн тушаалын газар ирж, тамга хэргийг хүлээн авч шийтгэхийг лүндэгнэн зарлигдсаныг өргөн барья хэмээгээд муутуу цаасан дээр улаан бийрээр Богд гэгээний цохсон Ардын Засгийн газрын тогтоолыг хоёр гараар өргөн баривай.
Жалханз хутагт Дамдинбазар мөн сөхрөн сууж, мөнхүү бичгийг хоёр гараар хүндэтгэн авч, болор шилээ зүүж, бичгийг анхааралтай нь аргагүй уншиж, дараа нь Богд гэгээний мутрын үсэг мөн эсэхийг нэгэнтээ хянан нягтлаад мөн байх тул бичгээс адис хүртэж, хоймрын бурхан шүтээнийхээ өмнө өргөмжлөн залжээ. Тэгээд сайд Данзанг тусгайлан зассан олбог суудалд суухыг урьж, алгаа гурав ташихад цай, шүүс барьсан дэргэдийн лам нь үйлчлэгч банди дагуулсаар гэрт орж ирлээ. Тэд цай, идээ болж, хүрээний байдал, Бодоо болон Богд эзний лагшин тунгалгийг лавлан чамгүй ярилцсаны дараа Жалханз өгүүлрүүн:
- Өчүүхэн шавь боол би Богд эзний зарлигт сүслэн мөргөмү. Ардын Засгийн газрын хэрэг зорилгыг хутагт миний бие ухан мэдэв. Хэдийгээр өчүүхэн миний бие хууч өвчинд баригдан шаналж суухад хүрсэн ядруу нэгэн боловч засаг, төрийн дуудсан ёсоор хэд хоногоос бэлтгэлээ базаасны дараа Нийслэл Хүрээг зорин хөдөлж, Богд эзэндээ мандал өргөж, зарлигийг сүслэн дагахаа айлтгая хэмээхэд Данзан сэтгэл ихээхэн ханамжтайгаар бөхийн ёслоод:
- Эрхэм их хутагтын алтан үгсийг сонсоод сэтгэл нэн их хөөрөн баясав. Улаан Орос улсын тус дэмийг авч, улс Монголоо гадны хулгай, гамингийн үлдэгдлээс чөлөөлөн гаргасан авч цагийн байдал түгшүүртэй, улс орон ядмаг сул байна. Энэ үед их бичгийн хүн, эрдэмт хувилгаан Та улс гэрийг жолоодох хүн мөн хэмээн Ардын нам, засгаас гаргасан шийдвэрийг таалан соёрхсонд өчүүхэн би магнай хагартал баярлан байна. Их хутагт Та цаг алдалгүй Их Хүрээний зүг морилохыг хичээхийг мөхөс би хичээнгүйлэн хүснэ хэмээлээ.
Хэд хоногоос Жалханз хутагт бараа бологсдын хамт Нийслэл Хүрээг чиглэн хөдөлжээ. Ийнхүү Барон Унгерний байгуулсан Богд хаант Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазар эргэн Ардын Засгийн газрын Ерөнхий сайдын албанаа залагдан морилсон бөлгөө.
Хотгойдын нутагт төрсөн Халхын нэртэй хувилгаан ламтан сэтгэл гүн түгшүүртэйгээр хүндтэй албанаа залран явсан бөгөөд Хотгойд эх нутагтаа дахин эргэж ирэхгүйгээ гадарлаж байсан бололтой, эргэн эргэн харсаар алсын аяндаа мордвой.