ИНТЕЛ БҮТЭЭГЧИД
ИНТЕЛ БҮТЭЭГЧИД
Робэрт Нойс, Гордон Мүүр, Энди Грөүв нар хэрхэн дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийг байгуулсан бэ?
Майкл С.Мэлоун
Дижитал эрин үеийг төлөөлөх гол компани болох Интел корпорацийг тодорхойлох энэ түүхийг тус компанийн гурван гайхалтай удирдагчид болох Робэрт Нойс, Гордон Мүүр, Энди Грөүв нарын амьдралаар дүрслэн гаргажээ.
Интел компанийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани гэж дэлхий даяар үздэг. Энэ нь ч цаанаа учир шалтгаантай. Технологийн компаниуд гарч ирээд, удалгүй алга болдог бол Интел үүсгэн байгуулагдсанаасаа хойш 40 гаруй жил оршин тогтнож байгаа төдийгүй дэлхийн дижитал эдийн засгийн өнгийг тодорхойлогч компани болоод байна. Орчин үеийн дэлхийн хамгийн аугаа бүтээл болох микропроцессорыг зохион бүтээгч домогт Интел компани энэ гариг дээрх бараг бүх ухаалаг электрон төхөөрөмжийг тэжээж буй бяцхан “хөдөлгүүр”-үүдийг бүтээж байна. Гэхдээ Интел компанийн үнэн түүх бол түүний ард буй гурван гайхамшигт, сод хүмүүсийн түүх юм. Интел бүтээгчид бүтээлээрээ зохиолч Майкл С.Мэлоун энэ гурван эрхмийн давуу болон сул тал Интелд хэрхэн нөлөөлснийг, эдгээрийн тэнцвэрийг төгс бариагүй бол энэ компани амжилтын өнөөгийн түвшинд хэзээ ч хүрч чадахгүй байсныг тодорхой өгүүлжээ. Өндөр технологийн салбарт, үеийнхэн дотроо хамгийн ихээр хүндлэгддэг эрхэм болох Робэрт Нойс энэ компанийг үүсгэн байгуулахад итгэл үнэмшил (бас мөнгө) авч ирсэн бол Гордон Мүүр энэ компанийг дэлхийн технологийн лидер болгож, харин Энди Грөүв Интелийн амжилт, өрсөлдөх чадварыг өмнө нь хэзээ ч байгаагүй өндөр түвшинд гаргаж ирсэн юм. Энэ гурван хүний аль нэг нь л байгаагүй бол Интел компани өөрийн түүхэн амжилтыг гаргаж чадахгүй байсан бизээ. Харин тэдний тусламжтай Интел персонал компьютер, интернэт, цахилгаан холбоо, хэрэглээний электроникийн хувьсгалыг бодит болгосон билээ. Интел компанийн архивын материалыг ашиглах онцгой эрхийг “ашиглан” бичсэн Интел бүтээгчид ном тус компанийн гаргаж бүх хүмүүсийн хэрэглээнд очсон бүтээгдэхүүнүүд, бизнесийн давтагдашгүй практик туршлага, үүн дотроос шинэ санал санаачилгыг хэрэгжүүлэх хүсэл, хүнд хэцүү цагт томоохон хөрөнгө оруулалт оруулах санал санаачилга, Гордон Мүүрийн нэрээр нэрлэгдсэн хуулийг хэлбэрэлтгүй дагах үзэл зэрэг гайхалтай түүхүүдийг өргөн барьж байна. Энэ бүхний тусламжтай Интел компани технологийн ертөнцөд урьд өмнө үзэгдээгүй гайхалтай, тогтвортой амжилтад хүрсэн билээ. Интел бүтээгчид бол энэ компанийн зөвхөн өнгөрсөн цагийн аугаа түүх биш юм. Интел компанид цаашид өөрийн ноёрхол, өөрийн соёл, өөрийн үнэт чанарыг хадгалан авч үлдэх гэж хичээж буй энэ үед түүний өмнө тулгараад байгаа хэцүү сорилтуудад бас дүн шинжилгээ хийсэн байна.
“Силиконы хөндийн хамгийн сонирхолтой он дарааллын түүх зохиогчдын нэг Майкл Мэлоун Интелийн түүхийн талаар гайхалтай ном бүтээжээ. Энэ бол инноваци, аугаа манлайлал, хувь хүний онцлог зан чанаруудын тухай үнэ цэнэтэй судалгааны бүтээл юм. Бүтээлч байдал шинэ бүтээл төрүүлэхэд хэрхэн хөтөлдгийг мэдэх хүсэлтэй хэн бүхэн энэ гайхалтай номыг уншвал зохистой.”
Стив Жобс номын зохиогч Волтэр Исааксон
“Силиконы хөндийг хөдөлгөж байдаг хэмнэл, үнэ цэнийг эндхийн амьдралыг олон жил судалсан сэтгүүлч Майкл С.Мэлоун шиг мэдэрч, барьж чадах хүн цөөхөн бий. Энэ шинэ бүтээлдээ тэрээр ихэнх сэтгүүлчид бичгийн машин ашигладаг байсан үеэс эхлэн судалж, мэдээлэл бэлтгэж байсан Интел компанийн түүхийг гаргаж иржээ. Номын хуудас бүрээс түүний гүн гүнзгий мэдлэг харагдаж байна.”
ЛинкедИн-ийг хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Эвсэл номын хамтран зохиогч Рэйд Хоффман