ГЭГЭЭРЛИЙН ЗАМ
Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.
Буддын шашинд Их, Бага хөлгөн гэж бий. Их хөлгөнд судрын ёс, тантрын ёс гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Бага хөлгөний үнэт зүйлсийг ухаарах нь Их хөлгөнд суралцах дэвсгэр болдог. Судрын ёсыг өөриймшүүлэх нь тантрын бясалгал хийх бэлтгэл болдог. Өөрийгөө хайрлах хайр бусдыг хайрлах хайр болон хөгжиж, үзэгдэл юмсын шүтэн барилдлагыг ухаарах оюун үнэмлэхүй хоосон чанарыг нээх билиг болон цэцэглэж, эгэл жирийн оршихуйгаас бурханлаг оршихуйд шилжих нь гэгээрлийн замын цогц агуулга. Тэр бүхнийг энгийн ойлгомжтой атлаа учир шалтгааны гүн гүнзгий үндэслэлээр нотлон хураангуйлсан номын нэг нь Гэгээрлийн зам буюу “Бодичаръяаватара” (Самгард) юм.
Нийтийн тооллын VII-VIII зууны үед амьдарч байсан Шантидэва гэгээн энэ номыг зохиожээ. Тэрээр өмнөт Энэтхэгийн нэгэн ханлигт угсаа залгамжлах агь байсан бөгөөд хаан эцгээ өөд болсны дараа эзэн хааны суудалд залагдахын урьд шөнө ордноосоо сэм оргосон гэдэг. Хаадын хаан бололгүй үнэний хаан суух хувь заяаны сонголтоо хийсэн нь тэр байж. Их хөлгөний төв болсон алдарт Наланда хийдэд сахил хүртэн, шавилан суужээ. Бусад хуврагууд өдөр шөнөгүй уншиж, судалж, мэтгэлцэж, залбирч байхад Шантидэва унтах, идэх, бие засахаас өөр зүйл хийдэггүй байв. Хийдэг гурван үйлээр нь холбож Бү-сү-гү хэмээн түүнийг хочлох болсон гэдэг. Зарим ягшмал үзэлтэй лам нар Бүсүгүг ад үзэж, хийдээс хөөхийг хүсжээ. Наландагийн хийдэд номч лам нар ээлж ээлжээр буддын судрыг олон нийтийн өмнө уншиж тайлбарладаг уламжлалтай байв. Хааны агийг зүгээр нэг хөөчхөж болохгүй болохоор аян шалтаг гаргах гэж нэг ээлжид нь Шантидэваг гаргахаар болжээ. Харанхуй мунхгийг нь олон хүнээр гэрчлүүлж, алдар цуутай Наланда хийдийн нэр хүндийг унагасан зэмийг хүлээлгэнэ гэж тооцоолсон юмсанж. Өөрөө дурамчхан байсан ч булзах аргагүй шаардлагад автсан Шантидэва номчийн суудалд суугаад “Бусдын бүтээлийг ярих уу, өөрийнхийгөө ярих уу?” гэж асуухад, тохуурхах аясаар өөрийнх нь бүтээлийг сонсъё гэцгээв. Тэр үед Шантидэва:
Үнэмлэхүй чанарыг эзэгнэн оршсон
Бурхад бодьсадын өлмийд мөргөе.
Үнэний замд түшээ болсон
Хэн бүхнийг дээдлэн биширье…
хэмээн эхэлж, Их хөлгөний гэгээрлийн замыг ой тойнд буутал энгүүн айлджээ. Хоосон чанарыг тайлбарлаад:
...Зууран барих юу ч үгүйг
Сүслэн таньсан билгийн буянаар
Зуурдын хучааст энэлсэн бүхэнд
Хоосон чанарыг үзүүлсү, би...
хэмээн суудлаасаа хөөрсөн хэмээн домог түүхэнд өгүүлдэг. Үүнээс сэдэвлэн Шантидэва гэгээний хөргийг агаарт завилсан байдлаар бүтээж иржээ. Энэ номыг сонсоод Наланда хийдийн хуврагууд түүнийг зайлшгүй гурван үйлээс бусад бүхий л цаг мөчөө дотоод самади бясалгалд зориулж байсныг нь сая ойлгожээ.
Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.
Долоон зуун жилийн тэртээ 1305 онд Монголын их хааны зарлигаар Төрийн багш, их соён гийгүүлэгч Чойжи-Одсэр бандита Бодичаръяаватара(Гэгээрлийн зам)-г монгол хэлнээ орчуулж, 1312 онд тайлбарыг нь зохион хэвлүүлсэн юм. Үүнээс эхлэн Монголын үе үеийн олон мэргэд орчуулга, тайлбар хийж, уншиж, ухаарч, бясалгасаар иржээ. “Гэгээрсэн сэтгэл, гэгээрсэн хүн, гэгээрсэн үндэстэн” уриан дор 2006 оны 8 сард Бодь мөрийн зэрэг номыг орчин цагийн монгол хэлээр орчуулан, олны хүртээл болгох ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзсан Дээрхийн гэгээн Далай лам: “Би Бодь мөрийн зэрэг судрыг Бодичаръяаватара номтой хамтад нь уншиж, бясалгахыг эрхэмлэдэг. Энэ нь надад тун өгөөжтэй байдаг.Бодичаръяаватара-г орчин цагийн хэл аялгад тохируулан орчуулж, олон түмэнд түгээвэл буяны дээд болно шүү” гэж захисан нь эл номыг бүтээхэд урам хайрлаж, учиг үүтгэсэн билээ. Энэхүү буянтай ажлыг Цэдэндамбын Эрдэнэбаярын өглөгөөр гүйцэлдүүлэн танд барилаа. Сэтгэл ариун бол ертөнц ариун гэдэг. Сэтгэлийн ариусалд хамтдаа умбацгаая.