1926 онд Герман Франц улсад анхны 35 оюутныг илгээсэн нь Монголын боловсрол, шинжлэх ухааны түүхэнд нэн чухал, тэмдэглэлт үйл явдал болжээ. Энэ түүхийг тусгайлан судалсан Чимид-Осорын Болд сонгогдсон нийт хүүхдүүдийн насыг “13-17” хэмээн тодорхойлсон байна.

13-17 насны энэ хүүхдүүдийн зарим нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүд байсан тул МХЗЭ-ийн Төв хорооноос тэдэнд бусад хүүхдээс илүү хариуцлага хүлээлгэн, Найман зүйлийн тусгай даалгавар – дагах бичиг өгч, дарга нар нь гарын үсгээ зуран, хадгалуулж байжээ. Германд суралцсан оюутнуудын нэг, зохиолч Д. Намдаг дуртгалдаа “Биднийг анх явахад Эвлэлийн Төв Хороо гишүүн нэг бүрд даган мөрдөх бичиг гардуулахдаа, тэр орны ямар нэг анги намын чанарт байгууллагад орж үл болохыг онцлон дурдсан юм” хэмээсэн бичиг нь чухам энэхүү бичиг бололтой.

Сурагч оюутан нарын чухам хэнийх нь болох нь тодорхойгүй нэгэн дэвтэр саявтар олдсоныг уншигчдад толилуулж байна. Маш товчоор базан өгүүлбэл, найман зүйлийн 1-рт Эвлэлийн гишүүн учраас тэднийг онцолж буйг, 2-т хүлцэнгүй явахыг, 3-рт хоорондоо эвтэй байхыг, 4-рт заасан бүхнийг сурахыг, 5-рт сурч буй зүйлээ товч бичиж ирүүлж байхыг, 6-рт шийтгэл шүүмжлэлийг хүлээн авч байхыг, 7-рт харь улсын хуулийг дагахыг, 8-рт сурч чадахгүй бол улсын хөрөнгийг сүйтгэх болохыг сануулсан утгатай ажээ.

 Дэвтрийн эхний хуудас (М. Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга)

Сийрүүлэг

Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос

Гадаадад сургуулинаа сурах тус эвлэлийн гишүүдэд сургах заавар

Нэг. Монголын залуучуудаас гадаадад сурахаар явагчдын дотроос онц болгон үзэх этгээд нь та нарын биес мөн бөгөөд учир юун хэмээвээс, нэгэнт Монголын дундад сургуульд нэлээд суралцан явж, цааш үргэлжлэн сурах ербиш эрдмийн суурийг тавьсан хүмүүс болох ба бас харьяат сурагчид хийгээд Эвлэлийн гишүүдийн аль оролдлого бүхүй этгээд нь та нөхдийн биес болмуй.

Хоёр. Учир иймд хэдийгээр сурах төлөвийг олсон хэмээ[вч], Герман зэрэг туйлын боловсорсон улсын эрдэм сургуулиар жишээлбээс, бидний Монгол эрдэм чадалгүй, хоцрогдон гээгдэж, бүдүүлэг буурайд тооцогдсон улсын нэг нь даруй мөн болох, үүнд гагцхүү ардын хувьсгал мандаж хөгжсөний ач гавьяагаар ийнхүү эрдмийг сурч, ард түмэндээ тусалсугай хэмээсэн ариун зорилт үүсэж хөгжих, та нөхдийн сурах боловсрох замыг сая олсон учрыг бэлхнээ өөрсдөө мэдэхийн тул хэзээ ямагт харьяат Хувьсгалт Эвлэлийн зорилтыг чанд сахиж, аливаад хүлцэнгүйгээр явбаас зохимуй.

Гурав. Гадаадад суралцахаар явж бүхий гишүүд болбоос нэгэнт биеийг эрдмээр чимэглэн боловсруулж, улсыг удирдан, олон түмэн ядуулигийн хэрэгт амь биеийг хайрлалгүй зорьсугай хэмээсэн нэгэн биеийн эрхтэн мэт журмын бат холбоо бүхий хүмүүс мөн болох учраа уг зорьсон сургуулийн хэрэгт санаа ухралгүй зүтгэхийн дээр ёс журам ба хооронд буюу бусад лугаа эв найрамдлыг нэн эрхэмлэн хичээж, сурах хугацааг эрхбиш төгсгөвөөс зохимуй.

Дөрөв. Сургуульд аливаа хичээлийн зүйлсийг заалгахад хэрэгтэй, хэрэггүй хэмээн шүүмжлэхгүй, шамдан хичээж сурваас зохихыг эрхэмлэн даалгамуй. 

Жич: Зааснаас гадна тустай зүйлийг сурахыг эрхэмлэх хэрэгтэй бөгөөд монгол бичиг үсгээ улмаар сайжруулахыг хичээтүгэй.

Тав. Сургуульд суралцан бүхүйдээ өөрсдийн байдал ба сурч буй эрдмийн зүйлсийг товчлон утгыг бичиж, цаг цагт тасалдалгүй нааш тус Эвлэлийн дээд газраа захидлаар нэвтрэлцэн ирүүлсээр байхыг хичээвээс зохимуй.

Зургаа. Сургуулинаа одсон сурагч гишүүд ямар сургуульд орж, ямар ёс суртал ба хэцүү бэрх байдалтай боловч түүнээс буцахгүй, хичээнгүйлэн уг зорилгын ёсоор сурч боловсрохыг эрмэлзвээс зохихоос гадна багш нарын сургасан ятгасныг дагах ба аливаа муу гэм суртлаас ангижруулж, сайн замд дэвшүүлэхээр хэрэглэх арга гэсгээл зэргийг шууд дагаваас зохимуй. Хэрхэвч эсэргүүцэн тэмцэж болохгүй. Үнэхээр зүйгүй хэрэг байваас эгж ирсэн цагт учрыг тодорхойлон гаргаж, нэг болгон шийтгүүлж болмуй.

Долоо. Муу гэм, гажуу явдлаас зайлсхийлж, нэгнийг сургаж туслах зэргээр харилцан нөхрийн найрамдлыг сайн байлгаваас зохихоос гадна харь улсын газар хууль цааз нь, ёс суртал нь манай улсаас өөр болохыг хэзээд умартахгүй, түүнээс давахгүйг хичээвээс зохимуй.

Найм. Хэрэв дээр сургаж зааварласан заавраас зөрчиж, сургууль соёлын хэрэгт боловсрохгүй, ардын хөрөнгө мөнгийг хоосноор сүйтгэхэд хүргүүлбээс Хувьсгалт Залуучуудын гишүүний нэрийг бузарлахаас гадна олон нөхөд хийгээд ард түмэндээ үүрд жигшигдэх болохыг сурагч нөхдүүд бүү умарттугай.

 Гарын үсэг бүхий сүүлийн хуудас (М. Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга)

Гарын үсгийг тодорхойлол

Найман зүйл зааврын эцэст МХЗЭ-ийн таван дарга гарын үсгээ зурсан байна. Гарын үсгийг тайлан уншиж, хэнийх болохыг нь тодорхойлохыг оролдлоо.

Дарга: Жадамба

Энэ бол Наваандоржийн Жадамба. Германд оюутан сурагчдыг явах үед буюу 1926 онд МХЗЭ-ийн Төв хорооны даргаар ажиллаж байжээ. Баруунтан хэмээн хэлмэгдэж, 1939 онд шоронд байхдаа нас баржээ.

Орлогч: Чимэд

Хоёул төр нийгмийн төлөө зүтгэж явсан, хоёул зохиолч болохынх нь тул МХЗЭ-ийн орлогч дарга, энэхүү Чимэдийг зохиолч Өөлдийн Чимэдтэй андуурах тохиолдол бий. Энэ бол Дунгарын Чимэд юм. Дунгарын Чимэд нь ардын хувьсгалын партизан, Зохиолчдын хороог анхлан үүтгэн байгуулсан гишүүдийн нэг байв. Энэхүү зааврыг өгч явуулсныхаа бүр дараа, сурагчдын хичээл эхэлсэн хойно, араас нь эргэн, Германд очиж, амьдрал байдалтай нь танилцаж байжээ.

Зохиолын эрхлэгч: Орлосон Тогтох

Жинхэнэ эрхлэгч бус, орлон гарын үсэг зурсан хүн учраас энэхүү Тогтохын хэн болохыг тодорхойлж чадсангүй. 

Суртлын эрхлэгч: Балдандорж

Дамбийжааг хороох төлөвлөгөөн дээрх Балдандоржийн гарын үсэг (ТТГ-ийн тусгай архивт буй бичгээс)

Үүнийг бичигч бээр хорь гаруй жилийн өмнө Дамбийжааг хороох нууц төлөвлөгөө бичгийг АНУ-аас олж, Монгол улсад хүлээлгэн өгч байсан юм. Тэрхүү бичиг дээрх Дотоодыг хамгаалах газрын анхны дарга Дашийн Балдандоржийн гарын үсгийг үүнтэй тулган үзвээс нэг хүнийх болох нь тодорхой болов. Дашийн Балдандоржийн намтар сэлтийг шүүрдэн үзвээс 1925-1926 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-нд нарийн бичгийн дарга хэмээгээд араас нь шууд 1927-1929 онд Аж ахуйн яаманд эрхэлсэн түшмэл хэмээн дурджээ. Гэтэл дээрх бичиг нь Дашийн Балдандоржийг 1926 онд МХЗЭ-ийн Төв хорооны Суртлын эрхлэгч хэмээх албан тушаал хашиж байсныг баталж байна. Энэхүү чухал баримтыг намтарт нь оруулбаас зохистой. 

Нарийн бичгийн дарга: Занабазар

Энэ бол Жамбалын Занабазар юм. МХЗЭ-ийн 4, 5, 6-р их хурлуудаас нарийн бичгийн даргаар улиран сонгогдож байв. МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Жамбалын Занабазар, өмнө гарын үсгээ зурсан МХЗЭ-ийн Төв хорооны дарга Наваандоржийн Жадамба хоёул Герман Францад оюутан суралцуулах ажлыг санаачлан зохион байгуулсан МАХН-ын Төв хорооны дарга Ц. Дамбадоржийн үйл ажиллагааг дэмжигч нар байжээ. Ж. Занабазарыг 1929 онд өмч ашигласан хэргээр цаазаар авсан байна. 

Мягмарын Саруул-Эрдэнэ 

(Өдрийн сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч)