Энэ  сонгууль холимог системээр явах болсон тул намууд нэрсийн жагсаалтад ямар хүмүүсээ оруулах нь олны анхаарлын төвд байлаа.

Намууд харьцангуй өөр, өөр бодолтойгоор жагсаалтаа гаргасан нь илт.  Жагсаалтад дээгүүр  эрэмбэлэгдэх хүмүүс намынхаа нэрээр бараг шууд л УИХ-ын гишүүн болох магадлал  бий болчихож байгаа. Нөгөө талаас ямар хүмүүсийн нэрсийг жагсааснаас намдаа авчрах суудлын тоонд  нөлөөлөх учиртай. Тэгэхээр жагсаалт бол намууд ялахад өнгийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Мөн намуудын жагсаалтаас  боловсон хүчний бодлогоо хэрхэн тодорхойлж байгаа нь  харагдана. Том, жижиг гэлтгүй намуудын жагсаалтыг дарга нар нь түүчээлжээ. 



АН-ын хувьд хэзээнээсээ ардчилалтай байдаг нь илэрч жагсаалтын эхний аравт хоёр ч бүсгүйг оруулж ирсэн байгаа. Долоод Р.Бурмаа, аравт М.Батчимэгийг жагсаасан нь жендерийн асуудалд анхаарал хандуулсан нь илэрхий. МАН-ын хувьд   Д.Сарангэрэлийн нэрийг  аравт бичсэнийг  эс тооцвол эмэгтэйчүүдээ  арваас хойш оруулсан байна. Мөн жагсаалтад орсон эмэгтэйчүүдийн тоо нь Ардчилсан намынх илүү байгаа юм. Эндээс  хоёр намын бүсгүйчүүддээ хандах хандлага харагдаж байгаа.  Аль ч  нам  даргаараа толгойлуулан жагсаалтаа эхэлжээ. Сонгууль болтол олон фракцууд нь эе эвдэрч хэдэн тийшээ харчихна гэж олон нийтээрээ ярьж байсан ч Ардчилсан намын дарга энэ бүхнийг эвтэй найртай байлгах, намын асуудлаа дотооддоо шийдэхээс авахуулаад харьцангуй зөв хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлжээ.   МАН залуучуудын саналыг авч чадддаггүй учраас жагсаалтын 4/1-т нь гуч хүртэлх насны 27 залууг жагсаасан байна лээ. Гэхдээ залуусаасаа эхний аравтаа бас багтааж чадаагүй байгаа юм.  Залуучуудыг тодорхой тоогоор ийнхүү  багтаасан нь 1990-ээд оноос хойш ардчиллыг үзсэн залуус МАН-ыг сонгох магадлал бага учраас тэдний саналыг  авахыг  хүссэн биз. Ингэснээр 90 гаруй настай хөгшин нам гэдгээ далдлахыг   хүсчээ. Харин жагсаалтын эхний хэсэгт намын даргын араас генсек У.Хүрэлсүх жагссан нь төдийлөн сайн шийдэл болсонгүй. Түүний хувьд нэр цэвэр бишээс гадна намын эв нэгдэлд сөрөг үр дагавар авчирсан хүн. АН-ын генсек Д.Эрдэнэбат намынхаа залууст боломж олгож албан тушаалын эрэмбээр жагсалгүй  залуу үедээ илүү боломж олгохыг хүсчээ. Дээр нь тэрээр намаа эв нэгдэлтэй болгоход гол үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ МАН-ын генсекийн эсрэг дүр нь юм.  У.Хүрэлсүхээс гадна Я.Содбаатар эхний аравт жагссаныг эс тооцвол  эхний эгнээнд  ахмадын арми жагссан байна. АН агуулгаа харж жагсаалтаа хийсэн бол МАН хэлбэрт анхаарсан буюу хуучин  гэгдэх улстөрчдөө хүмүүс таньдагаар нь жагсаасан байх жишээний. Дээр нь МАХН-д алдах магадлалтай хөшчүүлийн саналыг авах сонирхол давамгайлсан биз. Яахав ахмадуудынх нь дунд Н.Энхболд, Д.Дэмбэрэл нарын ашиг сонирхлын зөрчил багатай, улс төрд байх ноён нуруутай  хүмүүс харагдаж байгаа ч намын даргаасаа эхлээд элдэв хэл амнаас салдаггүй, аль хэдийнэ бохир улстөрчдийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчид  бичигдсэн байх юм. Ө.Энхтүвшингийн хувьд намын бүлгийн дарга. Намаа шүүмжилж, эцэстээ МАХН  руу орцгоосон жигүүрийн тэргүүн байсан хүн. Д.Лүндээжанцан жишээ нь сайн хуульч ч гэлээ улс төрийн лидер гэж харагддаггүй. Мөн Ц.Нямдоржийн хувьд Увсынхан нь хүлээж авахгүй болтлоо сүүлийн үед нэр хугараад байгаа. Сарын цалин дээрээ эхнэрийнхийгээ нэмээд ч төлж барагүй үнэтэй хаусанд амьдардагийг нь Х.Баттулга гишүүн олон нийтэд зарлаж, түүнийг нь тайлбарлаж, булзах гэж олон нийтэд хүн үнэмшимгүй юм ярьсан нь нэр хүнд нь унахад нөлөөлсөн. Мөн тэрээр өмнө хууль зассан гэж УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан бол саяхан сайдын ажлаасаа мултрах шахсаныг уншигчид санаж багаа биз ээ.

АН жагсаалтанд фракцуудын төлөөллийг жигд оруулснаас гадна  албан тушаалын эрэмбээр шууд жагсаагаагүй нь  харагдаж байна. Д.Эрдэнэбатад жишээ нь албан тушаалынхаа эрэмбээр хоёрт жагсах боломж байсан ч тэрээр үүнд их зөв байр суурьтай хандаж чаджээ.  АН  жагсаалтын хоёрт З.Энхболдыг оноосон нь  оновчтой шийдэл болсон. АН дахь “Шонхор” фракцын тэргүүн, Ардчилсан хүчний холбооны тэргүүн тэрээр яах аргагүй АН-ын лидер. Шударга, шулуун хэлчихдэгээрээ имижээ бүрдүүлсэн нэгэн. Түүнийг яалт ч үгүй улс орны төдийгүй, Ардчилсан намын бодлого тодорхойлдог улстөрчдийн нэг. Түүн шиг хүн парламентад  олон байвал улс орон зөв бодлогоор явж, шударга ёс тогтоно гэдэг.  Х.Тэмүүжингийн хувьд ардчилсан нийгийн залуу үеийн төлөөлөл гэж харж болох ч  АН-ын  лидерүүдийн нэг гэж тооцогдох болсон. Гэрлийн хурдаар гарч ирсэн лидер. Сайн хуульч, шударга ёсны төлөө дуугарч чаддаг.   Ч.Сайханбилэг Монголын түүхэнд хамгийн залуугаараа сайд хийж байсан. Өнгөрсөн дөрвөн жилд бүлгийн даргаар ажилласан . Ардчилсан намын УИХ-ын бүлгийн шийдвэрийг төлөөлж дуугардаг байсан. АН-ын хувьд  Д.Эрдэнэбатыг намын аппаратыг удирдсанаас хойш энэ намд эв нэгдэл эхэлсэн. Түүнийгээ дагаад ч өөрөө генсекийн суудалд тогтвортой суусан хүн. Улс төрийн хурцадмал асуудалд дандаа голч, ухаалаг, алсын харсан байдлаар ханддаг байсан нь намын даргатайгаа хэрхэн ярьж, зөв шийдэлд хүрч энэ хугацаанд тэр тусмаа сонгуулийн өмнөх энэ үед АН-ыг эв нэгдэлтэй байлгаж чадаж байгаа. Энэ удаагийн сонгууль холимог системээр явагдах учир жижиг намуудаас цөөнгүй суудал авах болов уу гэсэн таамаг байгаа. Энэ таамаг нь ч оргүй биш юм. Ялангуяа жагсаалтад орсон хүмүүсээс эхэнд бичигдсэн нь УИХ-д орж ирэх магадлалтай. Сонгуулийн  рингэн дээр гол тулаан хийх  хоёр  гол намын жагсаалтын эхний эгнээнд бичигдсэн хүмүүсийн тухай өгүүлэхэд ийм  байна.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяраар жагсаалтаа эхлүүлэв. Араас нь Ч.Улаан, С.Нарангэрэл, М.Сономпил, Энхбаярын хүү Э.Батшугар, өмгөөлөгч О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын эрчүүдээс гадна зарим нэг эмэгтэйчүүдийн нэрийг зоожээ. Өөрөөр хэлбэл Авлигын эцэг хэмээн цоллууж, эцэстээ баригдаж, хоригдож, үүнийгээ эсэргүүцэн элдвээр аяглан өрөвдүүлэх тактик барьж санал авна гэсэн тооцоотой байгаа  Н.Энхбаяраар толгойлуулсан энэ багт Ч.Улаан зэрэг туршлагатай улстөрчид багтсаныг эс тооцвол нэлээд эрээвэр, хураавар жагсаалт гарчээ. ИЗН-ын хувьд мөн л намын дарга С.Оюунаар ахлуулж, ХААҮТ-ын дарга С.Дэмбэрэлээр удаалуулсан ч төдийлөн анхаарал татахуйц лидер харагдахгүй байна. Харин Иргэний хөдөлгөөний нам Сүхжаргалмаагаар ахлуулсан хорин найман эмэгтэйг жагсаалтандаа оруулсан нь сонирхолтой шийдэл  болсон байлаа. Энэ намын хувьд томоохон лидер гэж хэлэх хүн харагдахгүй байгаа юм.