МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
1911-1987
Монголчууд тусгаар тогтнолоо сэргээснийг АНУ хэрхэн хүлээн авсан, энэ үеэс эхлэн Америкийн тал Монголын талаар ямар чиг бодлого баримталж ирснийг түүхийн ухааны доктор Р.Болд Америкийн төрийн департаментын архивын баримт сэлтэд түшиглэж энэхүү бүтээлдээ гаргажээ. Тус бүтээл нь 2008 онд анх хэвлэгдсэнийг зохиогч энэ удаа нэмж сайжруулан засварлаж баяжуулсан байна. Тухайлбал Монголын тусгаар тогтнолыг хөршүүд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүгээр ч барахгүй автономит төрийг 1919 онд түлхэн унагах үед монголчууд аврал ивээлдээ багтаах хүсэлтийг АНУ-д хандан нэг биш удаа тавьж байсан шинэ баримтыг дэлгэн тавьсан байна. Хэрэв АНУ оролцоогүй бол Зөвлөлт, ДИУ-ын 1945 оны яриа хэлцээ нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрч чадахгүй байсан тухай, хэрэв АНУ-ын дэмжлэг байгаагүй бол Монголыг НҮБ-ын гишүүнээр 1961 онд элсүүлэх боломжгүй байсан гэдгийг зохиолч баримтаар нотлон сонирхолтой гаргалгаануудыг хийжээ. Монголыг хүлээн зөвшөөрөх яриа хэлцээг явуулах санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди, Никсон нар тавьж байсныг Монголын тал дэмжин хүлээн авч байсан боловч, эдгээр яриа хэлцээ нь тасарч, тасалдаж байсны учир шалтгааныг уг бүтээлд харуулахын хамт Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх Америкийн оролдлого нь Орос-Хятад-Америкийн урвасан далд өрсөлдөөнийг бий болгож байсан гэж үзсэн байна. Бүтээлд Монголын гадаад бодлогод хөршүүдтэйгээ бүхэлдээ тэнцвэртэй харилцах чиг шугам нь “гуравдагч хөрш”-ийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл мөн гэдгийг олон улсын харилцааны түүхийн үүднээс өгүүлжээ. Америкийн чиг бодлого ХХ зууны эхэнд Монголын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байхаас хүлээн зөвшөөрөх хүртэл нь өөрчлөгдөхөд хүргэсэн үндсэн хүчин зүйл нь монголчуудаас тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан тэмцэл байв гэдэг дүгнэлтийг зохиолч дэвшүүлжээ.