У.Хүрэлсүх хаан байлаа ч хүний амиар наадах эрх байхгүй
Төрийн яам, агентлагууд, цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд нь хэдэн мянгаараа цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд нэг нам, нэг даргын төлөө "амиа золиослогч" болоод явж байхад УОК юу харж, юу хийж суугаа юм бэ? Цэрэг хүн хүн биш, цэргийн амь амь биш үү?
Удахгүй болох Ардын хувьсгалын 100 жил, МАН-ын 100 жилийн ойгоор /МАН-ынх нь ой уг нь өнгөрсөн гуравдугаар сард болоод өнгөрчихсөн/ зохион байгуулах парадын бэлтгэлд 3700 гаруй албан хаагч, офицер, сонсогч нар гараад байгаа тухай Батлан хамгаалах яамны албан ёсны эх сурвалж мэдээлжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хоёр дахиа сонгогдож тангараг өргөхдөө нэг удаа улсын баяр наадмаар анхны томоохон парадыг зохион байгуулж байсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10 буюу Төрийн далбааны өдөр зохион байгуулсан нь урьд өмнө байгаагүй том парад, сүрлэг наадам болсон билээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн дөрвөн жилийн өмнө долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрөөр тангаргаа өргөсөн.
Харин энэ жил эрх баригч МАН Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг нааш нь татаж, зургадугаар сарын 25-нд хийх болсноор энэ жил хоёр тусдаа парад явах юм байна. Долоо хоногийн дараа У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолоор нэг удаа, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр буюу улсын баяр наадмаар нэг удаа. Парадад нийт 32 салбарын 3700 гаруй цэрэг, албан хаагчид оролцоно гэв. Тодруулбал,
Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль,
Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиуд, Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиуд,
Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиуд, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиуд,
Хил хамгаалахын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб болон Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль гэх мэт нийт 32 үндсэн салбарын 3700 албан хаагч...
Жагсаалын нэгдсэн бэлтгэлийг Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангид эхлүүлсэн, түүхэн ойнууд давхцаж байгаа тул ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагч, техникийн тоог ч нэмэгдүүлсэн байна. Байлдааны нисдэг тэрэг, хуягт танкаас эхлээд бүх төрлийн зэвсэг техникүүд оролцоно. Мөн яг одоо Батлан хамгаалах яамны хашаанд 2000 гаруй сонсогч өдөр болгон бэлтгэл хийж байгаа. Цас, бороо, нар, сарыг үл хайхран...
Цахимаар наадам хийнэ гэсэн Засгийн газар цэргийн парадад ингэж хүч хаях ямар шалтгаан байсан бэ? Мэдээж МАН-ын 100 жил болон МАН-аас нэр дэвшсэн шинэ Ерөнхийлөгчийн ид хавыг гайхуулах гэснээс өөр юу ч биш. МАН-ын дарга У.Хүрэлсүх /одоо болтол МАН-ын дарга хэвээрээ байгаа нь хүртэл ой гутам/ түүхэнд үлдэх том үйл хийхээр шийдсэн бололтой.
Түүний дэргэд цар тахлын хүндрэл, хүн амын үхэл хийгээд төсөв, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль нь ч юу ч биш юм байна. Сонгуулийн өмнө хоногт 2000-аас давчихаад байсан /10 хүн тутмын хоёр нь/ ковидын өвчлөл 3000 руу ойртож, 10-аас илүү хүн нас барж байгааг, "10 тэрбумаар наадам хийхээ болиоч ээ, ард иргэдээ эмчлээч ээ" гэж гуйхыг сонсох ч хүн алга. Өчигдөрхөн "амаа ангайгаад дээшээ хар, хоолыг чинь халбагадаад өгье" гэж байсан хүмүүс өнөөдөр "Чиний амь надад хамаагүй" л гэж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг болохоор өнгөрсөн хойно уйлаад яалтай.
Өнгөрөгч тавдугаар сард УИХ, Засгийн газар улсын баяр наадмын төсвийг 10 тэрбумаар баталсан тухай мэдээлж байв. Өнгөрсөн жилийн наадмын төсвөөс гурав дахин их мөнгө. Гэвч энэ жилийн наадам баталсан төсвөө хэд нугалсан зардлаар босч байгааг ирэх сарын 10-нд болох баярын наадмын парадын бэлтгэл ажлаас харж болно. Төсөв, зардлаасаа илүү тэнд оролцож байгаа албан хаагчдын амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдлийн талаар бол хэн ч юу ч ярихгүй байна. Түүний дэргэд тэр 10 тэрбум төгрөг юу юм бэ?
Хоёрхон хоногийн өмнө УОК хуралдаад, хөл хорио тогтоохоос аргагүй болсныг нийтэд мэдээлсэн. Иргэдийг нэг дор олноор нь бөөгнүүлээд, халдвар тараагаад байна гээд үйлчилгээний бүх газруудыг хаасан. Олон нийтийн бүх төрлийн арга хэмжээг хориглож, амралт зугаалгын газруудыг хаасан. Ингээд ч халдварын тоо буурахгүй бол дахиад хатуу хөл хорино, гэр гэрт нь түгжинэ гэж ярьж байгаа. Халдвар авбал өөртөө гомдоорой, бид хариуцахгүй, чадахгүй шүү гэж өдөр болгон айлгаж, дарамталж байна.
Гэтэл хэдхэн алхмын цаана төрийн яам, агентлагууд, цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд нь тэр чигээрээ, хэдэн мянгуулаа цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд нэг нам, нэг даргын төлөө "амиа золиослогч" болоод явж байхад УОК юу харж суугаа юм бэ? Цэрэг хүн хүн биш, цэргийн амь амь биш гэх үү? "Халдвар нэмэгдээд байна, хөл хоримоор байна" гэж ЭМЯ, УОК-оос сануулсаар байхад үл тоогоод сурталчилгааны уулзалтууд хийсэн, хэдэн мянгаар нь талбай дээр цуглуулсан, халдвар тараасан энэ хүнд одоо дахиад юу дутсан юм бэ? Хэдэн хүний үхэл хэрэгтэй вэ?
SARNAI
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАН ай хүн
Зочин
Онгирох болиочээ
zochin
Dorjoo