Улс төрийн намын тухай 5 төөрөгдөл ба түүний тайлбар
Энэ муусайн намуудыг татан буулга гэнэ үү!
Энэ муусайн намуудыг татан буулга гэнэ үү!
Улс төрийн намуудын нэр хүнд шалдаа буужээ. Авилгач, адгийн шааруудын үүр болсон намуудыг татан буулга хэмээн зүхэхсэд олон. Нам хэнд хэрэгтэй юм гэнэ, тэд. Гэтэл нөгөө талд намынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэх цөөнгүй хэсэг ч бас байна. Намаа дагавал ядрахгүй, нараа дагавал даарахгүй хэмээн даган баясна.
Энэ мэт туйлшран давхихын оронд улс төрийн намын оршин тогтнох утга агуулгыг эргэцүүлэн бодох цаг болжээ. Намууд нээрээ хэнд хэрэгтэй юм вэ гэж үү? Хамгийн энгийн ойлголтоор нам бол иргэдийн улс төрд оролцох үндсэн суваг мөн. Олон ургалч үзлийн индэр, эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийн хэрэгжилтийн баталгаа юм. Тиймээс ардчилсан улс оронд улс төрийн намыг Үндсэн хуулиараа хамгаалж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг. Чойбалсангийн эсвэл Цэдэнбалын нам учраас хамгаалах гээд байгаа хэрэг ердөө ч биш. Харин Дорж, Дулмаагийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн оролцоог нь хангахын төлөө намыг хамгаалах үүргийг төр хүлээдэг юм. Улс төрийн эрхээ эдэлж, улс орноо удирдах хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх үзэл бодлынхоо төлөө иргэд эвлэлдэн нэгдэж намыг байгуулсан болохоос “намынхаа төлөө” зүтгэх гэж байгуулаагүй хэрэг.
Нам байгаа учраас гишүүдтэй байх ёстой биш, харин гишүүд байгаа учраас л нам оршдог. Улс төрийн намын “эзэд” нь жирийн гишүүд. Харин гишүүдийнхээ өмчлөлөөс салсан нам хэдхэн нөхдийн гарт орон гажууддаг жамтай. Эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын төлөө тэмцэж явсан түүхэн гавьяатай улс төрийн намууд эдүгээ эрх мэдлийн төлөөх хуйвалдааны хаалттай бүлэглэл болон хувирсан нь энэхүү мөн чанараа гээсэнтэй холбоотой асуудал. Ардын хувьсгалыг Монголд адгийн шаарууд мандуулаагүй биз дээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид авилгачид болохыг мөрөөдсөн гэж үү? Амин хувьдаа оффшор данстай болохын төлөө тэд амь насаа зориулан тэмцэж байгаагүй байх. Анх байгуулсан утга агуулгаа гээсэн намаа шинэчилж чадахгүй болохоор устгана, нэгтгэнэ хэмээн дайрах нь “хэнд алх байна тэр асуудал бүхнийг хадаас болгон хардаг”-тай адил санагдана.
Магадгүй, одоогийн бохирдсон намуудыг татан буулгаад шинээр нам байгуулах хэрэгтэй гэж үзэх хэсэг ч бий. Ялгаагүй ээ, тэр шинэ намууд чинь удахгүй л өнөөгийн намуудын өрөөсөн дугуй нь болно. Савтай сүү нэгэнт гашилсан бол шинэ сүү юүлээд ч дахин гашилна гэдгийг монгол хүн бүр мэднэ. Юуны өмнө улс төрийн намуудын эрх зүйн орчныг шинэчилж, гишүүдийн идэвх оролцоонд тулгаарласан хяналт, хариуцлага, тайлагнах, эргүүлэн татах тогтолцоонд шилжүүлэхгүй бол шинэ хүнээр хичнээн сэлбэсэн ч өнөөх л бохирдсон савандаа ээдсээр байх бус уу.
Намыг гишүүнчлэлгүй болгоё! Гишүүд муухай харагдуулж байна.
Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох уриа нийгэмд нэгэн үе хүчтэй давалгаалсан. Өнөө ч цуурай нь тасраагүй. Цөөхөн хүн амтай улс орны хувьд улс төрийн намаараа талцан хуваагдаж дайсагналцах нь үнэхээр гутамшиг. Сонгуульд ялсан намын гишүүд төдийгүй тэдний гэр бүлийнхэн нь бялуу хүртэж төрийн албанд ажилтай болно. Ялагдсан намын гишүүн л бол цэвэрлэгчийг хүртэл хомроглон хална. Чухам үүнд дургүйцсэн ард түмний сэтгэхүйгээр тоглолт хийж намыг гишүүдээс нь салгах улс төрийн аян хэдэн жилийн өмнөөс өрнөж эхэлсэн байдаг.
Энэхүү аяны хүрээнд өмнөх УИХ-ын дэргэд байгуулагдсан “Улс төрийн намын тухай” хуулийг шинэчлэх ажлын хэсгийнхэн АНУ-ын зөвлөхүүдтэй уулзан тэдний улс төрийн намын загварыг Монголд суулгах талаар сонирхож байсан удаатай. АНУ-д Бүгд найрамдах ба Ардчилсан намууд сонгуулийн үр дүнгээс хамааран төрийн эрхийг ээлжлэн барьдагийг бид мэднэ. Харин эдгээр намууд гишүүнчлэлгүй бөгөөд сонгуулийн үеэр бүрдэх олон тооны дэмжигчдийн хүчинд тулгуурладаг механизмтай. Гаднаас харахад ухаалаг шийдэл мэт боловч намууд хөрөнгөлөг цөөн хүмүүсийн хараат байдалд автаж байгааг тэнд бол байнга шүүмжилдэг. Америкчууд энэ сул талаа манай нөхдүүдэд хэлсэн эсэхийг бүү мэд. Юутай ч тэд өөрсдийнхөө тогтолцоог санал болгоогүй төдийгүй “Америкийн намуудыг дуурайхын тулд юуны өмнө манайх шиг Үндсэн хуультай, мөн бидэн шиг хоёр зуу гаруй жилийн ардчиллын түүхтэй байх шаардлагатай” хэмээн зөвлөжээ.
Зарим улс төрчдийн ойлголтоор намыг муу муухай харагдуулж байгаа буруутнууд бол гишүүд нь юм байх. “Намын батлах насаараа өвөртөлсөн тул намынхаа төлөө үнэнчээр зүтгэх хууччуулын сэтгэхүйг гишүүнчлэлгүй болгож байж л өөрчилнө. Хүн ам цөөнтэй манай улсад иргэд нь улс төрийн намын харьяаллаар талцаж, ах дүүс хүртэл хоорондоо зөрчилдөх болсон тул гишүүнчлэлийг халснаар эе эв бий болно” гэх мэтчилэн уриалах улс төрчдийн үгс ялангуяа сонгуулийн үеэр тун цогтой цуурайтах болж.
Ер нь бол бид асуудлыг углуургаар нь оношлохоос хойргошоодог хүмүүс. Улс төрийн намууд нийтийг хамарсан хатуу гишүүнчлэлтэйгээ амь бөхтэй зууралдсаар байгаа шалтгаан бол намуудаар дамжин төрийн албанд шургалах, тендер цохих, бизнесээ дэмжүүлэх, авлигаар баяжих гэсэн ашиг, санаархалд байгааг уул нь ойлгож ядаад байх юмгүй л дээ. Нам “Хөдөлмөрийн бирж”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа цагт бялууг тойрон шавах гишүүдийг хүчээр хориод ч нэмэргүй. Товчхондоо тарчиг амьдралаас үүдэлтэй гишүүдийнхээ эрэлт хэрэгцээг төр хэмээх саалийн үнээг саан шавхруугаар нь угжин нийлүүлэлт хийж байгаа учраас л бидний хүсээгүй улс төр амилсан хэрэг.
Тэгээд ч улс төрийн намууд муу муухай харагдаж байгаа бол удирдаж байгаа улс төрчдөд буруу байна гэсэн үг. Харин бурууг жирийн гишүүдэд тохож гишүүнчлэлгүй болгох аваас намууд ард түмнээсээ дүүжигнэх сүүлчийн олсоо тасалсан явдал болно. Хэдий адлагддаг ч шударга гишүүд тэнд олон бий. Тэд байгаа учраас намууд ардчиллынхаа амин голыг арай ч тасалчхалгүй яваа. Харин тэднээсээ салах аваас ундарга нь тасрах ус лугаа адил ширгэх биз ээ.
Фракцуудаа устгачихвал нам шинэчлэгдэнэ!
Улс төрийн намыг муухай харагдуулаад байгаа дараагийн буруутнаар “фракц” тодорлоо. Буруутнаа олсон учраас нэн даруй устгах ёстой биз дээ. Ардчилсан нам өнгөрсөн жил фракцгүй болсноо ч зарласан.
Намаа бузартуулсан бармыг намнаснаар шинэ үе эхэлнэ хэмээнэ итгэсэн улс төрчид байгаа бололтой. Фракц бол эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд оролцох нам доторх зохион байгуулалтын л нэг хэлбэр шүү дээ. Хэний бүлэг олон гишүүдтэй байна тэд илүү саналаар намын удирдлагыг гартаа авна. Фракцууд нэгдэнэ, эвсэнэ, хагарна эсвэл шинээр байгуулагдана. Хэрвээ нэг хэсэг нь ноёлох аваас бусад нь нэгдэж сөрж ажиллана. Эрх мэдлийн төлөөх энэ мэт тэмцэл зогсоогүй цагт бүлэглэл устахгүй.
“Фракц гэдэг гай далд ормогц “багц” нэртэй бүлэглэл бий болчихож. Намын дотоод сонгуулийн үеэр багцын нөхдүүд үүрийн хуралд гэнэт орж ирээд бөөн бөөнөөрөө санал өгдөг болчихов. Ил байхад фракцын нөхдийг мэддэг байсан бол далд ороод танигдахгүй болчих юм” хэмээн гомдоллох гишүүд Ардчилсан намд хаяагүй тааралдана. Фракц нэрээ хуслаа гэхэд багц, клуб, жигүүр гээд өөр бусад гоё нэрээр тэд төдхөн өдөлчихнө.
Фракц бол асуудлын учир шалтгаан биш харин угжны улс төрийн үр дагавар. Яг л таны сүүдэр шиг. Харин сүүдэртээ бурууг өгөөд фракцаа устгалаа хэмээн зарлах нам сүүдрээсээ зугтааж чадахгүй болохоор нүдээ аниад сүүдрээ алга болсонд итгэдэг хүүхэд лугаа адил харагдана.
Төсвөөс санхүүжвэл бүх асуудал шийдэгдэнэ!
Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байж цэвэршинэ гэж итгэх хүмүүс цөөнгүй. Харин нөгөө хэсэг нь татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг тэжээх нь буруу хэмээн эсэргүүцнэ.
Сонгогчдын олонхийн дэмжлэг авсан учраас мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхийг дэмжин ялсан намыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг олон улсын туршлага бий. Нөгөө талаас төсвөөс санхүүжүүлэх нь намуудыг гадна дотнын эрхшээл, хөрөнгө мөнгөний нөлөөнд автахаас сэргийлдэг сайн талтай. Түүнчлэн намуудыг санхүүжилтээ бүхэлд нь ил тод, шилэн болгох шахалтад оруулдаг. Төсвөөс бодлого, судалгааны ажлыг дэмжих замаар намуудыг “тархи”-тай болоход ч нөлөөлдөг.
Товчхондоо бол төсвийн санхүүжилтийг намын хариуцлагатай уяхгүй бол өөрчлөлт авчрахгүй. Намуудыг хариуцлагажуулаагүй байж төрөөс тэтгэх нь хяналтгүй, хаалттай, бүлэглэлийг өөгшүүлэхээс цаашгүй. Тэгэхлээр бүртгэл- санхүүжилт- хяналт- хариуцлагын тогтолцоог иж бүрнээр нь хэрэгжүүлж байж шинэчлэл болно.
Гэхдээ төсвийн санхүүжилт бүхнийг шийдэхгүй. Төрийн байгууллага шиг төсвөөс бүрэн хамаарах нь намын мөн чанарыг устгах аюултай! Улс төрийн нам бол иргэний нийгмийн байгууллага тул гишүүдийнхээ өмчлөлд орших учиртай. Харамсалтай нь бид гишүүдийн татварын үнэ цэнийг өнөөг хүртэл ойшоож үзсэнгүй. Иргэд итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж нам байгуулсан л юм бол үйл хэргийг дэмжин татвараа өгөх үүрэгтэй. Татвараа хурааж чадахгүй байгаа бол нам гишүүдийнхээ итгэлийг алдсаны илэрхийлэл мөн. Итгэл алдсан намд төсвөөс санхүүжилт олгох шаардлага ч байхгүй.
Герман Улсад намын гишүүдийн татварыг үнэлсэн их сайхан жишиг бий. Гишүүдийн татвар ба хандивын мөнгөний нийлбэр дүнгээс намд олгох төсвийн санхүүжилт хэтрэхгүй байх шаардлагыг тэнд тавьдаг. Тэгэхлээр татвараа сайн хурааж, олон хүнээс хандив цуглуулах тусам төрөөс авах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсвөөс санхүүжих босго давсан намууд гишүүдийнхээ татвар ба хандивын 1 евро тутамд 50 центийг тооцуулан авдаг журамтай. Үр дүнд нь олон хүнийг хамарсан бага хэмжээтэй хандив нийт хандивын 85-90 хувь болтлоо өсчээ. “Дуслыг хураавал далай” болох энэхүү зарчим намыг хөрөнгөлөг бүлэглэлийн нөлөөнд оруулахаас хамгаалдаг аж.
Манайд ч гэсэн гишүүдийн хандив, татвараар төсвөө бүрдүүлэх боломжтой. Тухайлбал: МАН 240 мянга, АН 180 мянган гишүүдтэй хэмээдэг. Хэрвээ гишүүн бүр сарын 1000 төгрөг татварт төлөх аваас жилд дунджаар нэг намд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө бүрдэнэ. Дээр нь гишүүн бүрээсээ бага гэж гололгүй хандив цуглуулж чадвал чамлахааргүй санхүүгийн эх үүсвэртэй болно. Гишүүдийн татвар, хандивын санхүүжилт бол хөрөнгөлөг хүмүүсийн нөлөөнөөс намаа хамгаалах хамгийн зохист арга билээ. Татвараа төлдөг гишүүд шийдвэр гаргахад оролцож, хариуцлага нэхэх эргэх холбоонд ордог. Өөрөөр хэлбэл намын цусан хангамж эргэлтэд орж эрүүлжинэ гэсэн үг.
За тэгээд хамгийн сонгодог арга бол намуудын төсөв, зардлыг хязгаарлах явдал юм. Олон улсад ч ийм жишиг түгээмэл. Жишээ нь: Солонгос Улсад төсвөөс намын зардлыг санхүүжүүлэх боломжийг нээхийн зэрэгцээ намын аппаратын цалинтай ажилтнуудын тоог хязгаарлаж, харин сайн дурынхныг дэмждэг ёс бий. Өнөөдөр МАН-ын төв аппаратад 120, АН-д 80 хүн ажиллаж байгаа сурагтай. Үнэн бол намууд яамны цалингийн төсвийг хэд дахин нугалсанзардалтай болоод байна. Яаралтай хязгаарлаж өгөхгүй л бол намын болон сонгуулийн зардал хяналтаас алдуурлаа. Тэнгэрт хадах тэр их зардлыг авлигын бохир мөнгөөр бүрдүүлэхээс өөр сонголт намуудад үлдэхгүй л болов уу.
Дотоод асуудлаа нам өөрсдөө шийдэх хэрэгтэй!
Улс төрийн нам иргэний нийгмийн байгууллага хэдий ч төрийн бус байгууллагаас олон талаараа ялгаатай. Сонгуулийн үр дүнгээр төрийн эрхийг авч улс төрийн хариуцлага хүлээдэг онцгой институт бол улс төрийн намууд. Нам бол ардчиллыг тээж, нийгэмд түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага. Тиймээс намтай холбоотой шударга бус үйлдэл болон маргааныг “байгууллагын дотоод асуудал тул өөрсдөө шийд” хэмээн орхигдуулж хэзээ ч болохгүй!.
Иргэний эрхийг хамгаалж, хариуцлагатай улс төрийг төлөвшүүлж, намын дотоод ардчиллыг сахин манах үүргийг төр давхар хүлээдэг олон улсын туршлага ч бий. Тухайлбал: Солонгос Улсын Үндсэн хуульд Үндсэн хууль ба ардчиллын суурь зарчмыг зөрчсөн нам хариуцлага хүлээх ба Үндсэн хуулийн шүүхээр асуудлыг шийдвэрлэж байхыг заасан байдаг. Бусад улс орнуудын туршлагаас харахад намыг гурван давхар хяналтад оруулсан байх нь нийтлэг. Үүнд: Намын дотоод хяналтын байгууллагаас гадна намын маргаан шийдвэрлэх трибунал, намын асуудлаар дагнасан шүүх юм. Харин Монголд энэ асуудлыг байгууллагын дотоод асуудал хэмээн үл хайхардаг нь асуудлын гогцоо болоод байна. Манай намуудын дотоод хяналтын байгууллага хараат бусаар ажиллах боломж муутай тул гишүүдийнхээ эрхийг хамгаалж чаддаггүй. Үндсэн хуулиар тунхагласан эрхээ зөрчүүлсэн гишүүдэд давж заалдах шатлал байдаггүй тул өлсгөлөн зарлаж, өөрийнхөө амь насаар дэнчин тавих эцсийн аргыг сонгоход хүрдэг.
Түүнчлэн улс төрийн намын дотоод маргаанаас гадна бие даан нэр дэвшигч болон нам хоорондын маргаан, намууд хооронд ба эвсэл дотор гарсан маргааныг шүүн таслах “эзэн” байхгүй л байна. Тиймээс ямар асуудлыг нам дотроо харин ямар асуудлыг шүүхээр шийдвэрлэхийг ялган салгаж, ХУУЛЬЧЛАХ шаардлагатай болоод байна.
Улс төрийн хариуцлагаас төрийн хариуцлага эхэлдэг. Тиймээс улс төрийн намын шинэчлэл бол хариуцлагатай төрийн эх сурвалж мөн. Гишүүдийнхээ итгэлийг алдсан нам иргэдийн итгэлийг дааж чадах уу? Гишүүдийнхээ оролцоог боомилдог намын удирдлага иргэдийн оролцоог төрд хангаж чадна гэж үү? Намынхаа дотоод ардчиллыг хамгаалж чадахгүй байж нийгэмд ардчиллыг хөгжүүлж чадах уу? Намаа авлигажуулсан улс төрчид төрд авлигыг цэцэглүүлэх нь дамжиггүй. Намдаа эрх мэдлийг төвлөрүүлэн атгасан дарга нар төрд гараад дарангуйллыг л тогтооно.
Улс төрийн намын дотоод ардчиллыг сахиж чадаж байж гэмээнэ улс орныхоо ардчиллыг манаж чадна. Төртэй ноцолдьё гэвэл намтай эхлээд ноцолд!