Жамсрангийн ЦЭВЭЭН
Жамсрангийн Цэвээн
ХХ зууны Монголд ухаантан мэргэд мэдлэгийн янз бүрийн салбарт нэг их олон биш ч гэсэн төрж гарсан билээ. Эдний дотор европ зүгийн хэллэгийг махчлан буулгавал “нэвтэрхий толийн мэдлэгтэн” буюу монгол утгаар бол таван сав номын ухаантан, Энэтхэгийнхээр бол бандид нар бий. Эд нарын магнайд зүй ёсоор дурдагдах хүн бол ЗХУ-ын аймшигт НКВД-гийн байцаагчид өөрийгөө буриадад төрсөн, монгол үндэстэн, БНМАУ-ын иргэн хэмээн ам бардам хариулж байсан. ХХ зууны монголчууд дотроос анхны эрдмийн зэргийг тэртээ 1930-аад оны үед хүртэж байсан, хүртэхдээ Шинжлэх ухааны доктор буюу ScD-ын зэргийг ХVII зууны Монголын дурсгалт бичгүүд болон бусад бүтээлийнхээ төлөө шууд хүртэж байсан, 1919 онд Эрхүүгийн их сургуульд багшилж байхад нь тус сургууль профессор цол олгосноор бас л ХХ зууны монголчууд дотроос хамгийн анхлан энэ цолыг хүртэгч болсон, ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн гэдэг эрдмийн дээд алдрын эзэн болсон Жамсрангийн Цэвээн мөн.
Түүнийг тодорхойлохын тулд заавал түүний эрдмийн олон гуншинг тоочих хэрэггүй зүгээр л Ж.Цэвээн, Цэвээн Жамсранов гэхэд л бараг бүх хүн хэнийг хэлж буйг ойлгодог байсан нь 1990-ээд он хүртэлх үеийн явдал.
Түүний цөөнгүй гуншинг тоочихдоо зөвхөн эрдмийн талынхыг нь л дурдсанаас биш бусад олон зүйлийг тухайлбал, МАН-ыг онолын талаар удирдагч байсныг нь, ХХ зууны Монголын томын том нийгэм-улс төрийн зүтгэлтэн байсныг нь, мөн энэ зууны Монголын шинэ эдийн засгийн онол, практикийг үндэслэгч байсныг нь, холын хараатай, өөрийн үзэл бодолдоо үнэнч улс төрийн зүтгэлтэн байсныг нь, тухайн цагтаа дэлхийн түүх, соёлыг бүрэн дүүрэн мэддэг, европ зүгийн боловсролыг дорныхтой хослон төгс эзэмшсэн Монголын цорын ганц хүн байсныг нь, Их эзэн Чингис хааны үеийг биш юмаа гэхэд “мөнхийн” гэсэн тодотгол нэртэй болсон хоёр хөршөөсөө бүх талаар хараат бус Их Монгол Улсыг байгуулж, дэлхийд данстай улс болгох тодорхой төлөвлөсөн төлөвлөгөө боловсруулсан улстөрч байсныг нь, чин сэтгэлээсээ Монголынхоо төлөө зүтгэдэг чин сэтгэлтэй, энэ л хэргийнхээ төлөө эцсийн амьсгалаа хүртэл тэмцэж амь насаа өргөсөн хоёргүй сэтгэлтэй улстөрч байсныг нь дурдаагүй билээ.
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар ч тэр аугаа их хүнийг “багш” хэмээн хүндэтгэн нэрлэсэн байдаг.
Ж.Цэвээний судалгаа шинжилгээний хийгээд соён гийгүүлэх {Миний бодлоор бол “соён гэгээрүүлэх” биш “соён гийгүүлэх” хэмээн хэрэглэвэл оновчтой санагддаг. Учир нь гэгээрүүлнэ, гэгээрүүлэгч гэдэг бол түр зуурын шинжтэй үйлдэл бөлгөө. Үүрийн гэгээ гэдэг бол түр зуурын үзэгдэл. Үүрийн гэгээ хэсэгхэн зуур үргэлжлээд дараа нь гэгээн цагаан өдөрт байраа тавьж өгдөг жамтай. Энэ тэрнийг гэгээрүүлнэ гэдэг бол өөрийн “гэгээрүүлэлтийг” бусдад тулган гэгээрүүлнэ гэгч үйлдлийн нэр буюу. Үүрийн гэгээ гэдэг бол наран мандтал үнэгэн харанхуйг дуустал гэгээрүүлээд л “гэгээрүүлэгч” “үүрэг” нь дуусчихдаг.
Хүнд тус болохын тулд загас барьж өгөхөөсөө илүүгээр загасыг яаж барьдаг аргыг зааж өгөх нь дээр гэсэн европ зүгийн бололтой хэллэг байдаг Үүнийг дагах аваас “гэгээрүүлнэ”, “гэгээрүүлэгч” гэдэг бол загас өгөхтэй адил юм Үүнийг бичиг үсэгт сургах, мэдлэг боловсрол олгох, нүдийг нээж юм мэдүүлэх гэсэн утгын үүднээс авч үзвэл, гэгээрүүлэгч гэдэг энэ үг мөн чанартаа хүн бүрт бичиг үсэг зааж өгдөг хүний нэр болчихоод байгаа юм. Тэдний буюу “гэгээрүүлэгчид”-ийн үүрэг нь өдөр тутам хичээл зааж гэгээрүүлж байдаг багш л гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл энэ үг явцуу утгаараа “бичиг үсгийн багш” гэсэн шиг утгыг агуулаагүй байна гэж үү? Харин “гийгүүлнэ”, “гийгүүлэгч” гэдэг бол бэлэн зэлэн загасыг арчаагүй хэн нэгэн “лойсон” амьтанд өгөх биш, харин загас яаж барьдаг аргыг зааж өгөхтэй ижи юм. Өөрөөр хэлбэл л бичиг үл мэдэгч хэн нэгэнд бичиг үсэгтэй, боловсролтой болох зам мөрийг нь гийгүүлэн зааж байгаа утгатай мэт. Чухам тиймээс ч Ж.Цэвээн хүн бүрийд бичиг үсэг зааж өгөөгүй, бичиг үсгийн багш байгаагүй, харин яаж бичиг үсэгтэй болох, бүх талын боловсрол эзэмшиж шинжлэх ухааныг хэрхэн хөгжүүлэх арга замыг нь зааж өгсөн юм. Иймээс л соён гэгээрүүлэгч биш, соён гийгүүлэгч гэмээр.
Ж.Цэвээн Орос, Монгол хоёр улсад олон талт өргөн хүрээтэй ажил төрөл, хийж байсан авч адлагдан хавчигдаж, ядуу зүдүү амьдралд нухчуулан байвч бүх монгол үндэстнээ дээдлэн биширч “дэлхийд данстай” улс болгох гэсэн чин хүсэл эрмэлзэл, энэ чиглэлээрээ хийсэн буянтай их ажил үйлс, хувийн амьдралаа огоорон орон улсаа гэсэн Ж.Цэвээний сэтгэлийн их тэнхээ зоригийг нь өнөөдөр бишрэн хүндлэхээс өөр арга алга.
Цэвээн абугайн талаар академич Ц.Дамдинсүрэн тэртээ 1950-иад оны дундуур эрдэм судлалын ажлын тоймыг нь гаргаж зориглон дуугарсныг дурдах ёстой. Тэрээр Ж.Цэвээнийг БНМАУ-ын иргэн, Монголын монголч эрдэмтэн гэж үздэг байсан учраас Монголын уран зохиолын түүхийг монголд судалсан нь гэсэн хэсэгтээ Ж.Цэвээний судалгааг авч үзсэн байдаг бөгөөд харин “Орос ба Зөвлөлт улсад судалсан нь” гэдэг хэсэгтээ Бобровников, Дорж Банзаров (Банзарын Дорж) нарыг оруулсан атлаа Ж.Цэвээнийг оруулаагүй орхисон байдаг.
Түүхч С.Идшинноров түүний зохиолын 2 ботийг гаргаж, доктор (ScD) Ж.Цэцэгмаа Ж.Цэвээний тухай сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж, хэд хэдэн бүтээлээ хэвлүүлжээ. Тухайлбал Л.Б.Жабаеватай хамтарч Монгол ардын хувьсгалын үйл хэрэгт буриадын үндэсний сэхээтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг (УБ. 2006), Д.Б.Улымжиевтэй хамтарч “ЦЫБЕН ЖАМЦАРАН: научная, просветительская и общественно-политическая деятельность в Монголий (1911-1931)” зэргийг нэрлэж болно. Мөн 2011 онд Ч.Нарантуяа эмхэтгэсэн “Соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн (1880-1942)” хэмээх ном гарсны дотор монголч эрдэмтэн голдуу хүмүүсийн бичсэн Ж.Цэвээний тухай өгүүлэл, тэмдэглэлүүд, зарим захидал, дуртгал, Ж.Цэвээний зарим орчуулга, шинжилгээний ажлаар явсан тэмдэглэл зэрэг нэлээд өргөн цар хүрээтэй материал оржээ. Буриадууд 2001 онд Ж.Цэвээний “Путевые дневники. 1903-1907”, мөн 2006 онд Ж.Цэвээн “Путевой дневник. 1908-1909 гг” гэдэг хоёр эмхэтгэлийг хэвлүүлсэн.
Ж.Цэвээн Монголынхоо төлөө цохилох зүрхнийхээ эцсийн лугшилтыг дуустал зүтгэсэн хосгүй эх оронч, Монголыгоо Орос, Хятад, Японоос алинаас нь ч үл хамаарсан, бие даасан, туурга тусгаар улс болгохын төлөөнөө бүхий л амьдралаа зориулсан ижилгүй нэгэн. Чухам тиймээс л тэрбээр “Алтан дэлхийг наран мандахаас наран шингэх хүртэл эзэлж, Монголын хэцүү алдрын ертөнцөд галав дүүртэл үлдээсэн билээ” хэмээн бичих бүрэн эрхтэй нэгэн билээ.
Зохиогч Сономын Лочин