1979 оны өвөл Ренчингийн Чойном Улаанбаатараас хөдөө найздаа хаягласан захидалдаа, манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу хэмээн халаглаад “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж бичжээ.

Хүн бүр бага балчраасаа баатарчууд, пионер, эвлэлээр хүмүүждэг, насанд хүрэхэд алхаа гишгээ бүрийг нам, засаг зөв мэргэн залж чиглүүлдэг, хариуцлага нь дэндсэн, ахмадууд одоо хүртэл санагалздаг “дээр үеийн өндөр шаардлага” ноёлсон тэр цагт шүү! Төдөлгүй монгол хүмүүс өөрчлөн байгуулалтаар дамжин эрх чөлөөнд хүрээд зоргоороо болцгоож, тэгснээ ходоод, эцэстээ мөнгө ямар ч эрдэмд сургадгийг ухаарч юуг эс үзлээ. Бидэнд хэн ч садаа хийдэггүй, элдвээр хэлүүлдэг хятадууд Эрээнээ хаадаггүй, оросууд бензинээр тасалдаггүй, гуравдахь хөршүүд Америк, Японоос эхлээд өгч ханадаггүй, гаднаас хэн ч өнгөлздөггүй, тал талаас зөвхөн магтаал сонсдог, дотроо тэмцэл хөдөлгөөн байтугай ажил хаялт ч гардаггүй (хавартаа ганц бужигнадаг бол үгүйтэй адил юм), газар хөдөлдөггүй, цунами ирдэггүй… Бас хэмжээгүй баян. Газраа ухуулаад олдсоны талыг алдаад үлдсэний талыг идүүлсэн ч 3 сая хүнийг цатгах тийм их баялагтай. Өөр юу хэрэгтэй юм бэ?

Одоо ямар ч асуудал, хэнбугайг ч мөнгөөр навс зоддог болсон байна. Сая, тэрбумаар гаргаад шидчихнэ, тал нь алга гэвэл дахиад шиднэ, өлссөн хүн байвал тараачихна, саналаа хэнд өгөхийг амлаад урвуулчихна.  Энэ их төгрөг, долларууд бидний замбараагүйтэл, бүтэлгүй алхмууд, хэн ч хариуцлага хүлээдэггүй хэрэг явдлууд, элдэв завхралыг цайруулаад байх шиг. Чойномын уурыг хүргэсэн бүхэн бараг хэвээрээ, эмх цэгц, дэс дараа, хэм хэмжээ, стандарт, томоор яривал хууль ёс дэндүү хоцрогдож байна.

Юм л бол ухуулж сэнхрүүлэх, зан үйлийг өөрчлөх тухай ярьдаг болжээ. Үүнийг хуучин цагт коммунист хүмүүжил гэж нэрлэдэг байсан санагдана. Захиргаадаж болохгүй, эрх чөлөөг ханатал эдлүүлбэл хүмүүс учраа олоод амьдрал цэгцэрнэ, элдэв хаалт, хязгаарлалт дэмий, сүүлдээ төр ерөөсөө хэрэггүй гэдэг болж. Би итгэхгүй байна. Дэлхий дээр хаа нэгтээ жинхэнэ эмх цэгц, сайн зохион байгуулалт байгаа бол тэр нь хэдэн арав, зуун жилийн турш хууль ёс, дэг журмаар балбасны үр дүн байж таарна. Тэд чөлөөтэй сайхан, дарамтгүй, хэнээр ч хэлүүлэхгүйгээр хуулиа дагадаг, зүгээр л соёлтой харагддаг, гэхдээ энэхүү соёл гээч бол дадал, хэвшил болсон дэг журам бололтой.

Мэдээж хууль журмыг хэлэлцэж тохирох хүртлээ ардчилал байх ёстой. Харин дараа нь …  Ардчилал бол үр дүн биш, харин арга зам, ардчилал бол процедур ч гэдэг. Энэ сэдвээр хааяа бичиж бусдад, бас өөртөө сануулж байя. Яагаад гэвэл би бас гучин жилийн өмнө Чойномын тодорхойлсон хариуцлагагүй монголчуудын нэг мөнөөс мөн.

▪        ▪        ▪   

Ноднингоос хойш Авлигатай тэмцэх газрынхан орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын онц шаардлагагүй дүрэм, журмууд ард иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж улмаар авлигын нөхцлийг бүрдүүлж байна гэж үзээд тэдгээрийг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг аймгуудад зохион байгуулснаа мэдээлсэн. Лав Өвөрхангай аймагт 2008-2011 оны хооронд баталсан тогтоол, захирамж, шийдвэрүүдийн жагсаалтыг архиваас шүүж нэгбүрчлэн хянаж үзээд хэрхэх саналыг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүллээ гэсэн. Чухам ямар дүрэм, журмыг засаж сайжруулсан, эсвэл цуцалсан, хэр үр дүнтэй ажил болсон талаар мэдээлэл алга.

Хуультай нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын бүх ажил хууль дүрмээр зохицуулагдаж ямар ч уран сайхан байх ёсгүй гэсэн үг. Гагцхүү тов тодорхой бөгөөд ойлгомжтой, бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй, яг дагаад явахад төрийн үйлчилгээг хамгийн шуурхай авч чадах тийм дүрэм журмууд хэрэгтэй болж байна.  

Хоёр жилийн өмнө барилгын компаниуд 144 гарын үсэг цуглуулаад зүдэрч байна гэж баахан гомдоллосны дараа нэлээд цөөлсөн дуулддаг. Гэхдээ хэт цөөлж яавч таарахгүй. Зуун жил сүндэрлэж мянга хүн амьдарч ажиллах байшинг хоёр гуравхан гарын үсгээр зөвшөөрөх ёсгүй. Тэр 144-ын ихэнх нь янз бүрийн салбар, мэргэжлийн ажлын хэсэг, комиссын гишүүдийн гарын үсгүүд байгаа. Зөвхөн шугам сүлжээ гэхэд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус гээд задарна, тус бүрийг нэг биш байгууллага, мэргэжилтнүүд хянаж зөвшөөрөх учиртай. Өнөөдөр босч байгаа зарим барилгыг харахад зөвшөөрөл олгох гарын үсгийг буцаагаад олшруулмаар санагдаж байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр эсвэл айлуудын цонх таглаж барилга баримаар санагдвал оршин суугч тус бүрээс гарын үсэг цуглуулдаг болоосой. 

2005 онд Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж Төрийн ордны их танхимд болсон хурал дээр хэд хэдэн яам, агентлагийн “хүнд суртлын” дүрэм журмыг “май чи“ гэж байгаад хогийн сав руу шидсэн. Тэр дунд татварын заалтуудтай нэг чухал журам амьсгал хурааснаас болж улсын төсөвт олон сая төгрөг орохгүй болсон гэж татварын ажилтан хожим ярьсан.

▪        ▪        ▪

Яагаад ч юм бөхчүүдтэй холбодог нэг онигоо бий. “Кама сутра” үзчихээд “Бид ёстой гурилддаг байсан байна шдээ” гэсэн гэж. Тав, арван хуудаснаас хэтэрдэггүй монголын хуулиудыг үзэж дассан хэн нэгэн гадаад орнуудын бараг ботиор хэмжигдэх зузаан хуулийг харчихаад “Манай Их хурлын гишүүд ёстой гурилддаг юм байна шдээ” гээд дуу алдвал гайхах явдалгүй. Бид хууль болгоныг дэндүү ерөнхий, бөөн цоорхой, хэрэгжүүлэх механизм алга, хариуцлага тооцох аргагүй гэж гомдоллодог шалтгаан энэ.

▪        ▪        ▪

Япончууд үнэхээр дэгтэй улс юм. Зочин үдэхдээ 10 удаа бөхөлзөх ёстой бол зочныгоо цахилгаан шатанд оруулаад хаалга нь хаагдсан байсан ч хамаагүй заавал гүйцээж бөхөлздөг гэнэ ээ.

▪        ▪        ▪

Ямар нэгэн сугалаа, хонжвор, тааварт оролцож хожсон азтанууд сэтгэгдлээ хуваалцахдаа  ”Эднийх үнэхээр шударга явагддаг юм байна” гэж хэлэхийг би үргэлж сонсдог.  Тэгвэл хожоогүй хүмүүс “шударга биш юм байна” гэж хэлэх ёстой юу? Хожсон, хожоогүй бүгд шударга гэдэгт итгэхийн тулд сугалааны дүрэм тов  тодорхой байж, нүдний өмнө ил тод явагдах учиртай.  Тэгвэл манайд сонгууль ”шударга явагддаг юм байна” гэж хэн ч хэлж чаддаггүйн учир юунд вэ? Сонгуулийн хууль бүдүүн бараг заалтуудтай, дагаж гаргасан журам, зааврууд дагаад бүдүүн бараг учраас тэр. Ингээд ялагдагсад “луйвардуулчихлаа” гэж зоргоороо хашгичих эрхтэй болдог…

▪        ▪        ▪

Бид хэвлэл мэдээллийн сонин хачны булангаар Америк, Англид голдуу байдаг тэнэг хууль, дүрэм, журмуудын талаар зөндөө уншиж сонсож байсан.

АНУ-ын Алабама муж улсад нүдээ боогоод машин жолоодож болохгүй, Канзаст харанхуйд явганаар зам гарах бол заавал гэрэл ойлгогч зүүх ёстой, Калифорнийн Лафайет хотод бусдаас метрийн дотор шүлсээ хаявал, Аризона мужид аяга ус өгөхөөс татгалзвал, Арканзаст мужийн нэрийг буруу дуудвал, Колорадо мужид согтуугаар морь унавал, харин Коннектикутэд сахлын хутаг ашиглаад хаявал гэмт хэрэгт тооцогдоно.

Францад гахайг Наполеоноор нэрлэхийг хатуу хориглодог ба төмөр зам дээр үнсэлцэхийг зөвшөөрдөггүй. Англид хатан хааны маркийг дугтуйн дээр уруу харуулж наавал төрийн гэмт хэрэг. Австралид машиндаа түлхүүрийг нь үлдээж болохгүй, Викториа мужид чийдэнг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй цахилгаанчин солих эрхтэй. Мөн зурхайн зурлага зохиох, унших, мэргэлэх хориотой. Бас амиа хорлохыг хүнд гэмт хэрэгт тооцдог гэнэ. Дани улсад жолооч машинаа асаахын өмнө 1. Гэрэл, тормос, жолоо, дохиогоо шалгана. 2. Машин дор хүүхэд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Канадын Квебект францаар хараал хэлэх, машинаа гудамжинд угаах хориотой бол Нова Скотиа мужид борооны үеэр зүлэг усалж болохгүй. Боливид эмэгтэй хүн бар, ресторанд ороод ганц  хундагаас илүү вино уухын хорьсон хууль зуугаад жил үйлчилж байна. Сингапурт ойлгомжтой. Тэнд метронд бохь зажлах, гэртээ нүцгэн явах, жорлонгийн ус таталгүй үлдээх хатуу шийтгэлтэй. Өмнөд Солонгост замын цагдаа нар өдрийн туршид авсан хахуулиа даргадаа мэдэгдэх албатай бол Тайландын иргэн улсынхаа мөнгө тэмдгээ гишгэлбэл гэмт хэрэг, учир нь түүн дээр эзэн хааны зураг байдаг. Бидний мэдэхээр Хятадад нэгээс дээш хүүхэд төрүүлэхийг хориглож дааж давшгүй торгууль төлүүлдэг төдийгүй их сургуульд зөвхөн “оюун ухааны хөгжилтэй хүмүүс” элсэх эрхтэй байдаг.

Бүр усан тэнэг гэмээр хуулиуд (“тэмээн дээрээс загас барихыг хориглоно”, “загасанд архи өгөөд  согтоож болохгүй” гэх мэт) зөндөө. Тэдгээрийг хэн ч зөрчдөггүй, яагаад гэвэл тийм хэрэг хэзээ ч гарахгүй.

Тэдний ерөнхийлөгч, Их хурлын гишүүд,  муж, хотын захирагч нар үнэхээр тэнэг байсан хэрэг үү? Судлаад үзэхэд, дээрх хуулиуд анхандаа тийм ч тэнэг биш, тус бүрдээ амьдралд тохиолдсон  тов тодорхой хэрэг явдал, гэмт хэрэг, осол, гэнэдлээс сэргийлэх, давтаж гаргуулахгүйн тулд зохиогдсон ч он жилүүд өнгөрч цаад нөхцөл шалтгаан арилахын хэрээр дэмий, шал дэмий, сүүлдээ тэнэг болон хувирчээ. Гэхдээ зуун жилийн өмнөх ч шүүхийн шийдвэр хүртэл жишиг буюу прецедент болдог хуулийн тогтолцоотой улс оронд хэрэг болдог байх. Эсвэл тоож цуцалдаггүй. Ямар ч байсан тэр нийгмийн амьдралын зөв зохион байгуулалт, өндөр соёл хэзээ нэгэн цагт дүрэм, журам, хуулиас хэлсэн байна. Огт үгүй байснаас тэнэг ч гэсэн хуультай байвал дээр. Мэдээж сайн хуультай бол бүр сайн.

Манайд заримдаа иймэрхүү “тэнэг” хууль журам үнэхээр үгүйлэгдэх юм. Траншейны нүхийг таглаж байхыг үүрэгдээд орхих бус, жишээлбэл, тагыг хаягдал төмөрт хүлээж авсан бизнесменээр дахиад 10 тагны мөнгийг гаргуулж бүрэн бүтэн байдлыг жилийн турш хариуцуулах,  хариуцсан байгууллагын даргаар “траншейны тангараг” өнгөрүүлэх (“таг болгоныг  гагнуулна, орой бүр очиж шалгана” гэх мэтээр) ч юм уу. Арваад жилийн өмнө “Хархорин” зах дээр аавынхаа гараас хөтөлж явсан 8 настай охин траншейны нүхээр ойчиж цогцсыг нь хэдэн километрийн цаадах цэвэрлэх байгууламжаас гаргаж авсан. Түүнээс хойш жил бүр хэд хэдэн хүн (хамгийн сүүлд манай нэртэй сэтгүүлч) траншейнд унаж амиа алдаж байгааг сануулбал инээдтэй биш. Бүр дээшээ явбал улс төрийн хоёр нам нэг хөнжилд орохыг хориглох гээд  “тэнэг” хуулийн шаардлага мөн ч их байна даа.

Хэрвээ хаа нэгтээ “тэнэг” юм болоод байвал түүнд таарсан “тэнэг” хууль журам гаргаж тэр тэнэглэлийг таслан зогсоож байхаас өөр арга алга.