Санжийн БАЯР #Жаран_хоног_Жараны_бутархай
Санжийн БАЯР
#Жаран_хоног_Жараны_бутархай
Бид түүхэн сэдэвт цуврал номдоо нэгэн шинэ салаа мөчир нэмснээ танд толилуулж байна. Энэ бол “Миний зуун” хэмээх дурсамж, дуртгал, баримтат уран сайхны бүтээлийн сан юм. “Миний зуун” цувралын түүчээ болгон Монгол улсын 25 (болон 26) дахь Ерөнхий Сайд Санжийн Баярын Жаран хоног, “Жаран”-ы бутархай номыг өргөн барьж байна. Үйл явдалд оролцсон гэрчүүдийн ой санамжаас ургасан дурсамжаас их төлөв бүрэлдэх эдгээр бүтээлүүд өнгөрсөн үеийн эгзэгтэй нугачааг тодруулах эх сурвалж, үндэсний түүхийн бүрдэл болон үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа юм.
НЭПКО хэвлэлийн газар
“Пионерын лаагарын” дүрэм
2018 оны 4-р сарын 12
Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй тэр газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги. Хулгарууд хүртэл нэрийг нь цээрлэж “аавынд очих”, “нарсанд орох”, “пионерын лаагар явах” гэж займчуулж хэлдэг. Би энд ордгоо орлоо. Одоо цээрлэж займчуулаад яах юм. “Пионерын лаагар” мөн юм бол тортой үүдний цаанаас байн байн өнгийж хянаад байгаа дүрэмт хувцастай нөхөр бол манай бүлгийн “пионерын удирдагч” болж таарах нь.
Шүүхийн шийдвэргүй 48 цаг хоригдов. Үдээс өмнө шүүх хуралд суулаа. Суулаа ч гэж дээ. Нэг өрөөнд оруулаад, интернэтээр шүүхийн танхимтай холбож өгдөг юм байна. Хаанахын ямар шүүх, хэн гэх шүүгчийг ч мэдсэнгүй. Мэдээд ч яах билээ. Намайг үргэлжлүүлэн нэг сар хорино гэсэн саналаа прокурор хэлэв. Өмгөөлөгч маань хорихгүй байх талаас нь хуулийн үндэслэл гарган ярилаа.
Дараа нь миний ээлж болов. “Шалгуулъя гээд гурван жил боллоо. Буруутай бол ялаа авъя. Буруугүй бол нэрээ цэвэрлэе. Надад хуулийн байгууллагаас зарлан дуудах өгсөн юмгүй. Өөрөө ирсэн хүн оргон зайлна гэж юу байдаг юм? Заавал цагдан хорихын учир юу вэ? Намайг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж прокурор хэлж байна. Юун гэмт хэрэг ярив аа” гэж асуув.
Шүүгч миний асуусныг болон өмгөөлөгчийн хэлснийг тоосон шинж алга. Прокурорын саналаар үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад алхаа тасхийтэл цохив. “Шүүхэд юу ч хэлээд нэмэргүй. Бүх юмаа урьдчилаад шийдчихсэн, прокурортой цаагуураа тохирчихсон байдаг” хэмээн Н.Алтанхуягийн хэлж байсан үг санаанд орж байна.
Үргэлжлүүлэн хорих болсон учраас “сэжгийн 48”-аас шилжиж “байнгын” камерт оруулна гэнэ. Нэг хошууч надад хорих ангийн журам дүрэм танилцуулав. Эргэлт, илгээмж авах, өмгөөлөгч, мөрдөн байцаагч болон ар гэрийнхэн ирвэл хаана яаж уулзах, хэдийд босох, хэдийд унтах, гомдол хүсэлт гаргах бол хэнтэй яаж харьцах мэтийн юм надад танилцуулав.
“Би эргэлт авахгүй, өмгөөлөгч, мөрдөн байцаагчаас өөр хүнтэй уулзахгүй. Харин бичгийн цаас, бал авч болох уу” гэж асуулаа. Хошууч гайхсан байдалтай харж байна. “Бичгийн болон жорлонгийн цаас, шүдний оо, саван, савласан ус ундаа зэргийг манай дэлгүүрээс захиж авч болно. Авч болох юмны жагсаалт нь энэ байна. Гэхдээ та өмгөөлөгчөөрөө дамжуулж эхлээд данс нээлгэх ёстой. Тэндээс чинь суутгаад явна” гэж байна. “Данс нээлгэе. Гэхдээ надад яг одоо бичгийн хэдэн цаас, бал хэрэгтэй болоод байна. Арга байна уу, хошууч аа” гэлээ.
Хошууч юм хэлсэнгүй гараад явчихлаа. Нэлээд удаж байгаад бичгийн хэдэн цаас, нэг бал харгалзагч авчраад өгч байна. Эргэлдээд, уймруулаад байгаа элдэв бодлоо цаасан дээр буулгая. Бодлоо цэгцэлж, тархиа амрааж байхгүй бол стресс ядаргаанд орж мэднэ. Хий хоосон бухимдаад яах билээ. Хар бараан юм бодож, сэтгэлээ хямраах хэрэггүй. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Олдсон цагаа ашиглаад өнгөрснөө дүгнэх, өнөөдрөө ойлгох, маргаашаа төсөөлөх хэрэгтэй. Тэр бүхнээ дэс дараатай тэмдэглэх ёстой. Өөрийгөө сатааруулан цаг нөгцөөх хэрэгтэй. Энд өөр юу ч хийх билээ. Зүгээр суухаар зүлгэж суу. Үзэг, цаас нийлүүлээгүй харин уджээ. Сүүлийн хорин жил компьютер тоншсоор бичих дадал үгүй шахуу болж. Одоо ч энэ маань овоо сэргэх биз...
#НЭПКО
Хаягаар хүргэлт үнэгүй: 8809-9887