Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Их сургуулийн удирдлага, бие даасан байдлын тухай
Улсын Их хурлаар боловсролын, тухайлбал дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулинд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Дээд боловсролын засаглал, удирдлага зохион байгуулалтын талаар гадаад орнуудын зарим туршлагыг тоймлон нэгтгэж энэхүү өгүүлэлийг нийтлүүлж байна.
2017 оны 06 сарын 06-ны Мягмар гарагийн
“Өдрийн Сонин”-ын №126 (5693) тоот
дугаарт нийтэлсэн өгүүлэл
Улсын Их хурлаар боловсролын, тухайлбал дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулинд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Дээд боловсролын засаглал, удирдлага зохион байгуулалтын талаар гадаад орнуудын зарим туршлагыг тоймлон нэгтгэж энэхүү өгүүлэлийг нийтлүүлж байна.
Их сургуулийн удирдлага, бие даасан байдлыг олон оронд уламжлал, хөгжлийн түвшин, эдийн засгийн хэв шинжээс хамааран тодорхойлох нь дэлхий нийтийн жишиг болж байна.
1. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАСАГЛАЛЫН НОМЛОЛ, ХЭВ ШИНЖ
1.1 Уламжлалт номлол, хэв шинж
Дээд боловсролын засаглал, Их сургуулийн академик эрх чөлөөний тухай уламжлалт ойлголт нь сонгодог либерализмын үзэл онолд тулгуурласан байдаг (Bologna Declaration. 1999). Харин сүүлийн жилүүдэд зах зээлийн хүчтэй нөлөөллийн нөхцөлд дээд боловсролын засаглалд өөрчлөлт хийх тухай шинэ либерализмын номлолыг чухалчлах болсон.
Их Британид Бизнесийн Ухааны Цагаан ном (Business-minded White paper) гаргаж шинэ менежерализм (managerialism)-ын үзэл номлолын хүрээнд Их сургууль нь академик өөрийн засаглалыг хөгжүүлэн зах зээлийн нөхцөлд илүү хариуцлагатай ажиллах ёстойг тодорхойлжээ (Robert Anderson, 2010).
Их сургуулийн зохион байгуулалтын болон академик бие даасан байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг дурьдвал: сургуулиуд сургалт, судалгааны (академик) үйл ажиллагааны бодлого, чиглэлээ тодорхойлох, боловсролын зэрэг олгох, шинэ хөтөлбөр нээх, элсэлтийг зохион байгуулах, сургалтын төлбөр, хураамж тогтоох.
2015 онд АНУ-ын “Их сургуулийн Ерөнхийлөгчдийн Глобал Коллоквиум”-ыг Нью Йоркт Колумбийн Их сургуульд зохион байгуулан академик эрх чөлөө нь судалгаа хийх, сургах, бүтээлээ хэвлүүлэх үйл ажиллагааг тодорхой стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн явуулах ойлголт болохыг тодорхойлсон.
Их сургуулийн бие даасан үйл ажиллагааны нэн чухал шалгуур нь улс төр болон бизнесийн ашиг сонирхолоос адил тэнцүү зай барьж сонирхолын бүлгүүдийн (Засгийн газар, суралцагсад, эрдэмтэн багш нар, ажил олгогчид г.м) эрх ашгийн зохимжит тэнцвэрийг хангах явдал болж байна. Энэ байдлаас үзэхэд Их сургуулийн үйл ажиллагааг дэмжин оролцдог субьектийн тоонд эрдэмтэн багш, оюутан залуус, ажил олгогчдоос гадна санхүүжүүлж өмчөө ашиглуулдаг өмчийг эзэмшигч Засгийн газар (эзэн) гм. субьект орох тул эдгээр оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах нь дээд боловсролын засаглалын тулгамдсан асуудал болжээ.
Их сургууль нь эдийн засгийн хөгжлийн нэг хөдөлгөгч хүч болж байгаа орчин үед эдийн засгийн прагматик хандлага, зах зээлийн орчин нь Их сургуулийн академик эрх чөлөөтэй зэрэгцүүлэн академик хариуцлагыг чухалчлах болжээ (Roger W, Bowen. 2006). АНУ-д меритократын (meritocracy) үзэлд суурилсан нийтийн дээд боловсролын систем хөгжиж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн туршлага үүнийг нотолно.
Америкийн судлаачдын үзэж байгаагаар улс төр, эдийн засаг, нийгмийн зохицуулалтын бодлого, технологийн дэвшил, хэрэглэгчдийн сонголт нь өнөө үед дээд боловсролын удирдлагад хүчтэй өөрчлөлт хийх нөхцөлийг бүрдүүлж байна (Walter G. DeSocio, 2012). Дээд боловсролын салбарт гарч буй нийтлэг өөрчлөлтөөс дурьдвал их сургуулиуд судалгаа, инновацыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Ажиллаж байгаа мэргэжилтнүүд өрсөлдөх чадвараа ахиулах, шинэ мэргэжил эзэмших шаардлага нэмэгдэж эдгээр хүмүүс нь Их сургуулийн шинэ үйлчлүүлэгч, хэрэглэгчид болж байна. Удирдлага, захиргааны үйлчилгээнд үр ашгийг чухалчлан аутсорсинг, технологид суурилсан үйлчилгээг өргөжүүлэх болсон. On-line сургалт өргөжихийн зэрэгцээ Амазон, eBay, PayPal, Apple дэлгүүр, Starbucks үйлчилгээ Их сургуулийн хотхонд орж ирснээр Их сургуулийн хотхоны менежмент бизнес загварт ойртох болсон. Yale, Duke, New York-ийн Их сургууль гэх мэтийн тэргүүлэх сургуулиуд бранд (бранд хөтөлбөр гм) бүтээгдэхүүнээ хил дамнан боловсролын шинэ зах зээлд гаргаж байна. БНХАУ, Малайз, Бразил зэрэг орнуудад Америкийн шилдэг Их сургуулиудын хөтөлбөрүүдийг нэвтрүүлж сургууль хоорондын оюутны солилцоо өргөжиж байна. БНХАУ-ын тэргүүлэх 100 Их сургууль ч мөн дэлхийн судалгааны сүлжээнд нэгдэхийн хамт гадаадын шилдэг Их сургуулиудтай хамтарсан бүтцүүд байгуулж байна. Их сургуулийн санхүүжүүлэлтэд Засгийн газар нь грантын хэлбэрийг илүү ашиглан судалгааны кластер, сүлжээг хөгжүүлэх болсон. (Yojana Sharma. 2012).
2.1 Орчин үеийн менежментийн загвар, хэв шинж
Дээр дурьдсан хүчин зүйлсүүдийн нөлөөнд Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын хэв загварт ихээхэн өөрчлөлт гарч байна (Andrew Petter. 2004). АНУ-д судалгааны, энтрепрейнер Их сургуулийг хөгжүүлж, тэнд корпоратив менежментийн хэв загварыг илүүтэй анхаарах боллоо.
Корпоратив удирдлагыг АНУ, Их Британи, Энэтхэгт банк болон бизнесийн томоохон компаниудад эхлэн хэрэгжүүлж байсан. Корпоратив удирдлага нь дээд боловсролын салбарт бол оролцогч талууд (Засгийн газар, Их сургууль, эрдэмтэн багш нар, оюутан суралцагсад, ажил олгогчид)-ын эрх ашгийн зохистой тэнцвэрийг хангах удирдлагын хэв шинж гэж үздэг байна. Корпоратив удирдлага нь урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлан дээд боловсролын салбарт хөрөнгө оруулж санхүүжүүлэгч Засгийн газар (эзэд) болон оюутан суралцагсадын өмнө Их сургуулийн хүлээх хариуцлага, ил тод байдлыг онцгойлон чухалчилдаг.
Ийм нөхцөл байдалд корпоратив менежментийн хүрээнд CEO хэв шинжийн лидер гүйцэтгэх удирдлага нь стратегийн бодлогын хэрэгжилт, Их сургуулийн зохион байгуулалтын бие даасан байдлыг хангаж, эрх ашгийн төлөөлөл болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвараар илүү гэж үздэг байна (Andrew Fetter. 2004).
Үүний зэрэгцээгээр боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж төвлөрлийг сааруулах зорилгоор корпоратив менежментийн болон хувийн секторын үзэл санааг тусгасан Шинэ нийтийн менежментийн (New public management) загварыг хэрэглэж байна.
Америкийн дээд боловсролд сүүлийн жилүүдэд хамтын удирдлагын өөр нэг загвар болох эрх ашгийн зохистой тэнцвэрийг ханган хамтран удирдах (shared governance) хэв загварыг өргөн хэрэглэх болсон. (Jonathan W. Stoessel, 2013) Энэхүү удирдлагын номлол нь удирдах зөвлөл, Их сургуулийн ерөнхийлөгч (захирал) болон багш нарын эрх ашгийн зохистой нэгдэлийг ханган шийдвэр гаргахад эдгээр сонирхогч талууд болон оюутан суралцагсадын төлөөлөлийг оролцуулан хамтарсан удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. Их сургуулийн удирдах зөвлөл нь стратегийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтийг гол болгохын зэрэгцээ Их сургуулийн тогтвортой үйл ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улс төрийн нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй байна. Их сургуулийн захирал нь удирдах зөвлөл болон эрдэмтэн багш нар, оюутан суралцагсадын эрх ашгийн зохистой тэнцвэрийг хангах чухал үүргийг хүлээнэ. Их сургуулийн захирал нь сургуулийн уламжлалт үнэлэмж, үнэт зүйлсийг хадгалахын зэрэгцээ нийгмийн дэвшлийн шинэ хандлага, эрэлт хэрэгцээг сургуулийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй байна. Эрдэмтэн багш нар нь сургалт, судалгааны ажил, хөтөлбөрийн чанарыг сайжруулан хэрэглэгч оюутан суралцагсадын эрх ашгийг хангах, инновац, шинжлэх ухааны шинэ чиглэлийг нэвтрүүлэх талаар их сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцон мэргэжлийн хариуцлага хүлээнэ. Өндөр хөгжилтэй орнуудад ялангуяа судалгааны болон энтрепрейнер Их сургуулиудад энэхүү удирдлагын тогтолцоог зонхилон хэрэгжүүлж байна.
2. ИХ СУРГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БИЕ ДААСАН БАЙДАЛ
Судлаачдын үзэж байгаагаар улсын (төрийн) өмчийн Их сургуулийг бие даасан байдлаар нь дөрвөн түвшинд ангилдаг.
Засгийн хяналттай (State control) | Холбогдох яамны агентлагын статустай | Малайз гэх мэт |
Хагас бие даасан (semi-autonomy) | Холбогдох яамны агентлагын, эсвэл улсын өмчийн байгууллагын статустай | Шинэ Зеаланд, Франц |
Хагас хамааралтай (Semi-independent) | Улсын байгууллагын статустай, холбогдох яамны хяналтад байх | Сингапур |
Бие даасан (Independent) | Улсын байгууллагын статустай, Засгийн газраас зөвхөн үндэсний стратеги, Засгийн санхүүжилтийн чиглэлээр оролцож хяналт тавих | Австрали, Их Британи |
(John Fielden, 2008)
Их сургуулиудын дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлаа бие даан шийдвэрлэдэг нийтлэг жишээг дурьдвал: Австри, Белги, Чех, Дани, Грек, Унгар, Их Британи, Эстон, Финланд, Итали, Норвег, Польш, Словак улсад Их сургуулиуд дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлаа бие даан шийдвэрлэдэг.
Болгар, ХБНГУ, Франц, Голланд, Румын, Испани, Швед, Швейцар улсад хуульд заасан байдалд нийцүүлэн Их сургуулиуд дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэдэг байна.
2.1 Удирдлагын бүтцийн талаар:
Европын холбооны орнуудад Их сургуулийн удирдлагын бүтцийг хуулиар зохицуулдаг. Эдгээр оронд удирдлагын давхар (dual) болон дан (unitary) бүтэц байдаг. (University autonomy in Europe. EUA. 2009)
Ихэнх Их сургуульд удирдах зөвлөл ба сенат гэсэн давхар бүтэц байх бөгөөд удирдах зөвлөл (Board, Council) нь урт хугацааны стратегийн шийдвэр гаргах, захирал, дэд захиралуудыг сонгон томилох, төсөв батлах үүрэгтэй. Харин сенат нь академик буюу сургалт, судалгааны үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, боловсролын зэрэг олгох, хүний нөөцийн асуудлыг хариуцна.
Зарим оронд (Белги, Дани, Финланд, Франц, Унгар, Норвег, Польш, Румын, Швед) удирдлагын дан тогтолцоотой.
Их сургуулийн удирдах бүтцүүдэд гадны байгууллагыи гишүүдийг сонгон оруулах асуудлыг Их сургууль, эсвэл эрх бүхий дээд байгууллага шийдвэрлэдэг байна. Ялангуяа удирдлагын давхар бүтэцтэй Их сургуулийн удирдах зөвлөлд гадны гишүүд ордог бөгөөд зарим оронд гадны гишүүд нь давамгайлах төлөөлөлтэй байдаг. Чех, Исланд, Люксембург, Эстон, Голланд, Испани, Швейцарт Их сургуулийн удирдах зөвлөлд гадны гишүүдийг холбогдох яам нь томилдог бол Австри, Ирланд, Литва, Словакд гадны зарим гишүүдийг Их сургууль, заримыг эрх бүхий дээд байгууллага буюу яам томилдог байна. Харин Дани, Финланд, Францад Их сургууль нь энэ сонголтонд голлох үүрэгтэй оролцдог байна. Өндөр хөгжилтэй орнуудад Их сургуулийн үйл ажиллагааны хүрээ, хэв шинж, өөрчлөгдөж өргөжихийн хирээр Их сургуулийн удирдах зөвлөлийн үүрэг өөрчлөгдөж стратегийн удирдлага, хяналтын зэрэгцээ санхүүгийн талаар дэмжин туслах, зөвлөн чиглүүлэх олон талт үүргийг гүйцэтгэх болж байна.
2.2 Гүйцэтгэх удирдлагын талаар
Их сургуулийн Ерөнхийлөгчийг (захирал) томилдог дараах хэлбэрүүд байна.
Улсын тэргүүн | Сайд томилох | Удирдах зөвлөлөөс томилох | Сонгох |
Шууд томилох | Шууд томилох | Шууд томилох | Сургуулийн (эрдмийн гм.) зөвлөлөөс сонгох |
Холбогдох байгууллага, төлөөлөлтэй зөвлөлдөж томилох | Холбогдох төлөөлөлтэй зөвлөлдөх | Нэр дэвшигчдийн жагсаалтыг Сайдад гаргаж өгөх | Багш нарын хурлаас сонгох |
Удирдах зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг баталгаажуулах | Сайдад тодорхой нэр дэвшигчийг санал болгох | Багш нарын хурлаас сонгосон нэр дэвшигчийг Сайдад өргөн барих | |
Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчдээс томилох | Томилох үйл явцад Удирдах зөвлөл дэх Засгийн төлөөлөл оролцох |
Эдгээр хэлбэрийг хэрэглэж байгаа жишээг дурьдвал:
- Их сургуулийн эрдэмтэн, багш, оюутан, хамт олны өргөн төлөөлөл бүхий байгууллагаас санал хураалтаар шалгаруулах (Белги, Финланд, Итали, Польш, Турк)
- Их сургуулийн хамт олны санал хураалтаар байгуулсан сенатаас шууд шалгаруулах (Чех, Франц, Унгар, Португал, Словак, Румын)
- Их сургуулийн удирдах зөвлөлөөс томилох (Дани, Их Британи, Голланд, Люксембург, Швед)
- Их сургуулийн сенат болон удирдах зөвлөлөөс хоёр шаттайгаар шалгаруулан томилох (Австри, Болгар, Серби, Швейцар)
Ийнхүү сонгон шалгаруулсан захиралыг эрх бүхий дээд удирдлагаас баталгаажуулна.
Тухайлбал, Швед, Румынд Их сургуулийн захирлыг холбогдох Сайд, Чех, Унгар, Словак, Туркд улсын Ерөнхийлөгч баталгаажуулдаг.
Европын Холбооны олонх оронд Их сургуулийн захирлыг шалгаруулан томилоход мэргэжлийн түвшин (qualification-full professor etc.)-г харгалзах бөгөөд үүнийг хуулиар зохицуулсан байдаг.
Австри, Финланд, Данид захирлын удирдах чадварыг чухалчилна. Сүүлийн үед шинэ нийтийн менежментийн (new public management) номлолын хүрээнд Их сургуулийн захиралын хувьд менежментийн чадавхийг чухалчлан том компаний ерөнхий гүйцэтгэх удирдлага (СЕО)-тай жиших хандлага хүчтэй болж байна. Ялангуяа судалгааны болон энтрепрейнер Их сургуулиудын захирлыг сонгон шалгаруулахад энэ хандлага голлох болсон.
Их сургуулийн захирлыг 4 жилийн хугацаатай томилж, захирал нь Их сургуулийн хамт олонд ажлаа тайлагнадаг. Австри, Чех, Дани, Португал, Словак зэрэг оронд захирал нь эрх ашгийн төлөөлөл болох байгууллага (удирдах зөвлөл г.м)-д ажлаа тайлагнан хариуцлага хүлээдэг. Серби, Швейцарт захирал нь сенатийн тэргүүн байх боловч удирдах зөвлөлд саналын эрх эдэлдэггүй байна.
3. САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ
Их сургуулийн академик бие даасан байдал нь санхүүгийн бие даасан байдлаас шууд хамаарч байна. Улсаас санхүүжүүлэлт авч, Засгийн мэдлийн газар, барилгыг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Их сургуулийн бие даасан байдлыг харьцангуй хязгаарлах нэг үндэс болдог. Иймээс Европ, Азийн дээд боловсролын тогголцоог судалсан эрдэмтэд Их сургууль улс төрөөс хараат бус байх нь санхүүжүүлэлтийн эх үүсвэр, механизмаас хамаардаг гэсэн дүгнэлт хийж байна.
3.1 Санхүүгийн бие даасан байдал нь дараах үзүүлэлтээр тодорхойлогдоно:
- Орлогыг давах зардлыг санхүүжүүлэх чадавхи
- Оюутны төлбөрийг (tuition-fees) тогтоох мэдэл
- Санхүүгийн зах зээлээс зээл авах мэдэл
- Санхүүгийн бүтээгдэхүүн гаргахад хөрөнгө оруулах мэдэл
- Хувьцаа, бонд гаргах боломж
- Газар, байраа эзэмших мэдэл
Сургалтын төлбөрөө тогтоох эрх хэмжээ нь оюутан элсүүлэх, багш, ажилтны цалин тогтоох удирдлагын эрх мэдлийг илэрхийлэх нэг үндэс болдог. Өндөр хөгжилтэй болон Европын орнуудад Их сургуулиудыг Засгийн газраас санхүүжүүлэхэд грант болон үйл ажиллагааны зардалд суурилсан төсвийн хэлбэрийг хэрэглэдэг. Төсвийг Парламент, эсвэл Яам баталдаг. Сүүлийн үед Их сургуулиудыг санхүүжүүлэхэд үр дүн болон чанарын дэвшилийг чухалчилсан грантын хэлбэр нь зорилтот санхүүжүүлэлтийн үр дүнтэй арга болж байна. Австри, Белги, Хорват, Чех, Дани, Финланд, Франц, Испани, Итали, Голланд, Польш, Швед, Швейцар, Их Британид Их сургуулийн санхүүжүүлэлтэнд грантын хэлбэрийг голчлон хэрэглэдэг болжээ.
Зарим оронд Их сургуулиудыг санхүүжүүлэхэд Засгийн газраас зориуд дундын буфер бүтэц (зөвлөл гэх мэт) бий болгон зарим эрх мэдлийг шилжүүлж байна. Данид холбогдох яам нь ийм агентлагийг байгуулж дээд боловсролыг санхүүжүүлдэг. Италид Их сургуулиудад хөндлөнгийн хяналт үнэлгээ хийдэг Үндэсний хороо, Туркд Үндэсний дээд боловсролын хороо ийм үүргийг гүйцэтгэдэг.
Их Британид 1988 онд байгуулагдсан Их сургуулийн Грантын Хороо (University Grants Committee) нь Засгийн газар ба Их сургуулийн хоорондын буфер болдог байна.
Европын Их сургуулиуд Засгийн газраас олгож байгаа мөнгийг зарцуулах эрх мэдэл нь харьцангуй ялгаатай байна.
Японд Их сургууль нь улс төрөөс ангид байхын хамт улсаас олгож байгаа санхүүжүүлэлтийн хүрээнд Боловсролын яам нь сургуулиудад нөлөөлж, эдгээр сургууль нь татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжилт авч байгаа тул Засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хийж хариуцлагатай ажиллах ёстой гэж үздэг байна.
3.2 Санхүүгийн үйл ажиллагааг тайлагнах, хариуцлага хүлээх
Их сургуулиуд нь холбогдох Яам, Парламентад санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнадаг. Австри, Финланд, Францад Яам нь их сургуулийн энэхүү тайланг дараагийн санхүүжүүлэлтийн гэрээг байгуулах үндэслэл болгодог. Европын орнуудад Их сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд үндэсний аудитийн газраас үнэлгээ хийдэг.
Их сургуулиудад оюутны төлбөр, хураамжийг тогтооход эрх мэдэл, хариуцлагын хуваарилалтын гурван загварыг хэрэглэж байна. Төлбөр, хураамжийг Их сургууль өөрөө тогтоох, эсвэл холбогдох яам тогтоох жишиг байдаг. Франц, Испани, Турк гэх мэт Европын 9 оронд улсын эрх бүхий газраас төлбөрийн хэмжээг тогтоож байна. Сүүлийн үед Их сургууль нь Засгийн газар, Яамтай хамтран төлбөр, хураамжийн жишиг түвшин тогтоож, энэ хүрээнд Их сургуулиуд бие дааж оюутны суралцах мэргэжил, хөтөлбөр зэрэг байдлаар нь ялгавартай шийдвэрлэх кооператив загвар нийтлэг хэрэглэгдэх болсон.
3.3 Их сургуулиудын санхүүгийн тусгаар байдал нь санхүүгийн зах зээл дэх тэдний бие
даасан үйл ажиллагаагаар илэрдэг. Европын зарим оронд Их сургуулиуд санхүүгийн зээл авах эрх эдэлдэг. Гэхдээ ихэнх оронд санхүүгийн зээл авах, бонд, хувьцаа гаргах, зөвшөөрлийг холбогдох Яамдаас авах бөгөөд Их Британи, Финланд, Турк, Францад Их сургуульд хамаарах компаниар дамжуулан гүйцэтгэдэг. Зарим оронд Их сургуулиуд барилга, газар эзэмших эрхийг эдэлдэг байхад Австри, Финланд, Герман, Швед, Францад улсын мэдлийн компаниуд Их сургуулийн газар, барилгыг мэдэлдээ байлгаж ашиглалтыг хариуцдаг байна. Гэхдээ хувийн хөрөнгө оруулалтаар барилга барьвал энэ нь улсын мэдэлд шилждэг жишээ ч (Турк) байна.
4. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
Их сургуулийн бие даасан байдлын нэн чухал хэсэг нь оюутны элсэлтийг зохион байгуулах үйл ажиллагаа юм. Их сургуулиудын элсэлтийг бие даан зохион байгуулах боломжийг үнэлэхэд:
- Оюутан элсүүлэх тоог бие даан тогтоох мэдэл
- Мэргэжил, хөтөлбөрөөр элсэх оюутны тоог тогтоох мэдэл
- Элсэлтийн үйл ажиллагааг хянах мэдэл
- Тусгай квот тогтоох мэдэл зэргийг харгалздаг.
Европ, Азийн дийлэнх оронд элсэлтийн тоог тогтооход Их сургууль нь холбогдох Яам, газартай хамтран шийдвэр гаргадаг. Ингэхдээ сургуулийн болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, Засгийн газраас санхүүжүүлэх болон зээл олгох хэмжээ зэргийг харгалзан шийдвэрлэдэг. Белги, Франц, Итали, Испани улсад холбогдох Яамдаас зарим мэргэжил, хөтөлбөрөөр элсэлтийн тоог санал болгодог. Элсэлтийг зохион байгуулахад үндэсний хэмжээний шалгалт (тест)-г үндэс болгодог. Польш, Унгарт Их сургуулиуд өөрийн шалгуураар элсэлтийг авдаг бол Герман, Латви, Литвад зарим мэргэжлээр Их сургуулиуд өөрсдөө мэдэн элсэлт авдаг.
Ихэнх оронд хөгжлийн бэрхшээлтэй оюутан, гадаад оюутан элсүүлэх квотыг эрх бүхий дээд байгууллагаас тогтоож өгдөг.
Өндөр хөгжилтэй орнуудад элсэлтийн квот тогтооход нийгмийн хариуцлагыг чухалчлан баримталдаг зарчим:
- Меритократын
- Чанарын
- Тэгш боломж олгох
Элсэлтийн квотыг тогтооход түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн механизм:
- Тэтгэмж
- Чанарт суурилсан
- Үр дүнд суурилсан
- Судалгааны грант
- Даатгал
Их сургууль, коллежийн элсэлтийн бодлого, квотыг тодорхойлоход их сургуулийн академик эрх чөлөө, харьцангуй бие даасан байдлыг хүндэтгэх нь зүйтэй юм. Гэхдээ Засгийн газраас дээд боловсрол эзэмших тэгш боломжийг залуучуудад олгох, улсын болон орон нутгийн мэргэжлийн ажиллах хүчний зэрэгцээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд санхүүжүүлэлт болон нийгмийн харицулагыг дээшлүүлэх механхизмийг хослуулан их сургууль, коллежийн элсэлтийн квот тогтоох үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Европ, Азийн орны олонх Их сургуульд цалингийн түвшин, хэмжээг тогтоох, шинэ мэргэжил, хөтөлбөр нээхэд холбогдох Яамны зөвшөөрөл авдаг нь мөн л Их сургуулиудын бие даасан байдалд Засгийн газар хуулийн хүрээнд нөлөөлдгийг харуулна.
Их сургуулиудын үйл ажиллагааны дээрх чиглэлүүдээр Засгийн газраас нөлөөлж байгаа нь Их сургуулийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хөшүүрэг болдог. Нийгмийн хариуцлага дээшлэхийн хирээр Их сургуулиудын бие даасан байдал хангагдана гэж үздэг үзэл баримтлал нийтлэг байна.
Их сургуулийн бие даасан байдал ба Засгийн газрын нөлөөлөл, сонирхолын бүлгүүдийн зохистой тэнцвэрийг хангасан тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг бий болгох нь дээд боловсролын салбарт онцгой ач холбогдолтой байна.
Эх сурвалж:
Andrew Petter, 2004. University Governance and Autonomy Problems in Managing Access, Quality and Accountability
Bologna Declaration. 1999.
John Fielden. 2008. Global trends in University governance
Jonathan W, Stoessel. 2013. Conceptualizing the Shared Governance Model in American Higher Education: Considering the Governing Board, President and Faculty Vol. 5 No.12
Roger W, Bowen. 2006. Institutional Autonomy, Academic Freedom, & Academic Responsibility. General Secretary of the American Association of University Professors (AAUP)
Robert Anderson. 2010. The “Idea of an University” today
University autonomy under fire. 2015. The Japan Times
University autonomy in Europe. 2009. European University Association
Walter G. DeSocio. 2012. Future Trends in Higher Education Board Governance.
University Business Yojaha Sharma, 2012. World Bank calls for university autonomy, quality research
Б.ЧУЛУУНДОРЖ (Хүмүүнлэгийн ухааны их сургууль)