Хүч, эрх
Сүүлийн үед Хятадын талынхан гэж нэрлүүлэхээс айсан хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэгчид тэгвэл бид өөрсдөө ашиглачихаж чадна гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Гэрээний асуудлаар хятадаас болгоомжлуулж хэд хэдэн өгүүлэл бичсэнийхээ шанд урвагч болж байгаа мань мэт “Хятадад урваагүй”-гээрээ эднээс илт давуу талтай байгаадаа бахархнам. Асуудлыг аль болох бодитой бичихийг их хичээж байна, гэвч ямар нэг юм бичсэний дараа түүнийг зоргоороо хурцатгахад нь их санаа зовох юм.
Монголчууд болгоомжлох ёстой, Орос ч бай, Хятад ч бай ороод ирвэл бид хөөгөөд гаргаж чадах уу? Асуудлын гол нь бид тэдэнд бүхнээ өгөлгүйгээр амьдарч чадна гэдгээ харуулахад байгаагаас Орос, Хятадыг өдөхөд байгаа юм биш. Нэгэнт ороод ирсний дараа хөөж чадахгүйгээс хойш орж ирэх боломжийг нь хаасан нь дээр. Бид ХХ зуунд Оросын хүчээр Хятадыг хөөсөн, одоо гэрээг эсэргүүцэгчид Хятадын хүчээр Оросыг хөөх гээгүй биз. Богдын лүндэнд “Лам хувраг ирэхээр халуун цайгаа уурыг нь савсуулан нуучихаад, хүйтэн шарыг хийж өгөөд, хялав цалав гэж суух, хар хятад ирэхэд хамаг байдгаараа дайлаад хоймортоо залах” тэр цаг ирж байгаа юм биш биз дээ? Тэгэхээр нэг их оруулж ирээд хоймортоо залах гээд байх хэрэггүй байлгүй дээ.
Чингисийн их гүрний хойч бид тэртээ цагт нэгтгэж өгсөн хоёр хөршийнхөө хүч чадлыг харъя. Бид их азтай улс. ХХ зууны эхээр бид 480 мянгуулаа байсан ч цуст хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёр дайнтай энэ зуун төгсөхөд 2,7 саяулаа болсон юм. Гэхдээ хятад тэрбум 800 сая, Орос 15 хуваагдаад 200 шахам сая. Аль алины нь дотор ах дүүс маань байгаа авч тэд нийлээд 5 сая хүрэхгүй.
Бид армийнхаа хэмжээтэй харьцуулахад Азид хамгийн олон танктай, ердийн зэвсэглэлээр бол нэг их хоцрогдоогүй улс. Гэхдээ тэд цөмийн зэвсэгтэй. Монголд ЗХУ 1970-аад онд 400 Т-74, Т-75 танк өгсөн юм, Ю.Андропов танкаа өгч байхдаа маршал Ю.Цэдэнбалд “Одоо та нар эмэгтэйчүүдээ цэрэгт дайчлахгүйгээр энэ танкуудыг хөдөлгөж чадахгүй дээ” гээд инээж байсан гэдэг юм. Оросууд түүнээс хойш танкаа хэчнээн ч шинэчлэв дээ. Манайх МИГ 21, МИГГ-24-тэй. ХБНГУ БНАГУ-ыг нэгтгэснийхээ дараа армид нь байсан МИГ-үүдийг устгаагүй, бүр 2016 оныг хүртэл зэвсэглэлд байлгахад хоцрогдохгүй гэж үзсэн байдаг. Гэвч Хятадууд Тайванийг айлгахын тулд арван СУ-27 Оросоос худалдаж авсан. Израйлчууд Египетийг ялахын тулд Францаас ганцхан “Мираж” авсан гэхээр хэцүү.
Хятадын армийн бие бүрэлдэхүүн  2.2 сая, Оросынх 1 сая. Манай арми ХХ зуунд ялагдаж үзээгүй л дээ, хамгийн том ялалтынхаа 70 жилийн ойг Оросуудтай хамт тэмдэглэж байна. Оросууд ч аугаа их эх орны дайны ялалтын баяртаа манайхыг заавал урьдаг. Басхүү Д.Медведев ирж байгаа нь өнгөрсөнд гэхээсээ ирээдүйд ач холбогдол өгч байгаагийн шинж. Энэ ойг ийм дорвитой тэмдэглэлгүй өнгөрөөсөн 20 жилээ бодоход тэр. Манай арми 10 мянган хүнтэй. 4 сая жүүд эмэгтэйчүүдээ тэртээ нэгэн цагт Юрий Владимировичийн хэлснээр эмэгтэйчүүдээ дайчлаад 100 сая Арабын дундах баян бүрдээ хамгаалж чадаж байна, ингэхийн тулд АНУ-аас жил бүр 4.5 тэрбум ам.доллар гувшдаг. Америкийн католигууд багшийгаа зарчихсан Иудаан хойч үе жүүдэд хайртайдаа биш, нефтэд хайртайдаа өдий хэрийг өгөөд төдий илүүг олдог.
Манайх нэг хүнд оногдох адууныхаа тоогоор дэлхийд айрагддаг, гэхдээ 1939 онд манай морьт хороод Орос, Японы нисэх хүчний дайралтанд их хохирсон юм билээ. Баргын морьт хороог угтан байлдах учиртай манай морьт хороо зохион байгуулалт, сахилга бат илүү учраас заасан газарт нь түрүүлээд оччихжээ. Гэтэл баргуудыг бөмбөгдөх ёстой Оросын онгоц андуураад манайхныг намнасан гэдэг. 1945 онд хойд Хятадын ард түмнийг чөлөөлөхөд манай морьт цэрэг хурд, маневраа сүүлчийн удаа харуулсан, гэхдээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш морьт цэрэг моодноос гарчихсан.
Эдийн засгийн хүчин чадлаа тооцъё. Хятад 2.0 их наяд ам.долларын нөөцтэй, харин манайх 2.0 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг. Жаахан ялгаа нь төгрөг долларт байгаа юм. ОХУ 400 тэрумын нөөцтэй ба түүнийгээ яаж ч зарсан нефть, байгалийн хийн орлогоороо нөхөөд байдаг. Харин манай валютын нөөц 600 гаруй сая ам.доллар байх. Гэхдээ тэднийхээс илүү өөрийнхөө нөөцөд эргэлздэг нь гэнэт алга болчих гээд байдаг юм. Энэ жил л гэхэд бүр хагас тэрбум хүрч бууж бажгадуулав шүү дээ.
Зэсийн хэрэгцээ Хятад ба Ази
БНХАУ-д жил бүр 1.9 сая тонн цэвэр зэс шаардлагатай. Хятад найман томоохон зэс хайлуулах үйлдвэртэй. Хамгийн том нь “Жанси Коппер” улсын мэдлийн компани. Тус компани жилд 340 мянган тонн зэс үйлдвэрлэдэг. Зэс хайлуулах, цэвэршүүлэх, зэс кабелийн үйлдвэртэй. Хоёр дахь нь “Юннань Коппер”. Энэ үйлдвэр “Чайналко” группын мэдлийнх. Өнгөрсөн долдугаар сард 857,1 сая ам.доллар босгож зэс хайлах үйлдвэрээ өргөжүүлэхээ зарлажээ. Хэрэв “Чайналко” “Рио Тинто”-гийн хувьцааны 20 хувийг авсан бол энэ шинэчилсэн үйлдвэрт Оюу толгойн баяжмалыг хайлах байв уу? Хятадын Цинхайд /Монголчууд Хөх нуур гэвэл сайн мэднэ/ байдаг “Чайна вестерн майнинг” компани Төвдийн Юлон дахь Азид хоёрт ордог 7.8 сая тонн хүдрийн нөөцтэй ордыг түшиглэн зэсийн үйлдвэр нээж байна. Лхас хүртэл тавьсан төмөр замаар төвдүүдийг зугаалуулах ч гээгүй, Хятадын хүч чадлыг гайхуулах ч гээгүй. Төмөр замаар хүн тээгээд ашгаа олдоггүй. Энэ замаар хязгаар нутгийнхаа баялгийг хөгжингүй мужууддаа зөөнө.
Үүний дээрээс БНХАУ эрчим хүчний өлсгөлөнд нэрвэгдэж байна. Үсрэнгүй хөгжиж буй зүүн хойд дөрвөн муж нь цахилгааны хязгаарлалтанд байна. Бээжин, Тянжин мужууд нь ялангуяа асар хурдацтай хөгжиж байгаа билээ. Жилийн өсөлт нь 10-15 хувь, яаж ч татаад энэ дөрвөн мужийн эдийн засаг дунджаар 12-13 хувь өсөж байна. Энэ өсөлт нь цахилгааны хомсдол үүсгэж байгаа ба 1015 онд 15 000, 2020 онд 20 000 Мвт эрчим хүчний дутагдалд орох юм. Монголын эрчим хүчний үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал ердөө 852 Мвт гээд харьцуулаад бод доо. Бүх дизель станц, орон нутгийн цахлгаан станцыг оруулаад шүү дээ. Үүнийг хангахад Хятадад цахилгаан станц хэрэгтэй. Нүүрс хэрэгтэй. Гэхдээ зэс ярьж байгаа учраас “Чинхуа МАК”, “Таван толгой”-г яаж ухаж, говийн хөрсийг хүнд даацын машинаар сүйтгэж байгааг орхиё. Таван толгойн гэрээ орж ирвэл бичиж болно. Харин зэс юунд хэрэгтэй вэ? Зэс кабель утсанд хэрэгтэй. Цахилгааныг дамжуулахад хэрэгтэй. Станц хэрэглэгчийгхолбоход л асар их зэс утас хэрэгтэй. Үйлдвэрлэлийн өсөлтийг бус үүнийг дагасан амьжиргааны хэрэгцээг нь тооцоход аугаа их тоо гарна. БНХАУ-ын зах зээл жил бүр 10 сая ширхэг телевизор нэхдэг. Зөвхөн үүнд асар их зэс хэрэгтэй, үүний дээрээс Хятадад хэдийнээ нэвтрээд буй компьютер, цахилгаан бараа, автомашины үйлдвэрүүдийн хэрэгцээг тооцвол зэс бол алтнаас үнэтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр “Рио Тинто” гэрээгээ цуцалсны дараа “Чайналко”-гийн ерөнхийлөгч галзуурчихсан мэт авирлаж байгааг ойлгож болох л юм. Тэр ч байтугай өөрсдөө цахилгааны гачаалд хамгийн их нэрвэгдсэн Өвөр Монголын баруун хойд эрчим хүчний системээс Оюу толгойн ордыг ашиглаж эхэлмэгц цахилгаанаар хангах болсныг нь ч ойлгож болно. Энэ бол Хятадын эрх ашиг юм.
Япон улс зэс олборлодоггүй, гэхдээ зэс хайлах 6 том үйлдвэртэй. Сүүлийн үед нефтийн хомсдол, үнийн өсөлтөөс зайлсхийж цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн ба энэ технологиор Япон тэргүүлдэг. Зөвхөн “Тоёота”-гийн хөдөлгүүрүүдийн ойрын ирээдүйн хэрэгцээ нь манай Оюу толгойн ордын нөөцтэй дөхөж очиж байгаа. Манайх ийм хөдөлгүүртэй “Приус” автомашиныг нь хүлээн аваад байгаа. Бусад автомашин үйдвэрлэгчид, ялангуяа Европынхон энэ чиглэлд эрчимтэй өрсөлдөж эхэлсэн байна. Өмнөд Солонгосыг тооцолгүй орхиж болохгүй. Тус улсын жилийн зэсийн хэрэгцээ 0.5-1.0 сая тонн. Хэдийгээр тус улс Японтой хамтарсан ганцхан зэс хайлах үйлдвэртэй боловч энэ үйлдвэр нь хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм.
Оросын хүсэл ба хясал
ОХУ их өрийг тэглэх явцад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлөө яаж зүтгэснийг өмнө нь олон бичсэн. Оросод “Норилийн никель”,”Уралын уулын металлургийн үйлдвэр”, “Оросын зэсийн компани” гэсэн гурван компани бий. Эднээс сүүлийн хоёр нь идэвхтэй ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын мэдэлд Красноуралын, Кировградын, Дундад Уралын, Медногорийн, Дээд Пышминий, Кыштымийн, Норилийн, Мончегорийн /бүгд үйлдвэр байрладаг хотын нэр/ зэс хайлах үйлдвэрүүд бий.   
Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ-д одоо ашиглаж байгаа ордууд нь ердөө зургаахан жил үйлдвэрүүдээ хангах нөөцтэй үлджээ. Тиймээс Эрдэнэтийн ядаж 49 хувийн төлөө их өр тэглэхээс буцаагүй юм. 2009 оны 4 дүгээр сард Оросууд үүцээ задлаж Удоканы зэсийн ордын ашиглалтын лицензийг өгчээ. Энэ орд 20 сая тонн зэс, 11 мянган тонн мөнгөний нөөцтэй. Ордыг ашиглах эрх авсан “Металлинвест” групп 2009 оны 7 дугаар сарын мэдээгээр 5.9 тэрбум ам.долларын өртэй ба 5.0 тэрбум рублийн зээлийн баталгааг В.Путинаас гуйж байна. ОХУ томоохон үйлдвэрлэгчдийнхээ баруунаас авах зээлийг валютын нөөцөөрөө баталгаажуулж туслаж байна. Асар их хэмжээний баталгаа өгсөн хэр нь 2008 оны төгсгөлд 380 тэрбум ам.долларын цэвэр нөөцтэй байсан юм. Өнөөдөр 400 тэрбум болоод өсчихсөн байна. Тиймээс компаниуд нь Засгийн газраа баталгаа хүссэн өргөдлөөр дарж байна. Харин Монголчууд “Марубени”-д хоёрхон сая ам.долларын баталгаа гаргаад яаж баларсан билээ дээ? Хэрэв хөрөнгө оруулалт шийдэгдвэл 7-9 жилийн дараа л Удоканаас зэсийн баяжмал олборлож эхэлнэ. Гэтэл Монголд “Рио Тинто” дөрвөн тэрбум доллар барьчихаад гуйгаад байдаг. Хэрэв “Рио Тинто”-г хөөгөөд явуулчихвал тус компанитай эн зэрэгцэх хэдхэн компани бий. Нэг нь мөн л 1998 оны хямралаар “хөөгөөд явуулсан” ч Риотой эргээд түншилсэн “Би Эйч Пи биллитон”. Үлдсэн нь ердөө “Англо Американ”, “Freeport”, ”Коделко” гэдэг аваргууд. Гэхдээ тэд ирэхгүй л болов уу. Харин “Чайналко” бол ямар ч нөхцөлөөр ороод л ирнэ. Бүхнийг амлана, тэгээд манай улстөрчид ард түмнээ яаж хуурдаг билээ, түүн шиг Монголыг хуурчих байлгүй. Чухам ийм шалтгаанаар л Эрдэнэтийн байгуулсан түүхийг сөхөж бичээд байгаа юм.  Монголчууд Риог бол дээрэлхэж чадна, харин Эрээнийг дийлэхгүй шүү гэдгээ байнга давхар санаж явах ёстой.
Монгол Маоизм
Өнөөдөр Н.Энхбаярын чөлөөт хэвлэлүүдийн нийтэлж байгаа юмнуудыг уншихаар 1960-аад оны Хятад санаанд орох юм. Эзнээ Дэн Сяопин, болгох гээд Мао болгож, эхнэрийг нь Жан Чин болгож байгаагаа мэддэггүй юм байх даа, тэд. Соёлын хувьсгалын үеэр хятадууд өнөөгийн эдэн шиг шиг хийрхэлд автсан юм. Тэд гадныхныг үзэн ядаж байлаа. Аргагүй хар тамхины дайнаас хойш гадныхныг үзэн ядаж бүтэн зууныг барсан билээ. Оросуудтай Даманийн хойгт тулгарч, Вьетнамтай байлдаж ялагдаад, төвдөөс болж Энээтхэгтэй тулж үзэв. Ингээд ямар ч найзгүй болж ганцаардсан тэд хуучин күнзийн суртлаа дэлгэрүүлж, хятад бол дэлхийн төв, бид бүхнийг хийж чадна гэдэгт ард түмнээ итгүүлэхийг хүссэн юм. Итгэсэн ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдэж 3 сая хүн үхсэн. Мао Зедун амьдралынхаа төгсгөлд коммунист биш үндсэрхэг үзэлтэн болон хувирсан юм. Тэр Чингис хаан, Цин Ши хуанди хоёрыг хоёуланг нь шүтэн биширдэг байлаа. Харин оригоороо үлдсэн Ван Мин зэрэг коммунистууд нь ЗХУ-д зугтан гараад “ревизионист” Маогаа шүүмжилдэг болсон билээ. Армийн командлагч, залгамжлагч гэгдэж байсан Лин Бяо бас зугтаж яваад онгоцтойгоо манай нутагт сүйрч, эхнэр хүүхэдтэйгээ үрэгдсэн юм. Зугтаж яваа онгоцыг нь алдалгүй хянаж байсан агаараас эсэргүүцэн хамгаалахынхан “Лин Бяогийн онгоцыг буудах уу?” гэж олон асуусан гэдэг юм, харин Мао “Яваг цаашаа” гэсэн байна.
Ган хайлуулалтаар Английн гүйцэж дэлхийн тэргүүлэхийн тулд хятадууд тариа тарихын оронд бүдүүлэг шавар зууханд ширэм хайлж байв. Тэгээд гүйцсэн л дээ, гэвч тэр их чанаргүй шаварын хольцтой ширмээр яах билээ? Идэх биш. Оросоос атомын технологи гуйгаад  “Эхлээд өвсөн хоол, дэрсэн шаахайнаасаа салчих” гэсэн бүдүүлэгдүү нөхөрсөг зөвлөгөө сонсчээ. Хожим хятадыг барууныхан өөд нь татсан, Маогийн гавъяа нь Хятадыг коммунист лагериас салгасанд байжээ.
Өнөөдөр Оюу толгойг өөрсдөө ашиглана гэж байгаа нь яг энэ өвчин халдсаны шинж. Хэрэв бид бие даагаад олборлочих юм бол юунд муу жулик, жуниороор нь дуудаад байгаа Фрийдландад барьцаалагдах билээ? Хэрэв өнөөдөр ингэж эсэргүүцэх байсан юм бол 2003 онд Фрийдландад ашиглалтын лиценз өгөхгүй байх байсан юм. За яахав дээ, олборлоё. Эрхбиш XXI зуун учраас Эрдэнэтийн инженерүүдийг “эдийн засгаар хэлмэгдүүлэн” сайхан хотоос нь шандын цөлд илгээгээд олборлох юм биз. Тэр олборлолт нь их сайндаа өнөөдөр Өмнөговийг сүйтгэж байгаа “Таван толгой”-н уурхайрхуу л юм болно. Гарсныг нь мангар том машинаар хятад руу зөөгөөд унана. Тэгэхээр нь манай хэд иргэний нэрээр очиж шалгаад “Сүү өгдөг, бээлийгээр хангадаг сайхан газар юм байна” гэж орон нутгийн телевизээр нь магтана. Нэгэнт нээгдсэн ордыг ашиглахгүй дарчихъя гэлцэж байгаа ч хэзээ ч дарагдахгүй л байхгүй юу. Орхилоо гэхэд захын авилгач Эрээний хужаатай нийлээд энд тэндээс нь ёстой л хүрздээд эхэлнэ. Бүх хайгуулын материалыг нь авна гээд байгаа нь эцэстээ хэдэн Сү-гийн гараар ороод ийм л юманд хүргэнэ.
Тэгээд 2000 жил ашиглах байх. Ашиг юу байна. Зэсийн баяжмалаа зараад олсон мөнгөөрөө хайлах үйлдвэр байгуулна гэлцэх биз. Хэрэв мөнгөө цуглуулаад хөрөнгө оруулалт хийчихдэгсэн бол бид өдийд Таван толгойн хажууд цахилгаан станц бариад Хятадад цахилгаан зардаггүй юм гэхэд 1950-иад оны усан онгоцны тогоо тавьснаас байнга эвдэрч одоо засварын зардал нь хөрөнгө оруулалттайгаа тэнцчихээд байгаа Даланзадгадын ямбий цахилгаан станцыг халчихгүй юу. Гэтэл Өмнөговийн өмнөх засаг дарга гэгчид нь шуудайгаа бариад “шалгалтаар” очдог гээ биз дээ. Тооцоогоо доллараар хийдэг бол тэд чемодантай очих байсан, төгрөгөөр хийдэг бол ачааны машинтай очих байсан, юаниар хийдэг тул шуудайтай очиж байгаа юм. Энэ станцыг барьснаар улс хохирч УИХ-ын гишүүн Цэнгэл л баяжиж, УИХ-аас салахаа байчихсан юмдаг.
Эсвэл эх оронч эрх баригчдын дэмжлэгээр баяжмал зөөхийг хориглоно. Тэгээд баяжмалаа яах вэ? Бид өөрсдөө шавар зуух бариад баяжмалаа хайлах уу? За яахав хайлчихаж, түүгээрээ наад зах нь кабель хийх болно оо доо. Юугаар бүрэх вэ? Хошлон томох кабель үйлдвэрлэх хоёр их ондоо доо. Эсвэл төмөр зам өөрсдөө тавиад… Ингэсгээд больё. Солиорчихож гэлцэх байх. Гэхдээ гэрээ байгуулахгүй бол энэ явдлыг барууныхан марттал удаан хугацаагаар дарчихсан нь дээр дээ.
Тэмцэгчид
Иргэний хөдөлгөөнүүдийн дунд хоёр үндсэн чиглэл байсан юм. Шинэчлэх үзэлтэй залуус өнгөт байна уу, өнгөгүй байна уу хувьсгал хийж хөгжлийн гай болсон адгийн шаарнуудыг унагая гэсийм. Тэгээд нэг муу амбаарны төлөө алах ял, өлсгөлөн, шоронгийн дарамтанд орж, Ц.Элбэгдорж ялж эрхбиш нар үзэх хувь тохиолоо. Яахав дээ, их сайндаа улайрсан хувьсгалчид нэр зүүнэ. Гэхдээ тэднийгээ хэзээ нэгэн цагт Но Мун хён, И Мён Баг, Махатхир болно гэж найдна.
Нөгөө хэсэг нь “Ямар ч улстөрийн хүчинд нөлөөлж чаддаг мундаг байгууллага болох” концепцтой байсан, түүнийгээ нууж байгаагүй юм. Жинхэнэ оппортунистууд. Тэд 14 өлсгөлөн зарлагчийг заяа нь мэдэг гэж хүйтэн талбайд хаяад дангаараа Засгийн газартай гэрээ байгуулаад жагсаал хаяад явж байсан. Цагдаагийнханд мэдээлэл зөөдөг байсан, өлсгөлөн зарлагчдын хоргодож байсан гэрийг булааж авчихаад хувьдаа авах гэж дотроо үзэлцэж байсан. Хандивийн хайрцаг уралдан байрлуулж, иргэдээс тав арван төгрөг олдог байсан. Бүгдээрээ нэг нэг “төрийн бус” байгуулж тамга өвөртөлчихөөд Засгийн газартай хэлэлцээрт орж байсан. Энд тэндээс баримт цуглуулчихаад хэзээ ч ил хэвлэж байгаагүй, тэгсгээд алга болгочихдог байсан. Авсан авилгаа булаацалдаж нэгнээ матаж нүдний булай болсон. Олсон мөнгөөрөө унадаг дугуй авах гээд зах дээр очоод түмний шившиг болж байсан. Тэднээс УИХ-ын гишүүн төрсөн. Тиймээ, тэд бүгдээрээ санасандаа хүрсэн, харин бид хүрээгүй юм.
Тэд залуучууд байгаагүй, тэд дунд насныхан байсан. Биднээс илүү ухаантай гэж өөрсдийгөө бодож байсан. Тийм ээ, тэд ухаантай юм билээ. Тэр ухаанаараа өнөөдөр эсэргүүцэж байсантайгаа эвлэлдэн нэгдсэн байна. Одоо тэд телевизтэй, өдөр тутмын сонинтой, лоозон хэвлүүлэх мөнгөтэй болж. Баасан эгчийн “МАХН-ын сан хөмрөгийн  даргын хүүхэд хувьсгал хийдэггүй л байхгүй юу” гэдэг их үнэн үг дээ.
“Go west”
Н.Энхбаяр тэргүүтнийг үндсэрхэг гэхэд хаашаа юм, уг нь бид адилхан л үндсэрхэг үзэл гаргаад байх шиг байгаа юм. Тэд барууны империалистуудыг үзэн ядаж, шинэ колоничлолоос болгоомжилж байна, мань мэт ч бас хятадаас болгоомжилж, арай дөнгүүр байж “магадгүй” барууныхныг сонгоод үзээд байна. Энэ бол Монгол хүний л зовлон л доо. Гэхдээ шинэ, хуучин үндсэрхэг үзлийн ялгаа бий. “Философийн толь” гэж нэг хөх ном одоо хаа сайгүй 1000 төгрөгөөр зарж байгаа даа. Тэнд “Их үндэсний дээрэнгүй бодлого ба орон нутгийн жижиг үндсэрхэг үзэл гэж байдаг” гэж хоёр ангилаад коммунистууд барууны шинэ колоничлолыг эсэргүүцсэн орон нутгийн үндсэрхэг үзлийг дэмжинэ гэж бичсэн байдаг.
Хятадын коммунистууд орон нутгийн үндсэрхэг үзлийг дэмжээд сүйд ээ. Мань мэт ямар Герман шиг үндсэрхэж чадах ч биш дээ. Гэхдээ Германы фашизм Америкийн мөнгөн дээр боссон. Гуравдугаар Рейхийн төв банкны Ерөнхийлөгч, сангийн сайд байсан Яльмар Шахт тэр үеийн ханшаар 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг улсдаа татаж чадсан юм. Энэ мөнгийг гаргахын тулд АНУ-ын Төв банкнаас энэ хэмжээний мөнгө хэвлэж гаргажээ.
Германы канцлер залуу А.Гитлер энэ мөнгийг маш үр дүнтэй ашигласан ба томоохон бүтээн байгуулалтанд оруулжээ. Зам тавьж, стадион барьж, автомашин үйлдвэрлэж, нэгдүгээр дайнд сүйдсэн хотуудыг сэргээн босгож, цахилгаан станц барьж, дамжуулах шугам байв. Долларын баталгаагаар хоол идэх зуур ханш нь унаад халаасан дахь мөнгө нь хүрэхээ байчихдаг Герман маркийн ханш тогтворжиж, бас ажилгүйдэл хоёрхон жилийн дотор үгүй болж, бүр хүн бүрт 1.5 сая марк биш, фолксваген /ардын тэрэг/ автомашин өгөхөөр амлаж байв. Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдаж, тэр үеийн аж үйлдвэрийн гол тэжээл нүүрсээр баялаг Эльзас, Лотаринг мужаа Францад алдаад буцааж авах гэж аргаа барж байсан ядуу, сүйрсэн Герман чухамхүү энэ мөнгөөр хөл дээрээ босч ирсэн билээ. Англичууд үүнд нь саад хийх гэж оролдсоноор коммунистуудын ярих дуртай капитализмын нэгдүгээр ерөнхий хямрал дэгдсэн билээ.   
Өнөөдөр коммунистууд байсан бол хэд гэж дугаарлах байсан юм бүү мэд хямрал нүүрлээд байна, манайх уг нь холуур гарах байсан ч эрх баригчдын мэргэн бодлогоор хямралд орчихоод байна. Глобалчлагдаж байгаа нь тэр юм байлгүй. Гэхдээ хямралаас гарах туршлагыг чухам Ялмар Шахт бий болгосон бөгөөд түүнийг  фашистуудад үйлчилж байсныг мартан дэлхийн хамгийн аугаа эдийн засагчдын нэг гэж тооцдог юм. Түүнийг Нюрнбергийн шүүхээр шүүсэн ч буудаагүй билээ. Өнөөдөр Монголд фашизм тогтох нь юу юм, гэхдээ хөрөнгө оруулалт, тэр тусмаа хөршийн бус хөрөнгө оруулалт юу юунаас илүү чухал байна. Хөршүүд бол манай эдийн засгийг хяналтандаа авахыг хичээнэ. Харин гуравдагчид бол ашгаа болно. Харин тэдний Хятадтай эн тэнцүү үзэлцэж байж олсон ашгаас бид л ашиг олно. Тэр ашиг нь гагцхүү мөнгөнийх биш, эдийн засаг, улстөр, аюулгүй байдлын баталгаа байх болно.
С.Баярыг Гитлер болгочихгүй байх баталгаа нь манай ардчилал байх. Чухамдаа энэ том хөрөнгө оруулалтыг гацаах сонирхол нь улстөрийн бүлэглэлүүдийн аль нь цаашдаа энэ улсад удаан бөгөөд хүчирхэгээр ноёлох вэ? гэдэгт байгаа юм. Харин хөршүүд маань өөрт талтайгаа л дэмжиж байгаа юм шүү дээ. Ганцхан зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв энэ гэрээг Монголчууд гуравдагчидтай байгуулбал хөршүүдийн хараат байдалдаа байлгах сонирхолд хүчтэй цохилт болно. Гэхдээ хятадууд Оюу толгойгоос зэс авахгүй гэхгүй л байх, яагаад гэвэл тэд зэсээр дутагдаж байна. Чухам тиймээс төмөр урхи бэлтгэж байгаа талаар өмнө нь бичсэн билээ. Энд Мао, Гитлерийг ч бас санамсаргүй ишлээгүй юм. Тэднийг зүгээр л баруун, зүүн гэж хуваая. Бид хаашаа явах вэ? Баруун зүг, Хятадуудын томъёолсноор “Go west”. Хятадын баруун зүгийн давшилт нь дотооддоо Шинжаан, Төвдийг, алсдаа Казах, Киргиз, Тажик зэрэг станыг эдийн засгаар илбэн тохинуулахад байгаа юм. Үүнд Монголын баялгуудыг ч тооцсон. Харин Монголчууд бүр хол баруунжвал тэсээд үлдэнэ.
Өнөөдөр гэрээг батлахдаа бид дотоодын хэрүүл, барьж үзэх нь байтугай сонсож ч байгаагүй хэдэн долларын наймаа л бодоод байна, гэвч алсдаа энэ мөнгөөр тооцошгүй том эрх ашгаа мартаад байна. Карл Маркс “Капитал”-даа “Капиталистууд лус савдагийг амилуулаад дараа нь түүнийхээ дарж чадахаа байсан бөө удган шиг оюун санаа нь өөрийн мэдэлгүй өсөн нэмэгдэж капиталынхаа боолчлолд ордог” гэж бичиж байлаа. Өнөөдөр өмнө зүгт лус савдаг байтугай луу амилаад байна.