Хорин жилийн өмнө мал хувьчлагдсанаасаа хойш 62.4 хувиар өсч 2012 онд 40.9 саяд хүрчээ. Харин Хорьдугаар тогтоолын дараа нэг кг нь 15 төгрөг болсон хонины мах өнөөдөр Улаанбаатарт 6 250 орчим төгрөгийн үнэтэй байгаа гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. 1992 онд 325.5 хувь хүрч жолоо нь алдагдаад өнөө хоёр оронтой тоонд яваа инфляцид махны үнэ сүрхий нөлөөлдөг. Нэг хүнд ногдох малын тоогоороо аравдугаарт бичигддэг Монголд махны үнэ ганц удаа, 2009 онд урьд жилийнхээсээ буурчээ. Махны зах зээл нийлүүлэлт нэмэгдэх хэрээр үнэ нь буурах хуулиас үргэлж гадуур явж ирсэн аж. Адам Смитийн онолоор үл тайлагдах манай махны зах зээлийн нууц юунд байна вэ?!

СУЛ АСГАСАН СУВД

Мал хувьчлагдахад дөрвөн зуун мянга давж нэмэгдсэн малчид 2011 онд 211 700 болтол цөөрсөн атал малынх нь толгой бараг хоёр дахин өсчээ. Хувьдаа хөрөнгөтэй болсон малчин эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа. Статистикийн эмхтгэл дээрх олон оронтой тоог дүн өвлөөр, жил бүрийн 12 дугаар сарын 7-17 хооронд, малчид өвөлжөөндөө буусан цагаар гаргадаг боловч тусгайлсан төсөв байдаггүй. Ямар ч цалин урамшуулалгүй мал тооллогын дүн үнэн зөв гарах нь юу л бол. Малын хөлийн татвартай байхад тоог нь дардаг байсан малчид өнөөдөр банкнаас зээл авах зорилгоор өсгөж хэлдэг болжээ. Гэхдээ мянгаас дээш малтай хүнд хатуу нөхцөлтэй банкны зээл төдийлөн хэрэгтэй бус, харин малчдын 76 хувийг эзэлдэг хоёр зуугаас доош малтай иргэдэд мал тооллогын А хуудас дээр аман тоо бичүүлж, түүгээрээ баталгаа болгон банкнаас зээл авах хэрэгцээ бий.

Тоо нь яс мэдэгдэхгүй ч Монголын мал өсч байгаа бололтой. Тавь хүртэлх малтай малчин 2004 онд 28 930 байсан бол зургаан жилийн дараа 23 666 хүрч буурсан, харин мянга ба түүнээс дээш малтай иргэн энэ хооронд 1 088-аас 2 406 болж хоёр дахин нэмэгджээ. Манай мал аж ахуйд технологийн дэвшил огт гараагүй хойно малчид тоог нь өсгөх замаар хэрэгцээгээ хангах гээд зүтгэж явна. Мал мянга хүрэхээр муулах юм олдоггүй гэдэг. Малыг хамгаалалтандаа авсан Монголын төр малчдынхаа зах зээлийн мэдрэмжид чухам юу нөлөөлдгийг судлаагүй болохоор дээрх үгээс өөрөөр барьчих юм алга. Зүгээр л хар таамаг, домог яриа, зүйр үг мэтхнээр судалгаа шинжилгээг орлуулж сууна.

МАЛЧИНД ЗАРАХ ЮМ ҮГҮЙ

Ус, бэлчээрийг үнэ төлбөргүй ашигладаг учир үнэндээ үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, үндсэндээ зарлага гэж байхгүйтэй адил. Хот суурингийхны халаасаа гөвдөг махыг үнэгүй шахам хэрэглэчихнэ. Статистикаас харвал малчид өнгөрсөн жилүүдэд орлогынхоо ихэнхийг нарны зай, зурагт, тавган антенн, мотоцикл, машинд зарцуулжээ. Одоо өөр юу хэрэгтэй юм бэ?! Оюутны сургалтын төлбөр хэмээх том зарлагыг нь төр даагаад авчихсан. 2000 онд 200 хүртэл бог малтай айлын хүүхдийн сургалтын төлбөрийг төсвөөс өгч байсан бол хүрээ нь тэлсээр хоёр жилийн дараа “700 хүртэлх бог”-той болоод өргөжчихсөн. Ганцхан “Мянгат малчин”-ы хүүхэд л “халамж”-ийн гадуур үлджээ, хөөрхий.

Бэлчээрийн менежментийн холбооны судалгаагаар 500-аас дээш малтай айл орлогоороо зарлагаа нөхөх боломжтой гэнэ. Гэхдээ манай УИХ-ын гишүүд сонгогчдынхоо гуравны нэгд хязгааргүй хайртай. Дэлхийн банкны судалгаагаар 2007 онд 301-ээс дээш малтай малчин өрх орлогынхоо 47 хувийг махны борлуулалтаас олсон байна. Нэгэнт машин тэрэгтэй болчихсон, хүүхдийнхээ төлбөрийг даалгачихсан малчин тэр бүр малаа зарахгүй. Авъя гээд шалбал аманд орсон тоогоо хэлж болно. Нэмэрт нь Сталины даалгаврыг биелүүлэх гэж Х.Чойбалсангийн санаачилсан, одоо нэгэнт утгаа алдсан тооны хойноос хөөцөлдөх уралдаан үргэлжилсэн хэвээр. “Мянгат малчин” гэгдээд зурагтаар гарч, найрлахыг хүсэхгүй хүн гарна гэж үү?! Малчин хэрэгцээгээ л хангах учиртай болохоос хотын биднийг хямд махаар хангах үүрэг хүлээгээгүй хойно тэдэнд эгдүүцэх нь утга учиргүй.

НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ


Улаанбаатар мэт хот суурин газарт махны үнэ жилээс жилд нэмэгдэнэ. Инфляцид жин дардаг махны үнэ өсөхөөр төгрөг хүчээ алдана. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Даваасүрэн 2009 онд Малын хөлийн татвараас малчдыг чөлөөлөх хууль санаачлаад “Малчдыг дэмжсэнээр бид мах, сүү гээд дотоод хэрэгцээгээ бүрэн хангадаг болно” гэж айлдсан ч махны үнэ тэр үеийнхээс гурав дахин нэмэгджээ. Малын хөлийн татвараас төсөвт ордог байсан хоёр тэрбум төгрөгийг малчдаас авахаа больсны хариуд хотын иргэд халааснаасаа хэдэн тэрбумаар нь “нөхөн төлдөг” болсон. Ч.Даваасүрэнгийн сонгогдсон Хөвсгөл аймаг тэр жил 3 924 500 малаар улсдаа тэргүүлсэн юм. Нэг нь нийтийн төлөө гэж энэ. Хөвсгөлд 2009 онд 124 000 хүн тоологдож Улаанбаатарын хүн ам 1 196 797 хүрээд байлаа. Тэр жил кг нь 3 309 төгрөг байсан үхрийн мах хойтон жил нь 77 хувиар нэмэгдсэн. Нийт нь нэгийн төлөө гэдэг энэ үү?! Хот суурингийн мань мэтэд улстөрчид хишиг буянаа хайрласаан хайрласан. Хүүхдийн мөнгө, Эх орны хишиг... авсан, авсан. Малчинд ч эдгээр бэлэн мөнгө очсон, харин тэд мөнгөжих хэрээр малаа борлуулах шаардлага нь улам багассан. Хариуд нь нь бидний авдаг махны үнэ бүр өссөн.   

Ганц Ч.Даваасүрэн ч биш хөдөөх тойргоос сонгогдсон гишүүдийн санаачлах дуртай хуулийн төсөл нь малын гаралтай ямарваа нэг бүтээгдэхүүнд “нөхөн олговор олгох” болж хувирав. Монголын мал сүргийн хорин хувийг эзэлж байгаад өдгөө бараг тал нь болчихсон ямаанд 30 тэрбумыг өгч эхэлсэн дампуурал сүүлдээ ноос руу шилжсэн. Хонь, ямаа, тэмээ элбэгтэй нутгийн гишүүдээс адуу, үхэртэй газрынхан яаж дутах вэ, энэ жил “Мал, сүүний нөхөн олговор” гээчийг санаачилжээ. Одоо удахгүй УИХ-ын нэг гишүүн кг аргал, хоргол тутамд мөнгө өгөх хууль санааачилж мэднэ, ядаж бүх малд жигд ногдох юм даа. Уулаасаа хомсхон модоо хайрлая гээд нулимс дуслуулах хүн захаас аван гарна. Энэ тал дээр ёстой чөлөөтэй сэтгэнэ шүү дээ, манай улстөрчид. Харин ганц л тайлбар хэлдэг юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж. Мал руу, уул шугамандаа малчид руу хэдэн тэрбумаар нь мөнгө цутгасан ч сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь зогсолтгүй буурсаар.

БИДЭНД БАЙГАА ГАРЦ

Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын эмчээр төгссөн зуун оюутны зургаа нь л орон нутагт ажиллахаар явжээ. Статистикаас ч тэгж харагдана. Арван гурван жилийн өмнө нийт 2 032 малын эмч 30 сая малд “үйлчилсэн” бол 2009 оны 44 сая малд ердөө 1 748 “доктор” ногдсон аж. Дэлхийн банкны тайлангаас харвал “нэн ховордож” буй малын эмчийн дундаж нас дөчин найм. Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн залгамж халаа удахгүй тасрах нь. Эмч ч үгүй, эмнэлэг ч үгүй, мэргэжилтэн ч үгүй, технологийн дэвшил ч үгүй Монголын мал цаашдаа хэд хүрэх бол? Яваандаа хот суурингийн иргэд хэдэн ам.доллароор махаа авах бол?
Нөөцлөөд ч үнэ нь буудаггүй махаа хямд авах ганц гарц үлджээ. Дэлхийн бусад улсын жишгээр Австрали, Шинэ Зеландаас үхрийн мах импортлоё. Мах бэлтгэл нь чанарын шаардлагад нийцсний дээр яваандаа үнийн хувьд ч боломжийн болж хувирах нь. Ядаж манай мал шиг элдэв хачиг хувалзад баригдаагүй, хүнд халдах болоод эс халдах элдэв өвчингүй. Монголын мал тоо л болохоос түүхий эдийн хувьд чанарын шаардлагад дэлхийн шаардлагад нийцдэггүй. Ямар ч судалгаа тооцоогүй, ойрын ирээдүй нь бүрхэг сая саяар тоологдох хөдөө талаар дүүрэн малыг харж сууснаас Дэлхийн махны биржийн үнэ сонирхох нь илүү рациональ алхам юм даа. Элдэв нөхөн олговроор ойр зуурын хэрэгцээгээ хангачихсан Мянгат малчдаа төр Мөнгөн цараараа мялаана л биз. Суурин газрын бид тогоо тослох аргаа хайх уу даа. Бид чинь Монголын хүн амын гуравны хоёр нь шүү дээ.